Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 29, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Rakuten компанийн бизнес хөгжүүлэлтийн менежер Б.Дэлгэрнаран

HUB Инновацийн төвд явагдсан ээлжит шууд ярилцлагадаа бид Японы алдарт Rakuten компанийн Сингапур дахь оффист Ази Номхон Далайн бүсийн бизнес хөгжүүлэлтийн менежер Дэлгэрнаранг урьж ярилцсан юм. Тэрээр 2005 онд Гёте сургуулийг төгсөж, 2012 онд Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Хитоцүбаши их сургуульд нийгмийн сэтгэл судлал мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Улмаар 2012 онд Rakuten компанид орж өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. "Японы Амазон” гэгддэг Rakuten нь онлайн худалдаа, интернэт банк, дижитал контент, харилцаа холбоо зэрэг олон салбарт 70 бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бөгөөд тэдгээрийн нэг нь та бидний сайн мэдэх Viber чат аппликэйшн билээ. Ингээд Дэнарын ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Сингапур
Эрхэлдэг ажил, албан тушаал: Rakuten компанийн Ази Номхон Далайн бүсийн бизнес хөгжүүлэлтийн менежер
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 8
Хэрэглэдэг компьютер: ThinkPad X1 Carbon
Сошиал хуудас: Delgernaran (Твиттер, Фэйсбүүк, Instagram)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ? АЖЛЫН НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Байнга гадны компаниудтай гэрээ хэлэлцээрийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр нь урагшилсан бол due diligence гэх мэтийн бичиг цаасны ажил хийх, компани дотроо хэлэлцээрт бэлдэх зэрэг ажлуудаар өдөр эхэлдэг. Үүнийгээ дагаад мөн маш их судалгаа хийнэ. Хааяа хэрэг гарвал би групп компаниуд дээрээ нэмэлт хүч болж ажилладаг. Ямар нэгэн компанийн санхүүг нь хөтлөх, маркетингийн стратеги дээр ажиллах, датаг нь ангилах, өөрсдийг нь төлөөлөөд гэрээ хэлэлцээр хийх үе гарна. Арга хэмжээнд бас их оролцдог. Ер нь маш олон юм давхцдаг. Тэгэхээр тогтсон арга барилтай байх бараг л боломжгүй. Өглөө хослол өмсөж хуралд оролцоод, өдөр нь бизнесийн арга барилын талаар лекц ороод, орой нь бизнес арга хэмжээ зохион байгуулаад, дараа нь өрөө танхимаа цэвэрлээд зогсож байх жишээтэй. Тэгэхээр миний ажлын арга барил бол маш хурдтай дасан зохицох гэж хэлж болох юм.

Сингапурын оффист маань 250 гаруй хүн суудаг. Эдгээр хүмүүс зургаа, долоон компанид хуваагдан ажилладаг. Миний хувьд Ази Номхон Далай хариуцсан гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, тэд нарын туслах болон стратегийн ерөнхий менежертэй хамтдаа нэг баг болж ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Viber-ийг л хамгийн их ашигладаг даа. Имэйлийг Viber-аар орлуулах нь ч их. Мөн Outlook, Google Calender бол байнгын хэрэглээ. Би ер нь тийм олон апп ашигладаггүй юм. Мэдээж сошиал медиа аппуудыг мэдээлэл авах зориулалтаар ашиглана. Тэгэхгүй бол цаг үеэсээ хоцорчих гээд байдаг юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цагаа зохицуулж сурах. Долоо хоногийн өмнө, хоёр долоо хоногийн өмнө ажлаа төлөвлөөд яг энэ цагт ийм юм хийнэ, ийм амжуулна гээд төлөвлөчихсөн байдаг. Хүнтэй уулзахдаа тухайн цагт яг юу ярих, юу шийдэхээ төлөвлөнө. Тэрийгээ Outlook дээр урьдчилаад биччихдэг. Ер нь цаг хэмнэх хамгийн сайн арга маань төлөвлөх л юм уу даа. Мэдээж төлөвлөсний дараа тухайн цагтаа багтаж хийж чадах эсэхээ эргэцүүлнэ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Миний хамаг ажил календарь дээр явдаг. Олон компанитай холбогдож ажилладаг болохоор тэдний ашигладаг аппуудыг ашиглах хэрэгцээ үүсдэг. Нэг нь Slack ашиглана, нөгөө нь Outlook ашиглана, зарим нь бүр хувийнхаа системийг ашиглана. Бүх төсөл зэрэг явдаг учраас тэгээд зохицоод хэрэглэхээс өөр аргагүй. Гэхдээ яг хувьдаа тэмдэглэл хөтлөхдөө бүгдийг нь тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Ёстой гоё асуулт байна. Хүн болгон өөрийгөө ямар нэг зүйлдээ гаргууд гэж боддог. Ядаж гүйхдээ, эсвэл өндөр үсрэхдээ сайн гэх мэтээр. Манай компани хагас жил тутамд үнэлгээ хийж, төлөвлөгөө гаргадаг. Хүн ер нь юм хийж байхдаа, юм сурч байхдаа юу чаддагаа сайн мэддэггүй юм билээ. Би анх өөрийгөө дасан зохицохдоо сайн гэж боддог байсан чинь тийм биш болж таарсан. Тэрхүү үнэлгээнээс хараад, дарга маань “Дэнар аа чамд ямар ч уялдаа холбоогүй ажлууд даалгахаар чи нэгтгэж системчлээд, цэгцлээд, учрыг нь олоод өөр хүнд бэлдээд өгчихдөг юм байна. Чи ажлыг системчлэхдээ сайн юм байна” гэж хэлж байсан. Сүүлийн хагас жилд компанийнхаа маркетингийн үйл ажиллагааны системийг бүрдүүлээд тавьчихсанаа өөрөө ч анзаараагүй байхад тэр хүн анзаарчихсан байв.

Миний хамт ажилладаг хүмүүсээс консалтинг, төслийн менежментээр “төгсөрчихсөн” нэг хүн бий. Компанийн хөрөнгө оруулалт, группийн санхүү дээр ажилладаг бас нэг мундаг хүн бий. Би энэ төрлийн ажлуудыг тэр хүмүүсийн хэмжээнд яасан ч хийж чадахгүй. Тэгээд нэг удаа надад ер нь чаддаг зүйл гэж байдаггүй юм байна гээд нэлээн гонсойчихсон явж байсан юм. Гэтэл нэг захирал маань “Дэнар аа, бас арай ч тийм биш ээ. Чамайг компани дээр хүн болгон таниад байна. Чи хүнтэй харилцахдаа сайн юм биш үү. Магадгүй чи үүгээрээ ирээдүйд амжилт олж болох юм” гэж хэлж байсан.

Харин гурав дахь зүйлийг нь би ёстой зоригтой хэлж чадна. Би найзууд шигээ олимпиадад түрүүлж, медаль авч, уралдаанд ялж үзээгүй. Амьдралдаа ганцхан л удаа тэргүүн байр эзэлж байсан юм. Тэр нь хурдан идэлтийн тэмцээн. Би хэнээс ч илүү хурдан хоол идэж чадна. Японд найзуудтайгаа нэг буфет хоолонд ортол хажууд нь хоол идэлтийн тэмцээн болж байсан юм. Нэг найз маань намайг бүртгүүлчихэж. Ингээд халуун ногоотой тахиа хурдан идэх тэмцээнд түрүүлж байлаа. Надад ялагдсан япон залуу “Чи яаж түрүүлчихэв ээ? Би энэ тэмцээнд бүтэн жил бэлдсэн шүү дээ” гэсэн шүү (инээв).

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сайн тал ихтэй. Сүүлийн үеийн шинэ технологи дээр ажиллаж буй залуус, стартапуудаас эхлээд маш том компанийн төлөөллүүд, өндөр нууцлалтай төсөл дээр ажиллаж буй хүмүүстэй байнга уулздаг. Нөгөө талаас, би өөрөө ямар ч төлөвлөөгүй болчих гээд байдаг сул талтай. Янз бүрийн ажлууд хэзээ ч гарч ирж магадгүй байдаг тул хувийн амьдралдаа урьдчилан цаг товлоход хүндрэлтэй байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бизнесийн хөгжүүлэлтийн менежер учраас манай компаниудаас аль нэг нь өөр компанитай хамтын ажиллагаа эхлүүлэхэд группээ төлөөлөн хамгийн түрүүнд уулзалт хийдэг. Дөнгөж сургууль төгссөн залуучуудын байгуулсан стартапаас эхлээд дэлхийн том компаниудтай уулзалт хийнэ. Компаниуд маань тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг боловч өөр компанитай хамтын ажиллагаа тогтооход гүүр болж өгөх учиртай. Тиймээс бусад улс орнууд руу нисэж уулзалт хийх шаардлага их гардаг. Манай үйлчилгээг авч буй асар олон хэрэглэгч байгаа учраас үйлчилгээгээ баяжуулах, сайжруулах хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэдээ шинэ технологийг ашиглуулахын тулд хөрөнгө оруулалт босгох шаардлагатай байдаг. Хөрөнгө оруулалт нь ихэвчлэн 50-300 сая долларын хэмжээнд яригдана. Миний хоёр дахь гол ажил бол хөрөнгө оруулалт босгох.

Гурав дахь үүрэг маань группийн хэмжээнд инновацийг хөгжүүлэхтэй холбоотой. Манай компани нийт 15,000 гаруй ажилтантай. Том компани учраас ажилтнуудын хийх ёстой зүйл маш тодорхой, нарийн төлөвлөгөөтэй байдаг. Гэвч шинийг хийж бүтээх ёстой хүмүүс иймэрхүү тогтсон хэв маягт баригдчихаар ажлын үр бүтээл нь буурдаг талтай. Ажлаа орхиод явчихаж ч магадгүй. Тиймээс ажилтнуудынхаа санал бодлыг сонсоод, сайныг нь бизнес болгон үргэлжлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил гэхэд Япон, Солонгос, Энэтхэг, Сингапур улсын хэдэн зуун ажилтны дунд инкубатор програмыг хэрэгжүүлж, хэрэглэгчид нь хэн бэ, яаж тэдэнд борлуулалт хийх вэ, маркетингийн судалгаа гэж юу вэ гэх зэрэг олон сургалт орсон.

Мөн манай компани шинэлэг, бүтээлч, хурдтай шинжээ алдахгүйн тулд гаднаас чадварлаг хүмүүс элсүүлэх бодлого барьж байна. Тэгэхгүй бол компани байгуулагдаад 20 жил болчихсон болохоор хүмүүс хэвшмэл хэв маягт баригдаж, ажлууд удаашрах эрсдэлтэй байдаг. Энэ тал дээр Окогийн ажилладаг Techstars компани манайтай хамтардаг. Манайх тэдэнд “Дэлхий дээрх гарааны компаниудаас бидэнд тохирох шилдэг 10 стартапыг бидэнтэй танилцуулаач, бид тэр компаниудад зааж сургаад, хөгжүүлээд, өөрсөд дээрээ авъя” гэсэн саналыг тавьдаг. Өнгөрсөн сард л гэхэд манай хурдасгуур хөтөлбөрт LendMN апп-ийг хөгжүүлдэг “Анд Глобал” топ аравт багтсан шүү. Миний хувьд Techstars-тай хийж буй энэ мэт хамтын ажиллагаан дээр Rakuten-ийн талаас хариуцаж ажилладаг.

RAKUTEN КОМПАНИЙН ТАЛААР ЖААХАН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Товчхон танилцуулбал, манай компанийн жилийн борлуулалт 120 тэрбум доллар, дэлхий даяар 1.2 тэрбум хэрэглэгчтэй. Дотроо тусдаа үйлчилгээ үзүүлдэг 70 компаниас бүрддэг. Япон улсын компани учраас үндсэн зах зээл нь Япон. Японы нийт хүн амын дөрөвний гурвыг нь өөрсдийн үйлчилгээгээр хангаж байна. Европ, Америк, Ази Номхон Далай, Япон гээд тив, улс бүр дээр өөр стратегиэр ажилладаг.

Хүмүүс хөлбөмбөгийн алдарт ФЦ Барселона клубийг сайн мэдэх байх. Манай компанийн лого Барселонагийн өмсгөлийн энгэр дээр байдаг. Мөн сагсан бөмбөгийн Голдэн Стэйт Варриорсын өмсгөл дээр Rakuten-ий лого бий. Шалтгаан нь их сонирхолтой. Манай компани уул нь дэлхий даяар 1.2 тэрбум хэрэглэгчтэй, 70 төрлийн үйлчилгээ явуулдаг. Гэтэл манай компанийн нэрийг мэддэг хүн тун цөөхөн байсан. Манай компани энэ алдаагаа засахын тулд дэлхийн топ спортын багууд болох Барселона, Голдэн Стэйт Варриорс хоёрын өмсгөл дээр логогоо байршуулж, Шакиритай бас гэрээ байгуулсан юм билээ. Анх 13 дэлгүүр бүтээгдэхүүнээ манай онлайн дэлгүүр дээр байршуулж байсан бол одоо 45,000 болтлоо өсөөд байна. Онлайн худалдаанаас эхлээд ийнхүү хүрээгээ тэлсээр өөр салбарууд руу орж эхэлсэн байдаг. Том компани болохын хэрээр интернэт хөгжсөн юм чинь аялал жуулчлал руу орьё, онлайн захиалга руу орьё гээд янз бүрийн салбар уруу орж эхэлсэн. Том компани болоод банкинд их мөнгө зараад эхлэхээр нь яагаад банктай байж болохгүй билээ гээд интернэт банктай болсон байх жишээтэй. Одоо манай цахим банк Япондоо хамгийн их хэрэглэгчтэй. Үүнтэй адилхан бид байгаа үйлчилгээ, бизнесүүд дээрээ шинэ төрлийн бизнес нэмж, хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг нь баяжуулдаг. Ийм учраас бид одоогийн хэмжээндээ хүрч чадсан.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би цэцэрлэгт байхдаа ном уншиж сурсан. Бүр англи хэл дээр уншиж сурсан шүү. Ном олдохгүй болохоор библиэс эхлээд янз бүрийн ном уншдаг байлаа. 50-60-аад оны юу юугүй хуудас нь бутраад унах гэж байгаа ноорхой номыг хүртэл барьж аваад уншдаг байсан. Өдөр бүр хоёр гурван цаг зарцуулаад номоо уншаад л байдаг байлаа. Аяндаа миний унших хурд нэмэгдсээр байсан. 10 жилийн өмнө уншсан, хурдан унших чадварын тухай номонд минутанд 600 үг унших тухай заасан байж билээ. Гэтэл би хурдаа тодорхойлтол 1200-1300 үг уншдаг байж таарсан (инээв). Ном онцольё гэхээр аль хүүхдэдээ илүү хайртай вэ гэдэг шиг хэцүү байна. Goodreads дээрээс хараад байхад фантази, уран зөгнөлт номнуудад дуртай юм шиг байгаа юм. Ирээдүйд юу болж болох талаар ном унших дуртай. Жишээ авъя л даа, сүүлд Snow Crash гэж ном уншсан. Интернэт үүсэхээс өмнө ирээдүйд сошиал медиаг төсөөлж зөгнөж бичсэн байсан нь тун сонирхолтой.

Унших тухайд бол компьютер дээрээ ч ном уншдаг, уранхай ч хамаагүй ном уншдаг, хаана ч хамаагүй уншдаг. Гол нь унших учраас хаана, юугаар унших нь чухал биш санагддаг. Номоо сонсох нь ч бий. Одоо эхлүүлчихсэн 10-аад ном байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би ер нь янз янзын л дуу хөгжим сонсох дуртай. AC/DC-ийн ихэнх цомог, Daft Punk-ийн лайв цомог, сонгодог хөгжмүүдийн цуглуулга, Камертон цомгууд, дуртай кино, компьютер тоглоомын хөгжим бол байнга плэйлист дээр байдаг. Мөн хааяа дэлхийн топ 40 дууг сонсоод, хөгжмийн зах зээл ямар байгааг дагах дуртай.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Эктроверт гэхээр хүмүүстэй байж энерги авдаг хүн, интроверт гэхээр ганцаараа байж энерги авдаг хүн гэж тайлбарладаг. Би бол хүмүүстэй байхаар нэлээд хурдан ядраад, ганцаараа чимээгүй байж өөрийгөө буцаагаад цэнэглэдэг хүн учраас интроверт буюу дотогшоо хүн болов уу.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Яг тогтсон цагт унтдаггүй. Хэрвээ унтах юм бол нэлээн хэцүүхэн унтдаг. Шөнө дунд хэд хэд сэрдэг. Хүмүүс намайг эртэч гээд л байдаг юм. Яг үнэндээ сэрмээр байгаа цагаасаа өмнө сэрчихээр буцаад унтаж чаддаггүй. Амралтын өдрүүдэд аль болох бүтэн унтаж авахыг хичээдэг. Бага унтах нь үнэхээр хүний биед муу учраас би лав бага унтахыг хэнд ч зөвлөхгүй.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын бус цагаар найз нөхөдтэйгөө уулзах, шинэ хүмүүстэй танилцах маш дуртай. Хорвоо дээр есөн шидийн хүмүүсийн туулсан амьдралыг сонсож суралцах сонирхолтой. Ном унших, номын сан, номын дэлгүүр орох дуртай. Youtube дээр баримтат кино нэлээн үздэг. Ер нь төрөл бүрээр мэдлэг хуримтлуулахыг хичээдэг дээ. Хоёр долоо хоногтоо заавал өөртөө хагас өдөр гаргаад шинэ юм сурдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

14 настай байх үеийнхээ түүхийг яръя. Ахлах ангид дөнгөж ороод аав ээжийн үгэнд орохгүй өөрийгөө том болчихсон л гэж бодож явсан үе. Тэр жил хөршүүдтэйгээ хамтдаа Улаан Цутгалан орж наадам хийхээр болсон юм. Очоод баахан хөгшин хүмүүсийн дунд хийх юм олдохгүй хот руу буцах болсон. Манай хөршүүдийн найз нь пакистанууд байсан юм. Хоёр Ниссан Террано машинтай. Би нэгэнд нь суугаад Архангайгаас Улаанбаатар явлаа. Пакистанууд Монголын замыг мэдэхгүй ч шороон замаар маш хурдан давхиж байлаа. 100 км/цагтай л явж байсан байх. Гэтэл нэг эвгүй зам дээр манай жолооч үрүүлээ дараад машин энерциндээ нисээд явчихсан. Машин маань агаар дээр бүтэн эргээд, нэлээд хэд өнхөрсөн. Тэр үед өөрийгөө ингээд үхэх нь л гэж бодсон. Аз болж бүгд бүсээ зүүсэн байсан, бас төмөр сайтай машин байсан тул гайгүй өнгөрсөн юм. Түүнээс хойш би өөрийгөө өдөр бүр хэзээ ч үхэж магадгүй хэмээн бодож амьдардаг болсон. Яагаад хөгжилтэй амьдарч болохгүй гэж, яагаад өөрийнхөөрөө эрч хүчтэй байж болохгүй гэж бодох болсон доо. Тэгэхээр би амьдралаас, амьд байхаас эрч хүч, урам зоригийг авдаг гэж хэлж болно.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Бага байхад намайг хар гэж хочилдог байсан юм. Ер нь жаахан хүүхдүүд дэлхийн хамгийн муухай хүмүүс шүү дээ (инээв). Нэг нэгийгээ доош нь хийнэ, хочилно. Томчууд тэрийг нь өхөөрдөж шоолж инээдэг дээ. Намайг хүүхдүүд царай муутай, хар гэж шоолоод байсан тул нэг өдөр ээждээ “Хүүхдүүд намайг ингэж шоолоод байна” гээд очсон. Гэтэл манай ээж “Миний хүү угийн хар, царай муутай юм чинь одоо яаая гэхэв дээ, алив хүрээд ир” гэж аргадсан нь одоо ч санаанаас гардаггүй. Ээжийн минь тэрхүү үг надад их олон зүйлийг ойлгуулсан даа. Би ямар хүнд гай тарьж байгаа биш, гэмт хэрэг хийж байгаа биш. Ер нь хүмүүсээс заавал ч үгүй гоё хоосон магтаал сонсох албагүй гэдгээ ухаарсан. Өөрийгөө байгаагаар нь л хүлээж аваад, олон юманд санаа зовохоо больсон. Ээжийн маань тэр үг амьдралын тун чухал зөвлөгөө болсон доо.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Герман, Монгол, Хятад, Япон, Канад, Сингапур гээд олон газар ажиллаж амьдарч үзлээ. Дэлхийн аль ч улсад хүмүүс нэг нэгээсээ ялгарах хандлагатай байдгийг ойлгосон. Хүмүүс өөрсдийгөө бусдаас өөр гэж боддог. Гэвч миний бодлоор тийм биш. Дэлхийн хаана ч очсон, хүмүүс бүгд л аав ээжтэй, гэр бүлтэй, найз нөхөдтэй, хүсэл мөрөөдөлтэй, яг л ижилхэн байдаг. Тиймээс өөрийгөө монгол гэж битгий баригдаж амьдар. Өөрийгөө оюутан гэж битгий ялга, өөрийгөө хөгшин залуу гэж битгий бод.

Анх Японд очиход, хүмүүс нь олон цагаар ажилладаг учраас амьдрал нь уйтгартай хэцүү байдаг болов уу гэж боддог байлаа. Канадад хүмүүсийн ажлын нөхцөл тун таатай, гэр бүлтэй болоход нөхцөл боломж маш сайн учраас илүү аз жаргалтай байдаг болов уу ч гэж бодохоор. Тэгсэн хэрнээ “Манай энд дэндүү хүйтэн” гэнэ. Сингапурт хүмүүс нь маш тансаг амьдралтай. Гэтэл “Манай хүүхдийн сургуульд олигтой шүдний эмч алга” гэж зовлонгоо ярина. Тэгээд намайг Канадад байсан гэдгийг дуулаад “Чи тийм гоё газар байсан байж яах гэж ийм жижигхэн хот-улсад ирж байгаа юм?” гэж билээ. Харин Монголдоо ирэнгүүт “Чи юу мэдэх юм? Чи хавьгүй гоё сайхан газрууд амьдарч байсан хүн” гээд л эхэлнэ. Нэг л сэтгэл хангалуун бус байдлаар ярьдаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн хаана ч байсан байгаа юмандаа сэтгэл хангалуун бус байдаг нь анзаарагддаг. Тиймээс өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, эргэн тойрноо ажаад, амьдралдаа сэтгэл хангалуун болоод ирвэл оюун санаа тань чөлөөтэй болно. Тэр үед аяндаа юу хийх ёстой, яах ёстой вэ гэдэг чинь тодорно гэж бодож байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Санал болгох хүн олон байна. Тэр дундаас Jones Day гэх алдартай хуулийн компанид ажилладаг, найз Ч.Цэнгэлийгээ санал болгоё.

61136   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.