Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 21, 2018

Апп тойм: Product Hunt - Шинэ технологийг алдалгүй мөшгө

Шинэ бүтээгдэхүүнийг онлайн орчинд заавал хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулдаг арга барилыг 2014 онд нээлтээ хийсэн Product Hunt эвдэж чадсан билээ. Шинээр гарч буй маш олон апп, стартапууд Product Hunt-аар дамжин олонд танигдаж байгаа бөгөөд технологийн ертөнцийн онлайн орчин дахь хамгийн том PR сувгуудын нэг болоод буй. Зөвхөн Product Hunt-аар дамжин нээлтээ хийсэн “Yo” хэмээх апп 24 цагийн дотор 1 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж, улмаар 10 саяын үнэлгээтэй болж байсан нь Product Hunt-ийн цар хүрээг тодорхой харуулна. Мөн Product Hunt-аар Google, Slack, Facebook гэх мэт томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний шинэчлэл, нэмэлт зэргийг тогтмол зарладаг.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Энтрепренерүүд, вэб ба апп хөгжүүлэгчид гэх мэт технологийн салбарт ажиллаж буй залууст дэлхийн дахинд ямар бүтээгдэхүүн тренд болж буй, ямар стартап шинээр гарч буйг мэдэж байх шаардлага тулгардаг. Эдгээр мэдээллүүдийг олох гэж вэбсайтуудаар хэсэж цагаа алдах, хэрэгцээт шинэ мэдээллээс хоцрох зэрэг сул талуудыг Product Hunt апп-ийг ашигласнаар нөхөж чадна.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Reddit-ийн адилаар хэрэглэгчид бүтээгдэхүүнд Upvote хийх буюу нэмэх оноо өгдөг нь тун хэрэгцээтэй. Тиймээс тухайн өдөр хүмүүст хамгийн их таалагдсан бүтэгдэхүүнийг шууд харах боломжтой байдаг.

Бүтээгдэхүүний мэдээллийг бүтээгчид нь өөрсдөө оруулдгаараа онцлог. Мэдээллүүд нь текст, видео, зурган гээд бүх байдлаар харагддаг тул бүтээгдэхүүний талаарх бүрэн ойлголтыг авч чадна. Мөн бүтээгдэхүүний талаарх хэвлэл мэдээллийн линкүүд, бусад хөгжүүлэгчдийн сэтгэгдэл, тойм зэрэг багтдаг. Ер нь тухайн апп, бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л зүйлс нэг хуудсанд байрлана гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй хөгжүүлэгчдийн профайл руу нь орж өмнө хийж байсан аппууд, төслүүд зэргийг харах боломжтой. Зарим компаниуд багтаа шинэ хүн хайж байгаа бол бүтээгдэхүүний хуудсандаа түүнийгээ дурдсан байдаг тул бүтээгчидтэй нь мессежээр шууд холбогдож ажлын байртай болох боломж ч бий.

Мөн сэдвүүдийн ангилал маш сайтай. Өөрийн сонирхдог ангиллуудыг дагаснаар апп дээрээ зөвхөн дагасан ангиллынхаа бүтээгдэхүүнийг харах боломжтой. Сонордуулгыг (Notification) идэвхжүүлж өөрийн дуртай сэдэв, дуртай хөгжүүлэгчийнхээ шинэ мэдээллийг авч болно.

Product Hunt-ийн вэб хувилбар дээрх Jobs, Events, Ask гэсэн цэснүүд маш хэрэгцээтэй байдаг. Jobs хэсэгт жижиг стартапаас эхлээд том компаниуд хүртэл ажлын байрны зар оруулдаг. Events хэсэгт дэлхий дахинд удахгүй болох технологийн эвэнтүүд байрлана. Харин Ask цэс нь форумтай төстэй бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хэрэг болох олон асуултууд тавигдаж, түүнд нь компаниудын нөлөө бүхий хүмүүс хариулт өгөх нь олонтаа. Мөн та имэйлээрээ мэдээлэл авах дуртай бол Product Hunt-ийн имэйл мэдээнд (newsletter) бүртгүүлж болно.

Ямар сул талтай вэ?

Утасны хувилбар дээр Jobs, Events, Ask, Ship гэх мэт цэсүүдийг ашиглах боломжгүй. Зөвхөн бүтээгдэхүүнтэй холбоотой үйлдлүүдийг хийх, бүтээгчдийн профайл руу зочлох, тэдэнтэй харилцах зэрэг үйлдлүүдийг л хийх боломжтой. Гэхдээ апп-ийг бүтээгчид утасны хувилбараа аль болох минимал байлгахыг зорьж байгаа бөгөөд зөвхөн чухал гэсэн үйлдлүүдийг л оруулах бодлоготой байгаа ажээ.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Таны технологийн ертөнцийн хөтөч болох учиртай энэхүү апп-д бид 8 оноо өглөө.

Татаж авах

17643   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.