Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   08 сарын 06, 2018

Онцлох брэнд: Сайн - Эрүүл амьдралын энгийн жор

Эрүүл амьдралын энгийн жорыг хэрэглэгчдэдээ хүргэхээр зорьдог АПУ Дэйри ХХК-ийн “САЙН” брэндийн жимс, ногоог хослуулан гаргасан шинэ иогуртыг бид энэ удаа онцолж байна. Монголчуудын уух дуртай, олон талын ач холбогдолтой иогуртыг тэд орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн бууцай, кивигээр баяжуулан үйлдвэрлэжээ.

Онцлох брэнд: САЙН
Онцлох бүтээгдэхүүн: Бууцай, кивины иогурт
Чиглэл: Сүү, сүүн бүтээгдэхүүн
Хэзээ байгуулагдсан: 2014 он
Сошиал хуудсууд: https://www.facebook.com/SainAPU/

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Сайн брэнд анх 2014 онд зах зээлд гарсан. Эрүүл мэндэд тустай, хадгалах хугацаа богинотой, орчин үеийн хэрэглээнд нийцсэн, чанартай, шинэлэг бүтээгдэхүүн юм. Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд анх брэндингийг нэвтрүүлсэн "Сайн" брэнд нь Д витаминаар баяжуулсан сүү, тараг, иогурт, зөөхийнээс бүрдсэн өргөн портфолиотой (бүтээгдэхүүний багцтай). Сайн брэндийн хувьд онцлох нэгэн бүтээгдэхүүн бол “Сайн” ногоо, жимсний холимог иогурт юм.

“Сайн” ногоо-жимсний холимог иогурт нь анх 2017 онд хүрэн манжин-алимтай иогурт, лууван-жүржтэй иогурт гэсэн 2 төрлийн ногоо жимсний хослолыг зах зээлд гаргаж байсан. Анх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн санаа жимс, ногооноос авах ёстой шимт тэжээлээ шууд нэг бүтээгдэхүүнээс авах боломжтойг харсан учраас судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг шаргуу хийж, цоо шинэ өвөрмөц бүтээгдэхүүнийг бий болгож, зах зээлд гаргасан. Сонголтын тухайд хүрэн манжин нь тухайн цаг үед нэлээн “трэнд” болж байсан юм. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цус төлжүүлдэг, цусны даралт тогтворжуулдаг гэх мэт олон талын ач тустай энэ ногоог харин бид өргөн хэрэглээнд тогтмол хэрэглэж чаддаггүй байсныг бүтээгдэхүүндээ авч ашигласан.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Сайн брэндийн бүх иогурт шингэн сүүгээр хийдэг, гэдэсний ашигтай бактерийг дэмждэг пробиотикоор баялаг байдаг. Мөн бид үргэлж 1 мл иогуртанд сүүн хүчлийн ашигтай бичил биетийн тоог арвын 7 зэрэгтэд байлгахыг зорьдог.

Сайн брэндийг тодорхойлох бүтээгдэхүүний нэг бол түрүүнд дурдсанчлан жимс, ногооны хослол иогурт юм. Бид өнгөрсөн долоо хоногт тослоггүй, нэмэлт сахаргүй бууцай, кивиний холимог иогуртын шинэ нэр төрлөө хэрэглэгчдэд хүргээд байна. Дэлхий даяар ногоон ногоогоор дамжуулан авах шим тэжээл чухал гэдэг дээр санал нэгдэж, ялангуяа ногоон жимсийг түлхүү хэрэглэдэг болсон. Гэтэл бид улирлын чанартай, тогтмол шинэхэн жимс, ногоог хэрэглэхэд бэрхшээлтэй байдаг. Тийм ч учраас энэхүү иогуртаар дамжуулан жимс, ногооноос авах амин дэмээ жилийн турш шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ер нь жимс, ногооны жүүс байдаг ч иогурт бол байдаггүй. Магадгүй бид үүнийг нэвтрүүлсэн анхны улсуудын нэг байх.

Бид хөгжүүлэлт хийхдээ хүний биед ашигтай бодисууд ихтэй ногоо, жимсийг сонгохыг илүүд үздэг болохоор ногооны “хаан” гэж нэрлэгддэг бууцай, амин дэмээр баялаг кивины хослол иогуртыг бий болгохоор шийдсэн. Бусад жимс, ногоонд байдаггүй олон төрлийн амин дэм агуулдаг бууцай бол манайдаа шинэлэг ногоонд орно. Мөн бууцай, кивиг Монголд харьцангуй үнэтэйд тооцогддог, хэрхэн хэрэглэхээ сайн мэддэггүй гэх мэт шалтгаанаас болж байнга хэрэглээд байдаггүй. Бууцай нь кали, төмөр, А, С витаминаар их баялаг, дулааны боловсруулалтанд орохдоо шим тэжээлээ амархан алддаггүй. Өөрөөр хэлбэл, ашиг тус нь хүнд шууд очдог болохоор бид сонголтондоо маш итгэлтэй байгаа. Хэрэглэгчдийн маань таашаалд ч мөн нийцэх болов уу гэж итгэж байна.

ТҮҮХИЙ ЭДЭЭ ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Үнээний сүү, жимс, ногооны нийлэмжээр “Сайн” иогурт бий болдог. Шингэн сүүг малчдаас авахдаа 9-12 удаагийн шинжилгээг 20-22 төрлийн үзүүлэлтээр шинжилдэг. Эдгээр үзүүлэлт дотор зөвхөн АПУ Дэйри ХХК-ийн хийдэг шилжилгээ нь антибиотик болон симатик (малаас хүнд дамждаг халдварт өвчин)-ийн шинжилгээ юм. Шат дамжлага бүрт ийм шинжилгээнүүдийг хийдэг нь манай бүтээгдэхүүний чанарын баталгаа юм. Эх орны хөрсөнд ургасан жимс, ногоог үндэсний үйлдвэрлэгчдээсээ авахыг хүсдэг боловч тууштай ханган нийлүүлэгч ховор байдаг. Тиймээс бид олон улсын найдвартай, чанартай ханган нийлүүлэлтийг судалсны үндсэн дээр дэлхийд тэргүүлэгч Германы хүнс ханган нийлүүлэгч компанитай тогтмол хамтран ажиллаж байна. Манай иогуртын хадгалалтын хугацаа богино (21 хоногийн) хугацаатай байдаг. Бид сүүлийн өдрийн эцсийн мөч хүртэл энэ бүтээгдэхүүн шинээрээ гэсэн амлалтыг өгч дуусах хугацааг тэмдэглэдэг. Харин хэрэглэгчид энэ тал дээр зөв ойлголттой байх хэрэгтэй болов уу. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнд дуусах хугацаанаасаа өмнө өөрчлөлт ордоггүй гэдгийг анхаараасай гэж хүсэж байна.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО?

Эрүүл амьдралын энгийн жорыг бий болгох нь манай зорилго. Сайн брэндийн хувьд уламжлалт хэрэглээ гэхээсээ илүү орчин үеийн хэрэглээг дэмждэг. Сайн брэндээс заавал ямар нэг зүйлээр баяжуулсан, эсвэл ямар нэгэн ашиг тустай шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргадаг (Шинэхэн ногоо жимсээр баяжүүлсан иогурт, Д витаминаар баяжуулсан сүү, Бифидо бактертай тараг гэх мэт). Хоол боловсруулах эрхтэн нь хүний хоёр дахь тархи гэгддэг болохоор пробиотикоор баялаг, ашигтай бактертай амьд хүнс хэрэглэж, хэрэгтэй шаардлагатай бодисуудаар хангаснаар хүн эрүүл байх, сайн дархлаатай байх суурь бүрддэг. Хүнс бол эм шиг шууд уугаад л өвчин зовиурыг арилгачихдаггүй, тогтмол хэрэглэж байж дархлааг бий болгодог.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгчдэд үргэлж цэвэр, шинэхэн бүтээгдэхүүн хүргэх нь бидний үнэт зүйл, зорилго юм. Тиймээс бид хатаамал сүүнээс татгалзаж, үнээний шингэн сүүг хэрэглэхийг илүүд үздэг. Хүүхдийн гэдэс өвдөхөд бид эмийн сангаас амьд бактери буюу гэдэсний тэнцвэрт байдлыг хадгалсан ашигтай бичил биетэн агуулсан нэмэлт бэлдмэлийг маш үнэтэй авч уулгадаг шүү. Гэтэл эдгээр ашигтай бактериуд манай САЙН Бифидо тараг болон бусад бүтээгдэхүүнд байж л байдаг.

Эдгээр иогуртад агуулагдаж буй бодисууд ашигтай бактерийг дэмжиж, дархлааг сайжруулснаар харшлаас сэргийлж чаддаг. Хүнсний нэмэлтүүд, витаминаас хүн амин дэм авч болох ч хүнсээр авах нь илүү сайн тул аль болох чанартай хүнс санал болгоё гэсэн зарчмыг барьдаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манай цахим хуудсанд маш их санал хүсэлт ирдэг. Хүүхдэдээ тараг өгмөөр байгаа ч багаас нь чихрийн хэрэглээг нь багасгамаар байна, тарагны тослогийг илүү багасгах боломжтой юу гэх мэт олон санал ирдэг. Сүүлийн бүтээгдэхүүний боловсруулалт дээрээ бид хэрэглэгчдийн санал асуулга явуулсан юм. Монголчуудын хувьд харьцангуй чихрийн хэрэглээ өндөртэй, чихэрлэг амтанд дуртай байдаг юм байна. Гэхдээ нөгөө талаас дэлхий нийт сахартай “дайн” зарлаад байгаа энэ үед сахар бага хэрэглэх хэрэгтэйгээ мэддэг. Тийм учраас тослоггүй, нэмэлт сахаргүй бууцай, кивиний иогурт маань дэглэм барьдаг, тос, нүүрс усны хэрэглээгээ хянаж буй хүмүүст үр дүнтэй, таатай санагдах болов уу.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ? ДАВУУ ТАЛ ЮУ БАЙНА ВЭ?

Хэрэглэгчдийн гарт сонголт үргэлж байдаг. Тийм ч учраас сүү, сүүн бүтээгдэхүүний талаар сайн мэдээлэлтэй байж олон сонголт дундаас чанартай, шимт бодис өндөртэйг нь сонгох нь зүйтэй. Жишээлбэл, хүүхдэдээ иогурт авахад импортын уу, ндэснийх үү гэсэн сонголттой тулгардаг. Нийт хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаанаас үзэхэд дийлэнх нь гадаадын бүтээгдэхүүн чанартай, сайн гэж үздэг. Үнэндээ импортын иогуртыг хамгийн багадаа 3 сар хадгалдаг. Энэ нь нөөшлөх бодис ихээр агуулсан, хэдийн шинэ гэсэн ангиллаасаа гарчихсан байдаг гэсэн үг. Харин үндэсний үйлдвэрлэгчид маань шинэ амин дэмтэй, шим тэжээл сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Гэх мэтээр хэрэглэгчид маань сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг. Манай бүх бүтээгдэхүүний савлагаан дээрээс шимт бодисын тооцоолол буюу үүнийг хэрэглэснээр ямар шимт бодис авахаа харж болно.

ТАНАЙ ХАМГИЙН БОРЛУУЛАЛТТАЙ БУЮУ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД ХАМГИЙН ИХ ХҮРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН?

Бид зүгээр л нэг шинэ төрлийн таргийг биш, ногоо, жимсний шим тэжээлийг хамтад нь өгөхийг, хэрэглэдэггүй хүмүүст хэрэглүүлэхийг зорьсон. Иддэггүй ч гэсэн иогурттай холиод илүү амтлаг болсноор хэрэглэх магадлал өндөр болно. Мөн энэхүү шийдэл нь эдийн засгийн хувьд их ач холбогдолтой. Бууцай, кивиг дангаар нь хэрэглэх нь өртөг өндөртэй байдаг. Харин иогурт нь хямдхан, хэрэгтэй шим тэжээлээ бүрэн авах боломжтой. Хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн болсон гэж бодож байна. Гадаадад амьдарч байсан монголчууд ирээд маш их гайхаж, урмыг үг хайрладаг. Ээж нарын хувьд хүүхдээ өндөр, хараа сайтай болгохын тулд хоолонд лууван хийдэг ч ялгаад хаячихдаг шүү дээ. Харин апельсин, луувангийн иогуртыг бол хүүхдүүд уух дуртай гэж хэлдэг.

20161   18


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.