Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 22, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгааг тохиолдуулан бид ярилцлагадаа Монголын боловсролын салбарт томоохон шинэчлэл, ахиц дэвшлийг авчирч буй нэгэн сурган хүмүүжүүлэгч, манлайлагч эрхмийг урилаа. Тэр бол 3000 шахам хүүхэд залууст эрдэм сургаж буй Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Жанчивын Галбадрах юм. Боломжгүй зүйлсийг болгож бүтээж, асар их зовлон бэрхшээлийг давсан тэрээр өдгөө хоёр цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, техник инженерийн коллеж, технологийн дээд сургуулиас бүрдсэн боловсролын томоохон инстүүцийг цогцлоосон ч огтхон ч хурдаа сааруулах янзгүй. Сумогийн их аварга, Харумафүжи Д.Бямбадоржтой хамтран Яармагт “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийг хамтран байгуулж, энэ 9 сарын 1-ээс анхны сурагчдаа хүлээж авахаар тэсэж ядан суугаа ажээ. Ингээд Японы Эзэн хааны эрхэм дээд шагнал - “Мандах нар” одонт, улам ихийг мөрөөдөн урагш тэмүүлсээр буй Галаа багшийн урам зориг бадраах ярилцлагыг толилуулж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface Pro
Сошиал хуудас: Galbadrakh Janchiv (Фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ? АЖЛЫН НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би өглөө 5 цагт босоод 6 хүртэл орондоо хэвтэж, тухайн өдөр юу хийхээ боддог дадалтай. Орноосоо босоод хийх ажлуудаа дэвтэртээ буулгана. Ажил дээрээ өглөө голдуу 8 цагт, оройтлоо гэхэд 9 цагт ирдэг. Сургуулийнхаа захирал байх үедээ өглөө хүүхдүүдийг хичээлдээ ирэхэд үүдэнд зогсоод мэндэлдэг байлаа. Хүүхдүүд хичээлд орсны хойно ангиудаараа тойрон алхдаг. Ороод мэндлээд гарна, заримдаа хичээлд нь суудаг.

Тийм болохоор 10 цагаас хойш уулзалтууд төлөвлөдөг. Өдийд бол манай сургуульд хүүхэд оруулмаар байна гэсэн маш олон хүн холбогддог. Би ийм хүсэлтүүдэд яг л автомат хариулагч ийм тийм журамтай хэмээн хариулдаг (инээв).

Цэцэрлэг, сургуулиудын багш, ажилтнуудтай шаардлагатай үед хуралдаж, шийдвэр гаргана. Заримдаа нэг хичээл, нэг чиглэлийн багш нараа нэг дор цуглуулан уулзана. Багш нартаа яриа хийж, хийж зорьж байгаа ажлаа танилцуулж, тэднийгээ цэнэглэж урам зориг өгөх нь чухал байдаг.

Тэгээд орой 18 цагаас хойш бичиг цаасны ажлууд дээрээ төвлөрч суудаг даа. Одоо харьцангуй эрт харих гэж хичээдэг болсон. Орой голдуу 20 цагт харьж таарч байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Би технологид тийм сайн биш ээ. Эрхбиш имэйлээр харилцана, Excel, Word дээр ажиллачихна. PowerPoint дээр илтгэл хийх болбол цаасан дээр ноороглоод туслахдаа өгчихдөг юм. Сүүлийн үед Японд илтгэл тавих маань нэлээд олшроод байгаа. Өнгөрсөн жил гэхэд Японд 6 удаа илтгэл тавьсан байна лээ. Тэдгээрийг зайлшгүй Япон явах үеүдтэйгээ давхцуулчихдаг юм.

Мөн Viber хэрэглэнэ, Фэйсбүүкээр холбогдчихно. Интернэтээр бас сагс үздэг. NBA болон Монголынхоо сагсыг сонирхоно. Манай сургуулийн төгсөгчдийн баг Sprite лигт байдаг юм л даа. Тэднийгээ тоглоход хааяа зааланд очиж үздэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ вэ?

Тухайн өдөр хийх ёстой юмнуудаа сайн мэдэж, тэдгээрийгээ л хийж дуусгах нь, өөрөөр хэлбэл цагийн юмыг цагт нь хийх л цаг хэмнэдэг. Тухайн үед хийгээгүй ажлууд дараа нь цаг их авч, стресс бухимдал нэмдэг шүү дээ. Хийх ёстой юмнуудаа санаж л байхгүй бол уулзалтууд ундарч, сунжирч, гэнэтийн ажлууд гараад тэр өдөр нэг л мэдэхэд урсаад өнгөрчих нь бий.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Дэвтэр дээрээ хөтөлдөг. Бас тухайн өдөр хийх зүйлсийг туслах маань сануулдаг.
Би дараагийн хийх том ажил, төслөө эртнээс бодож төсөөлж, санаануудаа тэмдэглэж, бага багаар бэлддэг. Миний хувьд ер нь нэг том ажил дээр төвлөрөн гараас гаргаж, найдвартай хүнд хариуцуулж орхиод, дараагийн ажил руугаа ордог хандлагатай хүн. Ерөнхийдөө ажлууд маань 3-4 жилийн үечлэлтэй яваад буй зүй тогтол харагдаад байна.

ТА ЯМАР ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Юмыг бүтээж босгох, байгуулах тал дээрээ гайгүй сайн юм болов уу даа. Өөрөөр хэлбэл "гүйдэг" ажилд. Хүнтэй уулзаад ажил бүтээх, тулсан "маркетинг" хийхдээ сайн юм байна гэж өөрийгөө тоодог, хүмүүс ч хэлдэг юм. Зүйрлэвэл, одоо би морин дэл дээр л давхиад байгаа юм. Мориноосоо буугаад төвхнүүлэх тал дээр тийм ч сайн биш байж магад. Аз болоход, бүтээж босгосон зүйлсийг минь удирдаад авч явах, төвхнүүлэх хүмүүстэй нийлээд байх шиг байдаг юм. Цэцэрлэг, сургууль, коллеж, дээд сургуулийн захирлууд маань удирдах, гүйцэтгэх ажилдаа үнэхээр гаргууд. Ингээд бие биеэ нөхөөд гар нийлээд ажиллаж байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Төгсөгч хүүхдүүд маань мөрөөдөлтэй зорилготой, эх орондоо хэрэгтэй хүмүүс болон өсөж хөгжихийг харах хамгийн сайхан шүү дээ. Сургуульд сурах үедээ төлөвшиж хүмүүжиж, дотоод гадаадын шалтгалтад тэнцэж, жигүүрээ дэлгэн явж буй хүүхдүүдийг олон үеэр нь харж байгаа маань завшаантай сайхан хэрэг. Манай сургуулиас ижил үнэлэмжтэй, эх орноо хөгжүүлэх чин хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд төгсөж гардаг. Хүүхэд залуус цугласан орчин өөрөө эерэг энергитэй, хүнд байнга баяр баяслыг өгч байдаг.

Яахав, нөгөө талд, санаа зовох зүйлс гаралгүй л яахав. Олон биш ч хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд гарна, зарим хүүхэд хүссэн үр дүндээ хүрэхгүй бол сэтгэл өвдөнө. Гэлээ ч аав ээж нь дараа ирээд, ихэвчлэн л баярласнаа илэрхийлж, хүүхэд маань ингэж өөрчлөгдсөн шүү багш аа гэж ярьдаг юм.

Бас нэг зүйл бол байгууллага томорч, нэр хүндтэй болох үед багш нар санаа амрах, тайвшрах явдал гардаг. "Бид ч одоо болчихсон юм биш үү", "Манай сургууль шилдэг сургууль болчихлоо" гэх мэтийн бодол төрөх л юм бол уруудна. Тиймээс топ удирдагчийн хувьд зогсолтгүй урагшилж, тэднийгээ дагуулж, хурцалж байх ёстой гэж өөртөө шаардлага тавьдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

"Шинэ Монгол Харумафүжи" сургуулийн төсөл дээрээ төвлөрөн ажиллаж байна. Энэ сургууль бол Сумогийн их аварга, Харумафүжи Д.Бямбадорж бид хоёрын нийлж байгуулж буй сургууль юм. Би менежмент, сургалт талыг хариуцаж, аварга хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэн эхлүүлсэн.

Харумафүжи аварга надтай анх уулзахдаа, Монголоос Японд очоод амжилттай ажиллаж буй, хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээж буй хүүхдүүд ихэнхдээ "Шинэ Монгол" сургуулийг төгссөн байх юм, би Монгол улсынхаа ачийг хариулж ийм сургууль байгуулмаар байна, тантай хамтаръя гэж хэлсэн. Аваргын эхнэр бас манай сургуулийн төгсөгч байсан нь нөлөөлсөн байх. Сургууль байгуулна гэдэг тун амаргүй ажил учраас би тийм ч амархан зөвшөөрчихөөгүй, аварга надтай нэлээн хэд уулзаж, сайн ятгасан л даа.

Энэ төслийн дагуу нийт 24,000 м.кв талбайд А, B, C гэсэн гурван блок барих юм. А блок нь баригдаж дуусаад, сургууль маань 9 сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Хичээлийн хөтөлбөр, агуулгын хувьд Шинэ Монгол бүрэн дунд сургуультай адилхан. Одоо шинэ сургууль байгуулах арвин туршлагатай болсон учраас илүү сайжруулах, бодсон санасан зүйлээ хэрэгжүүлэх боломжтой байна. Цоо шинэ сургууль гэдэг утгаараа надад тун ч сонирхолтой санагдаж байгаа шүү. Би энэ сургууль дээрээ 2020 он хүртэл гурван жил төвлөрч, захирлаар ажиллана. Тийш өрөөгөө нүүлгэх гээд ид бичиг цаасаа янзалж сууна.

Нэг талаас туршлагатай, нас тогтсон хүн, нөгөө талаас эрч хүчтэй, нэр нөлөөтэй залуу хүнтэй хослон, бие биеэ нөхөж ажиллаж байгаа нь сайхан жишээ болох байх гэж бодож байна. Бид анхнаасаа юу юугаа хариуцахаа, яаж ажиллахаа маш тодорхой болгосон. Би аваргыгаа таньсан. Түншлэл хамтралууд замын дунд сарниж бутрах нь байдаг ч бидэнд тийм асуудал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байдаг.

ОДОО ЭХЛЭХ ГЭЖ БУЙ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ, ОНЦЛОГ?

Эрдмийн хүрээлэнд маань хоёр цэцэрлэг, Шинэ Монгол бага, дунд, ахлах сургууль, Японы Коосэн загвараар байгуулсан “Шинэ Монгол Техник Инженерийн Коллеж, дэлхийн тэргүүлэх Массачусетсийн Технологийн Их Сургуулийг (MIT) загвараа болгосон Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль гэсэн долоон байгууллага хамаардаг. Би бүгдийнх нь нээлтэд очдог. Энэ жил найман нээлтэд орох болох нь. Мэдээж жил болгон тодорхой зорилго тавьдаг. Би захирлууддаа тухайн жилийн зорилтоо сурагч, оюутнууд, эцэг эхчүүдэд заавал тодорхой хэлж байгаарай гэж захидаг.

Энэ жил коллежийн маань хувьд их онцлогтой жил. Тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй коллежийн маань анхны төгсөлт хийгдэх юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид ба дээд боловсролтой инженерүүдийн хооронд үүсдэг орон зайг нөхөх, онолын мэдлэгтэй, гараараа юм хийж бүтээдэг залуучууд манай коллежоос төгсөж гарна. Энэ жил 80-аад хүүхэд төгсөнө. Эдгээр төгсөгчид маань Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 3-р курсэд, мөн Японы их сургуулиудын ч 3-р курсэд шууд элсэж орох боломжтой. Өнгөрсөн хавар л гэхэд 7-8 монгол компани ирэн танилцуулга хийж, манай төгсөгчдийг ажилд авъя гэсэн. Япон компаниуд ч ажилд авах сонирхлоо илэрхийлсээр байгаа. Тухайлбал GTN хэмээх япон компанийн Монгол дахь захирал Лхам-Янжин хэмээх манай төгсөгч бидэнтэй гэрээ байгуулж, төгсөгчдийг маань үндсэн ажилтнаар, яг л япончуудтай ижил цалинтайгаар ажилд авахаар тохирсон. Японд 2020 онд олимп болох гээд бүтээн байгуулалтын ажил их, нөгөө талаас өөрсдийнх нь ажиллах хүч, ялангуяа инженерүүд дутагдалтай байгаа болохоор бидэнд боломж их байна. Манай төгсөгчид хаана ч очсон гологдохгүй, чанартай боловсон хүчин болон гарна гэдэгт итгэлтэй байдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед тухтай уншиж суух боломж багасаад л байна. Гэхдээ Японд сурч байгаад сургуулиа байгуулахаар дундаас нь орхиж ирсэн докторантуртаа дахиж сурч, доктороо хамгаалах хүсэл мөрөөдөл минь байсаар л байгаа. Япончууд ч богино хугацаанд өргөжсөн манай сургуулийн менежментийн талаар ихэд сонирхож асуудаг юм. Тиймээс сургуулийн менежментийн сэдвээр докторын ажил бичээд, түүнийгээ хялбаршуулан 2020 онд сургуулийнхаа 20 жилийн ойд зориулан ном болгох зорилго тавьчихаад байгаа. Би чинь одоо "барилгачин захирал" гэдэг имижтэй болчихоод байгаа юм. Уг нь сургалтын хөтөлбөр, менежментийн ажилдаа их санаа тавьж оролцдог хүн юм шүү дээ (инээв).

Номын тухайд гүн ухаан, буддын шашны сэдвийг сүүлийн үед нэлээн сонирхож байна. Далайн ламын "Шинэ мянганы ёс зүй" бүтээлийг уншиж байх жишээтэй. Сургууль маань "Сайнаас агуу болъё" гэдэг зорилго тавьсан тул зөв сэтгэлтэй байх, ёс суртахуунтай байхыг зааж номлосон бүтээлүүдийг сонгож байгаа хэрэг. Саяхан Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” гэх том бүтээлийг бараг жил тойрон уншиж дуусгалаа. Олон юм бодогдуулсан. Жишээ нь хувийн сургуульд гэр бүлийн гишүүдээ ямар хэмжээгээр татаж оруулах вэ, засаглалын хувьд ямар байх ёстой вэ гэх мэт. Ирээдүйд би сургуулиа хувийн уу, улсын уу гэдэг нь үл ялгагдам, ил тод засаглалтай, нэг хүнээс үл хамаарсан инстүүц болгон хөгжүүлэх зорилготой. Тэгж байж л 100, 200 жил оршин тогтнох сургууль бий болох болов уу.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Хөгжмийг голдуу машиндаа л тавина даа. Хурд, Харанга хамтлаг, эх орны сэдэвтэй сайхан дуунуудад дуртай.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өөрийгөө нээлттэй, зөөлөн хүн болов уу гэж боддог. Хүнтэй маргалдах, асуудал үүсэх гээд ирвэл аль болох л буулт хийхийг эрмэлздэг. Харин ойр дотны хүмүүстээ жаахан ширүүлдэг байж магадгүй шиг байна лээ (инээв). Гэр бүлийнхнээс гадна багш нар маань ч надаас эмээдэг гэдэг юм. Би заримдаа багш нарыгаа хичээл орж байхад нь шууд явж ороод, хүүхдүүдийн ардуур суучихдаг юм. Хичээлд нь суугаад дараа нь заавал уулзаж, өөрийн сэтгэгдлийг хэлдэг. Ялангуяа шинэ багш нарт бол "Энэ чинь болж байна, энэ чинь болохгүй байна" гэж шулуухан хэлдэг. Тийм болохоор жаахан сүрддэг байж мэднэ. Гэхдээ мэдээж загнаж, уурлана гэж байхгүй ээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Сүүлийн үед аль болох эрт унтахыг хичээж байгаа ч заримдаа шөнийн 12 хүргэчихээд л байдаг юм. Өглөө 5 цагт босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би таван хүүхэд, зургаан зээтэй. Дөрвөн охин маань зургаан сайхан зээ төрүүлж өгсөн. Зээ нартаа цаг гаргая гэж их боддог боловч даанч тийм боломж гарах нь ховор.

Долоо хоногтоо нэг удаа заавал зааланд сагс тоглодог. Би оюутан байхдаа МУИС-ийн шигшээ багт тоглож явсан, спортын мастер цолтой хүн. Бас шатар тоглох дуртай. Бооцоотой үздэг 2-3 найз бий (инээв). Мөн сүүлийн үед амралтын өдрүүдээр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд өглөө алхаад байгаа шүү.

Мөн чөлөөт цагаараа "Хүрээ" Ротари клубийнхээ ажилд оролцож, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулахыг хичээдэг. Өмнө нь клубийнхээ ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол одоо удирдах зөвлөлийн гишүүний албатай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Миний хүүхдүүд, тэр дундаа отгон хүү минь надад их эрч хүч өгдөг. Амьдралд минь үнэхээр хүнд бэрх зүйл тохиолдож байсан. 10 жилийн өмнө ханийгаа алдахад хүү минь таван настай байсан. Үнэхээр их гутарч, юм хийх хүсэлгүй болчихоод байхад хүү маань зургаан нас хүрч бага сургуульд орох болсон юм. Тэгээд хүүдээ зориулж, хүүгийнхээ төлөө бага сургууль байгуулж, тэр хүндхэн цаг үеийг даван гарч байлаа.

Олон мянган шавь нар минь миний хүүхдүүдээс өөрцгүй. "Багш аа, та харж байгаарай, би ийм хүн болно" гэж ярьдаг шавь нараа харахаар өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, урам зориг авдаг. Манай сургууль сурагчдынхаа хүсэл мөрөөдөл, амлалтыг бичүүлж авдаг соёлтой юм л даа. Өөрийн туршлагаас харахад, хүн бусдад өгсөн амлалтдаа хүрэх гэж, хэлсэн үгэндээ эзэн болох гэж их хичээдэг. Нобелийн шагнал авна, Оскарын шагналын авна гэж мөрөөддөг шавь нар бий. NHK телевизийн "Тэр үед түүх хөдөлсөн" гэх сайхан нэвтрүүлэг бий. 2040 онд онд төгсөгчид маань Монголын нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг авчирсан, нөлөө бүхий хүмүүс болчихсон байна гэдэгт итгэдэг. Тийм ч учраас би 2040 он хүртэл өөрийн төлөвлөгөөг гаргачихаад байгаа. Том зорилго тавьсан, нийгэмдээ өөрчлөлт хийхийг хүсэж буй төгсөгч нараа бодитоор дэмжихийг хүсэж байна. Нэг сан бий болгоод түүгээрээ дамжуулан томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмждэг болно гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр урд минь цэлийсэн 22 жил байна. "Хүүхдүүд аавынхаа нурууг л хардаг" гэсэн япон үг бий. Аав нь урагшаа тэмүүлж, хүүхэд нь араас нь дагадаг гэсэн утгатай юм. Би зөвхөн таван хүүхдэдээ “нуруугаа харуулж” яваа биш. Бүх шавь нар маань миний "нурууг харж" яваа. Маш амжилттай яваа шавь нар маань таныг харж үлгэр дууриал авч яваа шүү гэж хэлэхээр улам сайн хичээж, ихийг хийж бүтээх ёстойгоо ойлгодог. Тэдэндээ ханхар сайхан нуруу харуулмаар байна. Тэд маань надаас илүү гарах учиртай. Тийм учраас бас өөртөө анхаарч, эрүүл, дайчин хэвээрээ байх нь чухал байна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би 1985 онд их сургуулиа төгсөөд Төв аймагт дунд сургуульд, дараа нь ХААИС-д багшилсан юм. 1990 онд оюутны тоо илт багасаад зарим багшийг цомхотгох болсон. Тэгэхэд нэг ч гэсэн ахмад багш ажиллаг, би залуу хүн, учир нь олдоно гээд өргөдлөө өгөөд сургуулиасаа гарсан. Аав минь энэ үед "Миний хүү, багшийн мэргэжил сайхан, мэргэжлээрээ ажиллах нь зөв шүү" гэж хэлж байв. Дараа нь Боловсролын хүрээлэнд хэсэг ажилласан ч картын барааны үед бага цалингаар 4 хүүхдээ тэжээхэд хүнд байсан. Тухайн үед ганзагын наймаа ид цэцэглэж байсан болохоор зундаа наймаанд явж овоо мөнгө олдог байлаа. Аав минь "Багш гэдэг сайхан мэргэжлээ орхиж болохгүй" гэж захидаг байсны ачаар ганзагын наймаанд бүрмөсөн орчихолгүй, салбартаа үлдсэн. 1992 онд УИХ-ын гишүүн асан С.Ламбаа багш 84-р сургуульд ажиллахыг урихад, би хичээлийн эрхлэгчээр очсон. Тухайн үед нэг америк багш манай хүүхдүүдэд англи хэл заадаг байсан юм. Багш нарт ч гэсэн сургалт ордог болоход нь би аминдаа их л хичээж, байнга суудаг байсан. Үүнийхээ хүчинд 1995 онд Японд мэргэжил дээшлүүлэх сургалтын тэтгэлэг зарлагдахад тэнцэж, цаашдын замаа зассан түүхтэй.

Тухайн үед ганзагын наймаанд явсан бол би өдгөө магадгүй нэлээн хөлжчихсөн, том компанитай болсон ч байж мэдэх юм. Гэхдээ "Шинэ Монгол" маань байхгүй байх байсан. Аав минь л намайг үг захиасаараа зөв замд оруулсан даа. Хожим сургуулиа байгуулахад газрын гэрчилгээ зэрэг бичиг баримтууд маань бүгд аавын маань нэр дээр анх гарч байлаа.

Ийм ч учраас би Галаа захирал гэхээсээ Галаа багш гэж дуудуулах дуртай байдаг юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Сурсан сураагүйн ялгаа гэж их ээ. Юм хурдан сурч тогтоодог залуу сайхан насаа суралцахад л зарцуулах учиртай. Одоо л хэр сайн сурснаас ирээдүйн амьдрал чинь тодорхойлогдоно шүү дээ. "Үхтэлээ" сур. Сурч байгаад үхсэн хүн гэж байдаггүй юм шүү (инээв). Суралцахын хэрээр хүний оюун санаа, хязгаар тэлж, хүсэл мөрөөдлүүд урган гардаг. Одоо ч гэсэн би, залуудаа тийм ч сайн сураагүй юм байна даа гэж хааяа боддог. Энийг тэр үед сурчихсан бол гэж бодогдох үеүд байнга л тохиолддог.

Түүнчлэн хүссэн зорьсон зүйлдээ гал эрмэлзэлтэй байж, тууштай байх хэрэгтэй. Ямар ч боломжгүй гэмээр нөхцөлд сургууль барина гээд "манаргаж" явснаа одоо эргэж хараад гайхдаг юм. Япончуудад энэ мөрөөдлөө ярихад тэд мэдээж хүний урмыг бодон "Ямар сайхан мөрөөдөл вэ" гэдэг байсан. Би харин түүнийг нь үнэнээсээ хэлж байгаа байх гээд л дүрэлзтэл баярладаг, урам авдаг байлаа. Сүүлдээ маш их тэмүүлэлтэй, тууштай байсан намайг хараад дэмжихээс өөр аргагүй байдалд орсон гэж тэд хэлдэг юм. Сургуулиа ч дуусгаагүй, өдөрт дөрөвхөн цаг унтаж, дөрвөн хүүхдээ арай ядан тэжээж буй хэрнээ сургууль байгуулна гэж ярьж байсан намайг хараад аливаа зүйлийг нарийн төлөвлөгөөтэй, дэс дараалалтай хийдэг япончуудын сэтгэл хөдөлсөн байж мэднэ.

Гал эрмэлзэлтэй байж, бууж өгөхгүй байхын чухлыг би ингэж ойлгосон. Тэнэгдүү зориг бас хүнд хэрэгтэй юм билээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Шинэ Монгол Техник Инженерийн Коллежийн захирал Ш.Буянжаргалтай ярилцвал сонирхолтой болов уу. Ш.Буянжаргал маань том үйлдвэр барих мөрөөдөлтэй. Төгсөгчдөөсөө Б.Батзаяа, С.Золжаргал нарыгаа санал болгоё. Харвардад суралцаж буй Б.Батзаяа маань Нобелийн шагнал хүртэнэ гэсэн зорилготой. Бүтээлээрээ олон улсын наадмуудаас шагнал авдаг болсон С.Золжаргал маань Оскарын шагнал хүртэх зорилготой. Аль аль нь маш том зорилготой, түүнийхээ төлөө хичээж яваа залуус.
Бас Анд Глобалын Ч.Анар надад тун сонирхолтой залуу шиг санагддаг.

180552   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар
О. Бүтэд

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.