Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 03, 2018

Контент Дайн: Дараагийн "Хаан ширээний тоглоом"-ын эрэлд

Зөвхөн өнөө цагийн төдийгүй телевизийн түүхэн дэх хамгийн амжилттай цувралуудын нэгт тооцогдох "Хаан ширээний тоглоом" өндөрлөх дөхөж байна. Ирэх хавар нээлтээ хийх сүүлчийн бүлэгт хэн шийдвэрлэх тулаанд ялж, хэн хаан ширээнд залрах нь тодорхой болох учиртай. Хүлээлт дагуулсан түүх дуусахад ахиад нэг асуулт бидний өмнө гарч ирнэ. Энэ бол хэн уг цувралын үлдээсэн орон зайг нөхөх вэ?

Контентийн эрин үед бид амьдарч байна. Дэлхийн топ компаниуд бүгд контент тийш анхаарлаа хандуулж, үзэгчдийн суурь, шинэ хэрэглэгчдээ чухам контентоор татах стратеги баримтлах болсон билээ. Сайн зохиолоороо үзэгчдийг автуулж, маркетингийн потенциалаараа ивээн тэтгэгчдийг татан, брэнд үүсгэн олон дагалдах бүтээгдэхүүн-үйлчилгээг бий болгож чаддаг франчайзын эрэлд бүгд гарчээ. Хэн GoT-ийн орыг залгах бол? Хамтдаа хариулт хайцгаая. 

Амазон: Lord of the rings

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Ж.Бэйзос контентийн дайнд ялахыг хүсэж байна. Өнгөрсөн жилийн 9-р сард Amazon Studio-ийн удирдлагуудтай уулзахдаа түүний өгсөн хамгийн чухал мессеж нь чухам "надад Game of Thrones-ийг минь авчир" байсан тухай хэд хэдэн эх сурвалжууд мэдээлсэн нь ч санаандгүй хэрэг биш.


Үүнээс хойш ихэд идэвхжсэн Amazon-ийнхон түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, магадгүй гол эрдэнээ олж авч чадлаа. Энэ бол Ж.Толкиений алдарт "Бөгжний эзэн" цуврал. Бүтэн ертөнцийг шинээр бүтээсэн зохиол, алмайруулсан дүрслэл бүхий бүрэн хэмжээний кино нь үе үеийн үзэгчдийг байлдан дагуулсаар буй уг зохиолын эрхийг тэд 250 сая доллараар худалдан авснаас гадна 1 тэрбум долларын төсөв бүрдүүлж, 5 бүлэг цуврал гаргахаар зэхээд байгаа аж.

Энэ гайхалтай аяллыг санаж байгаа биз дээ?

disney: A Star Wars

Өөрийн гэсэн стриминг платформ бүтээж, Netflix, Hulu-г сандаргаж буй Диснейд контентоос их зүйл гэж үгүй. Гэхдээ Mickey Mouse, Toy Story шиг хаанаас нь ч мөлжиж болохоор, бүр суурин дээр нь вант улс ч босгож болохоор үр шимтэй контентийг тэд эрэлхийлсээр.

Тэдний хариулт нь "Оддын дайн" цувралын түүхээс сэдэвлэн бүтээх цувралууд байх боломжтой. Iron Man, The Jungle Book-ийн найруулагч Жон Фаврогийн бүтээж буй уг цуврал "Оддын дайн" цувралын цоо шинэ түүхийг цоо шинэ дүрүүдийн хамтаар танилцуулах учиртай. Return of Jedi-ийн үйл явдлаас 7 жилийн дараа эхлэх шинэ түүх олон шинэ дайн, учир шалтгаан, адармаат өрнөлийг фенүүддээ бэлэглэх нь гарцаагүй. 2019 оныг тэсч ядан хүлээх нэг шалтаг нь ч магадгүй энэ байж мэднэ.

Ж.Фавро Диснейн хүлээлтийг биелүүлж чадах болов уу?

apple: Foundation

Контентийн дайнд хамгийн сүүлд орж ирсэн ч ихэд эрчимтэйгээр давшиж, бадрангуйгаар урагшилсаар буй Apple ч тэрбум долларын эрдэнэсийг хайсаар байна. Их наядаар үнэлэгдсэн компанийн стриминг үйлчилгээ үнэхээр л "мөнгөөр зодож" дэлхийн хамгийн шилдэг уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсээр байгаа билээ.

Тэгвэл Apple шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын ертөнцийн нэрт төлөөлөгч А.Азимовын "Foundation" буюу "Хөмрөг" цувралын эрхийг авсан нь олны анхаарлыг татав. Галактикийн эзэнт гүрний мянга мянган жилийн түүхийг өгүүлэх энэ зохиол 20-р зууны хамгийн нөлөөт sci-fi бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдоно. Уран дүрслэл, нягт холбоос, нууцлаг тайллуудыг нь бүрэн харуулж чадвал үнэхээр л үр шимээ тасралтгүй өгөх контент.

Хөмрөгийн потенциалыг Apple бүрэн гаргаж чадах уу?

showtime: Halo

Дэлхий даяар 65 сая хувь борлуулагдаж, 3 тэрбум гаруй долларын орлого олчихсон Halo тоглоомын франчайз Холливүүдийн хаалгыг нүдсээр олон жил болж буй. П.Жексон, Г.Дел Торо зэрэг нэрт найруулагчид бүрэн хэмжээний кинон дээр нь ажиллаад бүтэлгүйтсэн. Хэд хэдэн мини цувралын төсөл ч цуцлагдсан. Гэхдээ Showtime энэ удаад үзээд алдахаар шийдэж, 10 ангитай эхний бүлгийг 2019 онд багтаан цацах болсон юм.

26-р зуунд өрнөх хүн төрөлхтөн болон харийнхны дайн Showtime-ийг эргэн дайны талбарт оруулах боломжтой. Halo-ийн хүчирхэг хэрэглэгчид, дагагчдын бүлгэм энэ цувралын баталгаатай үзэгчид байх болно. Уг тоглоомыг эзэмшигч Microsoft ч брэндийн үнэ цэнээ өсгөхийг хүсэж буй нь гарцаагүй.

Ийм түүхээс хэн татгалзаж чадна гэж?

netflix: The witcher

Netflix-д ийм контент хэрэгтэй юм уу? Тэд аль хэдийн контент дайнд ялчихаагүй гэж үү? гэсэн асуулт таны толгойд орж ирээгүй гэж үү? Нетфликс яг одоо ялж буй мэт харагдавч том тоглогчдын хүч түрэн давшилж буй айсуй давлагаанд өөрсдийгөө бэлдсээр буй. Үүний хүрээнд тэд The Witcher-ийг хөгжүүлж буй.

The Witcher бол Польшийн зохиолч А.Сарковскигийн бүтээсэн фантази зохиол. 1993 онд эхний бүлэг нь гарснаас хойш ялангуяа зүүн, төв Европын орнуудыг байлдан дагуулсан уг зохиолоос сэдэвлэсэн тоглоом ихэд амжилтанд хүрч, 30 гаруй сая хувь борлогджээ. Олон улсын үзэгчдийг татаж, 8 бүлэг арвин их түүхийг үзэгчдэд хүргэх боломжийг Нетфликс алдахыг хүссэнгүй.

Нетфликсийн хамгийн амбицтай төслүүдийн нэг амжилтанд хүрэх болов уу?

hbo: game of thrones!

Юу? Ахиад гэж үү? Тийм ээ! Game of Thrones-ийн түүх ирэх зун дуусч байж болно. Гэхдээ тэдний ертөнц дөнгөж эхэлж байна. Одоогийн бидний мэдэх үйл явдлаас 1000 жилийн өмнөх түүхээс сэдэвлэсэн киноны ажил аль хэдийн эхэлсэн билээ. Хаан ширээний төлөөх гал мөсний дууль биднийг нэг хэсэгтээ л уйдаахгүй бололтой. HBO ч эзэлсэн гол байр сууриа тавьж өгөхийг хүсэхгүй байгаа нь тодорхой.

Тэгэхээр хэн нь ялагч болох бол?

5144   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.