Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   09 сарын 10, 2018

Онцлох бизнес: Radar House - Гадаад хэл сурах цоо шинэ арга зам

Сурах арга барилыг эзэмших нь лидер байхын эхлэл гэдэгтэй та санал нийлэх үү? Шинэлэг бизнесүүдийг танилцуулдаг “Онцлох бизнес” булангийнхаа энэ удаагийн дугаартаа англи хэл сурах хамгийн таатай орчныг бий болгохоор зорин ажиллаж буй Radar House-ийг онцолж байна. "Unlimited" буюу хязгаар үгүй гэсэн уриан дор бизнесээ явуулж уг хамт олон хэл сурагчдад хүссэнээрээ, чөлөөтэй, шинэлэг байдлаар суралцах боломжийг амлаж байна. 

Бизнесийн нэр: RADAR English School
Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд City Tower-ийн 25 давхарт
Чиглэл: Боловсрол, англи хэлний сургалт
Байгуулагдсан он: 2018 оны 1-р сар
Үүсгэн байгуулагч: О. Одхүү
Сошиал хуудсууд: Facebook

Бизнесийн санаагаа анх хаанаас, яаж олсон бэ?

О.Одхүү: Анх сургалтын төвөө бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт явуулахаар байгуулж байлаа. Ажлын бус цагаар уг үйлчилгээгээ үзүүлээд бусад цагт нь заалаа хэрхэн үр бүтээлтэй ашиглаж болох талаар бодсоны эцэст хувь хүнийг хөгжүүлэх, чадавхжуулах байдлаар тултал нь ашиглахаар шийдсэн юм. Ингээд хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл нь хэл сурах гэдгийг анзаарсан. Дэлхий дахин даяарчлагдахын хэрээр хүн бүрд гадаад хэл, тэр дундаа англи хэлийг сурах шаардлага зайлшгүй үүсч байна.

Цаашилбал англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу IELTS, TOEFL-д бэлдэж буй хүмүүст тав тухтай, цагийн хязгааргүй, бие даан хичээллэхэд тохиромжтой газар тэр бүр олддоггүй. Мөн эдгээр хүмүүс маань үргэлж хамтдаа суралцах хэн нэгнийг эрэлхийлсээр байдаг. Энэ хэрэгцээнээс бид бусад 100 гаруй сургалтын төвөөс ялгарах санааг олж харсан хэрэг. Улмаар цагийн хязгааргүй, орон зайн хязгааргүй, хүссэн арга барилаараа, хамтдаа суралцах орчинг үүсгэхээр зорьсон юм. Үүнийгээ бид "Unlimited" суралцах арга барил хэмээн тодорхойлсон.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны хөрөнгө оруулалтыг үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр шийдсэн. Харин одоогийн урсгал зардал, багш ажилчдын цалин зэргээ бизнес менежмэнтийн сургалт, зохион байгуулж түүний ашгаар тэнцвэржүүлдэг гэж хэлж болно.

Хамтрагчдаа хэрхэн олж, сонгосон бэ?

RADAR бол бизнесийн зөвлөхүүдийн нэгдэл шүү дээ. Манайх шиг мэргэжлийн менежмэнтийн багтай англи хэлний сургалтын төв тун цөөн. Хэд хэдэн газрын CEO болон менежмэнт хөгжүүлэгчид энэ төвийн ард бий. Тиймээс урт хугацаандаа маш зөв менежмэнттэй, үр дүнтэй үйл ажиллагаатай шилдэг компани болно гэсэн итгэлтэйгээр ажилладаг.

Танай сургалтын онцлог, давуу талууд? 

Өмнө дурдсанчлан “Unlimited” буюу хязгаарлалт үгүй гэсэн үг RADAR-ийг төгс тодорхойлж чадна. Сэтгэл судлаач Карл Рожэрс нэгэн судалгаандаа “Хүн ямар нэгэн хязгаарлалт байхгүй орчин нөхцөлд бодсоноосоо ч илүү бүтээмжтэй суралцаж, ажиллаж чаддаг” хэмээн дурдсан байдаг. Манай Radar House-д хувьд цаг хугацаа, орчин, ангийн хязгаарлалт гэж байхгүй. Хүн бүр өөр суралцах арга барилтай тул бид түүнд нь зохицуулж сургалтаа явуулахыг эрмэлздэг.

Суралцагчид маань академик, яриа-харилцаа, киноны анги гэсэн гурван ангийн алинд нь ч, сард хэдэн ч удаа суух боломжтой. Ийнхүү хязгааргүй, хүссэнээрээ суралцасныхаа үр дүнд сарын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр төлөхгүй. Мэдээж хотын төвд байрлалтай, уртсгасан цагаар ажилладаг гэх мэт олон зүйлсийг дурьдаж болно. Google бидэнд хэзээ ч, хаанаас ч, хүссэн зүйлсээ мэдэж авах боломжийг олгодог шиг бид ч гэсэн англи хэл суралцахыг хүссэн залууст тийм эрх чөлөөг олгохыг эрмэлздэг. Энэхүү давуу тал манай сургалтын төвийн гол онцлог гэж хэлж болно.

Манай ашиглаж буй энэхүү арга барилыг "Хаус систем" хэмээн нэрлэдэг. Ер нь өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх багуудад хуваарилагдах, шаардлагатай бүхий л нөөц хэрэгслүүдээр хангаж, улмаар ялгаатай түүхтэй, арга барилтай, мэдлэг туршлагатай хүмүүс хамтдаа хөгжих боломжийг санал болгодгоороо Хаус системийг нэвтрүүлэх нь өнөө цаг үеийн хамгийн оновчтой шийдэл болоод байна.

Танай ойрын болон хэтийн зорилго? 

Ихэнх сургалтын төвийн адилаар үндсэн зорилго маань суралцагчиддаа англи хэлийг сайн сурах болон бэлдэж буй шалгалтандаа хүссэн оноогоо авах боломжийг олгох юм. Гэхдээ тэрхүү зорилгоо биелүүлэх арга зам нь арай өөр. Зөвхөн академик арга барилаар "нүдээд" байх биш сургалтанд үр дүнтэй олон арга барилыг ашиглахыг эрмэлздэг.

Үүний нэг жишээ нь суралцагчдынхаа амжилтыг сайжруулахын төлөө нэвтрүүлсэн CRM систем юм. Бизнесийн байгууллагууд бүхий л үзүүлэлт, үйл ажиллагаагаа CRM программаар хянадгийн адилаар суралцагчид өөрийн ирц, шалгалтын оноо, багийн ажиллагаа, бие даалт гэх мэт бүх зүйлсээ хянах боломжтой.

Хэтийн зорилго гэвэл мэдээж англи хэл суралцагчдад хамгийн таатай, хүссэнээрээ суралцах төгс орчныг бий болгох.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ? 

Бид суралцагчдынхаа шалгалтын оноог нь ахиулахаас гадна хувь хүний манлайлал, бие даан суралцах чадвар зэргийг нь хөгжүүлэхийг хүсдэг. Оноо чухал хэдий ч тухайн хүн сурах арга барилаа олно гэдэг бүр ч илүү чухал. Эдгээр олон чадваруудад суралцчихвал цаашдаа ямар ч зүйлсийг амархан, үр дүнтэй сурч чадна. Оюутнуудын маань IELTS, TOEFL-ийн оноо бол ердөө л бидний ажлын үр дүн гэж ойлгож болно.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?

Сургалтын системээ олон нийтэд зөвөөр ойлгуулахад илүүтэй анхаарч байна. Учир нь манай сургалтын төвийн арга барил монголдоо харьцангуй шинэлэг. Манайх шинэлэг арга барилаар хямд үнэтэй, чанартай сургалтыг үүсгэхийг зорьдог. Харвардад хүртэл үнэгүй сурч болоод байхад яагаад ядаж монголдоо хямд үнээр англи хэлийг чанартай сурч болохгүй гэж? Үнэ дагаж чанар гэдэг ухагдахууныг халж ямар ч үнээр чанартай зүйлийг үүсгэж болно гэдгийг батлахаар ажиллаж байна.

Мөн гадаад хэлийг суралцагчид хэн нэгэнтэй хамтдаа суралцахыг эрмэлздэг. Та бүхэн анзаарвал IELTS сонирхогчдын групп дээр"хамт бэлдэх хүн байна уу?, хамтдаа тууштай хэл сурах хүн байвал холбогдоорой" гэсэн постууд маш олон бий. Тиймээс хүмүүс гадаад хэлийг багаар суралцах хүсэлтэй гэдэг гаргалгааг хийж болно. Ер нь багаар суралцана, багаар ажиллана гэдэг ямар ч зүйлийн үр дүнг ямагт сайжруулж байдаг учиртай.

Энэ бизнесийг эрхлэхийн хэцүү бэрхшээлтэй тал? Давж гарсан бэрхшээл, олж авсан сургамжаасаа хуваалцана уу?

Монголчууд маань самбарын өмнө хичээллэдэг арга барилаар олон жил суралцсан болохоор багш нарын заах арга барил, хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх нь маш хэцүү байдаг. Мэдээж академик сургалт байх ёстой ч бусад арга барилуудтайгаа хосолж байх учиртай. Бүхэл бүтэн нэг үеийн тогтсон арга барилд шинэ зүйл нэвтрүүлнэ гэдэг амаргүй ажил.

Танай сургалтын төвийн хамгийн их суралцагчтай анги аль нь вэ?

Ихэнх сурагчдыг ажвал дунд хүртэлх түвшний суралцагчид академик ангийг илүүд үздэг бол түвшин ахих тусам практик ангиудад илүү сууж, бие даан хичээллэх нь ихэсч байна.

Бид суралцахыг соёл хэмээн хүлээн авдаг. Манай сургалтын төв суралцагчиддаа өндөр оноог амлахаас гадна арай өөр хэв маягаар сурч ажилладаг лидер болоход нь туслахыг хүсдэг.

47424   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар
Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.