Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 08, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара

Тогтвортой хөгжлийн салбарт ажилладаг нэгэн туршлагатай, шилдэг мэргэжилтнийг бид энэ удаа ярилцлагадаа урилаа. Тэр бол НҮБ-ын Хүн Амын Сангийн (UNFPA) суурин төлөөлөгч Наоми Китахара юм. Японд төрж өссөн тэрээр НҮБ дахь карьераа 1996 онд Замби улс дахь НҮБ-ын Хүн Амын Сангийн төлөөлөгчийн газраас эхлүүлж, 2013 оныг хүртэл Ази, Африк, Америкийн 6 улсад НҮБ-ын Хүн Амын Сан болон Хөгжлийн Хөтөлбөрт (UNDP) төрөл бүрийн алба хашжээ. Ингээд 2013 оноос Монгол улс дахь Хүн Амын Сангийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Зочин маань Индианагийн их сургуулиас улс төрийн шинжлэх ухааны бакалавр, Варвикийн их сургуулиас бизнесийн удирдлага, Лондоны Их Сургуулиас хүн ам зүйн магистрын зэрэгтэй. Англи, Франц, Португал хэлтэй.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 5
Хэрэглэдэг компьютер: LG нөүтбүүк
Сошиал хуудас: Naomi Kitahara (LinkedIn, Twitter)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Би НҮБ-ын Хүн Амын Санг Монголд төлөөлж, багийнхныхаа хамтаар Монголын эрх ашигт нийцсэн хамгийн сайн шийдвэрүүдийг гаргахын төлөө ажилладаг. Удирдах ажилтны хувьд миний нэг гол үүрэг бол багийнханд төсөл хөтөлбөрүүд, байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх явдал.

Би ажлаа эрт эхэлж, эрт дуусгахыг хичээдэг. Улаанбаатарын замын түгжрэлд хамаг цагаа барахыг хүсдэггүй учраас эрт ирдэг нь ажлаа үр дүнтэй хийх бололцоог олгодог. Ажил дээрээ ирээд имэйлээ уншиж хариулах, бичиг цаасаа үзэх, ажилтнууддаа санал бодлоо илгээх, өдрийн ажлаа төлөвлөх зэрэг ажлуудыг 9.30-10 цаг хүртэл хийдэг. Түүнээс өмнө манайхан ч надад саад болдоггүй. Дараа нь харин өдөржин маш олон уулзалт хийдэг дээ. Яагаад гэвэл бидний ажил бол аливаа асуудлын талаар маш их санал солилцож, оролцогч талуудын аль алинд ашигтай шийдвэрийг гаргах явдал шүү дээ.

Монголд ирэхээсээ өмнө би Африкт 10 жил ажилласан. Монголд ирээд эндхийн төлөөлөгчийн газар өндөр чадавхтай, гүйцэтгэл сайтайг хараад нэлээн гайхсан шүү. Учир нь Африкт хүний нөөц, чадавх тааруу учраас төсөл хэрэгжүүлэхэд амаргүй байдаг байлаа. Гэхдээ африкчууд аливаа зүйлсийг тойрч хэлэлцэж ярилцахдаа сайн. Монголчууд зөвшилцөлд хүрэх тал дээр хангалттай цаг зарцуулдаггүй байж мэднэ. Тиймээс би энд хэлэлцүүлэг өрнүүлэхэд их ач холбогдол өгдөг юм. Яриа хэлэлцүүлгээс төрөл бүрийн санаа, өнцгүүд гарч ирдэг. Сургууль биш учраас энэ нь буруу, энэ нь зөв хариулт гэсэн юм байхгүй. Олон талт соёлтой газар аливаа асуудлыг талаар ярилцаж, өөр өөр хувилбарыг туршиж, хувилбар бүрийнхээ давуу, сул талуудыг жагсааж, гол нь хамгийн сайн шийдлийг олох нь чухал. Тийм ч учраас би олон уулзалт хийхээс цааргалдаггүй. Оролцогч талууд, Засгийн газар, донорууд, НҮБ-ын агентлагууд, аймаг сумдын удирдлагатай байнга уулздаг.

Ажлаа би зам түгжрэхээс өмнө 17 цаг гээд дуусгахыг хичээдэг ч бүсийн төв оффис Бангкокт, төв оффист Нью Йоркт цагийн зөрүүтэй байдгаас орой цагаар зарим үед зайлшгүй ажиллах өдрүүд олон.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

НҮБ-ын Хүн Амын Сангийн ашигладаг санхүүгийн менежмент, консалтинг, худалдан авалт, үр дүнгийн менежмент, төслийн менежмент гэх мэтийн 50 орчим дотоод апп бий. Эдгээр нь бидний ажлыг их хөнгөвчилж, алдаа гаргахыг багасгаж, алдсан ч хурдан засах боломжийг олгодог.

Хувьдаа бол Microsoft, Apple аль алиныг ашигладаг. Ер нь би төрөл бүрийн апп ашиглах их сонирхолтой. Фэйсбүүк, Твиттер, ЛинкэдИн, Инстаграм зэрэг сошиал медиа платформуудыг ашиглаж найз нөхөдтэйгээ холбогдохоос гадна Твиттер, ЛинкэдИнийг хүмүүс сошиал медиа дээр нийгмийн асуудлуудын талаар юу гэж ярилцаж байгааг харах гэж, олон нийтийг илүү сайн ойлгох гэж ашигладаг юм. Эндээс мэдээлэл ч хурдан авдаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Олон юмыг зэрэг амжуулах л байх даа. Ажлаа хийнэ, нөхөр, хоёр хүүхдэдээ цаг гаргахын тулд ингэхээс ч аргагүй. Амьдрал гэдэг зөвхөн ажиллахын нэр биш учраас тэнцвэртэй л байх хэрэгтэй. Ийм ч учраас олон төрлийн апп хэрэглэх нь зүгээр байдаг. Жишээ нь банкинд оочирлох, хүн хүлээх зэрэгт имэйлээ шалгана, Твиттерээс мэдээлэл авна гэх мэт.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би нэг жижиг дэвтэртэй. Завгүй байгаа үедээ хийх зүйлсээ дэвтэртээ буулгана, бас түрүүнд хэлсэнчлэн өглөө бүр тухай өдрийнхөө болон тухайн долоо хоногийн ажлуудаа харж төлөвлөдөг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголчууд шинэ, инновацилаг зүйлсийг сэтгэхдээ, бас хүлээж авахдаа маш сайн шүү. Бас интернэтийн үнэ, хурд тун боломжийн. Энэ нь бидэнд шинэ зүйлсийг хийж хэрэгжүүлэхэд их дөхөм байдаг юм.

Харин ажил дээрх сорилттой тал гэвэл бид нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, залуучуудын боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол зэрэг маш эмзэг асуудлууд дээр ажилладаг. Энэ нь Хүн Амын Сангийн нэг үндсэн чиглэл, бас тогтвортой хөгжлийн нэг чухал хэсэг юм. Дэлхийн хандлагыг харахад эдгээр асуудлууд дээр хүмүүсийн сонголт, эрх чөлөөг хүндэтгэхээс илүү уламжлалт, хамгаалсан бодлого хүчтэй болж ирж байна. Үүнд их санаа зовж байгаа. Цааш энэ хэвээр үргэлжилсээр байвал нөхөн үржихүй, жендерийн тэгш байдал, хувь хүний сонголтын асуудалд ч сөрөг нөлөө үзүүлж мэдэх юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бидний ажил үндсэн хоёр чиглэлтэй. Нэг нь залуучуудын асуудал, тэр дотроо залуучуудын нөгөн үржихүйн эрүүл мэнд. Нөгөө нь жендерийн тэгш байдал, тэр дундаа жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн асуудал байдаг.

Нэг жишээ хэлэхэд, манай эх нялхсын теле эмнэлгийн төсөл ноднин жил "Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, шинэлэг байдлаар хүргэсэн" хэмээн НҮБ-ын Public Service Award хэмээх шагналыг авсан. Энэ төслөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг бүх аймагтай холбож, алслагдмал газар амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд гурав дахь шатлалын эмнэлгийн эмч нараас эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангасан юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ хөтөлбөр хэрэгжиж буй улсуудаас Монгол л энэ үр дүнд хамгийн түрүүнд хүрч чадсан. Монголтой төстэй нөхцөл байдалтай улсууд Монголын туршлагыг судалж байгаад бид баяртай байгаа.

Мөн бид саяхан Монголд нээлтээ хийсэн НҮБ-ын HeForShe хөдөлгөөнийг идэвхтэй хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай ярьж буй хүмүүс голдуу л эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Харин бид хүн амын тэн хагас нь эрчүүд байдаг гэдгийг мартаж болохгүй.

Жендерийн тэгш байдал бол зөвхөн эмэгтэйчүүд бус, эрчүүдийн ч гэсэн асуудал мөн. Жендерийн асуудалд эрчүүдийг оролцуулах нь зайлшгүй чухал. Би саяхан ҮСХ-ны даргатай хамтран Монголд эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү зарим маш их буюу 9 жил байгааг тайлбарлахаар нийтлэл бичсэн. Саяхан 10 жил байж байгаад 9 болсон ч энэ бол маш том тоо. Бидний гаргасан нэг шалтгаан бол toxic masculinity буюу нийгэмд эрчүүдийг харах үзэлтэй холбоотой байгаа юм. Монгол эрчүүдийг багаас нь "битгий уйл, хүчтэй бай, чи гэр бүлээ авч явах ёстой" гэх мэтээр тодорхой дарамттай өсгөдөг. Үүнээс болоод тэд тусламж хэрэгтэй үед бусдад ханддаггүй, сул дорой харагдахыг хүсдэггүй. Тамхи татах гэх мэтээр эрсдэлтэй алхмуудыг байнга хийдэг болдог. Үнэндээ эмэгтэйчүүд ч гэсэн гэр бүлээ авч явдаг шүү дээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх ёстой. HeForShe бол олон нийтийг жендерийн тэгш байдлын талаар сайн ойлголттой болоход чухал нөлөөтэй санаачилга юм. Бид кампанит ажлын хүрээнд олон ажлыг төлөвлөөд байна. Залуучууд HeForShe эвентийг зохион байгуулна. Өмнөговь зэрэг аймгууд, Оюутолгой зэрэг компаниуд ч хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй байгаа. Тиймээс бид энэ хөдөлгөөнийг идэвхтэй үргэлжлүүлэх болно.

ТА ЯАГААД НҮБ-Д АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ЮМ БЭ?

Би өсөж том болох үедээ л олон улстай холбогдсон ямар нэг юм хийх юм сан гэдэг төсөөлөлтэй байдаг байлаа. Тэгээд өөрөөсөө "Японд би сургуульд охид хөвгүүдтэй адилхан л өрсөлдөж, эрх тэгш байснаа ажилд ороод эмэгтэй гэдгээсээ болж гадуурхагдаж байна гэж үү? Бас эмэгтэй гэдгээсээ болж бага цалин авч байна гэж үү, эмэгтэй гэдгээсээ болж тушаал дэвшихгүй байна гэж үү?" гэж асуусан.
Би бас төрөл бүрийн соёлтой улс улсын хүмүүстэй харилцахыг хүсдэг байсан юм. Гэхдээ олон улсын компанид ажиллах уу, ТББ-д ажиллах уу, засгийн газарт ажиллах уу гэдгээ сайн мэдэхгүй байлаа. Тухайн үед Японы засгийн газар залуу мэргэжилтнүүдийг НҮБ-д 2 жил ажиллуулах хөтөлбөртэй байдаг байсан юм. Тэгээд тэр хөтөлбөрт шалгалт өгч тэнцээд НҮБ-д орсноос хойш өдий болтол ажиллаж байна даа.

Монгол бол миний ажиллаж буй 7 дахь орон. Очсон улс болгон л ямар нэг зүйлээрээ надад сайхан санагддаг байсан. Одоо би Монголд 5 жил болж байна. Хамгийн удсан улсуудын маань нэг гэхээр Монгол надад их таалагдаж байгаа хэрэг. Ирээдүйд Монголоос явах талаар ярихад 11 настай хүү маань бүр уйлдаг гээч. "Бид яагаад энэ газар байнга байж болдоггүй юм юм бэ. Аюулгүй, сайхан газар шүү дээ. Террористууд энд ирэхэд хэтэрхий хүйтэн" гэдэг юм (инээв).

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би төгөлдөр хуур тоглодог. Тийм болохоор сонгодог хөгжим, бас өөрийн сайн тоглож сурахыг хичээж буй аязыг сонсдог. Ялангуяа өөр өөр төгөлдөр хуурчид тухайн аялгууг ямар ямар янзаар тоглож, юу илэрхийлж байгааг нь ойлгохыг хичээдэг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Хэд хэдэн ном уншиж байна. Би голдуу дотоод, гадаадын аялал хийхдээ уншдаг юм. Ажлын шугамаар байнга л аялах шаардлага гардаг. Нэг ном нь бусдыг дасгалжуулах тухай ном. Би удирдах ажилны хувьд бусдадаа сайн туслах ёстой шүү дээ. Одоо би өөрийн сурсан мэдсэнийг бусдад дамжуулах үе дээрээ ирсэн гэж боддог.. Би өөрөө хамт ажиллагсад, дарга нараасаа байнга тусламж авсаар ирсэн болохоор тэтгэвэрт гарах хүртлээ "өгөх"-ийг чухалчилна. Мөн Далай ламын бичсэн олон улсын харилцааны ёс зүйн тухай номыг уншиж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би бүх л хүнд энэ хоёр чанар хамт байдаг гэж боддог. Би олны өмнө үг хэлэх, төрөл бүрийн хүмүүстэй харилцах, гадагш гарч хөгжилдөх дуртай. Бас, өөртөө цаг гарган чимээгүй орчинд суух, ном унших, төгөлдөр хуур тоглох дуртай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Монголд бүхнийг л эрт хийхийг хичээдэг дээ. Эрт босож, эрт унтаж, эрт иднэ гэх мэтээр. Би өглөө бүр 5.30-д сэрдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Төгөлдөр хуурын бэлтгэлээ л хийнэ дээ (инээв). Үнэндээ их цаг авдаг шүү. Бэлтгэлээ маш сайн хийчихлээ гээд харахад 6 цаг болчихсон байх нь бий. Бэлтгэлийнхээ өмнө хуруугаа халааж, сунгалтын дасгал хийхэд л нэг цаг болчихдог.

Мөн гэр бүлээрээ сонирхолтой, шинэ газруудад очих дуртай. Бид 2 долоо хоногийн өмнө Хөвсгөл явсан. Маш үзэсгэлэнтэй, дээр нь цаанаасаа л бишрэл төрүүлэм газар байсан болохоор ёстой шүтсэн шүү. Удахгүй эргээд бид амралтаар хөдөө явах гэж байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Манай үйлчилгээг авч буй хүмүүсээс л их урам зориг авдаг даа. Хэдий бид аймаг сумдын удирдлагуудтай голчлон ажилладаг ч Өмнөговь, Дархан, Улаанбаатар зэрэг газруудад залуучуудтай уулзаж ярилцах завшаан олддог. Тэр ирээдүйтэй залуусыг хараад бидний хийж буй зүйл үр дүнгээ өгч байгаа юм байна, бид зөв юм хийж байна гэж урам зориг авдаг. Нэг жишээ хэлье.
Хэдэн сарын өмнө би Баян-Өлгий явсан юм. Тэнд үсчиний салоноо дөнгөж нээж байсан нэг охинтой уулзсан. Тэр охин өөрийг нь их сургуульд явна гэж итгэж хүлээж байсан ээж аавдаа ийм ажил хийхийг хүсэж байгаагаа хэлж чадахгүй байсан юм билээ. Тэгээд Баян-Өлгий дэх Залуучуудын хөгжлийн төвийг зориод, бидний санал болгодог манлайлал, карьер төлөвлөлт, жендерийн тэгш байдал, хүний эрхийн сургалт зэргийг багтаасан ур чадвараа ахиулах сургалтад суусан юм билээ. Тэр дотроо шийдвэр гаргалтын талаарх нэг хичээлд суугаад өөрийн хүсэж буй зүйлийг бусдад хүргэх дамжуулах чадварт суралцаж, аав ээжийгээ ятгасан байгаа юм. Одоо тэр охин бизнесээ амжилттай удирдаж байгаа. Иймэрхүү түүхүүд л надад илүү сайн ажиллах эрч хүчийг өгдөг дөө.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би Японы нэг уламжлалт "самурайн" тосгонд төрж өссөн. Жендерийн тэгш байдлын хувьд Япон улс бусдаасаа нэлээн хол хоцорсон байдаг нь нэг талаар ичгэвтэр зүйл. Бага байхдаа би хичээлээ сайн хийдэг, аав ээж маань ч миний боловсролыг дэмждэг байлаа. Тэд маань ямар нэг сөрөг юм хэлдэггүй байхад хамаатнууд маань харин "Чи яагаад сураад байгаа юм бэ? Эмэгтэй хүн өндөр боловсролтой болчихвол хэн ч тоож гэрлэхгүй шүү дээ. Компаниуд ч чадалтай эмэгтэйчүүд авдаггүй болохоор ажил олдохгүй" гэх мэтийн зүйлийг байнга хэлдэг байв. Жишээ нь намайг хичээлийн дүнгүүдээ авчрах үед хамаатнууд маань тоож үзэхгүй, харин ахын маань дүнг бүгд хардаг байв. Би багаасаа л эмэгтэй байх нь ямар байдгийг мэдэрч өссөн. Хэдий хичээлдээ сайн байсан ч ахлах ангид орох үедээ шантраад гэх үү хичээлээ сайн хийхээ больсон. Тухайн үед baby boom буюу их төрөлтийн үеийн маш олон хүүхэд өрсөлддөг байсан болохоор их сургуулийн элсэлтийн шалгалт бол маш өндөр даваа байлаа. Хичээлээ сайн хийхгүй нэг жил болоход л хол хоцорно. Харин ахлах ангийн хоёр дахь жилээ би нэгэн феминист багштай учирсан юм. Тэр багш маань бидэнд маш сайхан хандаж, бидний сэтгэлгээг эргүүлж эхэлсэн юм. Бид багштайгаа хичээлийн бус цагаар ч гэсэн цагийг хамт өнгөрүүлж, хүссэн зүйлийнхээ тухай ярилцдаг байв. Нэгэн удаа намайг их сургуульд орохгүй, гэрлээд хүүхэд гаргаж гэртээ сууна гэж ярихад багш маань намайг сайн бодож үзэхийг сануулж байлаа. Бас нэг удаа эсээндээ "Эрэгтэй хүн гал тогоонд хүнсээ бэлдээд зогсож байвал би маш их ичих болно" гэж бичсэнийг минь дараад том асуултын тэмдэг тавьсан байж билээ. Иймэрхүү харилцан яриа нэг жил хэртэй үргэлжилж, миний сэтгэлгээ ч өөрчлөгдсөн юм. "Одоо хэдийгээр нийгэмд жендерийн тэгш бус байдал ноёлж байгаа ч ирээдүйд олон олон эмэгтэйчүүд нийгэм, эдийн засаг, улс төрд идэвхтэй болно. Чи боломжийг шүүрэх хэрэгтэй" гэж хэлсэн. Түүний ачаар би хичээлдээ дахин анхаарч, их сургуульд бэлдэж, улмаар АНУ руу сургуульд явсан юм. Хэрвээ тэр үед би багштайгаа учраагүй бол өнөөдөр энд байж байхгүй байв. Японы хаа нэгтээ гэртээ хүүхдээ хараад л сууж байх байсан болов уу. Эцэг эх маань ч намайг АНУ руу явж сурахыг дэмжсэн.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Монгол залуучууд угийн мундаг, ирээдүйтэй. Одоогийн шинэ үеийнхэн маш олон зүйлийг үзэж сонссож өссөн болохоор сэтгэхүй нь ч илт өөр болсон шиг санагддаг. Тэд Монголын тогтвортой хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.

Өмнө нь шийдвэр гаргагчид залуучуудын өмнөөс шийдвэр гаргах нь их байсан бол сүүлийн жилүүдэд шийдвэр гаргалтад залуу хүмүүс их оролцдог, ялангуяа өөрсдөд нь нөлөөлж буй асуудлуудад дуу хоолойгоо илэрхийлдэг болсон байна. Би ч гэсэн залуучуудыг энэ эрчээрээ үргэлжлүүлээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл хуучин үзэл сэтгэлгээг эргэж харах, шаардлагатай бол өөрчлөх нь нийгэмд тустай. Түрүүнд хэлсэнчлэн, энэ тухай яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд зөв, буруу гэсэн зүйл байхгүй, гагцхүү хамгийн сайн шийдлийг гаргахад нөлөөлөх болно.

Харин нэг сануулж хэлэх зүйл бол зарим монгол залуучууд хэтэрхий эрч хүчтэйгээсээ тэр юм уу өөрсдийн санаа бодлыг дээд, удирдах түвшний хүмүүст дэндүү ил шулуухан танилцуулах нь бий. Сайн харилцаа тогтоохын тулд санаагаа маш үр дүнтэй, бүтээлчээр танилцуулах нь зүйтэй. Ингэснээр залуучуудын гаргаж буй шинэлэг сайн санаануудыг шийдвэр гаргагчид чих тавин сонсож, дэмжих боломж бүрдэнэ шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланг санал болгоё. Бид түүнтэй ойр ажилладаг юм. Үнэхээр дэвшилтэт сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүн болохоор их хүндэлдэг. Хувийн салбараас улс төрд орж ирсэн болохоор гаргаж буй шийдвэрүүд нь ч нүдээ олдог юм шиг санагддаг шүү.

46873   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Н.Халиунаа

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.