Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 11, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат

Ярилцлагынхаа ээлжит дугаарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбатыг урин оролцууллаа. Хөгжмийн зохиолч Чинбаа энэ сарын 21, 22, 23-нд Corporate Hotel & Convention Center-д "Хязгааргүйн цаана" хэмээх нэртэй  гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа ажээ. Тэрээр Америкийн бүх том хотуудыг тойрон тоглохдоо, "Металлика", "U2", Алиша Кэйс, Арита Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг дэлхийн ододтой нэг тайзнаа тоглож, түүгээр ч зогсохгүй дэлхийн бүх цаг үеийн шилдэг эмэгтэй дуучдын нэг, soul хөгжмийн хатан хаан Арита Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байжээ. Монголын тайзнаас дэлхийн тайзанд гарч, тэр тусмаа урлагийн салбарын домгуудтай хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Чинбаагийн онгод хөглөх ярилцлагыг толилуулж байна.

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил, албан тушаал: Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер, Onemusic продакшны захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone7
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15
Сошиал хуудас: Chinbaa

Таны ажлын онцлох арга барил юу вэ? ажлын нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?

Би аливаа нэг арга барилд баригдах дургүй. Урлагийн салбарт ажиллаж буй хүн учраас маш олон хүнтэй харилцах, хамтран ажиллах шаардлага гардаг. Мөн нийтийн, сонгодог, ардын, рок, поп гээд бүх жанрт нь орж ажиллаж буй тул оюун ухаанаа тэлж ажиллах хэрэгтэй болно. “Хязгааргүйн цаана” хөгжмийг сонсчихоод “Ромео Жульет”-ийг сонсоно, түүний дараа “Миний аялсан 1000 хот”-ыг сонсоно. Энэ мэтчилэн өөр өөр хөгжим сонсож, өөр арга барилаар ажиллаж оюун ухаанаа олон талаар ажиллуулж байж сайн ажилладаг. Тэгж байж хүний сэтгэлд хүрэх уран бүтээл, аялгууг бүтээнэ гэж боддог. Хэрвээ нэг зүйлд баригдах л юм бол шинэ зүйлийг сэдэж, бүтээж чадахгүй.

хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програмуудаасаа нэрлэнэ үү?

Хөгжим зохиож буй хүн учраас технологитой ойр ажиллах шаардлага гардаг. Бүтээгдэхүүн талаасаа бол Apple-ийн бүтээгдэхүүнийг илүүтэйгээр ашиглахыг эрмэлздэг. Хэрэглэхэд хялбар, энгийн, амархан санагддаг. Хөгжимтэй байнга харьцдаг учраас хөгжмийн төрлийн аппуудыг их ашиглана. Logicpro, Protools зэрэг аппуудыг хамгийн их ашигладаг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Аливаа зүйлд мэргэшээд, дадлагажаад ирэхээр бага цагт их зүйлийг амжуулах чиглэл рүү ордог. Америкт байдаг миний нэг танил продюсер Лос Анжелест намайг уриад 14 хоног гэртээ байлгасан юм. Лон Анжелес бол жинхэнэ хөгжмийн бизнесийн хот. Тэр танил маань 70 хүрч байгаа хүн гэхэд өглөө 5 цагт босоод, фитнессд яваад, дасгал хөдөлгөөн хийгээд, ажлаа төлөвлөөд залуучуудаас дутахгүй ажиллана. Тийм ч учраас олон ажлыг амжуулж, олон чанартай бүтээл гаргадаг. Би тэр хүнээс юмыг төлөвлөөд, эрч хүчтэй ажиллаж чадах юм бол бага цагт ихийг, чанартайгаар хийж болно гэдгийг ойлгож авсан юм. Тийм ч учраас би анхаарлаа төвлөрүүлж, тухайн цагтаа их юм амжуулахыг хичээдэг. Тэгж чадвал олдож буй бага цагтаа илүү олон зүйлийг бүтээж чадна.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр, утсан дээрээ хөтөлдөг. Утсан дээр сануулдаг (reminder) тохиргоог хийчихээр төлөвлөсөн цагт сануулга ирээд амар байдаг юм. Олон хүнтэй хамтарч ажиллаж буй учраас ойр тойрныхон, эхнэртэйгээ, хамтлагтайгаа, менежертэйгээ ярилцаж ажил, уран бүтээлийнхээ нарийн төлөвлөгөөг гаргадаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд сайн бэ?

Сайн хөгжим зохиохын тулд үргэлж суралцахыг эрмэлздэг. Ер нь хөгжим ч гэлтгүй мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа, зорилгодоо хүрэхийн төлөө явж буй хүмүүс үргэлж суралцаж, судалгаа хийж байх хэрэгтэй гэж боддог. Сурах, судлахад яг гаргууд гэж хэлэхгүй ч гаргууд сайн болох гэж хичээдэг шамддаг гэж хэлж болно. Ажлаас гадуур сайн хийдэг зүйл гэвэл хоол хийх байж магадгүй. Амт гаргахдаа сайн гэх үү дээ.

Мөн юм хуулахад асар дургүй. Дэлхийн эргэн тойронд хүмүүс хөдөлмөрлөж, бүтээл туурвиж байхад түүнийг нь ичгүүр сонжуургүй хулгайлаад өөрийн бүтээл мэтээр олон нийтэд ойлгуулах тохиолдол олон. Би өөрөө шинэ зүйл бүтээх, хөгжим зохиохын үнэн цэн, хөдөлмөр хөлс хүчийг мэддэг учраас тийм зүйлд үнэхээр дургүй. Рекламны хөгжмийг ч гэсэн хөгжмийн зохиолчдоор бичүүлээсэй гэж боддог. Тийм жижиг зүйл дээр хүртэл хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй шүү дээ.

Хөгжим зохиох сэдэл, урам зоригоо юунаас авдаг вэ?

Залуудаа онгод, сэтгэл хөөрөл, догдлол зэрэг дээр тулгуурлаж хөгжмөө зохиодог байлаа. Харин одоо бол илүү судалж, бодож, тунгааж, эргэцүүлж байж хөгжим зохиодог болсон. Нэг ёсондоо илүү мэргэжлийн байдлаар ажиллахыг, мэргэжлийн байдлаар уран бүтээлээ гаргахыг хичээж байна. Хөгжмийн зохиолч, яруу найрагч гээд ямар нэг зүйлийг шинээр зохиож буй хүмүүст далдын зөв совин байдаг болов уу гэж боддог. Учир нь энэ хүмүүс ерөөсөө л огт оргүйгээс шинэ зүйлийг сэдэж, бүтээж, урлаж байгаа юм. Тэгж бодохоор өөрийн хийж буй зүйлдээ бахдаж, дурлаж, илүү ихийг бүтээх урам зориг авдаг.

Ер нь огт оргүйгээс шинэ зүйлийг үүсгэнэ гэдэг амаргүй. Ердөө 7 нотоор дамжуулан бүхэл цогц аялгууг үүсгэж, тэдгээрийг хойд урд нь оруулж хүний сэтгэлд хүрэх бүтээл туурвина гэдэг нөр хөдөлмөр, мэдрэмж шаардана. Тийм ч учраас байгаль дэлхий маань эдгээр боломжийг олгож, хөгжим зохиох сэдэл, урам зоригийг өгдөг. Бүх юм технологижиж, хүн төрөлхтөн байгаль дэлхийгээсээ холдож байгаа энэ үед эх дэлхийтэйгээ ойр байж, байгалиас сэдэл авч, байгальд гарч хөгжим зохиовол илүү хүний сэтгэлд хүрэх болов уу гэж итгэдэг дээ.

Хийж байгаа ажлын онцлог тань юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хөгжмийг туурвих нь маш олон шатыг дамждаг үйл явц. Өмнө дурдсанчлан эхний ээлжинд огт оргүйгээс шинэ зүйлийг сэдэж хөгжмөө зохионо. Дуу зохиож байгаа бол яруу найрагчтайгаа нийлээд үг хөгжим хоёроо нэг цогц зүйл болгоно. Дараа нь дуугаа хэнээр дуулуулахаа хамтарч шийднэ. Ялангуяа энэ дуу хэнд тохирох вэ, энэ хөгжмийг хэн амилуулах вэ гэдгийг зөв сонгоно гэдэг маш хүнд. Үүн дээр хөгжмийн найруулга хийх, хөгжимчидтэйгээ ажиллах, студид ажиллах зэрэг олон зүйлийг дурдаж болно. Ер нь л маш их хүч хөлс шаардана даа.

Мөн анх гарч ирж байхад намайг хэн ч танихгүй, бидний зохиосон хөгжмийг хэн ч мэдэхгүй байх тохиолдол байсан. Аливаа юмыг шинээр хийж байгаа бол иймэрхүү бэрхшээлтэй таарах нь гарцаагүй. Гэхдээ эцэст нь хүмүүс бидний хөгжмийг сонсоод таашааж, баярлаж, алга ташиж хүндэтгэл үзүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Үзэгчдээсээ, сонсогчдоосоо ийм хүндэтгэлийг авна гэдэг ажлын маань хамгийн сайхан хэсэг гэж боддог.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Анхны тоглолтуудаа “Давтагдашгүй”, “Эзлэн” нэрээр зохион байгуулж байсан бол гурав дахь тоглолтоо “Хязгааргүйн цаана” нэртэйгээр 9-р сарын 21,21,23-нд Corporate Hotel & Convention Center-д хийх гэж байна. Тоглолт тавина гэдэг тийм амар зүйл биш. Олон хүний хүч хөдөлмөр, ажлын арга барил нэгдэж байж урлагийн тоглолт бүрдэнэ. 6 жилийн дараа хийж буй тоглолт учраас ихээхэн судалгаа хийж, чанарыг эрхэмлэж байна. Өөрийн бүх нөөц бололцоо, чадварыг шавхан үзэгчдэдээ сайн уран бүтээл хүргэхийг хичээж байгаа.

“Хязгааргүйн цаана” хөгжмөө би их бясалгаж байж бичсэн. Бидний амьдралд олон саад, зовлон бэрхшээл тохиолдож болно. Тэгвэл хөгжмийн зохиолч хүн тэдгээрээс өөрийгөө тусгаарлан бясалгаад, ямар ая аялгууг бүтээж болох юм бэ гэдгийг харуулахыг зорьсон. Аливаа юм болгон хязгаартай. Харин хөгжим, аялгуу гэдэг хязгааргүй, үеийн үед, огт оргүйд ч энэ хөгжим эгшиглэж байдаг хэмээн итгэдэг учраас энэ хөгжмөө бичсэн. Тийм ч учраас “Хязгааргүйн цаана” хэмээн нэрлэсэн юм.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Аль нэгийг нь онцлохын аргагүй. Сонгодог, ретро, рок, поп, ардын гээд бүх төрлийн хөгжмийг сонсдог. Улс үндэстнүүдийн ардын хөгжим хүртэл маш сонирхолтой санагддаг. Зимбаб үндэстний хөгжим, Энэтхэгийн ситар хөгжим гээд тухайн улсынхаа түүхийг агуулсан олон гайхалтай хөгжим миний сонирхлыг татдаг. Өмнө дурдсанчлан би аливаа зүйлд “баригдаад” байхыг хүсдэггүй. Чөлөөтэй, хүссэнээ л сонсохыг эрмэлздэг.

Машинд явж байхдаа бол рок хөгжим сонсоно. Жишээ нь Металлика байна. Жинхэнэ эрч хүч гэдгийг энэ хамтлаг харуулдаг. Америкт Нелсон Манделагийн төрсөн өдрийг тохиолдуулан хийсэн тоглолтонд бид нар Металликатай хамт орж байлаа. Сонсдог, шүтдэг байсан хамтлагтайгаа нэг тайзан дээр гарна гэдэг үнэхээр төсөөлөмгүй мөч байсан. Бид тэд нарын дараа тоглох байтал юун бэлтгэлээ хийх, тэд нарын тоглохыг харж гайхаж биширсээр таарсан. Тэр үед л хүн хөгжмөөс ийм их кайф авч болдгийг биеэрээ мэдэрч байлаа.

Ажиллаж байхдаа хөгжим сонсохоос аль болох зайлсхийдэг. Цэвэр оюун бодлоо төвлөрүүлж, бодож бясалгаж байж бүтээлээ хийдэг учраас өөр хүний уран бүтээлийг сонсож байгаад хөгжим зохиовол сайн бүтээл гарахгүй. Тодорхой хэмжээгээр тухайн зохиолчийн оюун бодол, мэдрэмж миний хөгжимд нөлөөлөөд эхэлнэ шүү дээ.

Америкт хийж байсан тоглолтуудынхаа талаар дурдвал?

Би өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Америкийн бүх том хотуудыг тойрч тоглохдоо Металлика, U2, Алиша Кэйс, Арита Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг дэлхийн ододтой нэг тайзнаа тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Яагаад гэвэл тэр тайз руу гарах гэж сая сая хүн өрсөлддөг. Надад тэр боломж нь тохиосон. Soul хөгжмийн хатан хаан, дэлхийн бүх цаг үеийн шилдэг 100 эмэгтэй дуучдын тэргүүнд бичигддэг Арита Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар 2007-2011 хооронд ажиллаж байлаа. Би энэ жилүүдийг “Зүүдээр аялсан 3 жил хагас” гэж нэрийдэх дуртай. Тухайн үед “Би яг хаана байна, үнэхээр энд байна уу?” гээд өөртөө хүртэл эргэлзэж байлаа (инээв).

Мөн 2005 оноос хойш хэдэн жил Нью-Йорк хотын хамгийн олон үзэгчтэй, шилдэг шоу болох "Big Apple", мөн АНУ, Канадын нутаг дэвсгэрээр жил тойрон аялан тоглодог нүүдлийн цирк болох "Ringling Brother's and Barnum Bailey"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан юм байна.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан/одоо ямар ном уншиж байгаа вэ?

Стив Жобсын намтар номыг уншиж байна. Apple-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай болоод ч тэр үү, яаж ийм агуу зүйлсийг зүйлсийг зохион бүтээснийг мэдэхээр шимтэн уншиж байна даа. Ер нь хүмүүсийн намтар номыг унших их дуртай. Ялангуяа бүтээгч хүмүүсийн намтрыг уншиж тухайн зүйлсийг хэрхэн бүтээж, хэрхэн даван туулсныг сонирхдог. Сүүлд Жэк Витерфордын “Чингис Хаан” хэмээх номыг уншсан. Гадны хүн манай хааны талаар бичсэн нь сонирхол татсан юм. Саяхан бас “Сорхугтани” гэж ном уншсан юм байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Намайг хүмүүс дуугүй талдаа хүн гэж боддог. Хөгжим зохиодог хүн учраас тэгж боддог болов уу. Яг уулзаад үзвэл дуугүй хүмүүсийн тоонд орохгүй байх. Би өөрийгөө хөгжилтэй, хүмүүстэй сайн харилцаж чаддаг хэмээн боддог.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Унтаж эрч хүч авах нь шинэ уран бүтээл туурвихад маш чухал нөлөөтэй. Тогтсон цагт унтахыг хичээдэг ч тэр бүр чаддаггүй. Урлагийн хүмүүсийн ажил шөнө ч гэсэн үргэлжилж байдаг. Хүмүүс амарч байхад бид тоглолтоо хийж л байдаг, бэлтгэлээ хийж л байдаг. Тиймээс эрт унтаж, эрт босохыг хичээдэг ч ажлаасаа болоод чадахгүй үе бий. Гэхдээ тогтмол цагт унтаж амрах ёстойг нас явах тусам ойлгож байна (инээв).

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Чөлөөт цаг гарвал сайн амарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Тийм болохоор гэрээс маань л олох байх даа.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Гэр бүлүүд гэж олон тоон дээр онцолмоор байна. Зөвхөн миний гэр бүлээс гадна хөгжмийн гэр бүл гэж надад бий. Миний хань, үр хүүхдүүд, гэр бүл маань надад урам зориг, өсөж хөгжих, шинэ зүйл бүтээх хүслийг төрүүлж байдаг. Мөн Никитон хамтлаг, надтай уран бүтээл туурвидаг рок попын одод, хамт ажиллаж буй залуус бүгд миний гэр бүл.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Би 6, 7 настайдаа л өөрийн мэргэжлийг сонгосон. Багаасаа л хөгжимд дуртай байсан учраас хөгжим бүжгийн коллежид элсэж, эргэлт буцалгүйгээр урлагийн “тогоо” руу орсон. Одоо хүртэл үүндээ үнэнч явж байна. Аав маань тэр үед “Аливаа зүйлийг хийхдээ чин үнэнээсээ, чин сэтгэлээсээ хийж бай. Тэгж байж л үр дүн гарна” гэж захидаг байсан юм. “Юм болгон руу үсчээд байлгүй нэг зүйлдээ төвлөрч, тухайн зүйлдээ үнэнч бай, үнэн сэтгэлээсээ ханд. Тэгж чадвал хэзээ нэгэн цагт үр шимээ өгнө” хэмээн сургасан. Тийм ч учраас одоог болтол аавынхаа тэрхүү зөвлөгөөг санаж хөгжимдөө үнэнч байж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг.

Залуу мэргэжилтнүүдэд хандан нэг чухал зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Туйлбартай бай, хийж буй зүйлдээ үнэнч бай гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. Хүн хийж чаддаг зүйл, дуртай зүйлийнхээ төлөө л төрдөг болов уу гэж итгэдэг. Миний хувьд хөгжим л миний амьдралын баталгаа, миний ирээдүй юм байна гэдгийг ойлгоод, амьдралаа зориулж байна. Би хэзээ ч үүнээс уйдахгүй, хэзээ ч буцахгүй, улам мэргэшиж, улам ихийг хийсээр байх болно. Тиймээс залуустаа дуртай зүйлээ хийгээрэй гэж зөвлөе. Дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад, тууштай байж чадвал үр дүн нь гардаг юм шүү.

Мөн Америк, Европ, Солонгост, дэлхий даяар сурч буй олон чадварлаг залуус бий. Эдгээр залуусыг би Монголдоо буцаж ирээд ихийг хийж бүтээгээрэй гэж захимаар байна. Яагаад гэвэл одоо л залуусын эрин үе, ихийг хийж бүтээх цаг ирээд байна.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг санал болгоё. Миний хүндэлж явдаг улс төрч. Ажлын арга барил, ажлынх нь нэг өдөр хэрхэн өнгөрдөг нь сонирхолтой санагддаг. Залууст их хэрэгтэй ярилцлага болох байх.

20603   5


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.