Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   08 сарын 09, 2018

МЭДҮҮШТЭЙ: Сошиал медиагийн талаарх 30 сонирхолтой баримт

Ковер зургийн сурвалж: Lena Vargas Afanasieva

Хүмүүст өдөрт дунджаар 2 цагийг сошиал медиа дээр өнгөрүүлдэг судалгаа бий. Их цаг байгаа биз? Сошиал медиа дээр өөрийгөө илэрхийлэх, төрөл бүрийн мэдээлэл/контент үзэх, бусадтай холбогдох зэрэг олон зүйлийг хийж болдог болохоор арга ч үгүй юм шиг. Үүнийг дагаад хүмүүс өөрийгөө таниулах, аливаа санааг түгээх, бизнесүүд ашигтай ажиллах нэг гол суваг нь яах аргагүй сошиал медиа болжээ. Өнөөдөр бид сошиал медиа хүн бүрт сонирхолтой байж болох, ялангуяа бизнесүүдэд сошиал медиа дээр маркетингаа үр дүнтэй хийхэд туслах баримтуудыг хуваалцаж байна.

Сошиал медиа

1. Бид сошиал медиа дээр жаргалтай мөчүүд, дуртай зүйлсээ илүү хуваалцах хандлагатай байдаг. Интернэт хэрэглэгчид дунджаар 7.6 сошиал хаягтай (account) байдаг гэнэ.
2. 2017 оны II-III улиралд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 121 саяар өсжээ.
3. 55-64 насны хэрэглэгчид брэндийн контентуудыг сонирхох нь залуу хүмүүсээс хоёр дахин илүү байдаг аж.
4. Дагахгүй байна гэдэг нь ярихгүй гэсэн үг биш. Онлайнаар брэндийн талаар ярьж буй хэрэглэгчдийн 96 хувь нь тухайн брэндийн хаягийг дагадаггүй байна.
5. Хүмүүс бол "нүдэндээ итгэдэг" амьтан гэдгийг батлах уу? Өнөөдөр л гэхэд 3.2 тэрбум зураг сошиал медиагаар цацагдах болно.
6. Сошиал медиа хэрэглэгчдийн 49 хувь нь бусдад хэрэг болно гэж итгэсэн бүтээгдэхүүний мэдээллийг хуваалцдаг байна.
7. Хүмүүс дунджаар амьдралынхаа 5 жил, 3 сарыг сошиал медиад зарцуулдаг.

Фэйсбүүк

8. Энэ жил 25-аас доош насны 2 сая хэрэглэгч Фэйсбүүкийг орхих болно.
9. Та АНУ-ыг Фэйсбүүк хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг гэж бодож байна уу? Үгүй аж. Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоороо Энэтхэг улс нэгдүгээрт жагсдаг. Энэтхэг хэрэглэгчдийн тоо америкчуудаас 30 саяар илүү. Харин Индонези, Бразил гуравдугаар байрын төлөө ойрхон өрсөлддөг.
10. Өдөр бүр Фэйсбүүк дээр 8 тэрбум видео тоглогддог.
11. Бид Фэйсбүүк дээр насанд хүрсэн хүмүүс шиг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл, Фэйсбүүкт насаа нуусан 10-аас доош насны 5 сая хүүхэд байдаг.
12. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Ээжүүд нь тэднийг сайн хардаг бөгөөд ээжүүдийн 58 хувь нь өөрийн дуртай брэндүүдийг дагадаг гэхээр Фэйсбүүк дэх брэндийг дэмжигч томоохон бүлэг юм.
13. Хошигно, хөгжилд. Хэн ч гэсэн хөгжилтэй бичлэг, контентийг хуваалцах дуртай байдаг.

Инстаграм

14. Хэн инстаграм дээр хамгийн олон дагагчтай вэ? Инстаграм дээрх хамгийн олон дагагчтай хэрэглэгч нь Инстаграм өөрөө юм. Инстаграмын хаяг 245 сая дагагчтай.
15. Инстаграм хэрэглэгчдийн 80 хувь нь дор хаяж нэг бизнесийн профайлыг дагадаг бөгөөд 200 сая хэрэглэгч дуртай брэндүүд нь ямар шинэ содон зүйлс гаргаж байгааг мэдэхийн тулд хуудсыг нь байнга шалгадаг гэнэ.
16. Уучлаарай, Snapchat! Инстаграмын stories чамаас 2 дахин илүү алдартай.
17. Шилдэг брэндүүд Инстаграмд хайртай байдаг. Тэдний 85 хувь нь Инстаграм хаягтай байдаг нь үүний нотолгоо юм.

Youtube

18. 3 гол кабелийн телевизийн 60 жил үүсгэснээс илүү тооны видео нэг л сарын хугацаанд Youtube-д ордог.
19. Youtube бол дэлхийн хоёр дахь том хайлтын систем бөгөөд хэрэглэгчид сард 3 тэрбум хайлт хийдэг.
20. Гар утсаараа Youtube-ээс видео үзэх дундаж хугацаа 40 минут байдаг.
21. Бид бичлэг, ТВ үздэг нийт цагийнхаа талаас илүүг нь Youtube дээр өнгөрүүлдэг.

Твиттер

22. Твиттерт хоосон орон зай их бий. Хэдийгээр 1.3 тэрбум хэрэглэгч бүртгэлтэй ч зөвхөн 336 сая нь л сар бүр идэвхтэй ашигладаг. Энэ нь нийт хэрэглэгчдийн дөрөвний нэг нь л юм.
23. 3 жил, 2 сар, 1 өдөр – Ийм хугацааг зарцуулж байж Твиттер анхны тэрбум дахь жиргээгээ “өлгийджээ”. Харин одоо жил бүр 200 тэрбум жиргээ хийгддэг.
24. Твиттер хэрэглэгчдийн 53 хувь нь нэг цагийн дотор аливаа бизнес, үйлчилгээний газраас хариу жиргээ хүлээдэг. Хэрвээ тэд ямар нэг асуудалтай тулгарсан, ууртай байвал энэ тоо 72 хувь хүртэл өсдөг байна.
25. Хэрэглэгчдийн 80 хувь нь гар утсаараа Твиттерт холбогддог.

Pinterest

26. Pinterest-ийг та брэндийн үнэ цэн, мессежийг түгээх үр дүнтэй платформ мөн гэж боддог уу? Эмэгтэйчүүд бол тэгж боддог гэнэ шүү. Тэдний 81 хувь нь Pinterest-ийг найдвартай сурвалж гэж итгэдэг.
27. Pinterest-ээр дамжин таны вэ хуудсанд зочилсон хүмүүс бусад сурвалжаас дамжсан хүмүүсээс худалдан авалт хийх магадлал нь 10 дахин их байдаг аж.
28. Тэд Pinterest-д дунджаар 140-180 долларыг зарцуулдаг бол Фэйсбүүкээр дамжин зочилсон хүмүүс дунджаар 60-80 долларыг зарцуулдаг байна.

Сошиал медиа маркетинг

29. Фэйсбүүк дээр 5 сая брэнд сурталчилгаагаа байршуулдаг.
30. 2017 онд дэлхий даяар сошиал медиа сурталчилгаанд 35 тэрбум доллар зарцуулагджээ. Энэ нь нийт дижитал зар сурталчилгааны 16 хувь гэнэ.


Эх сурвалж: www.searchenginejournal.com

12432   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуун
О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.