Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   09 сарын 11, 2018

Онцлох бүтээгдэхүүн: SipN'See - Өдөр болгон Сэтгэлдээ Дулаан Түүдэгтэй явцгаая

Сэрүүн салхи үлээж, хахир өвлийн хонх алсаас жингэнэн айсуй энэ үед бид сэтгэлд тань түүдэг асаах нэгэн дулаан бүтээгдэхүүнийг онцолж байна. Энэ бол та бидний хэзээний танил болсон Sip&See паспортын шинэ оны хувилбар. Илүү их хөнгөлөлт, илүү олон газруудыг бүр илүү дулааны хамт багцалсан цоо шинэхэн Sip&See 2019 паспорттай танилцана уу.

Онцлох бүтээгдэхүүн: Sip&See 2019
Үүсгэн байгуулагч: Ulaanbaatar Passport
Бүтээгдсэн огноо: 2018/09/02
Сошиал хуудас: Facebook, Instagram
Худалдаж авах: www.shoppy.mn/ubp

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Анхны бүтээгдэхүүн болох “Улаанбаатар паспорт”-оос энэ санаагаа олж байсан. Ялгаа нь гэвэл “Sip&See” паспорт нь гадаадын жуулчдад гэхээсээ илүүтэй Улаанбаатар хотын залууст зориулсан кофе шоп, воркшоп, арга хэмжээ зэргийг нэгтгэсэн агуулгатай.

Нийслэл хотод маань нийт 120 орчим кофе шоп үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр олон сонголт дундаас үйлчилгээ, кофены амт чанар, тухтай орчноороо ялгарсан шилдэг 15-ыг нь хүмүүс санал болгоод, урамшуулалтай үйлчлүүлэхийг санал болгож байгаа юм. Мөн хамгийн сонирхолтой арга хэмжээ, чөлөөт цагаараа хийх зүйлсийг нь шигшиж өгөөд, хамгийн гол нь хамт яваа хүнээ дайлж, хамтдаа дурсамж бүтээгээсэй гэсэн санаатай юм.

Орчин үеийн залуусын хувьд шинэ өдрийг кофегүй эхлүүлэх нь ховор болсон. Тэгэхээр кофегоо уучихаад, тэр каффейныг хэрхэн зарцуулах вэ гэдгээс эвент буюу арга хэмжээг онцлох санаа маань гарсан. Нэг ёсондоо “Sip” буюу кофегоо уучихаад, “See” буюу хотоо өөр нүдээр хар, хоттойгоо танилц гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэхдээ үүнийгээ хэн нэгэнтэй хамт байж, дурсамж бүтээх гэсэн санаа чухал.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Sip&See 2019 нь бидний гаргаж буй тав дахь паспорт ба бүтээхэд ямар ч хөрөнгө шаардаагүй. Тухайлбал, хэвлэлтийг Улаанбаатар принт, доторх дизайн, агуулгыг бид өөрсдөө бүтээхээс гадна хэрэглэгчдийнхээ авсан зургуудаар баяжуулж, мөн паспортод орсон хөнгөлөлтүүдийг кофе шопууд маань дэмжиж ажиллаж байгаа гээд нийтдээ 20 орчим байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү паспорт бий болсон. Анхны хөрөнгө оруулалт байхгүй ч бид паспортоо борлуулаад зардлаа нөхдөг, мөн эргээд хамтрагч кофе шопуудаа маркетинг, брэндингийн хүрээнд дэмжиж, олон хүнд хүргэх тал дээр ажилладаг.

Паспортод орсон газруудтай бид цэвэр хамтын ажиллагааны хүрээнд ажилладаг ба ямар нэгэн төлбөр мөнгө авдаггүй, бас төлдөггүй. Сонгогдсон газрууд маань тодорхой шалгууртайгаар ордог учраас бид тэднийг Улаанбаатар хотын хамгийн шилдэг 15 кофе шопын нэгээр нэрлэн, залууст таниулж, харин оронд нь манай паспорт хэрэглэгчдэд 1+1 үнэгүй зэрэг хөнгөлөлт үзүүлэхийг санал болгодог. Энэ нь цаашлаад паспорт хэрэглэгч маань тухайн кофе шопд заавал найзыгаа дагуулж ирэх, бусад хүмүүст санал болгох зэрэг цэвэр органик сурталчилгаа болж өгдөг.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Паспорт маань 25,000 төгрөгөөр худалдаалагддаг ч үүнийг дагаад 1,400,000 төгрөгийн урамшуулал дагалдаж ирдэг. Бид өмнө нь паспортынхаа агуулга, үнэ цэн дээрээ тулгуурлаж бүтээгдэхүүнээ таниулдаг байсан ч энэ удаад манайд орсон кофе шопууд үнэнч хэрэглэгчиддээ зориулж ийм их хөнгөлөлт, урамшуулал өгч, итгэл хүлээлгэж байгаа шүү гэдгийг нь тодотгохыг хүсч байна.

Анхандаа паспортын маань “Дайлъя” гэсэн консептийг газрууд төдийлөн сайнаар хүлээж авдаггүй байсан. Мэдээж бизнесийн байгууллага учраас ашгаа бодож, нэг кофе авахад нэгийг үнэгүй өгөх санаа хол санагдах нь мэдээж. Тэр ч утгаараа хамгийн анхны паспорт маань 2+1 үнэгүй, 5%-ийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг агуулгатай байсан. Харин 4 паспортын дараа гэхэд паспорттой хүн заавал нэг хүн дагуулж орж ирдэг, тэгэхдээ хоёулаа Инстаграм дээр стори хийдэг, тухайн газартаа талархаж пост бичдэг зэргийг хүмүүс мэдээд эхэлсэн учраас энэ жил бүгд маш нээлттэй хүлээж авсан.

Мөн дулаан уур амьсгал түгээх, хамтдаа дурсамж бүтээх боломжуудаар дүүрэн паспорт маань ямар ч цэцэг, шоколаднаас илүү үнэ цэнтэй бэлэг болж чаддаг. Өмнөх паспортуудыг маань сувинер болгоод хадгалчихсан зөндөө хүмүүстэй таарч ярилцахад паспортны хуудсууд, даруулсан тамгануудаа эргээд харахад бөөн дурсамжууд сэргэдэг учраас зөвхөн мөнгө хэмнэдэг зүйл биш, бас нэгэн нандигнан хадгалдаг дэвтэр нь болсон байдаг юм билээ.


Энэ жилийн паспортын хувьд илүү их хөнгөлөлт, хотоороо аялах боломж, сонирхолтой зүйлс турших шалтаг бий болгож өгсөн. Нэг хуудсанд багтах хөнгөлөлт 6 болж нэмэгдсэнээс гадна Улаанбаатар хотын хамгийн чанартай арга хэмжээ, воркшоп, дундын оффисоор үйлчлүүлэх боломжууд нэмэгдсэн байгаа. Мөн загвар, дизайны хувьд яг Инстаграм стори үзэж байгаа юм шиг мэдрэж төрүүлэхүйц хийгдсэн ба зураг бүр нь хүмүүсийн гар утсаараа авсан зургаар бүтэж, тухайн кофе шоп руу ороход төрдөг мэдрэмж, уур амьсгалыг шингээн засварлаж хийснээрээ онцлогтой. Ингэснээр өөр өөр хүмүүсийн Инстаграм сториг үзэхэд мэдрэгддэг шиг паспортын хуудаснуудыг эргүүлэх бүрт өөр өөр мэдрэмж авч байхаар бүтээсэн.

Кофе шопуудаа ч бид маш өндөр шалгуур тавьж, ач холбогдол өгөн сонгосон байгаа. Шалгаруулалтын хувьд эхлээд бид бүх кофе шопуудаар үйлчлүүлж үзээд, үйлчилгээний соёл, кофены амт чанар, орчин, уур амьсгал, байршил зэргийг нь харгалзан үзэж үнэлгээ өгдөг. Дараа нь тэр дундаас илэрхий шигшигдсэн газруудаар дахин нэг удаа үйчлүүлж үзээд нийт 120 кофе шопоос шилдэг 15-ыг сонгосон. Энэ бүх үйл явц нийлээд 3 сарын хугацаанд үргэлжилсэн.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО? 

Sip&See-г дан ганц паспорт гэлтгүй тусдаа бренд болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашдаа кофе, арга хэмжээ, туршлага зэрэг паспортынхоо агуулгыг илүү дэлгэрүүлж олон төрлийн бүтээгдэхүүнүүд гаргах болно. Мөн нэгэн нууц задлахад ирэх 10-р сард Улаанбаатар хотод олж болох хамгийн хатуу кофе Sip&See нэрийн дор нээлтээ хийх гэж байгаа. Энэ мэт алсдаа энэ санаагаа улам баяжуулж, илүү олон хүмүүсийг ойртуулсан, дурсамжийг нь бүтээлцсэн бренд болгохоор зорьж байна.


БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Улаанбаатар хотод дулаан уур амьсгалыг түгээх тэр дулаан залуусыг өдөөх гал нь манай паспорт. Энэ зарчимд маань татагдан анхны паспортоос эхлээд тав дахь паспорт хүртэл бидэнтэй байнга хамт байж, арга хэмжээ болох бүрт ирж оролцон, шинэ паспорт гарах бүрт тэр дороо захиалга өгдөг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийг бид “Passport holders” хэмээн нэрлэдэг ба бидний хамгийн чухалд тооцдог үнэнч хэрэглэгчид маань билээ.

Мөн манай паспортыг дэмждэг маш олон байгууллагууд бий. Санааг маань ойлгож, дэмжин, жил бүрт хамтарч ажилладаг байгууллагуудынхаа итгэлийг алдахгүй байх нь бидний хувьд маш чухал.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид саяхан Sip&See паспортынхаа нээлтийг АСЕМ гэрт амжилттай зохион байгуулсан. Манай арга хэмжээнүүд үргэлж маш сонирхолтой, олон хөтөлбөртэйгөөр зохион байгуулагддаг ба ирж үзсэн, мэддэг хүмүүс нь байнгын хүлээлттэй байдаг. Харин бид энэ удаа нээлтийн арга хэмжээгээ анх удаа Silent чихэвчгүй зохион байгуулсан. Төрөл бүрийн кофе амталгаа, кофе хэлэлцүүлгүүд, тоглоом, хамтлаг дуучид гээд тэр чигтээ л “кофе үнэртсэн” эвент болсон. Ирсэн зочид маань ч их сэтгэл хангалуун, шинэ паспортоо удаан хүлээсэн байсан нь харагдаж байсан. Харин одоогоор Sip&See-г бренд болгон хөгжүүлж, төрөлжүүлэх ажилдаа төвлөрч байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Бэрхшээлтэй зүйл нь гэвэл бид шилдэг нь гээд сонгоод авсан кофе шопуудаа паспортынхоо хаана нь ямар дарааллаар оруулах вэ гэсэн сонголт тулгарах явдал. Аль ч газраас нь мөнгө аваагүй, бүгд л эрх тэгш байдаг ч яалт ч үгүй паспорт маань ном шиг бүтэцтэй болохоор нэг нь урд нь, нөгөө нь хойно нь орох ёстой болдог.
Нөгөө талаараа манай хэрэглэгчид паспортыг маань хэрэглээд, баярлаад, түүнийгээ сторидоо оруулаад, гайхуулж байгаа нь маш гоё мэдрэмж төрүүлдэг. Бүтээгдэхүүнийг маань яг бидний хүслийн дагуу ашиглаад Улаанбаатар хотоор аялж байгааг харах нь үнэхээр сайхан шүү.

27165   6


НИЙТЭЛСЭН:

Munkhbayasgalan D.

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.