Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 24, 2018

70 тэрбум долларын үнэтэй фантази спорт гэж юу вэ?

Хэрвээ таны ойр дотныхон дунд спортын хорхойтон байдаг бол фантази гэж юу болохыг мэдэхгүй ч тэднээс энэ үгийг олонтаа сонсож байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй танд үл ойлгогдом санагдсан тул оролдож үзэлгүй өнгөрсөн байж магадгүй. Тэгвэл Unread та бүхэндээ спортын салшгүй нэг хэсэг болоод буй фантази спортыг энэхүү нийтлэлээрээ тайлбарлахаар шийдлээ. Зөвхөн АНУ, Канадад л гэхэд 56 сая тоглогчтой, 70 тэрбум долларын үнэтэй гэгдэж буй фантази спорт гэж чухам юу вэ? 

Фантази гэж юу вэ?

Бодит спортын тамирчдаар виртуал орчинд спортын баг бүрдүүлж тус тамирчдын амжилтаас хамааран оноо цуглуулах зарчимаар өрсөлддөг тоглоомыг фантази гэж нэрлэдэг. Таны бүрдүүлсэн багийн тамирчид бодит амьдрал хэдий чинээ сайн тоглоно таны фантази төдий чинээ амжилттай байх болно. Хөлбөмбөг дээр жишээлэхэд таны сонгосон тоглогч бодит тоглолтон дээр гоол оруулах, гоолын дамжуулалт өгөх гэх мэт ашигтай үйлдэл хийхэд фантазид тань оноо нэмэгдэнэ. Гоол оруулахад 5 оноо, хаалгандаа гоол алдаагүй тохиолдолд 4 оноо, гоолын дамжуулалт өгөхөд 3 оноо гэх мэт. Эсрэгээрээ таны тамирчин өөрийн хаалганд гоол оруулах, их гоол алдах, торгуулийн цохилт алдах зэрэг багт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийсэн тохиолдолд таны багаас оноо хасагдана. Энэ мэтчилэн бодит спорттой шууд холбогддог тул компьютер тоглоомоос тэс ондоо.

Багийн спортын бүх тэмцээнүүд өөр өөрийн гэсэн фантазитай байдаг

Баг бүрдүүлэхдээ тухайн тэмцээнд оролцож буй бүх тамирчдаас сонгох боломжтой. Гэвч нэг байрлал дээр сонгож болох тамирчдын тоо хязгаартай.Спортын төрлүүдээсээ хамаараад нэг байрлал дээр хэдэн тамирчин сонгож болох нь өөр байдаг бөгөөд ихэвчлэн таваас дээшгүй байдаг. Жишээ нь хөлбөмбөгийн фантазид 2 хаалгач, 3 довтлогч, 5 хамгаалагч, 5 хагас хамгаалагч сонгох боломжтой.

Фантази спортын зах зээл

Зөвхөн Америк, Канадад л гэхэд нийт фантази тоглогчдын тоо 56 саяд хүрээд байна. Фантазигийн хамгийн алдартай сайтуудын нэг Draftkings зөвхөн 2014 онд л гэхэд фантази тоглогчдын хураамжнаас 304 сая долларын орлогыг олсон аж. Улмаар 2020 он гэхэд фантази сайтууд бүртгэлийн хураамжнаас нийт 14,4 тэрбум долларын орлого олох төлөвтэй байна.

Мөн фантази тоглогчдын фантазид зарцуулж буй цагийн үнэлэмж маш өндрөөр үнэлэгдэж байна. 23 сая тоглогчийн дунд хийсэн судалгаагаар нэг тоглогч 7 хоногт дунджаар 3 цагийг фантазид зарцуулдаг аж. Энэхүү цагийг жилээр тооцож мөнгөн үнэлгээнд шилжүүлвэл хүмүүсийн фантазид зарцуулж буй цагийн үнэлгээ 70 тэр бум доллартай тэнцэнэ. Тиймээс фантазигийн зах зээлийг 70 тэрбумын үнэтэй хэмээн хэвлэлүүд онцолж байна.

Монголд одоогоор хамгийн алдартай нь хөлбөмбөг болон сагсанбөмбөгийн фантази. Тиймээс та фантази тоглохоор шийдсэн бол дараах хоёр сайтыг ашиглавал зүйтэй.

Хөлбөмбөг - Fantasy Premier League

Фантазигийн бүтэн улирал нь премьер лиг эхлэхэд буюу наймдугаар сараас ирэх оныхоо тавдугаар сар хүртэл 38 тойрог үргэлжилдэг. Нэг багт 15 тоглогчийг сонгох боломжтой бөгөөд нэг багаас дээд тал нь 3 хүнийг сонгож болно. Лигийн бүх тамирчныг 4 фунтээс 13 фунтын хооронд /одоогоор хамгийн дээд үнэ/ үнэлсэн байдаг ба багаа 100 фунтд тааруулж бүрдүүлэх дүрэмтэй. Мэдээж эдгээр үнэ зөвхөн төсөөллийн буюу виртуал үнэ гэдгийг санах хэрэгтэй. Тус фантазиг тоглоход та ямар нэгэн төлбөр төлөхгүй.

15 тоглогчоос таны гараанд гаргахаар сонгосон 11 тоглогчийн онооны нийлбэрээр нийт оноо бодогдох бөгөөд тойрог бүрт гараагаа өөрчилж болно. Багийн ахлагчаар сонгосон тамирчны оноо 2 дахин үржигддэг нь тун сонирхолтой. Оноогоороо хэдэд жагсаж буйгаа дэлхийд, монголд гэх мэт олон шүүлтүүрээр харах боломжтой байдаг нь тоглох хүслийг улам өдөөдөг. Мөн тусдаа лиг үүсгэж зөвхөн найзуудаараа, ойр дотныхноороо өрсөлдөх боломжтой.

Дизайны хувьд маш өнгөлөг, ангиллууд маш ойлгомжтой тул хэрэглэхэд хялбар. Премьер лигийн албан ёсны апп нь фантазигаа агуулдаг учраас утсан дээрээ татаад авахад гэмгүй.

Утасны апп татах

Сагсан бөмбөг - Yahoo NBA Fantasy

Хөлбөмбөгөөс ялгаатай нь NBA-гийн тоглолтууд өдөр бүр явагддаг тул таныг бүр ч илүү “донтуулж” мэднэ. Хөлбөмбөгийн фантазид 7 хоногт нэг л удаа анхаарал хандуулж солио, сэлгээ хийхэд хангалттай байдаг бол NBA фантазид илүү их “арчилгаа” шаардагдана. Ер нь аль ч фантазид багаа сайн бүрдүүлэхийн тулд судалгаа хийх шаардлага гардаг. Төвөгтэй юм шиг сонсогдож байгаа ч энэ нь фантазиг улам сонирхолтой болгодог. Ирэх тоглолтуудад хэн “цоорох”, хэн илүү их минут тоглох, хэн бэртэж түүнийг хэн орлох гэх мэт спортын мэдээллүүд сайн баг бүрдүүлэхэд маш чухал байдаг тул “архаг” фантазичид хэдэн цагаар спортын сайтуудаар хэсэх нь олонтаа.

NBA фантази дүрмийн хувьд хөлбөмбөгөөс тэс өөр. Хөлбөмбөг дээр оноогоор жагсдаг бол NBA-д хоорондоо дуэлдэх байдлаар өрсөлдөнө. Нэг лигт дээд тал нь 14 хүн элсэх боломжтой бөгөөд учраа таарсан өрсөлдөгчтэйгээ нэг 7 хоногийн туршид өрсөлдөнө. Оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, гурваас шидэлт, хаалт, бөмбөг таслалт гэх мэт ашигтай үйдлүүдийн тоогоор оноог тоолдог.

Багаа бүх тоглогчдоос хүссэнээрээ бүрдүүлэх боломжгүй. Нэг лигт багтсан хүмүүс тоглогч давхцуулан авах боломжгүй бөгөөд улирал эхлэхийн өмнө тоглогчдоо драфтлан багаа бүрдүүлнэ. NBA бодит амьдрал дээрх драфттай ижил мэдрэмжийг төрүүлэх энэхүү боломж нь NBA фантазиг улам “тасархай” болгодог.

NBA тоглолтууд өдөр бүр явагддаг тул та фантазигаа утаснаасаа шалгах шаардлага их гарч магадгүй. Ер нь хэр их цагийг зарцуулах нь тухайн хүний онцлогоос хамаардаг гэвэл зүйтэй. Ажил ихтэй тохиолдолд 7 хоногоор нь гараагаа тохируулж болдог тул заавал байнга шалгаад байх албагүй.

Утасны апп татах

Фантази нь АНУ, Канад, Англи гэх мэт мэргэжлийн спорт өндөр хөгжсөн улсуудад ажлын стрессийг тайлах, ажлын завсарлага байдлаар хамгийн ихээр хэрэглэж байна. Фантази хэрэглэгчдийн дундаж нас Америкт 37 байдаг гэхээр фантази нь ажил эрхлэгчдийн дунд хамгийн эрэлттэй тоглоом гэдэг нь харагдана. Тийм ч учраас NHL, NFL, NBA, Premier league зэрэг дэлхийн топ лигүүд фантазидаа маш их хөрөнгө оруулалтыг хийж байна.

15003   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.