Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 09, 2018

7 хоногийн тойм: Триллионд хүрсэн компани + Сэтгүүлчид өгсөн ял + Утас хориглосон улс

Ковер зургийн тайлбар: Амазон их наядын клубын гишүүн болов

ОНЦЛОХ: АМАЗОН ИХ НАЯДЫН КЛУБТ НЭГДЛЭЭ

Цахим худалдааны гигант Amazon 1 триллион долларын үнэлгээтэй болсон Америкийн 2 дахь компани боллоо. Сар хүрэхгүй хугацааны өмнө Apple-ийн анхлан үзүүлсэн энэхүү амжилтанд тэд мягмар гарагт, нэгж хувьцааны үнэлгээ нь 2 хувиар буюу 2050,27 доллар болж өссөнөөр хүрсэн юм.

24 жилийн өмнө ном худалдаалах зорилготойгоор байгуулагдаж байсан тус компани өдгөө дэлхий даяар 560 мянган ажилчидтай болж өргөжсөн бөгөөд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 177,87 тэрбум долларын борлуулалт хийсэн юм. Компанийн үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын хөрөнгө 165 тэрбум долларт хүрч, Блүүмбергийн гаргадаг тэрбумтнуудын жагсаалтыг итгэл төгс тэргүүлсээр. 54 настай Бэйзос тус компанийн 16,3 хувийг эзэмшдэг бөгөөд жилд 81 мянган долларын цалин авдаг аж.

Гэхдээ Амазоныг зөвхөн онлайн худалдаагаар нь төсөөлбөл өрөөсгөл болно. Amazon Web Service буюу хостинг, клоуд үйлчилгээ нь тэдний хамгийн өндөр өсөлт үзүүлж буй салбар болоод буй. Нийт борлуулалтынх нь 31 хувийг энэ AWS эзэлж байгаа нь үүний баталгаа. 2018 он эхлэхэд 580 тэрбум долларын үнэлгээтэй байсан тэдний үсрэнгүй өсөлтийн гол шалтгаан ч гэж тодорхойлж болно. AWS-ийг дэлхий нөгөө өнцөгт буй жижиг стартапаас эхлээд хамгийн чухал мэдээллүүдийг агуулах учиртай Тагнуулын Ерөнхий Газар хүртэл хэрэглэдэг.

Анхны кассгүй, бүрэн автомат дэлгүүрийг танилцуулаад байгаа тэд өнгөрсөн жил Хойд Америкт 491 салбартай сүлжээ дэлгүүр Whole Foods-ийг 13 тэрбум доллараар худалдаж авсан. Alexa, Dot, Echo, Kindle зэрэг ухаалаг төхөөрөмжүүд нь ч борлуулалтын тоогоороо чиглэл бүртээ толгой цохиж тэргүүлсээр байгаа. Amazon контентийн зах зээлд ч хүч үзэж, Lord of The Rings-ийн түүхээс сэдэвлэсэн цуврал кино гаргахаа зарлаад байгааг дуулгая.

1 триллионд хүрнэ гэдэг төсөөлөхөд ч бэрх том тоо. Өнгөрсөн 1-р сард нийт Америкийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй нийт компаниудын үнэлгээ 30 триллионд хүрсэн байдаг. Apple-ийг энэхүү "шидэт тоонд" хүрэхээс өмнө ердөө ганцхан компани энэ амжилтанд хүрсэн нь Хятадын төрийн өмчит Petrochina компани. Тэд 2007 онд IPO хийхдээ энэ амжилтыг үзүүлж байв.

Motley Fool: Дараагийн зогсоол 2 триллион?
Fox: Apple, Amazon-ий араас хэн их наядын клубт элсэх вэ?

Огцом өсөлтийн хурдаараа Amazon Apple-ийг ч гүйцэх төлөвтэй байна

дэлхий дахинд

Мьянмар улс Ройтерс агентлагт харьяалалтай 2 сэтгүүлчид "улсын нууц задруулсан" хэргээр 7 жилийн хорих ял өгсөн нь дэлхий нийтийг цочроолоо. Сүүлийн жилүүдэд хүний эрхийг хамгаалагч олон улсын байгууллагуудын хараанд өртөж, шүүмжлэлийн гол бай болоод буй Рохингя үндэстнүүдтэй холбоотой хямралын асуудлаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл дээр ажиллаж байсан 32 настай В.Лоне, 28 настай К.Сое О нар өнгөрсөн 12-р сараас хойш саатуулагдаад байсан юм. Тэд цагдаагийн ажилтнаас бичиг баримт дөнгөж авч яваад баривчлагдсан нь урьдаас бэлтгэсэн "зохиомол" хэрэг байх магадлалтай гэсэн сэжгийг төрүүлдэг. "Хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн, ичгүүртэй" хэмээн тодорхойлогдсон энэхүү явдлыг дэлхий даяар эрс буруутгаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

АНУ-ын сенат Твиттер, Фэйсбүүк, Гүүглийг улс төрийн сонгуульд гадны нөлөө орсон асуудалтайгаар холбоотойгоор сонсголд дуудлаа. Твиттеийн үүсгэн байгуулагч Ж.Дорси, Фэйсбүүкийн COO Ш.Сандберг нарын оролцсон сонсголд Гүүгл хэнийг ч явуулахгүй байхаар шийдэж зөвхөн бичгэн тайлбар илгээсэн нь хууль сахиулагчдын эгдүүцлийг хүргэв. 2 тал аль аль нь асуудлыг эрт сөхөж, холбоотой арга хэмжээг авч чадаагүйдээ хүлцэл өчиж, нөхцөл байдлыг сайжруулж илүү нээлттэй орчинг бий болгохын төлөө шат дараалсан арга хэмжээ авч байгаагаа онцолжээ.

Улаанбаатар хотноо хөлбөмбөгийн Зүүн Азийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдаж, Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг 2-уул дараагийн шатанд тоглох эрхээ авлаа. Эрэгтэйчүүдийн баг Хойд Марианы Арлын багийг 9:0-ээр хожсон нь түүхэн дэх хамгийн том хожил болсон болсон бөгөөд Макаог 4:0-ээр хожиж, Гуамтай 1:1-ээр тэнцсэн нь энэ. Албан ёсны анхны тоглолтоо хийсэн эмэгтэй шигшээ баг Хойд Марианы Арлын багийг гурван бөмбөг дараалж хийн, 3:2-оор, шүүгчийн мэдлийн цагт Макаогийн багт гоол оруулан 1:0-ээр тус тус хожиж, нийт 7 оноо цуглуулан хэсгээ тэргүүлсэн юм. Дараагийн шат 11-р сард Тайванд явагдах бөгөөд БНАСАУ, Тайван, Хонгконгийн багуудтай тоглох учиртай.

Монгол улсын Засгийн Газар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ухаалаг утасны хэрэглээг бүрэн хориглолоо. 10-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлэх уг шийдвэр нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ хэмээн Засгийн газраас тодотгожээ. Өнгөрсөн 8-р сард Франц улс үүнтэй төстэй шийдвэрийг мөн гаргаж байв.

Алибаба группыг үүсгэн байгуулагч Жэк Ма ирэх даваа гарагт тохиох 54 насны төрсөн өдрөөрөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, "тэтгэвэрт" гарах гэж байгаагаа мэдэгдлээ. 40 тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэх тэрээр Билл Гэйтсээс үлгэр авч, шинээр байгуулах Жэк Ма сангаараа дамжуулан боловсролын салбарт анхаарлаа хандуулан, карьераа анх эхлүүлж байсан багшийн ажлаа ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 1999 онд байгуулагдсан Алибаба өдгөө зөвхөн цахим худалдаанаас гадна төлбөр тооцоо, хүргэлт түгээлт, клоуд, энтертэйнмент бизнест амжилттай ажиллаж, 420 тэрбум долларын үнэлгээтэй болоод байгаа билээ.

Шинэчлэл: Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр энэ жил биш ирэх жил ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөх бөгөөд 2020 он гэхэд удирдах зөвлөлийн суудлаа шилжүүлэн өгөх аж. Тэрээр Жэк Ма сангийн ажилдаа илүү анхааран ажиллана гэнэ.

Шүүгчийн мэдлийн цагт оруулсан тэнцээний гоол манай багийг цааш шалгаруулав

технологийн ертөнцийн эргэн тойронд

Твиттер хэрэглэгчдэдээ зөвхөн аудио буюу дуугаа цацах боломж олгох нэмэлтийг танилцууллаа. Одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем дээр нэвтэрсэн уг нэмэлтийг ашигласнаар дагагчид таны дүрсийг үзэхгүй, зөвхөн хоолойг нь сонсож мэдээлэл авна гэсэн үг. Энэ нэмэлтээр дамжуулан хэрэглэгчид 280-аас дээш тэмдэгтээр өөрийгөө илэрхийлж, үйл явдлыг шуурхай мэдээлж, төрөл бүрийн мини подкаст хөгжүүлнэ хэмээн Твиттер найдаж байгаа аж.

Фэйсбүүк Ази дахь анхны дата төвөө Сингапурт байгуулах боллоо. 11 давхар, бүрэн сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, 1 тэрбум долларын өртөгтэй тус төвөөрөө дамжуулж 890 сая хэрэглэгч нь бүртгэлтэй хамгийн том бүс нутаг дахь бизнесээ илүү өргөжүүлнэ хэмээн тэд үзэж байна. Үүнээс гадна тэд энэ долоо хоногт Blackberry-г GPS, аудио мессеж болон зарим дизайны шийдлийн зэрэг нийт 5 патентийг зөрчсөн хэмээн шүүхэд өгчээ.

Google судлаачид болон сэтгүүлчдэд зориулсан тоон өгөгдөл хайлтын шинэ системийг танилцууллаа. Тэд интернет орчин дахь нээлттэй тоо, датаг илүү хялбар бөгөөд хурднаар хүлээн авах боломжийг Dataset Search төслөөрөө дамжуулан олгож байна.

Microsoft-ийн эзэмшдэг Skype албан ёсоор яриагаа бичиж авах нэмэлтийг танилцууллаа. Хэрэглэгчид одоо яриагаа MP4 форматаар бичиж аван, 30 хоногийн турш хадгалагдах онлайн сангаас татаж авах боломжтой болсон байна.

Хамгийн алдартай хийх ажлын жагсаалт хөтлөх апп Evernote хүндхэн долоо хоногийг өнгөрүүллээ. Энэ долоо хоногт тус компанийн менежментийн багийг технологи эрхэлсэн, санхүү эрхэлсэн, бүтээгдэхүүн эрхэлсэн, хүний нөөц эрхэлсэн захирлууд нь тус тус орхисон байна. 225 сая хэрэглэгчтэй Evernote-ийн борлуулалт, өсөлт сүүлийн үед ихэд удаашраад байгаа бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалт татахаар зэхэж байгаа юм.

Ирэх долоо хоногт шинэ iPhone-оо танилцуулах Apple-ийн дараагаар топ технологийн компаниуд шинэ бүтээгдэхүүнээ зарлахад бэлэн болсон байна. Microsoft Surface загварын шинэ таблет, лаптопуудаа 10-р сарын 2-нд Нью Йоркт танилцуулах бол Google мөн тус хотноо 10-р сарын 9-нд Pixel 3-ийн эвентээ зарлажээ.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Алибабагийн гол өрсөлдөгч JD.com-ийг үүсгэн байгуулагч, CEO Ричард Лиу хүчингийн хэргээр цагдаад баривчлагдсан хэрэг гарлаа. Миннесотагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалж буй тэрээр 16 цаг саатуулагдсны эцэст суллагдаж Хятад руу буцсан байна. 300 сая хэрэглэгчтэйгээрээ хамгийн хурдан өсөлттэй цахим худалдааны платформд тооцогдож буй JD.com-ийн зүгээс "цагдаагийн газарт худал дуудлага ирсэн, шалгасны эцэст буруугүйг нь тогтоосон" хэмээн мэдэгджээ. Лиу 10,8 тэрбум долларын хөрөнгөтэйгөөрөө Хятадын 16 дахь баян эрхэмд тооцогддог юм.

Дэлхийн хамгийн том кофе шопын сүлжээ Starbucks Италид анхны салбараа нээлээ. Тус брэндийг 35 жилийн өмнө домогт Х.Шульц эспрессо соёлоос нь санаа аван үүсгэсэн гэдэг ч одоо хүртэл дотоодын өрсөлдөгчид болон хэрэглэгчдийн зан төлвөөс хамааран нэг ч салбар кофены эх оронд нээгдээгүй байсан юм. Миланд үйл ажиллагаа явуулах уг салбарт үр боловсруулж шинэ кофе гаргахаас гадна бэйкэри, бар, лоунж зэргийг санал болгох аж.

Элон Маск болон Теслатай холбоотой дуулиан үргэлжилсээр. Тэрээр нэгэн радиогийн шоунд оролцох үеэрээ марихуан татаж буй бичлэг нь ил гарсны дараагаар Теслагийн хувьцааны үнэлгээ 7 хувиар унаж, үнэлгээ нь 3 тэрбум доллараар буурсан байна. Хэдий бичлэг явагдсан Калифорни мужид марихуаныг хуулиар зөвшөөрдөг ч компанийн дүр төрхөд сөрөг нөлөөтэй хэмээн хөрөнгө оруулагчид эгдүүцсэн нь энэ. Үүнээс гадна тус компанийг ерөнхий нягтлан, хүний нөөц эрхэлсэн захирлууд нь орхиж, удирдлагын багт томоохон өөрчлөлт хийгдсэн байна. Маск ажилчдадаа илгээсэн захидалдаа шинээр 2 ч орон тоог бий болгож, 4 шинэ дэд ерөнхийлөгчийг томилсноо дурдсан байна.

Автомашины салбарын лидерүүдийн нэг Mercedes цахилгаан машины зах зээлд хүч түрэн орж ирж, 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий EQ загварын машинаа танилцууллаа. Бүрэн цэнэгээрээ 320 км зай туулах, 60 км/цагийн хурдад 4,9 секундэд хүрэх чадалтай уг машин 2020 оноос худалдаанд гарна. Тус компани зөвхөн хөгжүүлэлтэд зориулж 1,2 тэрбум долларыг мөн төсөвлөөд байгаа аж. Тэднээс гадна Ауди 3 жилийн өмнө танилцуулсан цахилгаан машинаа масс үйлдвэрлэлд аль хэдийн шилжүүлснээ мэдэгджээ.

Америкийн хамгийн алдартай мотоциклийн брэнд Harley Davidson Цахиурын хөндийд судалгаа, хөгжүүлэлтийн төвөө нээх боллоо. Энэ оны сүүлээр ашиглалтанд орох тус төвд тэд цахилгаанаар ажилладаг мотоциклийн технологи хөгжүүлэх зорилготой байгаа юм.

Mercedes Tesla-г илүүрхэж чадах болов уу?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

The Conjuring-ийн ертөнцийн ээлжит кино The Nun дэлхий даяар 50 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Тэд 3 долоо хоног борлуулалтаараа тэргүүлж, 150 сая долларыг олоод байсан Crazy Rich Asians-ийг ардаа хийв. The Nun цувралынхаа хамгийн амжилттай дебют хийсэн кино болжээ.

1949 оноос эхлэн тодруулж буй Венецийн кино наадмын дэлгэцийн шилдэг бүтээлд олгодог "Алтан Арслан" шагналын эзнээр "Roma" кино тодорлоо. Алдарт найруулагч А.Куароны уг бүтээл нь Нетфликст анхны том наадмын шилдэг бүтээлийн шагналыг авчирсан гэдгээрээ онцлогтой. Шилдэг эрэгтэй жүжигчнээр At Eternity's Gate кинонд бүтээсэн В.Ван Гогийн дүрээр В.Дафое, шилдэг эмэгтэй жүжигчнээр The Favourite киноны O.Колман нар нэрлэгдсэн байна.

Variety: Венецийн кино наадмын шилдгүүдийн жагсаалт

Таносын хохирогч болон "арчигдсан" Avengers-ийн ертөнцийн гол баатруудын хувь заяаг атгаж буй гэгдэх Captain Marvel-ийн зураг авалтын анхны зургууд цацагдлаа. Ирэх 3-р сард нээлтээ хийх тус киноны баатар Marvel-ийн ертөнцийн хамгийн сүүлд танилцуулагдаж буй ч хамгийн хүчирхэг баатар гэдгээрээ онцлогтой. Уг киноны гол дүрд Б.Ларсон, Ж.Лав, С.Жэксон нар тоглож байгаа билээ.

Nike алдарт "Just Do It" урианыхаа 30 жилийн ойн сурталчилгааны кампанит ажлыг эхлүүллээ. Энэ жилийн нүүр царайгаар NFL-ийн экс тоглогч Колин Каперник сонгогдсон нь нийгмийг талцуулсан ч борлуулалт нь 31 хувиар өссөн дүн гарсан байна. Тэрээр 2 жилийн өмнө лигийн тоглолтын өмнө уламжлал болон явдаг төрийн дууллын үеэр босох биш өвдгөө нугалан сөгдөж суусан нь асар том маргааныг өрнүүлж байлаа. Америк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус явдлын эсрэг хэмээн тайлбарласан түүний үйлдэл хөдөлгөөн болон өргөжиж, 200 гаруй тамирчин, бусад спортын багууд нэгдснээрээ анхаарлын төвд орж байсан билээ.

Талбайн теннисний ертөнцийн энэ оны хамгийн сүүлийн их дуулгын тэмцээн Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы 20 настай залуу од Наоми Осака 23 удаагийн их дуулгын аварга С.Уильямсыг хожиж анх удаа түрүүллээ. Японоос төрсөн анхны их дуулгын аварга ингэснээр түүхэн дэх хамгийн том буюу . Өнгөрсөн жил амаржиж, хүүхдээ төрүүлснээсээ хойш 2 дараалан их дуулгын финалд хожигдоод буй Уильямс 2-р сетэд шүүгчтэй маргалдаж, улмаар оноо болон тоглолтоор торгуулж асуудал дэгдээсэн нь анхааралд өртөв.

Captain Marvel бидний хайртай баатруудыг аврахаар айсуй

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Apple-ийн эвентээс юуг хүлээх вэ?
Variety: Реппер Mac Miller 26 насандаа таалал төгслөө
EW: Creative Emmy-ийн ялагчид тодорлоо
CNBC: Meituan 4.4 тэрбум доллар IPO-оор босгоно
Inside The Game: Азийн наадмын аварга П.Орхон допингийн шалгалтад бүдрэв
Vox: Обамагийн илтгэлээс онцлох 7 зүйл
CNN: Хойд Солонгос улс 70 жилийн парадаа зохион байгууллаа
NHK: ШУУД: Хоккайдогийн гамшгийн эргэн тойронд
BBC: Швед улсад сонгууль явагдаж байна
The Verge: Пентагон хиймэл оюун ухаанд 2 тэрбум доллар зарцуулна

10300   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.