Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 01, 2018

Андрей Тарковскийн "Хугацаан доторх хугацаа" номын хэсгээс

Өнөөдөр бид Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, Оросын алдарт кино найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагууд бүхий "Хугацаан дотор хугацаа" номын хэсгээс толилуулж байна. Монголын кино урлагийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах сэдлээр бүтээсэн энэ номын өдрийн тэмдэглэлүүдийг орос хэлнээс, ярилцлагуудыг англи хэлнээс хөрвүүлжээ.

ӨМНӨХ ҮГИЙН ХЭСГЭЭС

Кафка, Кундера, Памук, Феллини, Тарковский... Сэтгэл зүтгэл, ур ухаанаа шингээн байж монгол уншигчдадаа, залуучууддаа толилуулж буй бүтээл бүрээ бид өнөө маргаашийн ашиг орлого бус үндэстний минь хувьд өнө ирээдүйд биднийг тосч буй сэргэлт, сэхээрэл, сэтгэлгээний тэсрэлтийг зөгнөн түүнд бага ч болтугай бэлтгэл, өдөөлт болуужин хэмээн сүслэж хийдэг.
Чухам энэ л сэтгэлийн үүднээс бид уншигч таны гарт XX зууны Оросын төдийгүй, хүн төрөлхтөний түүхэнд төрсөн суут найруулагч Андрей Тарковскийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц, шаталт, шаналал цөхрөлийн дуун болсон нэгэн номыг өргөн барьж байна. Польшийн нэрт найруулагч Кшиштоф Зануссигийн тодорхойлсончлон Тарковский бол хагас зуухан жил наслахдаа угаас зуу хүрэхгүй жилийн түүхтэй кино хэмээх шинэ тутам урлагийн түүхэнд өөрийн арилшгүй мөрийг үлдээж чадсан цөөхөн суутны нэг билээ.
Бид энэхүү номоо Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүтсэн нэг ном, ярилцлагын бас нэг номыг нэгтгэн түүвэрлэж бүтээлээ. "Хугацаан доторх Хугацаа" номыг Пүрэвдоржийн Номинбилэг өдрийн тэмдэглэлүүдийг нь орос хэлнээс, ярилцлагуудыг нь англи хэлнээс (ихэвчлэн гадаадын сэтгүүлчидтэй ярилцсан байх тул) түүвэрлэн орчуулав.
Бидний бүтээл ирээдүйн мянга мянган залууст ямар ч цагийн буулган дор хүзүүгээ тавин бууж өгөхийг үл хүлцэх хүчирхэг хувь хүн болон төлөвших дотоод эрчмийг харамгүй бэлэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна!

НОМЫН ХЭСГЭЭС

1970
Есдүгээр сарын 3
Боломж нь таарахгүй л байгаа болохоос чухам мундаг зохиолч, яруу найрагч, зураач юм гэж өөрсдийгөө зарлаж явдаг хөөрхийс байна. Тэд мөнгө л олох гэхээс туурвих тухай бодох биш. Амьдрахад хүнд их зүйл хэрэггүй шүү дээ. Хамгийн чухал нь хийж бүтээх эрч чөлөө. Мэдээж бичсэнээ хэвлүүлж, зурснаа үзэсгэлэнд дэлгэмээр байлгүй л яах вэ. Гэхдээ тийм боломж байхгүй байлаа ч хэн нэгний зөвшөөрлийг гуйлгүйгээр бүтээн туурвих эрх нь тэдэнд үлдэнэ. Энэ чинь л хамгаас чухал. Харин кино урлагт энэ боломжгүй зүйл. Төр хэлтрүүлээгүй цагт ганц кадр ч авч болохгүй. Өөрөө хэдэн төгрөг босгоод бүтээл гаргачихвал дээрэм, үзэл суртлын дайралт, хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн болж хувирна. Хэрэв зохиолч хүн байгалиас заяасан авьяастай атлаа хэн ч өөрийнх нь бүтээлийг хэвлэхгүй гэсэн шалтгаанаар бичихээ больж буй бол тэр анхнаасаа л зохиолч биш байсан гэсэн үг. Уран бүтээлч хүн туурвин бүтээх хүсэл тэмүүллээрээ ялгардаг юм. Бас тэр хүсэл тэмүүлэл нь төрөлхийн авьяасыг заавал ч үгүй дагалдаж ирдэг эд шүү.

Есдүгээр сарын 7
Хүүхдүүд минь ямаршуухан улс болох юм бол доо? Биднээс их зүйл хамаарна. Өөрсдөөс нь ч их юм хамаарна. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх сэтгэлтэй хүмүүс болж өсөөсэй. Энэ ч бас биднээс шалтгаална. Боолчлол дунд төрсөн хүмүүс тэндээсээ гарч чаддаггүй шиг ээ. Хойч үеийнхэн маань тайван амьдраасай гэж бодох юм. Гэвч тэр амар амгалан аюултай байж мэдэх юм шүү. Амар амгалан үед л бидний шунахай, дорой зан хамгаас илэрдэг. Сэтгэлээрээ бүү үхээсэй. Тэгэхээр үр хүүхдэдээ өвлүүлэх хамгийн үнэтэй чанар бол эр зориг, нэр төрөө эрхэмлэх сэтгэл юм.За, ямартай ч “Цэлмэг өдөр”-ийг хийх ёстой. Адилхан ажлын л нэг хэсэг шүү дээ. Үүрэг гэж болно. Хэний ч өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй байна гэдэг юутай аймшигтай, гутамшигтай зүйл билээ дээ. Үнэнхүү гүрийж байж л хүн тэгж чаддаг байх; Нүдээ тас аниад л. Одоо ч ийм хүмүүс олон болж дээ. Артур Макаров гэхэд надад хазуулчихсан аятай. Сул дорой юм. Түүнээсээ болоод өөрийгөө хуурна. Өөрийгөө доромжилж байгаа хэрэг шүү дээ.

1971
Наймдугаар сарын 14
Соёл бол хүн төрөлхтний хамгийн агуу ололт. Гэвч энэ маань хүний үнэ цэнээс чухал билүү? (Соёл, хүний өөрийгөө хүндлэх сэтгэлийг нэгэн зүйл гэж үзэхгүй тохиолдолд шүү дээ)Соёлыг бүтээн босгоход оролцож байгаа хүн нь уран бүтээлч ахул бардамнаж ер болохгүй. Авьяас билиг тэнгэрээс заяагдсан тул талархаж явбаас зохилтой. Чамд тохиолдлоор олдсон зүйлийг өөрийгөө хүндлэх сэтгэлээс салгаж үзэх ёстой. Баян чинээлэг гэр бүлд төрсөн нь чиний үнэ цэнийг тодорхойлох юм уу, чамайг хүндлэх шалтгаан болохгүйн адил. Оюун санаа, ёс жудгийг тохиолдлоор авьяастай болж төрсөн хүн бус, ард түмэн бүтээдэг. Туурвих хүсэлтэй, оюун билигт хүмүүнийг ард түмэн (зориуд биш, аяндаа) төрүүлдэг юм. Авьяас бол нийтийн өмч. Харин авьяасыг тээж яваа хүн нь тариалангийн талбайд зарцлагдах боол, мансуурах донтон эсвээс люмпен лугаа адил хэн ч биш. Авьяас бол золгүй хувь тохиол. Авьяас хүнд гавьяа хэргэм ч, хүндлэл ч олгохгүй атлаа асар их хариуцлагаар дардаг. Авьяастай хүмүүн болвоос өөрт нь итгэж даатгасан эрдэнэсийн ашгийг гаргаж эс чадах мөртлөө нүд цавчилгүй сахин хамгаалах жасын няравтай адил билээ. Хувь хүний өөрийгөө хүндлэх мэдрэмж бол хүссэн хэний ч хүрч болох л зүйл. Тэгтэл урлан бүтээхүйн хүрээнийхний хамгийн хүсэмжит зүйл нь яагаад алдар нэр байдгийн учрыг би бодовч эс ухна. Ихэрхүү зан бол авьяасгүйн шинж.

1973
Хоёрдугаар сарын 7
“...Нөөц сум хэзээ ч бүү авч яв. Хэрэв хоёр дахь сумандаа найдах юм бол эхнийхээ огт хайхрахгүй. Тиймээс өөрт чинь цорын ганцхан боломж бий хэмээн сэтгэж онилсон байгаа буй ганцхан сумаараа онож бай!Кенко-Хоши. “Гуниг аргадах тэмдэглэлүүд”. “Хийх үү, болих уу хэмээн эргэлзэж байгаа бол хийгээгүй нь дээр дээ” Син-буддизмын тэргүүн лам нарын сургаалиас, 1287 он

Аравдугаар сарын
20, Москва
Хэрэггүй бодол: Чи хэнд ч хэрэггүй, соёл уламжлалаасаа хөндийрсөн амьтан, улс орныхоо хөгжлийн төлөө юу ч хийгээгүй, чи хэн ч биш. Европт, үнэндээ дэлхийн өөр хаа ч гэсэн ЗХУ-ын шилдэг найруулагч гэж асуувал бүгд ТАРКОВСКИЙ гэж хариулна.Гэвч энд би юу ч биш. Байхгүйтэй л адил. Надад ч гэсэн сул дорой үе байлгүй л яахав. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг. Хэнд ч хэрэггүй байх маш хэцүү юм. Хоёрын хооронд зүйлээр нэрээ гаргахыг би хүсэхгүй. Хэн нэгний амьдралыг, эсвэл олон хүний амьдралыг утга учиртай болгохыг хүснэ. Дотор давчдаад, сэтгэл минь биеэсээ оргоод зугтмаар байх шиг. Надад өргөн орон зай хэрэгтэй байна.

Арванхоёрдугаар сарын 31
, Москва
Миний зорилго – киног урлагийн бусад төрөлтэй зэрэгцэхүйц түвшинд аваачих. Хөгжим, яруу найраг, уран зохиолын өмнө толгой гудайхааргүй болгоно.

1974
Хоёрдугаар сарын 3, Москва
Урлаг гэдэг угаас үхлийг үгүйсгэгч юм. Ийм болохоор уран бүтээлч гашуудаж байхад ч урлаг өөдрөг байдаг. Өөдрөг уран бүтээлч, гутрамтгай уран бүтээлч гэж байдаггүй юм. Авьяастай нэгэн, өгөгдөлгүй нэгэн л гэж бий.

18797   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.