Хайх зүйлээ бичээд enter дарна уу

  08 сарын 16, 2018

Сошиал медиа хөтөч: Ямар платформ дээр юу нийтлэх вэ?

Нийтийн сүлжээнд бид өдөр болгон л дуртай зүйлсээ, хийж буй ажлаа, магадгүй бүх зүйлээ бусадтай хуваалцдаг шүү дээ. Гэхдээ түр хүлээгээрэй. Та нэг л контентийг бүх сошиал платформ дээрээ тавиад байгаа юм биш биз? Ингэх нь тохиромжгүй, таатай биш шүү. Өөр өөрийн онцлогтой платформууд дээр хэв маягт нь тохирсон контентуудыг нийтлэх нь хавьгүй үр дүнтэй байдаг. Жишээ хармаар байвал, хайртай брэндүүдийнхээ сошиал хуудсыг ажиглаад үзээрэй. Инстаграм, Твиттер, Фэйсбүүк гээд бараг бүх сошиал медиа платформ дээр өөр контентууд, эсвэл нэг контентийг янз янзаар оруулсан байх вий.

Доорх зурагнаас та Твиттер, Инстаграмын ялгааг хараарай. Адилхан л Buffer-ийн хуудас боловч шал өөр контентуудыг оруулсан байгаа биз?

Тэгэхээр, өнөөдөр цөмөөрөө сошиал медиа платформуудад юу нийтлэхээ хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад хариулт олохыг хичээцгээе. Энэ нийтлэл та бүхэнд сошиал платформ бүрийн онцлог, ялгаатай талыг харахад туслахаас гадна сошиал хуудсуудаа үр дүнтэй хөтлөхөд дэм болно гэж итгэж байна.

ПлатФОРМУУДЫН ОНЦЛОГИЙГ МЭДРЭХ НЬ

Сошиал платформ бүр өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй байдаг. Хүн бүрт цахим ертөнцөд харахыг хүсдэг зүйлс гэж байдаг. Үүнийг санаж байх нь сошиал хуудсаа үр дүнтэй хөтлөхөд тусална.

Фэйсбүүк: Бичлэгүүд болон шүүлтүүрдсэн контент (curated contents)
Инстаграм: Өндөр чанартай зураг, эшлэлүүд, Stories
Твиттер: Мэдээ, блог бичвэр, GIF буюу хөдөлгөөнт зургууд
ЛинкэдИн: Ажил карьертай холбоотой нийтлэлүүд, компани байгууллагын мэдээллүүд

Фэйсбүүк ДЭЭР юу нийтлэх вэ?

Видео ба шууд бичлэгүүд

Ихэнх компанийн фэйсбүүк хуудас өөрийн брэндийг таниулах, хэрэглэгчдийг татах зорилготой байдаг. Фэйсбүүк дээр хүмүүст хамгийн их хүрдэг контентийн төрөл гэвэл видео ба шууд бичлэгүүд.

Buzzsumo сайт Фэйсбүүк дээр их хандалт авч буй 68 сая фэйсбүүк нийтлэлд судалгаа хийж үзэхэд хэрэглэгчид зураг болон линкээс илүү видео контентод хамгийн их хариу үйлдэл үзүүлж байжээ.

Зөвлөмж:
Видеогоо шууд Фэйсбүүкт нийтлэх нь Youtube линкийг нь байршуулснаас илүү их хандалт авдаг.

Блог нийтлэлүүд ба шүүлтүүрдсэн контент

Эвентийн дараах буюу тойм видеонууд, блог бичвэрүүд, шүүлтүүрдсэн контентууд нь мөн Фэйсбүүк хуудас (Pages) дээр сайн явдаг.

Өөрийн бичсэн нийтлэлүүдээс гадна бусад сурвалжийн чанартай сайн контентуудыг хуваалцах нь хэрэглэгчдийг татахад нэмэр болдог.

Инстаграм дЭЭР юу нийтлэх ВЭ?

Инстаграм бол хүмүүс хамгийн гоё, өндөр чанартай зургуудаа тавьдаг газар юм. Инстаграмчид үзүүлэх контентийн харагдах байдлыг урлагийн бүтээл мэтээр харж үнэлдэг. Өсвөр залуу үеийнхийг татахыг хичээж буй брэндүүд ч чанарыг зорилгоо болгох хэрэгтэй. Инстаграм дээр зураг, видеог үзэмж төгс, уран гоёор харуулахыг хичээгүүштэй.

Өндөр нягтаршилтай зургуудыг постлохдоо:

1. Хэрвээ та хувцас, хоол гэх мэт биет бүтээгдэхүүн худалдаалдаг бол олон төрлийн дэвсгэртэйгээр нийтэлж болно. Жишээ харъя гэвэл Califia Farms (@califiafarms).

2. "Хөшигний ардах" зургууд: Брэндүүд Инстаграм дээр мөн "хөшигний ардах" түүхүүдийг зургаар илэрхийлэх нь их. Өөрөөр хэлбэл, компанийн ажилтнууд, үйл ажиллагаа, эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явцын зураг гэх мэт. (Магадгүй, ресторанд хоолыг бэлдэж байгаа зураг...)

3. Хэрэглэгчийн бүтээсэн контент: Хэрвээ бүтээгдэхүүний тохиромжтой зураг, "хөшигний ардах" контент олж чадахгүй байвал хэрэглэгчийн үүсгэсэн контент оруулж болно. Жишээ нь, хэрэглэгчийн үүсгэсэн контентууд Buffer-ийн инстаграм хуудасны дагагчийн тоог нэг жилд 500 гаруй хувиар өсгөжээ.

Эшлэлүүд

Сэтгэл хөдөлгөж эрч хүч өгөх эшлэлүүд бол Инстаграмын хамгийн алдартай контентийн нэг. #quotes хаштагаар хайхад 59 сая зураг гарч ирэх болно.

WeWork (@wework) бол инстаграм хуудсандаа эшлэлүүдийг бүтээлчээр, үр дүнтэй ашигладаг бизнесүүдийн нэг жишээ.

Зурагтай эшлэлүүдийг хийхэд түвэгтэй байна уу? Тэгвэл Canva болон Adobe Spark зэрэг аппуудыг ашиглан үзэмжтэй зурагт эшлэлүүдийг бүтээж болно шүү.

Stories

Инстаграм хуудсандаа дагнасан сэдэвтэй байх нь чухал байдаг бол Stories-ийн тухайд харьцангуй уян хатан байж болно. Учир нь Stories 24 цагийн дараа устчихдаг шүү дээ.

Instagram Stories-ийг маркетингийн зорилгоор ашиглах олон арга бий:

-Storytelling буюу сонирхолтой түүх хуваалцах
-How-to буюу хэрхэн хийхийг заасан хичээлүүд
-Блог бичвэрээ хуваалцах
-Жагсаалт гаргах
-Тодорхой хугацааны дараа дуусах хөнгөлөлт, урамшууллууд
-Бэлэг, хөнгөлөлтийн купонууд санал болгох
-Тоо статистик, судалгааны дүн танилцуулах
-Урам зориг өгөх эшлэлүүд хуваалцах
-Мэдээ, зарлал түгээх

ТВИТТЕР ДЭЭР ЮУ НИЙТЛЭХ ВЭ?

Мэдээ

Судалгаагаанаас үзэхэд, Твиттерийг ашиглах хамгийн түгээмэл шалтгаан нь мэдээлэл авах хэрэгцээ байдаг. Твиттер хэрэглэгчдийн 40 хувь нь шуурхай мэдээ олж авахын тулд хэрэглэдэг бол 39 хувь нь ер нь л мэдээлэлд ойрын байхын тулд хэрэглэдэг байна. Тэгэхээр танд дагагчдадаа хүргэх мэдээ, хэлэх зүйл байвал Твиттерийг ашиглавал тун зүгээр шүү.

Блог бичвэрүүд ба шүүлтүүрдсэн контент

Фэйсбүүктэй адилаар Твиттерт блог бичвэрүүд, шүүлтүүрдсэн контентийг хуваалцахад тун тохиромжтой байдаг. Хүмүүс, брэндүүд өдөрт олон удаа жиргэх хандлагатай байдаг учраас Фэйсбүүк мэтийн бусад платформуудыг бодвол Твиттер дээр өдөрт хэд хэдэн блог нийтлэл, шүүлтүүрдсэн контент оруулж болдог.

GIF буюу хөдөлгөөнт зураг

GIF-ийг алдаршуулсан цөөн талбарын нэг нь Твиттер бөгөөд өнөөдөр ч тийм хэвээр буй. Хэрвээ та өөрийн блогт юм уу шинэ бүтээгдэхүүнд зориулж GIF бүтээсэн бол түгээх хамгийн зөв суваг нь Твиттер юм.


Эх сурвалж: www.entrepreneur.com

9241   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.