Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   08 сарын 07, 2018

Миний хэрэглэдэг аппууд: Рицумейкан их сургуулийн оюутан, дуучин Амра

"Миний хэрэглэдэг аппууд" цувралын ээлжит зочноор залуу дуучин Амра оролцож, сонирхолтой аппуудыг санал болголоо. Голомт Банкны Байгууллагын банкны газарт корпорейт менежерээр ажилласан тэрээр одоо Япон улсад суралцаж байгаа юм. Амрагийн "Take Me There" дуу  Монголын биллбоардыг багагүй хугацаанд тэргүүлж байсныг та бүхэн мэдэх биз ээ.

Нэр: Алтангэрэлийн Амаржаргал
Ажилладаг салбар: Банк санхүү, энтертайнмент
Сошиал хуудсууд: Amra Alta (Facebook, Medium), jesuisamra (Instagram), La Belle Amra (Soundcloud)

ХӨГЖИМ

Би мэдээж дуу хөгжимд маш их дуртай. Хичээл, ажил хийхдээ Youtube-ээс жазз хөгжмийн эсвэл Старбакс, Босса нова зэрэг кофешопуудын playlist тавьчихдаг. Тэгээд л өөрийгөө том хотод гоё үзэгдэх орчинтой, гоё кафед байгаа юм шиг төсөөлөөд л өндөр бүтээмжтэй ажиллана шүү дээ. Фитнесст эсвэл гадуур алхаж явахдаа Soundcloud-ааc өөрийнхөө дуртай цэсэнд байгаа дуунуудаа сонсоод л явдаг. Би өөрөө бас “La Belle Amra” гээд уран бүтээлчийн аккаунтаа 2013 оноос хойш идэвхтэй ашиглаж байна. Тэндээ имэйл хаяг болон бусад холбогдож болох сошиал хуудсуудаа холбочихдог. Soundcloud миний хөгжмийн карьерын эхлэлийг тавьсан гэж хэлэхэд болно. Анх утсан дээрээ дуунуудаа бичиж оруулаад 200-300 хандалт авахаар учиргүй баярладаг байсан. Өнөөдрийн байдлаар миний аккаунт 1175 дагагч, дуунууд маань нийт 242,210 удаа тоглогдсон ба хамгийн их хандалт авсан Farewell дуу маань 111,000 хандалт, 1274 зүрх цуглуулжээ. Ихэнх дуу маань англи хэл дээр дуулагдсан байдаг болохоор гадны хөгжим зохиогчид, лэйблүүдээс Soundcloud аккаунтаар дамжуулан холбогддог. Сүүлд гаргасан “Mine Forever” дууны маань ая Америкийн уран бүтээлч AudioTreats-ийн ая байгаа. Бас Сөүлд байдаг Palm Off гээд лэйблээс ая илгээж, би хоолойгоо бичүүлээд явуулсан. Ер нь технологи хөгжсөн цагт заавал Монгол гэлтгүй гадны ямар ч уран бүтээлчтэй хамтран ажиллах боломжтой гэдгийг надад Soundcloud ойлгуулсан гэхэд болно. Хэдийгээр хөгжмийн зах зээлд Spotify түрэн орж ирснээс хойш үйл ажиллагаа нь суларсан ч монголчуудын тус аппликейшний хэрэглээ хэвээрээ байгаа юм шиг санагддаг. Дууны санаа орж ирэх, guide гаргах зэрэгт RecorderHQ аппликейшнийг ашигладаг, мөн Shazam-ийг дуу хайхад ашигладаг. Хөгжмийн дистрибьютер аппликейшн Tunecore-оор дамжуулж iTunes, YouTube Music, Spotify, Amazon Music, Google Play, Napster, MediaNet, Shazam, Juke, Slacker, Target Music, Zvooq, Saavn, Kuack, Boomplay Music, Pandora зэрэг аппликейшнүүдэд дуугаа байршуулаад байна.

СУРАЛЦАХУЙ

Одоогоор хэл сурахдаа Memrise-ийг ашиглаж байгаа. Өмнө нь Duolingo ашигладаг байгаад сэдвийн цар хүрээ, явцын ярианы дасгал, онлайн чат зэргээрээ Memrise илүү юм шиг санагдсан. Гэхдээ аль ч аппликейшнийг нь ашиглан ямарваа хэлийг наанадаж анхан шатны хэмжээнд сурах боломжтой юм шиг санагддаг. Одоогоор би франц, япон, испани хэлүүдийг эдгээр аппуудаар дамжуулан чөлөөт цагаараа тоглож сурдаг. Ерөнхий концепт нь үе давдаг тоглоом шиг учраас хичээл гэхээсээ илүү хөгжилтэй байдаг. Хэл бол жоохон ч гэсэн сурсан байхад л хэрэг нь гардаг гэж боддог учраас надад аппаар сурах таалагддаг. Харин орчуулгын хувьд Google Translate-ийг байнга ашигладаг. Японд олон ханзтай хоол хүнсний материал, соусуудыг ялгахад ганц тус болдог аппликейшн маань юм. Google Translate, Google Maps байхад аль ч оронд газардахгүй байх аа. Coursera апп-аар дамжуулж Duke University-ийн Introduction to Probability and Data болон Business Entrepreneurship зэрэг хөтөлбөрүүдэд хамрагдаж дуусаад байгаа. Coursera болон edX аппуудад дэлхийн шилдэг бүхий л их сургуулийн хөтөлбөрүүд үнэгүй тавигдсан байдаг нь залуус бидэнд суралцах боломж ямар их буйг илтгэдэг. Тодорхой хэмжээний төлбөрийг тухайн хөтөлбөрөөс хамааран төлж, сертификат авах боломжтой байдаг нь шинэ мэдлэг, чадвараа ажлын CV дээрээ ч тусгах боломжийг олгож байгаа юм.

СОШИАЛ МЕДИА БА ХАРИЛЦАА ХОЛБОО

Хамгийн их ашигладаг апп гэвэл Instagram, Facebook, Whatsapp, Viber зэрэг байна даа. Instagram-аар загварын брендүүд, загварын блоггерууд, хоолны блогууд, аяллын блогууд болон найз нөхдийнхөө мэдээллийг үзэх дуртай. Ер нь сошиал медиагаа шинэчлэхдээ ихэвчлэн Instagram-аас эхэлдэг. Facebook-ийн хэрэглээ нэлээн буураад байгаа, хааяа хэрэгтэй мэдээлэл хүмүүс уншаасай гэх үүднээс, мөн шинэ уран бүтээлээ цацах зорилгоор ашигладаг. HBR Tip, Business Insider, NYTimes, Investing.com, WSJ, Espresso, FT, Unread, Medium зэрэг аппуудаас сонирхолтой нийтлэлүүд уншиж, хэрэгцээтэй мэдээлэл авдаг. Мөн Medium апп дээр 3-р сараас эхлэн 5 нийтлэл бичээд байгаагаас, “20 насандаа хаа нэгтээ гацчихсан уу?” нийтлэл маань 500 алга ташилт авч, аккаунт маань нийт 436 дагагчтай болсон нь цаашдаа сурсан мэдсэн зүйлийнхээ талаар улам ихийг бичих урам зоригийг өгч байна.

АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ

Миний хувьд ажлын холбоотой асуудлуудад Gmail-ийг ашигладаг. Мэдээж өмнө ажиллаж байсан газрууддаа тухайн газрынхаа дотоод сүлжээний хаягийг ашигладаг байсан. Би LinkedIn-ийг өөрийнхөө онлайн CV мэтээр ашиглахыг хүсдэг. Манай орон шиг жижиг нетворктой газар тус аккаунтаараа дамжуулан ажил олгогчдын хараанд өртөх бүрэн боломж бий. Хэд хэдэн хүний нөөцийн агентлагуудаас надтай холбогдож байсан шүү. Тэд мөн шинэхэн ажлын зараа болон ажлын шалгуурынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллээ тавьсан харагддаг. LinkedIn-ээр ажил олж чадахгүй байлаа ч тухайн салбарын мэргэжилтнүүдийнхээ мэдээллийг авах боломжтой байдаг.

БУСАД

Өдөр тутмын амьдралд Apple-ийн өөрийнх нь аппуудыг түлхүү ашигладаг. Notes, Reminder зэргээр өдөр тутмын төлөвлөсөн бүх ажлаа бичээд, хийсэн үедээ арилгаад явдаг. Мөн GarageBand-ийг дуу бичихэд ашигладаг. Автобусанд суух, хүн хүлээж суух зэрэгт Podcast-аас хадгалсан дугааруудаа сонсох дуртай. Мөн iBooks, iTunes-г ашигладаг. Амттай хоол, бүтээлч санаа, бэлэг боох зэрэгт Pinterest-ийг ашигладаг. Мөн аялах үедээ заримдаа Foursquare ашиглаж хаана юу хийж болохоо тооцож, билет захиалгад Trip.com апп ашигладаг. Банкинд аль болох оочирлохгүйг хичээж Голомт банкны Смарт банк, Хасбанкны апп болон Most Money зэргийг төлбөрийн шилжүүлэг, данс хаах, нээх, икод авах зэрэгт ашигладаг. Смарт банкаар дамжуулан утас, интернет, цахилгаан зэрэг хэрэглээний зардлууд төлж болдог нь маш их цаг хэмнэдэг. Одоогоор миний утсанд нэг ч тоглоомын апп байдаггүй юм байна. Гэхдээ VSCO, Snapseed, Huji гэх мэт зураг засдаг аппууд бий. Ямартай ч аппуудаа Social Media, Check Them, Enjoy Freetime, Be Proactive, Be up-to-date гэх мэтээр ангилж дэлгэцэндээ байршуулдаг.

48274   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.