Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   09 сарын 08, 2018

Unlock Podcast #41 - "Factfulness" номын тухай

Unlock подкастынхаа ээлжит дугаараараа бид энэ онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн Билл Гэйтс, Барак Обама зэрэг эрхмүүдийн сайшаалыг хүртэж, Нью Йорк Таймсаас эхлээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдэг номын жагсаалд бичигдэж буй Factfulness номыг хүргэж байна. Нэрт статистикч, илтгэгч, эмч, эрдэмтэн Ханс Рослингийн амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн уг ном нь олон сая хүмүүст ертөнцийг үзэх баримтат, зөв үзлийг төлөвшүүлэхэд тусалж байгаа билээ.

НОМЫН ТУХАЙ

Зохиолч Ханс Рослинг, Ола Рослинг, Анна Рослинг нарын хамтран бичсэн энэхүү ном 2018 онд маш том шуугианыг дэгдээж бидний дэлхийн ертөнцийн талаарх бодлууд, харах өнцгийг тэр чигт нь өөрчилсөн гэхэд болно. Ханс Рослингийн уг номыг хамтран бичсэн хоёр хүн бол түүний эхнэр болон бэр нь юм. 1948 онд Шведэд мэндэлсэн Ханс Рослинг эмчээр төгсөж, статистикийн чиглэлээр суралцаж олон улсад судалгаа хийж дэлхий даяар тархсан аюулт өвчнүүдийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж түүнтэй тэмцсээр ирсэн. Тэрээр дэлхийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн чиг хандлагыг баримт нотолгоотойгоор тайлбарлах илтгэлүүдийг дэлхийн өнцөг булан бүрд тавьж түүгээрээ алдар нэрийг олж байв.

Зохиолч маань 2015 онд уг номыг бичиж эхлэхдээ өөрийгөө хорт хавдартай гэдгээ олж мэдсэн байна. Гэсэн ч номоо гүйцээнэ гэсэн зорилгодоо тууштай байсан бөгөөд 2017 онд эмнэлгийн орон дээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж байхдаа номныхоо сүүлийн бичвэрүүдийг бичиж дуусгаж байжээ. Хорт хавдрын улмаас тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хэдий ч амьдралаа төгсгөхөөс өмнө номоо бичиж дуусгасан тул сэтгэл амар хорвоог орхисон хэмээн хүүхдүүд нь дурдсан байдаг.

Бид эрүүл мэндийн талаар, цаашлаад дэлхий ертөнцийн хөгжлийн талаарх бүхий л зүйлсийн талаар ташаа ойлголттой явдгийг энэхүү номонд баримт нотолгоотойгоор тайлбарласан юм. Яагаад үүнийг бид буруу ойлгодог, юуг нь буруу ойлгодог зэргээр бүхий л өнцгөөс өөрийн аргументаа нотолсон байдаг нь олны сайшаалыг хүртэх гол шалтгаан болсон биз ээ. Эдгээр буруу ойлголтуудыг фактаараа тун ойлгомжтой тайлбарласнаас гадна үүнийгээ 10 шалтгаан болгож уг номондоо багтаажээ. Нэг ёсондоо хүн төрөлхтний дэлхий ертөнцөө буруу ойлгодог 10 шалтгаан хэмээх үг уг номын гол агуулгад төгс нийцэж магадгүй юм.

Номын зохиогч Ханс Рослинг "Таймс" сэтгүүлийн 2012 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байжээ.

Ингээд хамтдаа уг номын тухай дэлгэрэнгүйг подкастаасаа сонсоцгооё.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг энд дарж сонсоно уу.

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

14013   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.