Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   08 сарын 04, 2018

Миний санал болгох номууд #4: LEAD Mongolia хөтөлбөрийг төгсөгчид

Та бүхнийг 8-р сард унших номоо сонгоход туслахаар бид ээлжит нийтлэлээ хүргэж байна. Бид энэ удаа ардчиллын залуу лидерүүдийг бэлтгэх зорилготой LEAD Мongolia хөтөлбөрийн зарим төгсөгчийг зочноор урьж, дараах хоёр асуултад хариу авлаа. 
 
1. Та яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
2. Уншигчдад маань ямар ном уншихыг санал болгох вэ?

Б.АРИУНСАНАА

Эрхэлдэг ажил: Менежментийн зөвлөх, COO
Сошиал хуудас: Фэйсбүүк

1. Хамгийн анх Буратино номыг 4-р ангидаа уншсанаар ном бид хоёрын насан туршийн нөхөрлөл эхэлсэн. Ажлын талбар дээр гартлаа дан утга зохиол, яруу найраг, сонгодог уран зохиол дууль, туужууд уншдаг байсан бол одоо өөртөө туслах, шашин, энерги, сэтгэлзүйн болон мэргэжлийн номууд уншдаг болсон. Би ном уншихдаа нэг дор хоёроос гурван номыг зэрэг уншиж дуусгадаг. Одоо хоёр ном уншиж байна. Нэг нь When Things Fall Apart by Pema Chodron буюу "Бүх зүйл нуран унахад" гэдэг сонирхолтой нэртэй ном. Хүн бүрийн амьдралд тохиолддог зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулж, хүлээн авч өөрийгөө хувиргах тухай Америкийн Буддын Гэлэнмаа Пема Чодронгийн бичсэн хамгийн их борлуулттай номуудынх нь нэг. Түүний тухай нэвтрүүлгийг Опра Уинфригийн Super Soul Sunday нэвтрүүлгээр үзсэнээс хойш захиалж аваад уншиж байгаа. Үнэндээ 3 дахиа уншиж байгаа миний ширээний ном. Номыг уншаад бэрхшээлийг огт өөр нүдээр хардаг болно гэдэгт итгэлтэй байна. Буддын шашинтай эсэхээс үл шалтгаалж хүн бүрийн амьдралд хэрэг болох, гүн тайвшруулж, гүнзгий ухааруулдаг номуудын нэг.

Хоёр дахь нь миний ажил карьерт маш их хэрэг болж байгаа "How Women Rise" хэмээх ном. Ажил карьерын талбарт өгсөж уруудаж яваа хүмүүсийн уншвал зохих ном гэж болно. Эмэгтэйчүүдийн манлайллын алдартай эксперт Сэлли Хелгесен, домог болсон карьерийн дасгалжуулагч Маршалл Голдсмит нарын 2018 оны 4-р сард гаргасан, ажил карьерын талбарт олон эмэгтэйчүүд өөрсдийгөө хойш татдаг муу зуршил, буруу итгэл үнэмшлээсээ хэрхэн салах тухай өгүүлсэн ном. Манай Lean in Power Circle-ийн бусгүйчүүд энэ номоор удахгүй хэлэлцүүлэг өрнөх гэж байгаа.

2. Санал болгох ном гэвэл хэд хэд байна. Нэг нь "Одоо цагийн хүч". Орчуулга нь тун чамбай болсон санагдсан шүү. Эстер Перелийн "Mating in Captivity" гэх номыг бас болбол нэг хараарай. Түүний TedTalk хайр дурлал, хамтын амьдрал, харилцааны тухай хамгийн олон үзэлттэй видео байх. Бид IQ, EQ тэй аль хэдийн танилцсан боловч Erotic Intelligence-тэй хараахан танилцаагүй байна. Энэ ном яагаад тийм их шуугиан тарьсныг та бүхэн өөрсдөө олж мэдэцгээнэ буй за. Санал болгох бас нэг ном бол Батсуурийн Баясгалангийн “Эдгэрэл” хэмээх шүлгийн шинэ ном.

Хуруугаараа би тэнгэрээс дүүжигнээд
Нуруугаа амьдрал руу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулсан ямар нэгэн орон зай бий гэдэгт...

Ийм сайхан мөртүүд энэ номонд олон бий дээ. Ойрд яруу найраг уншаагүй надад , сэтгэлийнхээ эмзэг нандин талбар луу дахин нэг очих амттай аялал байлаа.

Н.ГАНЧИМЭГ

Эрхэлдэг ажил: Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албаны дарга
Сошиал хуудас: Medium, Goodreads

1. “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх”. Энэ номд хэдэн мянган жилийн тэртээ хүний төрөл зүйл үүссэнээс эхлээд хөгжил дэвшлийн өнөөгийн түвшинд хүртлээ ямархуу үйл явцыг туулж ирсэн түүхийг өгүүлдэг. Түүнчлэн хүн төрөлхтнийг ирээдүйд юу хүлээж буй тухай таамгийг ч бас дэвшүүлсэн байдаг. Сонирхол татахуйц жишээ, харьцуулалтаар баялаг тус номыг унших үед хүмүүс бид энэ дэлхийд ганцаараа амьдардаггүйгээ ойлгож, техник технологиор хүрээлүүлсэн, өөрт амар хялбар орших амьдралын хэв маягаа ч эргэн харах юм билээ. Бидний хөгжил гэж хараад, тэмүүлээд буй зүйлс маань ямар их юмсыг өөрчилж, үгүй болгосон, тэр бүхэнд хүлээх хариуцлага хэрхэн ирэх вэ гэдгийг тунгаахад хүргэсэн ном.
“Хятад мөрөөдөл” - Тэрбум гаруй хүн амтай, эртний түүхт Хятад улсын үе үеийн удирдагчид ирээдүйгээ хэрхэн тодорхойлж байв, тэр зорилгодоо хүрэхээр хэрхэн ажиллаж байв (байна, байх вэ) гэдгийг өгүүлсэн ном. Дэлхийн тэргүүлэгч байж, Америкийг ардаа орхихын тулд өөрийн улсын соёл, нөөц бололцоо, учирч болох эрсдэлийг тооцоолохоос гадна бусад улс орнуудын хөгжлийн явцаас авах сургамжийн тухай ч дэлгэрэнгүй бичсэн байсан. Ойроор бодоход хөрш улсаа ойлгох, алсуур бодоход дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлтийн бас нэгэн илэрхийлэл гэдэг үүднээс уншихад тун сонирхолтой.

2. Миний тухайд сүүлийн үед түүхэн болон намтарчилсан уран бүтээлүүдийг, мөн сэтгэл судлалын судалгааны үр дүнд үндэслэсэн номуудад илүү шимтэх болсон. Хүн бүрийн унших хэрэгцээ, сонирхол харилцан адилгүй байдаг тул оновчтой ном санал болгох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь унших номын чиглэлээ тодорхойлох, шинэ өнцөг олж харахын тулд нийтлэлч Баабар гуайн “Дори идэр дүүдээ” номыг давтаад ч хамаагүй уншчихад зүгээр.

Г.ГАНБАТ

Эрхэлдэг ажил: “Оддаръяа сан” ТББ-ын гүйцэтгэх захирал
Сошиал хуудас: Твиттер

1. Ер нь 2-3 ном зэрэг эхлүүлчихсэн байх нь элбэг. Гэхдээ зэрэг уншиж байгаа номуудын аль нэг нь баримтат, бусад нь уран зохиолын ном байлгахыг боддог. Яг одоогоор 2 ном эхлүүлчихсэн явж байна.
"Nudge" - Хэдэн жилийн өмнө Freakonomics гэж номыг уншсаны дараа зан төлөвийн эдийн засаг (Behavioral economics) гэдэг чинь асар сонирхолтой юм байна гэж бодох болж, энэ талаар гүнзгийрүүлж харвал зүгээр юм даа гээд өнгөрсөн юм.
Гэтэл "Nudge"-ийг бичсэн, зан төлөвийн эдийн засагч Ричард Талер 2017 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртэж, тухайн үед зан төлөвийн эдийн засаг, энэ ном, мөн өөр энэ чиглэлийн номнуудын талаар хүмүүс ч идэвхтэй ярилцаж байх шиг анзаарагдсан. Ингээд нөгөө өмнөх бодол маань ч санаанд орж, саяхнаас Nudge-ийг уншиж байгаа. Сонгодог эдийн засагчдын үздэгчлэн хүн бүр рациональ шийдвэр гаргадаг, сонголт хийхдээ үргэлж нухацтай ханддаг сан бол хорвоогийн амьдрал их өөр байх сан биз. Харин зан төлөвийн эдийн засаг нь хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, өмнөх туршлага, зан үйл нь тэдний сонголт, гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлдөг тухай голлон судалдаг. Энэ номд хүмүүсийн зан үйлд хэрхэн эергээр нөлөөлж болох, тулгамдаад буй зарим асуудлыг шийдэж болох санаа авчихмаар олон сайхан жишээ, судалгаа байна лээ.
"Сахиуст хангайн нууц" - Орчин үеийн манай уран зохиолын хамгийн гол төлөөлөгчийг нэг нь Г.Аюурзана гэж хувьдаа боддог. Түүний бичсэн романуудыг уншиж, монголчуудын зан үйл, үлгэр домог, хүний дотоод араншингийн талаар бодож суух дуртай.
Одоо түүний 2017 онд хэвлүүлсэн "Сахиуст хангайн нууц" романыг уншиж байна. Уг зохиолд одоогоос 100-аад жилийн өмнөх үйл явдлаар төлөөлүүлэн хангай нутгийн хүмүүсийн амьдрал, сүсэг бишрэл, ёс заншлын тухай өгүүлж байна.

2. "Ном унших ном" - Америкийн нэрт суран хүмүүжүүлэгч Мортимер Адлерийн 1940 онд бичсэн "How to Read a Book" хэмээх сонгодог бүтээлийг ЭМОС клубээс 2015 онд “Ном унших ном” нэрээр орчуулан хэвлүүлснийг санал болгомоор байна. Энэ номоос уншлага нь ямар ямар түвшинд хуваадаг тухай мэдэж, би өөрөө аль түвшний уншигч вэ гэдгээ эргэцүүлж, хэрхэн үр дүнтэй уншигч болох аргуудыг олж авна. Ерөнхийдөө номыг хэрхэн үр дүнтэй, “учиртай” унших вэ гэдгийг цэгцтэй, ойлгомжтойгоор тайлбарласан хөтөч юм даа.
"Мял богдын гэгээрсэн түүх" - Нэпко Паблишинг компаниас эрхлэн гаргадаг “Агнистын гэгээ” цувралыг авч, шимтэн унших дуртай. Буддын шашин манай оронд хэдэн зуун жилийн өмнөөс нэвтэрч бидний дийлэнх нь энэ шашныг шүтдэг гэдэг ч яг нарийндаа бид шашныхаа тухай тун бага мэдлэгтэй юм шиг байдаг. Бидний олонх нь ямар нэг асуудал тулгарсан үедээ сүм, хийдэд явж очоод хэдэн төгрөг өгч уншуулаад байдаг номуудыг бидний эх хэлээр орчуулаад, бидний мэддэг, хэрэглэдэг бичиг үсгээр хэвлэж цуврал гаргаж байгаа нь тун хэрэгтэй ажил санагддаг. Одоогоор энэ цувралын нэлээн олон боть хэвлэгдэн гарснаас би өөрөө хамгийн эхэнд барьж авч уншсан 4-р боть болох “Мял богдын гэгээрсэн түүх” номыг уншихыг санал болгох байна. Хөрөнгө чинээтэй, ноёны хүү багадаа өнчирч хоцроод ямар зовлон туулж, хүмүүсийн түүнд ямар муухай хандаж байгаагаас үүдэн өс хонзонгийн сэтгэл өвөрлөж яваад, хожим ачит багштайгаа учирч, үнэн сэтгэлээс хичээсээр гэгээрэлд хүрсэн тухай энэ номд өгүүлдэг.

Б.БУЛГАНЧИМЭГ

Эрхэлдэг ажил: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн олон нийт, хамтын ажиллагааны мэргэжилтэн
Сошиал хуудас: Твиттер

Ойрын өдрүүдэд миний бие Acumen сангийн үүсэн байгуулагч Жеклин Новограцийн бичсэн "Цэнхэр цамц" номыг уншиж байна. Ядуурлыг бууруулж, хүн амын бүхий л хэсэгт хүртээмжтэй өсөлтийн төлөө ажилладаг манай салбарынхны хувьд донорын мөнгийг хэрхэн зөв атлаа хяналттай зарцуулах, бодот үр дүн гаргаж, хүний амьдралд дэм болох вэ гэх сорилт байнга тулгардаг. Заримдаа зайлшгүй дагах дүрэм журмууд, зарцуулах цаг хугацаанаасаа болоод удаан, хүнд сурталтай гэж хэлэгдэх нь ч бий. Манхаттан дүүргийн Chase банкинд ирээдүйтэй ажил эрхлэх авч энэ хөөснөөсөө гарч, ядуу зүдүү нэгний амьдралыг өөрчлөх хүсэлтэй Жеклин хатагтай зоригтойгоор ажлаа солин Африк руу нүүсэн тухай гарна. Африкт гадуурхагдан, хийх ажил, аргаа олохгүй хөглөж явахдаа өөрийнх нь нэрийг дээр нь оёсон багадаа өмсдөг байсан цамцыг нь нэгэн африк хөвгүүн өмссөн явахтай таарснаас номын нэрний санаа гарчээ. Энэ хорвоо хэмжээгүй гэмээр өргөн уудам ч гэлээ чиний хийсэн нэг үйлдэл нөгөө бусдын амьдралд нөлөөлж чадахаар уялдаа холбоотой байдгийг хуучин цамцаа олж харсан мөчдөө Жеклин ухаардаг. Тиймээс Африк тив дэх ажилдаа шамдаж, болохгүй бүхэнтэй тэмцэлдсээр Руанда улсад анхны ядуу эмэгтэйчүүдэд зориулсан бичил зээлийн төсөл эхлүүлсэн юм билээ.

Өнөөдөр түүний байгуулсан Acumen сан нь ядуурлыг бууруулах хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх шинэ санаачилга гаргасан компаниудыг дэмждэг. Байгуулагдаад 15 жил болсон хугацаандаа 83 сая долларын хөрөнгийг Африк тивийн амьжирааг дээшлүүлэх бага, дунд бизнес эрхлэгчдэд оруулжээ. Чингэхдээ зөвхөн ногоон эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарыг онилдог аж. Номыг уншиж байхдаа сонирхолдоо хөтлөгдөн Монгол Улсад байгаа олон арилжааны банкууд, санхүүгийн байгууллагуудаас эмзэг бүлгийнхэн, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай санаачилга байдаг болов уу гэж хэрдээ судалж үзсэн ч одоогоор таараагүй л байна. Бидний хүсдэг тогтвортой хөгжлийн замналд хүрэхэд хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг маш чухал. Acumen сангийн онцлог нь хөгжлийн салбарын хэнийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй өсөлтийн үзэл баримтлал дээр нэмээд хувийн хэвшлийн хурд, бүтээлч сэтгэлгээг хослуулж чадсан загвар гэдэг юм билээ. Тиймээс донорын санхүүжилттэй байгууллагууд болооод хувийн хэвшлийнхний хамтран ажиллах боломжийн талаар сэдэл авъя гэвэл энэ номыг уншихыг зөвлөж байна. Далимд хэлэхэд, Жеклин хатагтай ТED Talks-ийг үүсгэн байгуулагч Крис Андерсоны эхнэр юм.

М.ЗОЛЖАРГАЛ

Эрхэлдэг ажил: Ариг банкны тогтвортой хөгжлийн ажилтан
Сошиал хуудас: Фэйсбүүк

1. Саяхан Марк Мэнсоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номыг уншиж эхэлсэн. Найзынхаа Фэйсбүүкийн“story”-доо хуваалцсан номын хэсгийг уншихад ном уншиж байгаа биш, юм болгоныг “өөр” өнцгөөс хардаг саркастик найзынхаа яриаг толгой дохин “сонсож” байгаа мэт санагдсан учир тэр. Түмнээ “хайрлагдсан” ном байсныг мэдээд уншмааргүй санагдсан ч тэр бодлоо няцаагаад эхлүүлсэн, тэрэндээ ч харамссангүй. “Өөртөө туслах” төрлийн номнууд “Чи байх ёстой, байж болохоосоо дутуу. Энэ аргыг хэрэглэвэл чи бүтэн болж болох нь ээ” гэх санааг агуулах нь олонтаа, зөрчилдөөнтэй санагддаг учир уншдаггүй. Гэтэл энэ номын эхний хэдхэн хуудсын ард гарахад л нэг тод “нээлт” толгойд минь тухтай гэгч нь суугаад авсан: Зовлон бол байх ёсгүй бус байх ёстой, угаасаа ч байдаг, ирээдүйд ч байх зүйл. Тийм болохоор үүнээс зугтах гээд хамаг чадлаа барах биш, өрж тавиад алинд нь зовох вэ гэдгээ сонгох нь зүй. Өөрөөр хэлбэл “Та хаашаа ч явсан, тэнд та л байна.” Асуудал, шаналгаа, сэтгэл хангалуун бус байдлаас ангид байх нь аз жаргал, амжилт юм гэж ягштал ухуулдаг нийгмийн бүтээгдэхүүнүүд бид бие биендээ төрсөн өдрөөрөө хэзээ ч дуусашгүй аз жаргал, хөөгөөд ч явахааргүй баяр баясал, торойх саадгүй дардан амжилтыг хүсдэг нь өдөр тутам бид өөрсдийнхөө тархийг юунд итгүүлээд, бодит амьдралаа юу болгож хараад байгаагаа ахин нэг бодох чухал сэдлийг энэ ном надад өгсөн. Зовлонг даваад жаргал, жаргалаас үүдээд ахиад асуудал, асуудлаас зовлон, үүнээс сурсан зүйлээс сэтгэл ханамж гэх жишээний тойргийг уран яруу үг, элдэв чимэг, амьдралд наалдахгүй зөвлөгөө, амжилтын түүхээр биш, хүний шүүлтүүргүй бодол мэт бичсэн нь уншихад түүртэмгүй.

2. Харүки Муракамигийн бүтээлүүд өндөр борлуулалттай. “Нийтлэг” ном харахаар өнөө л уншмааргүй санагдах тэрслүү зан хөдөлдөг ч нэгэнт уншаад эхэлчихээр буцах замгүй болчихсон юм. Энэ зохиолчийн номыг унших бүрт ид шид, бодит амьдрал хоёр бороо орвол хувцас норно гэдэг шиг жам ёсны, зэрэг өрнөдөг үзэгдэл аятай хоорондоо уусан, зааггүй санагдах нь жигтэй. "Эрэг дээрх Кафка" номыг онцлон санал болгон бичиж буй нь эвгүйцмээр баригдмал юм шиг хэрнээ эрх чөлөөтэй мэдрэмж надад төрсөнтэй холбоотой байх. Ямар нэг амьдрал өөрчлөхүйц гойд санаа өгүүлээгүй юм шиг хэрнээ “...ялж, ялагддаг хүч чадал биш, харин гаднаас ирэх хүчийг хүлээн авч, тэсвэртэй хандах хүч...” буюу миний дүгнэснээр хүмүүстэй, өөрөө өөртэйгөө зөрчилдөх биш найрамдаад, өөрийгөө ойлгож, үүн дээрээ түшиглээд урагшлахын ач холбогдлыг харуулаад байх шиг санагдсан. Тайлбарлахад амаргүй байгаа нь энэ ном өөрөө төгс дараалал, төгс логик, тодорхой асуудал, түүнийг дагаад тодорхой өрнөл ба тайлбар, бүрэн бүтэн шалтгаан ба бүх асуултанд цэг тавьсан төгсгөлгүй санагдсан болоод тэр биз. Амьдрал чинь өөрөө киноны зохиол шиг “логикийн дагуу” дэс дараалалтай бус, ийм замбараагүй байдаг биз дээ. Зохиол дотор гарч буй дүр, үйл явдлууд, харилцан ярианд ойлгомжгүй хэсгүүд таарах нь зохиолч уншигчдадаа хандан “Юм бүхэнг бүрэн ойлгох гээд хэрэггүй дээ, хааяа ч гэсэн бүх юмыг байгаагаас нь түвэгтэй болгож харах хэрэггүй шүү дээ” гэж хэлж байгаа юм шиг санагдана.

Д.МӨНХХИШИГ

Эрхэлдэг ажил: LEAD Mongolia хөтөлбөрийн ажилтан, орчуулагч
Сошиал хуудас: Фэйсбүүк

1. Финландын нэрт эрдэмтэн, хэл судлаач Г.Й.Рамстедтын “Дорно этгээдэд долоон удаа” хэмээх аяллын тэмдэглэлийг уншиж байна. Нутаг нэгтнүүдийнх нь хийсэн “Рамстедтын ертөнц” баримтат киног энэ намар Монголд нээлтээ хийхээс нь урьтаж унших санаатай. Рамстедтын тэмдэглэж үлдээсэн зуун жилийн тэртээх монголчууд, Өргөө хотын аж амьдрал хийгээд фин уран бүтээлчдийн дуранд буусан өнөөгийн монголчууд, Улаанбаатар хоёрыг харьцуулж харахад сонирхолтой байх болов уу. Рамстедт Монголоос гадна Черемис, Халимаг, Туркестанаар аялж, тэр бүү хэл Афганистанд моголчуудыг хайж очин, хэл соёлыг нь анхлан судалсан хүн юм. Өдгөө могол хэлтэн бараг үгүй болсныг мэдээд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад хүртэл үг өгүүлбэр, үлгэр түүхээс нь амжин тэмдэглэж, хожмын судлаачдад үнэт өв үлдээсэн энэ эрхэмд талархах сэтгэл эрхгүй төрж байна.

Үүнээс гадна Орхан Памукийн “Истамбул: дурсамж ба хот”, Ф.М. Достоевскийн “Кармазовын хөвүүд”, Г.Аким гуайн “Дуун хөрвүүлэг” номуудыг уншиж эхэлсэн.

2. Даниэл Канеманы “Thinking, Fast and Slow” гэж номыг хойш тавьж явсаар саяхан уншлаа. Та бид бодож байгаа шигээ тийм ч мундаг биш, гаргасан шийдвэрүүд маань бодож тооцоолсон, бодит баримтад тулгуурласан нь ховор, үдийн цай холдсоноос л үүдэн өөр сонголт хийж мэдэх найдваргүй этгээдүүд аж. Дээр нь орчлон ертөнц таамаглах аргагүй зүйлээр дүүрэн. Тиймээс алив ярвигтай асуудалд хүний оюун, экспертийн мэдлэг чадвараас илүүтэй алгоритмд итгэх нь илүү оновчтойг сануулжээ. Тархи хэрхэн хоёр янзаар бодож сэтгэдгийг, түүнчлэн сонголтод нөлөөлдөг олон янз хүчин зүйлсийг мэдэж авснаар, алдаа мадаг гаргахаас бүрмөсөн сэргийлж чадахгүй ч эрхбиш багасгах боломжтой аж. Олон жилийн туршилт судалгаанд суурилсан, бодит жишээ олныг эш татсан эл номд даруй аваад ашиглаж болохуйц санаа цөөнгүй. Мөлжүүртэй ном тул ахиад системтэй уншихад гэмгүй санагдсан. Ерөнхий санааг нь энэ илтгэлээс сонсож болно.

22139   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.