Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 05, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Liebre Style брэндийн үүсгэн байгуулагчид Элена Гасулла, Израйль Лопез

Ярилцлагын энэ удаагийн дугаараар нэгэн сонирхолтой брэндийг эхлүүлсэн гадаад хосыг уншигчидтайгаа уулзуулж байна. Аялсан улсуудаасаа төрөл бүрийн хээ угалз, өвөрмөц шинж бүхий торго, даавуу цуглуулан, түүгээрээ өнгө үзэмж сайтай, сайн чанарын гар хийцийн гутал хийдэг Элена, Израйль хоёр манай ярилцлагыг Google-ээс олж бидэнд ханджээ. Тэд гутлаа Португалд урчуудаар хийлгэж, Европын зах зээлд зарж байгаа бөгөөд нөхөр нь брэндийнхээ дизайныг гаргаж, эхнэр нь бизнес талаа хариуцдаг ажээ. Ингээд сонирхолтой концепт, гоёмсог дизайн бүхий Liebre Style брэндийн үүсгэн байгуулагчидтай хийсэн ярилцлагаа хүргэе.

Байршил: Польш
Эрхэлдэг ажил, албан тушаал: Элена - Хамтран байгуулагч, стратегич, Израйль - Хамтран байгуулагч, дизайнер
Сошиал хуудас: Liebre Style (Фэйсбүүк), www.liebrestyle.com

ЯАГААД ГУТЛЫН БРЭНД ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН БЭ? ТА хОЁР ӨМНӨ НЬ ЮУ ХИЙЖ БАЙСАН БЭ?

Элена: Бид Недерландад танилцсан юм. Хоёулаа том компанид ажиллаж байсан. Би Германы Bosch компанид, нөхөр маань жимсний бизнес эрхэлдэг компанид ажиллаж байлаа. Би дэвшээд Индонезид ажиллах болж, тэнд 3 жил болсон. Израйль тэндхийн хуулийн зохицуулалтаас болоод ажилд орж чадаагүй тул гэрэл зураг авч, аялах болсон. Гэрэл зураг авч эхлээд өөрийн авьяастай ч олж нээсэн шүү. Индонезийн зарим хэсгүүд, Энэтхэг, Малайз, Япон, Монгол гээд сонирхолтой улсуудаар аялах болсон нөхөртөө би очсон газруудаас сонирхолтой юм авчраарай гэдэг байсан юм. Улмаар манай хүн тухайн газар орны нутгийн иргэдийн юм авдаг захаас надад торго, даавуу авчирдаг болсон. Сүүлдээ 15-20 улсын, өөр өөрийн гэсэн хээ угалз, өвөрмөц шинж бүхий торго, даавуунууд цуглаж, өөрийн эрхгүй бидний бүтээлч шинжийг өдөөх шиг болсон.

Тэр үед би компанидаа бүх юмаа зориулж, нэг ёсондоо уусан шингэж байлаа. Өндөр цалинтай, таатай ажил л даа, уг нь. Гэвч энэ байдлаараа үргэлжилбэл хэзээ ч компаниасаа гарч чадахгүй байх, хэтэрхий нэг хэв маягт баригдах юм байна гэж бодогдсон. Бас ямар нэг бүтээлч юм хийхийг хүсэж байлаа. Би их сургуульд орохоосоо өмнө нэлээн бүтээлч хүн байсан юм. Нэг дүү маань шивээсчин, өөр нэг дүү, аав хоёр маань гэрэл зурагчин гээд бүтээлч гэр бүлээс гаралтай. Тиймээс нөхөртэйгөө хамт lifestyle брэнд эхлүүлье гэж шийдсэн. Эхлээд гутлыг сонгосон учир нь, би гутлын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг болох Испанид төрж өссөн. Хүмүүс тэнд олон янзын загварлаг гутал өмсдөг. Харин Умард Европт ажилладаг байхад гутлын сонголт багатай, уйтгартай байсан юм. Тэгээд л Европын энэ хэсэгт гутлын шинэ брэнд бий болговол амжилт олж мэдэх юм байна гэж бодсон. Ер нь ихэнх газар хүмүүс голдуу хар, хүрэн, саарал өнгийн гутал өмсдөг шүү дээ. Тиймээс бид энэ салбарт бүтээлч байж, өнгөлөг, загварлаг гуталнууд хийхээр шийдээд, өнөөх орон орны торго, даавуунуудаа ашиглах болсон.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Израйль: Би брэндийнхээ дизайныг гаргадаг. Бас үйлдвэрлэл, түгээлтийг хариуцдаг. Тийм болохоор ийш тийшээ их явна. Элена харин төлөвлөгөө, стратеги, маркетинг, борлуулалтыг хариуцдаг юм.

Польшид ажлын цаг 9-17 цагийн хооронд байдаг. Би яг л энэ цагаар ажилладаг. Ер нь ажил, амьдралын тэнцвэр сайтай байхыг эрмэлздэг. Элена харин цаг үргэлж л ажилладаг. Би түүнийг аятайхан амьдралын хэв маягтай байхад тусалдаг (инээв).

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Израйль: Photoshop, Lightroom бол мэдээж миний гол програм. Хамгийн гол ажлын хэрэгсэл маань гэвэл 4 жил барьж буй Nikon камер.

Элена: Миний хувьд маркетингийн талыг хариуцдаг тул сошиал медиа сайн ашиглана. Инстаграм, Фэйсбүүк, ЛинкэдИн, Etsy гэх мэт. Мөн би видео хийдэг болох зорилгоор Adobe Premiere-ийг сурч байгаа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Элена: Google Drive дээр бид бүх юмаа хийгээд явчихдаг. Тун амар, цэгцтэй байдаг болохоор цаг хэмнэдэг. Бас бид аялахдаа Airbnb апп-ийг байнга ашиглаж, түрээслэх байр олдог. Боломжийн үнэтэй, бас нутгийн хүмүүстэй танилцаад зүгээр байдаг юм.

Бас нэг том студио өрөөнд амьдарч, ажиллаж байгаа маань нь цаг их хэмнэж байгаа.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Элена: Би дэвтэр дээр бичдэг. Дэвтэр бичихээр илүү төвлөрч байгаа юм шиг санагддаг.

Израйль: Би бол наадаг цаас л ашигладаг даа. Яг тухайн мөчдөө төвлөрч ажилладаг болохоор. Эхнэр маань урт хугацааны төлөвлөгөө, стратеги дээр төвлөрдөг болохоор дэвтэр дээр бичих шаардлагатай. Нэг нь одоо цагтаа төвлөрөөд, нөгөө нь илүү төлөвлөгөөндөө анхаараад, нэг ёсондоо сайн хоршиж ажилладаг.

ТА ЯМАР ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Элена: Израйль зураг авахдаа, аливаа үйл хөдлөлийг дуранд буулгахдаа сайн шүү. Нарийн деталийг харах гярхай нүдтэй, мэдрэмжтэй. Манай хүн хэдийгээр хувцас загварын донтон биш ч хувцсаа их аятайхан зохилдуулаад өмсчихдөг юм. Харин би илүү зорилгод төвлөрсөн хүн. Нэг зорилго тавиад түүндээ хүрэх гээд зүтгэчихдэг. Түвэгтэй том ажлыг хийж болохуйц олон жижиг хэсэг болгоод л үзэж тарна. Ер нь өөрийгөө дайчлахдаа дажгүй сайн байх.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Элена: Эерэг тал нь нөхөртэйгөө 24 цаг хамт байх. Сөрөг тал нь бас нөхөртэйгөө 24 цаг хамт байх (инээв). Наргиан шүү.
Өөрсдөө бизнес эхлүүлэхээр өөрсдийнхөө чадамжийг мэддэг юм байна, бас ахиулах гэж маш их хичээдэг юм байна. Бизнесийн амжилт биднээс өөрсдөөс л хамаарна гэдэг нь нэг талаар сайн хэрэг, нөгөө талаар бас тун амаргүй даалгавар. Өөрсдийгөө сорьж, бүх л юмаа зохицуулж, хэцүү зүйлсийг хийх нь надад таалагддаг.

Хэцүү бэрхшээлтэй зүйл гэвэл, би лав хувьдаа их айдаг. Амжилтад хүрэхгүй байх вий, санаснаар болохгүй байх вий гэж. Бид бүх л хөрөнгөө, ажил амьдралаа дэнчин тавиад бизнес эхлүүлсэн шүү дээ. Зөв зах зээлийг олно, зөв хамтрагчдыг олно, борлуулалт, маркетинг хийнэ гэдэг амаргүй. Зарим үед ажил дажгүй бүтээд, заримдаа сайнгүй байх нь бий.

Израйль: Тийм болохоор бидэнд стресстэх ч эрх байхгүй гэхэд болно. Стресстэх, сөрөг мэдрэмжид автах нь дэндүү зардалтай хэрэг болно.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Элена: Бид саяхан намар өвлийн коллекц гэж челси гутал гаргасан. Даавуу материалыг нь Орос, Гана, Тайланд улсуудаас авч нэгтгэж хийсэн юм. Одоо удахгүй үйлдвэрлэлээ хийлгэхээр Португал руу явна.

Монголд ирсэн зорилго маань ирэх жилийн зуны коллекцийн материалаа авах. Нарантуул захаар 3-4 өдөр л явлаа. Энд торго нь маш гоё хээ, нийлэмжтэй, сонголт арвин байдаг. Бид ирэх зунаас хувцас загвар дотроо гуталнаас өөр чиглэл рүү орох төлөвлөгөөтэй байгаа. Гоёл чимэглэл, цүнх хийх төлөвлөгөөтэй. Ноолууран бүтээгдэхүүнийг ч гэсэн сонирхож байгаа шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Элена: Би их уншдаг. Уран зохиол, бизнесийн номын аль алиныг уншина. Стив Жобсын намтарт их дуртай, хоёр ч уншсан. Одоо Стив Жобсын намтрыг бичсэн хүний өөр нэг бүтээл болох Леонардо Да Винчийн намтрыг уншиж байна.

Израйль: Миний хувьд гэрэл зурагчдын түүхүүд, намтрыг унших дуртай. Гэхдээ визуал контентод илүү дуртай болохоор баримтат кино их үздэг. Себастиао Салгадогийн бүтээлүүдэд дуртай. Бас Discovery сувгийг нэлээн үздэг юм байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Израйль: Би бол хөгжимгүйгээр ажиллаж чаддаггүй. Chillout, progressive хөгжимд дуртай. Аялах үедээ хөгжим сонсож явахаар бага ядардаг. Эхнэр маань хөнгөн ажил хийж байгаа үедээ л сонсдог.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Элена: Миний хувьд нөхцөл байдлаасаа л болдог доо. Заримдаа жигтэйхэн яриа болчихдог, заримдаа ганцаараа байх дуртай. Израйль бол жинхэнэ экстроверт хүн.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Элена: Би дунджаар 23 -7 цагийн хооронд унтдаг. Израйль шөнө 01-08 цагийн хооронд унтдаг байх.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Израйль: Би мексик хүн. Тийм болохоор найз нөхөдтэйгөө уулзах, найз нөхдөөрөө хүрээлүүлэх дуртай. Өдөртөө 9-17 цагийн хооронд яс ажиллаад 17 цагт усанд сэлэхээр явдаг. Бас фитнесст явна. Орой найз нөхөдтэйгээ уулзаж суух дуртай.

Элена: Би чөлөөт цагаараа суралцахыг хүсдэг. MBA төгсөөд удаагүй байгаа. Youtube суваг нээх сонирхолтой байгаа болохоор Adobe Premiere програмыг сурч байгаа. Видео хийгээд сурчихвал энтрепренерийн аялал, адал явдлаа харуулахыг хүсдэг. Би бас иог хийх дуртай. Харин бидний хосын хувиар хамтдаа хийдэг зүйлс гэвэл орой кино үзэх, нохойгоо паркт салхилуулах. Кино үзээд суух сайхан мөч байдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Израйль: Аялал л бидэнд хамгийн их урам зоригийг өгдөг. Шинэ газруудыг үзэж, шинэ хүмүүстэй танилцаж, хийж буй зүйлсийг нь сонирхох нь үнэхээр бидний харах өнцгийг тэлж, амьдралыг баяжуулдаг шүү. Ийм ч учраас бид орон орны даавуу материалыг ашигладаг. Мөн тухайн материалыг хаанаас хэрхэн авсан түүхээ бүтээгдэхүүндээ дагалдуулж хүмүүсийн аялах хүслийг бадраахыг хүсдэг.

Элена: Бүтээлч байдал, цагаа өөрсдөө зохицуулах зэрэг энтрепренер хүний эдэлдэг боломж, давуу талууд мэдээж биднийг цэнэглэдэг. Bosch-д байдаг найзууд маань карьераа огцом өөрчилж бизнес эхлүүлсэн надад атаархаж байна гэж хэлдэг юм. Хэдий том компанид хангалттай цалин авдаг ч хүн нэг газар удаан ажиллаад ирэхээр тогтсон хэв маягт баригдаад, алдах юм ихтэй болоод, түүнээс гарч чадахаа больчихдог шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Элена: Ээж минь намайг 21 настайд минь хөхний хорт хавдраар өөд болсон юм. Ээж маань манай гэр бүлийн гол тулгуур байсан. Би шоконд орж, сэтгэл санаа хүнд байлаа. Тэгээд тэр нөхцөл байдлаас үндсэндээ зугтаж, Герман руу сурахаар явсан юм. Ээж маань дөнгөж 42-той байсан. Тэр үед амьдрал ямар богино юм бэ гэдгийг ухаарсан. Тийм ч учраас би өөрийгөө аль болох сорихыг эрмэлздэг, хойш суухыг боддоггүй.

Израйль: Мексикээс Недерландад ирсэн минь миний амьдралын эргэлтийн цэг байсан. Европ бол огт өөр соёл, огт өөр сэтгэлгээтэй газар шүү дээ. Маш олон хүний хүрээлэл дунд байсан хүн шинэ газар ирээд биеэ дааж, шинэ зүйлсэд суралцаж эхэлсэн дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Израйль: Яв, юм үз. Хий бүтээ, хийж буй зүйлдээ итгэ. Хүн бүрийг сонс. Гэхдээ шийдвэрээ өөрөө гарга. Сөрөг зүйл сонсохоос бүү ай гэж хэлье дээ.

Элена: Хэрвээ амьдралдаа, тухайлбал гэрлэлтдээ, эсвэл ажилдаа, найх нөхдөдөө сэтгэл хангалуун бус байвал ямар нэг хийгээрэй. Хараад байхад маш олон хүн тэр хэвээрээ амьдарсаар л байдаг. Болохгүй зүйл юу байна, түүнийгээ хүлээн зөвшөөрөөд, зоригтой алхам хий. Байнга гомдоллодог ч тэр талаараа огт юм хийдэггүй хүмүүсийн нэг бүү болоорой.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Урлах Эрдэм Дээд Сургуулийн захирал Г.Тунгалаг гэдэг хүнийг санал болгоё. Бидэнд их тусалсан хүн. Санкт-петербургт хувцасны дизайнераар төгссөн сонирхолтой хүн байна лээ.

15875   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.