Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 16, 2018

7 хоногийн тойм: Шинэ утас + Эхний өдөр + Тоггүй хот

Ковер зургийн тайлбар: iPhone-ийн шинэ эринд тавтай морил

Онцлох: APPLE-ийн танилцуулгын эргэн тойронд

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple уламжлал ёсоор шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Стив Жобс театрт явагдсан уг ажиллагааны үеэр тэд гурван шинэ утас, ухаалаг цагны шинэ загвар, шинэ үйлдлийн системээ олны хүртээл болгосон юм.

Олны хамгийн өндөр хүлээлт тавьж байсан бүтээгдэхүүн бол iPhone утас. Тэгвэл Apple илүү хүчирхэг, илүү том бөгөөд илүү үнэтэй гурван төрлийн утсыг нэгэн зэрэг гаргав. iPhone XS бол өнгөрсөн жил гарсан iPhone X-ийн арай сайжруулсан хувилбар. X-тэй ижил 5.8 инчийн Супер Ретина OLED дэлгэцтэй гэдгээрээ онцлогтой тус утас хийц, хурдын хувьд илт сайжирчээ. Харин iPhone XS Max 6.5 инчийн дэлгэцтэйгээр гарах болсон нь түүхэн дэх хамгийн том дэлгэцтэй iPhone болгож байна.

Тэд үүнээс гадна цэнхэр, шар, улаан зэрэг өнгөний сонголттой iPhone XR утас 6.1 инчийн дэлгэцтэй бөгөөд илүү хөнгөн, хямд материалаар хийгдсэн аж. Үнийн хувьд XR 750, XS 1000, XS Max 1100 доллараас эхэлнэ. Сонирхуулахад уг моделийн нэрийг "икс" бус өмнөх загвартай ижил "тэн" буюу арав гэж дуудах гэнэ.

Гэхдээ үүнээс илүү анхаарал татсан бүтээгдэхүүн нь Apple Watch 4 байв. 2015 онд анх танилцуулагдсанаасаа хойш төдийлөн масс хэрэглээ болж чадахгүй байсан Apple Watch энэ удаад бүрэн дизайны шинэчлэлд орж, илүү нарийн хэмжүүртэй, илүү хурдтай болж сайжирчээ. Дэлгэцийн хэмжээ 30 хувиар томорсон нь олон төрлийн мэдээллийг нэг дор багтаахад нэмэр болж буй. Хөдөлгөөн мэдрэх, зүрхний цохилт, даралт хэмжигчийнх нь ажиллагаа ч эрс сайжирсан хэмээн тэд амлаж байна. 399 доллараас эхлэн зарагдах тус ухаалаг цаг 9-р сарын 21-ээс худалдаанд гарна.

Мөн энэ үеэр тэд iOS 12 үйлдлийн системийн эцсийн хувилбарыг зарлаж, 9-р сарын 17-оос эхлэн нийтэд нээлттэй болгох болсноо мэдэгдсэн юм. Зураг, мэдээ, хувьцааны апп-уудаа шинэчилж, хэрэглээгээ хянах Screen Time нэмэлттэй болсон тус хувилбар илүү таатай, цэгцтэй хэрэглээг сурталчилна хэмээн хөгжүүлэгчид нь амлаж байна. Харин Macbook-ийн шинэ үйлдлийн систем MacOS Mojave ирэх долоо хоногоос буюу 9-р сарын 24-өөс хэрэглэх боломжтой болох аж.

Techcrunch: XS, XS MAX, XR-ийн ялгаа юу вэ?
The Verge: Apple-ийн шинэ утаснуудыг дүгнэх нь

Дэлхий дахинд

Өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хот тэр чигтээ цахилгаангүй болов. Өглөө 10 цагаас эхлэн 3-4 цагийн турш тоггүй болсон шалтгаан нь дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотой гэнэ. Энэ хооронд эмнэлэг, онцгой байдлын алба, үүрэн телефоны операторууд цахилгааны нөөцөөр ажиллаж хэвийн үйл ажиллагааг хангаж байсан бөгөөд ямар нэгэн ноцтой осол, гэмтэл гараагүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ жилийн хамгийн хүчтэй хуй салхи Зүүн Өмнөд Азийн орнуудыг дайран гарч, үлэмж хохирол учруулаад байна. Мангхут нэртэй уг салхины улмаас Филиппинд 54 хүн амиа алдсан бөгөөд Хятад, Хонгконгийг дайрахдаа 223 км/цагийн хурдтай байснаараа рекорд тогтоожээ. Зөвхөн Филиппинд 250 мянга гаруй хүн уг гамшигт өртсөн бөгөөд нурангийн улмаас олон тосгон, суурин газрууд нурж сүйдсэн гэнэ. Хонгконг, Шенжен, Гуанжоунгаас нисэх байсан нийт 500 гаруй онгоц бүрэн цуцлагдаж, уг чиглэлүүд рүү нисэх бүх онгоц хойшлогдсоор байна.

Алдарт Берлиний марафонд Кенийн гүйгч Элуид Кипчоге 2 цаг 2 минут 57 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тэрээр 2014 онд нутаг нэгт Д.Кимметогийн тогтоосон амжилтыг бүтэн нэг минут 20 секундээр ахиулсан нь энэ. Олимпийн аварга Э.Кипчоге нийт уралдсан 11 марафоныхоо аравт нь түрүүлсэн нь энэ бөгөөд хамгийн сүүлд 2013 онд л Берлинд ялагдал хүлээж байжээ.

Калифорни мужийн захирагч Жерри Броун муждаа 2045 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах хуулийн төслийг баталсан нь хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын хөдөлгөөний хувьд томоохон ялалт боллоо. 40 сая оршин суугчтай тус муж 2.7 триллион долларын эдийн засгаараа дэлхийд 5-р байрт бичигддэг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2026 он гэхэд 50 хувь, 2030 он гэхэд 60 хувьд хүргэх зорилго тавьсан аж.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Бэйзос эхнэрийнхээ хамтаар "Day 1" нэртэй шинэ сан байгуулж, 2 тэрбум долларыг боловсролын салбарт зарцуулах болжээ. Тус сан орон гэргүй гэр бүлд чиглэсэн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих, суурь хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг санхүүжүүлэх зорилготой. Мөн бага орлоготой өрхүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургуулийн сүлжээг үүсгэхээр төлөвлөжээ. Саяхан 1 триллион долларын үнэлгээнд хүрсэн Амазоныг үүсгэн байгуулагч Бэйзос 163.2 тэрбум долларын хөрөнгөтэй билээ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Google өөрсдийн имэйл апп Inbox by Gmail-ийн хөгжүүлэлтийг зогсоож, 2019 оны 3-р сараас эхлэн хаах болсноо зарлалаа. Энэ шийдвэрээ тэд саяхан шинэчилсэн Gmail-д бүрэн анхаарлаа хандуулах болсонтой холбон тайлбарласан. Гэхдээ уг шинэчлэлийн ихэнх нь Inbox-оор дамжуулан туршигдаж, улмаар олны хүртээл болсныг онцлох хэрэгтэй билээ.

Твиттер хэрэглэгчдэд шууд буюу LIVE цацалт хийж буй дагагчдыг нь онцолж харуулах нэмэлтээ танилцууллаа. Ингэснээр апп-ийн хамгийн дээр LIVE хийж буй аккоунтууд, онцлох-шуурхай мэдээ нийтэлж буй хэрэглэгчдийн жагсаалтыг үзэх боломжтой болжээ.

Визуал хайлтын платформ Pinterest-ийн хэрэглэгчдийн тоо 25 хувиар өсөж 250 саяд хүрлээ. Компанийн мэдээлснээр, нийт шинэ хэрэглэгчдийн 80 хувь нь Америкаас өөр улсаас байсан гэнэ. 12.3 тэрбум доллараар үнэлэгдэж буй тус апп-ийн гол нэмэлт "пин" хийгдсэн тоо 175 тэрбумтай тэнцэх болжээ.

Инстаграм видеондоо хэрэглэгчдийг "таг" хийж, онцлох нэмэлтээ туршиж байгаа гэнэ. Үүнээс өмнө хэрэглэгчид зөвхөн зурганд орсон-багтсан найзуудаа л дурдаж, таг хийх боломжтой байсан. Ингэснээр Инста одод буюу сошиал нөлөөлөгчид видеондоо брэнд, бүтээгдэхүүнийг "таг" хийж, сурталчилгаагаа илүү үр дүнтэй хүргэх боломжтой болох юм.

Dropbox хэрэглэгчдэдээ зориулан цахим гарын үсгийн нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Хэдий компани албан ёсоор батлаагүй ч сүүлд зарим хэрэглэгчдэд илгээсэн судалгааны асуулгад энэ тухай асуулт багтсан байсан юм. Dropbox-д хадгалагдсан файлуудад шууд засвар оруулах, гарын үсгийг шууд бичих нь олон нийтийн хамгийн хүсэн хүлээж буй нэмэлтэд тооцогдсоор ирсэн билээ.

Твиттер шуурхай контентийг эрхэмлэж байна

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Алибаба ОХУ дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, 100 сая гаруй хэрэглэгчтэй mail.ru-тай хамтран 2 тэрбум долларын үнэлгээтэй AliExpress Russia-г байгуулснаа зарлалаа. Тус компани зөвхөн онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээнээс гадна сошиал медиа, тоглоом, харилцаа холбооны салбарт хүч үзэх аж. Энэ нэгдлийн 48 хувийг Алибаба эзэмших бөгөөд Mail.ru-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг MegaFon 24 хувийг, Оросын хөрөнгө оруулалтын фирм RDIF 13 хувийг эзэмших болжээ. Уг хэлцлийн хүрээнд Алибаба Mail.ru-ийн 10 хувийг мөн өөрсдийн болгосон байна.

Теслагийн Хятад өрсөлдөгч Nio Нью Йоркийн хөрөнгийн биржид IPO хийж, 1 тэрбум долларыг босголоо. Арилжааны эхний өдөр нэгж хувьцааны үнэлгээ нь 12 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 7.1 тэрбум доллартай тэнцэх болжээ. Хятадын зах зээлд борлуулалтаа хийж, АНУ, Германд хөгжүүлэлтийн багаа байрлуулсан тэд 65 мянган долларын үнэтэй цахилгаан машинаа өнгөрсөн 6-р сараас эхлэн хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн билээ.

5G технологийг олон нийтийн хүртээл болгох зорилгын хүрээнд Ericsson болон T-Mobile компаниуд 3.5 тэрбум долларын худалдан авалтын гэрээ хийлээ. Ericsson өөрсдийн хамгийн сүүлийн технологи, төхөөрөмжүүдээ олон улсын топ үүрэн телефоны операторуудын нэг T-Mobile-д нийлүүлэх болсон нь энэ юм.

Тэгвэл тэдний гол өрсөлдөгч Verizon-ий эзэмшдэг Oath-ийн CEO Т.Армстронг ажлаа хүлээлгэн өглөө. Америкийн медиагийн хамгийн хүчирхэг захирлуудын нэгт тооцогдож байсан тэрээр AOL, Yahoo-ийн худалдан авалтыг удирдаж, спорт, санхүү, бизнес, технологийн чиглэлийн контентийн зах зээлд тэргүүлэгч болтол нь хөгжүүлээд байсан юм. Түүний орыг Алибабагаас өнгөрсөн улиралд Оath-д ирсэн Г.Говрапен залгана.

Энэ долоо хоногт дизайны томоохон өөрчлөлт хийгээд амжсан Uber Торонто хотод 150 сая долларын хөрөнгө оруулалт хийж, жолоочгүй машины технологио хөгжүүлэх боллоо. Тэд ирэх жил нээлтээ хийх инженерийн кампустаа 300 шинэ ажлын байрыг бий болгохоор зорьж байгаа гэнэ.

NIO 1.8 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байсан ч "бүтэлгүйтэв"

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Ш.Блэйкийн найруулж, О.Мунн гол дүрд нь тоглосон The Predator зөвхөн Хойд Америкаас 24 сая долларыг цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. 2010 онд гарсан цувралын өмнөх анги "Predator"-ын амжилтыг гүйцэж чадаагүй ч тэд эхний долоо хоногтоо дэлхий даяар 54.7 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн долоо хоногийн топ байрын эзэн The Nun 2-р байрт бичигдсэн бөгөөд одоогоор нийт 228 сая долларын борлуулалтыг хийжээ.

Эгнээндээ Batman, Superman, Wonder Woman зэрэг супер баатруудыг нэгтгэсэн DC Comics өөрсдийн гэсэн онлайн стриминг үйлчилгээг нээлээ. Одоогоор зөвхөн Америкт ашиглаж болох уг үйлчилгээний сарын төлбөр 8 доллар бөгөөд 10-р сарын 12-нд анхны оригинал контент Titans-аа цацах аж. Гишүүд зөвхөн кино, телевизийн цувралаас гадна комик үзэж, форумд хэлэлцүүлэг үүсгэх боломжтой гэнэ.

Тэгвэл DC-ийн гол оддын нэг Х.Кавилл Supermen-ий дүрийг ахин бүтээхгүй гэдгээ мэдэгдсэн нь ихээхэн шуугиант мэдээ болоод байна. Аль хэдийн 3 ч кинонд супер баатрын дүрд тоглосон тэрээр ирэх жилээс эхлэн Netflix-ийн The Witcher кинонд тоглох болсон нь уг шийдвэрийг гаргах шалтгаан болсон бололтой. Одоогоор Warner Bros, DC ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

500 сая таталттай Stuff You Should Know подкастыг үйлдвэрлэгч HowStuffWorks шинэ эзэнтэй боллоо. Тэднийг Америкийн радиогийн хамгийн том сүлжээ iHeartMedia 55 сая доллараар өөрийн болгожээ. Видео, тайлбарласан нийтлэлээр дагнаж байсан HowStuffWorks өнгөрсөн жилээс эхлэн подкаст руу бүрэн анхаарлаа хандуулах болсон билээ.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Наоми Осака Адидас брэндтэй 4 жилийн гэрээ байгуулж, жилд 8.5 сая долларын цалин авах боллоо. Ингэснээр 20 настай тэрээр хамгийн том гэрээ байгуулсан эмэгтэй теннисчин болж байгаа юм. Япон бүсгүй С.Уильямсыг хожсоноор 3.5 сая долларын эзэн болж, чансааны 7-р байр хүртэл урагшилсан билээ.

DC Universe-ийн эхний өнгө төрх ингэж тодорхойлогджээ

Алдалгүй унших арван мэдээ

CNN: Трамп хэрхэн дэлхийг өөрчилж байна вэ?
Variety: Эммид хэн хэн ялалт байгуулах вэ?
Sputnik: 4300 жилийн настай үзмэр дэлгэгдэв
Vulture: Ж.Бибер удахгүй гэрлэх үү?
Billboard: Rihanna New York Fashion Week-ийн тайзыг донсолгов
The Verge: Шавжтай андуурагдам нисдэг роботтой танилц
Vox: Америкийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч хэрэгт холбогдов
BBC: Торонтогийн кино фестивалийн онцлох 10 зүйл

13114   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.