Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 13, 2018

Амьдралыг өөрөөр харахад тань туслах 5 кино

Сайн кино, сайн бүтээлүүд бидний амьдралд чухал нөлөө үзүүлэх нь олонтаа. Төсөөлөмгүй үзэгдлүүд, дүрүүдийн итгэмээргүй шийдвэрүүд, найруулагчийн гайхмаар шийдлүүд бидэнд хэмжээлэшгүй их кайфыг өгч түүний хэрээр олон сургамжийг өгөх нь ч бий. Зорилого тэмүүллээ алдах, чиг баримжаагүй болох, яахаа мэдэхээ болих гээд олон хэцүү нөхцөл байдалд кино л бидэнд тусалж, кино л бидэнд зөв мессэжийг өгдөг. Тэгвэл энэ удаад Unread та бүхэнд үзсэний дараа олон зүйлийг эргэцүүлэх, бодолд оруулах 5 киног санал болгож байна.  

12 angry men (1957)

Кино урлагийн түүхэн дэх хамгийн “хурц” санаануудын нэгийг хамгийн энгийн байдлаар буулгасан бүтээл бол Сидней Люметийн найруулсан 12 angry men буюу 12 ууртай эр хэмээх кино. Зөвхөн нэг өрөөнд үйл явдал нь өрнөсөөр дуусах уг кино ердөө 12 дүртэй. Гэмт хэрэгтэй гэгдэж буй залуу хүү үнэхээр алуурчин уу эсвэл гэм буруугүй гэдгийг тогтоохоор 1 цаг 36 минутын туршид хэлэлцэх 12 эрхэм. Уйтгартай юм шиг сонсогдож байгаа ч уг кино нэг ч минут таныг уйдахгүй гэдэгт итгэж байна. Хүмүүсийн төрөлхийн араншин, этгээд зан ааш, сэтгэл хөдлөл, оюун ухаан, эргэцүүлэл, тэмцэл гээд хүнээс гарч болох бүхий л үйлдлийг дэлгэн харуулах уг кино яахын аргагүй түүхэн бүтээлүүдийн нэгт тооцогддог. Шударга чанар, тууштай байдал, юмыг эргэцүүлэх чадвар ямар чухал гэдгийг танд ойлгуулна.

Fight club (1999)

Одоо цагийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Дэвид Финчэр кино урлагийн түүхэнд олон зуун жил яригдах хэд хэдэн бүтээлийг туурвисан. Үүний хамгийн том төлөөлөл нь яахын аргагүй 1999 онд бүтээгдсэн Fight Club юм. Ар араасаа цуврах хүчтэй үзэгдлүүд, гол дүрүүдийн этгээд байдал, итгэмээргүй шийдвэрүүд, заримдаа гарах “нүд хальтрам” өвөрмөц үзэгдлүүд. Зөвхөн үзэгдлүүдээр зогсохгүй киноны гол санаа, агуулж буй мессэжүүд, дүрүүдийн эшлэлүүд үзэгчдэд маш олон зүйлийг бодогдуулж, амьдралын хэмнэлээ, амьдралын философио ч өөрчлөхөд хүргэж магадгүй. Киноны ихэнх санаанууд, дүрүүдийн ертөнцийг үзэх үзэл нь буддизмын санаануудтай давхцдаг. Тиймээс зарим кино экспертүүд Fight Club-ыг буддизмын консепцийг агуулсан кино гэх нь бий. Оюун санаагаа чөлөөлөх, “утга учиртай” амьдрахад нь маш том түлхэц өгөх Fight Club киног бид Дэвид Финчерийн бүтээлүүдээс онцолж байна.

Дэвид Финчер Fight Club-ын хэмжээнд үнэлэгдэх хэд хэдэн киног бүтээсэн бөгөөд түүний бүтээлүүдээс Seven (1995), Social Network (2010) зэрэг кинонуудыг бид нэмж санал болгоё.

Good will hunting (2001)

Амьдралын чиг шугамаа олж чадахгүй байгаа залууст хамгийн сайн зөвлөгч болох кино бол Мэтт Дэмон, Бэн Аффлек нарын хамтран зохиолыг нь бичсэн Good Will Hunting кино юм. Кино “хүнд” үзэгдэл, адармаатай үйл явдлуудаар толгой эргүүлэхгүй тул танд тун сайн амралт болно. Таны амьдралдаа эргэлзэж буй лон асуултанд хариулт өгөх уг кино сайн ментортой байх ямар чухал гэдгийг, амьдралд тохиох баяр баясал, зовлон зүтгүүрийг өөрийн биеэр туулах болон уншиж судлах хоёрын хооронд ямар их зааг байдгийг тодорхой харуулна.

Inception (2011)

Inception, Dark Knight Trilogy, Interstellar, Memento, Prestige, Dunkirk зэрэг кино урлагийн түүхэнд олон зуун жил яригдах сод бүтээлүүдийг туурвисан Ноланг онцлохгүй байхын аргагүй. Одоо цагийн хамгийн бүтээлч, класс найруулагч гэгддэг Крис Нолангийн кинонуудыг хооронд нь харьцуулашгүй. Түүний бүтээлүүдээс Inception-г бид илүүтэйгээр онцолж байна. Уран зөгнөл, адал явдал, триллер, драма гээд бүхий л төрлийг агуулсан Inception үзэх бүрт шинэ зүйлийг бодогдуулна. Ялангуяа цаг хугацааны талаарх бодит ойлголтыг хамгийн сайн өгөх кинонуудын нэг юм. Цаг хугацаа гэдэг ямар утга учиртай зүйл болохыг, түүний дотор бид ямар дурсамжуудыг бүтээж, ямар үнэ цэнтэй зүйлсийг үүсгэдэг вэ гэдгийг тод томруун харуулсан бүтээл. Хүнийг бодролд оруулах, зарим үед уйтгар гунигт автуулах энэхүү кино Ноланы хамгийн өндөр темптэй, адал явдалтай, толгой эргүүлэм кино гээд бод доо. Гайхалтай биз?

BIRDMAN 

2015 оны оскарын оны шилдэг кино Birdman-ыг бид эцэст нь онцолж байна. Хамгийн өвөрмөц найруулгыг хийдэг Алехандро Гонзалэс Инарриту 2014 онд өөрийгөө ямар класс найруулагч болохоо Birdman-ээр батлан харуулсан юм. Уг киноны зураг авалт маш бодит мэдрэмжийг өгөх бөгөөд яг л театрын жүжиг үзэж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Хүний дотоод сэтгэл рүү үүн шиг өнгийсөн, дотоод зөрчлийн талаар ийм хүчтэй санааг агуулсан Birdman шиг хэмжээний кино ойрын жилүүдэд гараагүйг кино шүүмжлэгчид онцолдог.

Бидний дотор заримдаа хоёр хүн зэрэгцэн орших нь бий. Заримдаа өөрийгөө чухам аль нь гэдгийг нь ялгахаа болих үе ч бий. Эцэстээ дотоод зөрчил нь ямар дүнд хүргэх бол? Birdman-ыг үзсэний дараа танд дотоод зөрчлийн тань талаар олон зүйл эргэцүүлэгдэж магадгүй.

109199   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.