Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 05, 2018

7 хоногийн тойм: 1,000,000,000,000 долларын компани + 20 жилийн дараа шинэчлэгдсэн лого + 14 каратын алдагдсан медаль

Ковер зургийн тайлбар: Apple их наядын үнэлгээтэй боллоо

Дэлхий дахинд

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн аминд халдах гэсэн оролдлого гарлаа. Түүнийг нийслэл Каракасын төв талбайд үг хэлж байх үед тэсрэх бодис агуулсан дрон дэлбэрсэн гэнэ. 2 дараалсан дэлбэрэлтийн дараа хамгаалалтанд орсон Мадуро хэдэн цагийн дараа төв телевизээр мэдэгдэл хийн, сөрөг хүчнээ, мөн Колумбын ерөнхийлөгч Х.Сантосыг уг оролдлогын ард байсан байж болзошгүй хэмээн мэдэгджээ. Халдлагын улмаас 7 хүн гэмтэл авсан байна.

4 жил тутамд олгогддог, нэр хүнд-цар хүрээгээрээ математикийн салбарын "Нобелийн шагнал" гэж хэлж болох Филдсийн шагналын эзэд тодорлоо. Энэ жилийн ялагчдаар Иран, Итали, Австрали, Германы эрдэмтэд тодорч тус бүр 11.5 мянган долларын шагнал хүртсэн байна. Харамсалтай нь Тегеранаас дүрвэн Англид ирж, улмаар Кэмбрижийн их сургуульд багшлах болсон К.Биркар 14 каратын алтаар бүрсэн Филдсийн медалиа гардан авсныхаа дараахан хулгайд алдаж орхижээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп твиттерээр дамжуулан NBA-ийн супер од Леброн Жэймстэй "муудалцав". Леброн Трампыг "ард түмнийг талцуулагч, ялгаварлагч" хэмээн ярилцлагынхаа үеэр дурдсанд ундууцсан ерөнхийлөгч түүнийг "ухаантай харагдах хэцүү", "би лав Майкл Жорданд дуртай" хэмээн бичсэн нь сонирхол татав. Энэ хооронд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2016 онд тус улсын иргэншилтэй болсон, Холливудын жүжигчин Стивен Сиглийг "АНУ дахь тусгай элч төлөөлөгч"-өөр томилсноо зарлажээ.

Дэлхийн хамгийн залуу эмэгтэй удирдагч Ж.Ардерн анхны хүүхдээ төрүүлснээс 6 долоо хоногийн дараа ажилдаа орлоо. 38 настай Шинэ Зеландын ерөнхий сайдын рэйтинг энэ хооронд 40 хувьд хүрч улам бүр өссөн бөгөөд засгийн газрынх нь нэр хүнд, дэмжлэг ч тогтвортой сайн байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

10 настай хүү 1995 онд домогт Майкл Фелпсийн тогтоож байсан өсвөрийн тамирчдын дэлхийн дээд амжилтыг 1 секундээр ахиулан эвдлээ. Далайн гахай сэлэлтийн 100 метрийн зайд ийм амжилт үзүүлсэн хүүг Супермэний нэр буюу Кларк Кент гэдэг байсан нь анхаарлыг улам татав. Бүх цаг үеийн хамгийн амжилттай тамирчинд тооцогдох Фелпс Олимпоос 23 алтан медаль, нийт 28 медаль хүртсэн билээ.

Ардерний нөлөөгөөр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо-байр суурь улам нэмэгдэв

Apple болон бусад компаниудын санхүүгийн тайлан зарлагдлаа

Их наядын төлөөх уралдаанд Apple тэргүүлж, АНУ-ын түүхэн дэх анхны 1 триллион долларын үнэ цэнтэй компани боллоо. Өнгөрч буй долоо хоногт зарлагдсан санхүүгийн тайлангаар тэд 53.3 тэрбум долларын орлоготой ажилласан нь өнгөрсөн жилээс 17 хувиар өссөн үзүүлэлт байв. iPhone-ийн борлуулалт 41.3 саяд хүрч, ердөө 1 хувиар нэмэгдсэн ч орлого нь 20 хувиар өссөн нь iPhone X-ийн үнэтэй шууд холбоотой. Мөн тэд Music, iCloud, Pay зэрэг бусад үйлчилгээнээсээ 9.3 тэрбум долларын орлого олжээ.

42 жилийн өмнө Стив Жобс, Стив Возниак нарын гараашдаа үүсгэн байгуулж байсан тус компани өдгөө 123 мянган ажилтантай, 22 улсад 499 дэлгүүртэй, дэлхий даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй болон өргөжжээ. Хэрвээ Apple улс байсан бол дэлхийн 27 дахь том эдийн засагтай улсад тооцогдох байсан гэнэ. Сонирхуулахад, 2007 онд Хятадын төрийн өмчит PetroChina дэлхийн анхны их наядын үнэлгээтэй компани болж байжээ.

The Atlantic: 1 триллион долларын үнэ цэн юуг агуулна вэ?
NBC: Триллион доллараар юу худалдаж авч болох вэ?

Тэгвэл Apple-ийн ухаалаг гар утасны зах зээл дэх гол өрсөлдөгч Samsung-ийн тайлан тийм ч сайн гарсангүй. Хятад, Энэтхэгийн зах зээлд хямд үнэтэй утас нийлүүлэгч Xiaomi, Huawei-ийн өсөлт, мөн Galaxy S9-ийн борлуулалтын тааруу амжилтаас хамаарч Samsung-ийн борлуулалтын орлого 4 хувиар буурч 52.3 тэрбум болсон байна. Гэхдээ хагас дамжуулагчийн бизнес нь 45 хувиар өсөж, 10.3 тэрбум доллар болжээ.

Дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн нэг Toyota-ийн санхүүгийн тайлан шинжээчдийн таамагласнаас сайн үзүүлэлттэй гарлаа. Тэд нийт 2.3 сая машин зарж, борлуулалт нь 5.8 тэрбум доллар буюу 7.2 хувиар өссөн нь Тайланд тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн орнууд дахь бизнес нь амжилттай өргөжиж буйтай холбоотой гэнэ.

Ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч Fitbit-ийн нэгж хувьцааны үнэлгээ жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Үүний шалтгаан нь тэдний ухаалаг цагийн орлого нь 55 хувиар өсөж, Хойд Америкт гол өрсөлдөгчид болох Samsung, Garmin, Fossil-ийн нийлүүлснээс ч илүү зарагдсантай холбоотой аж.

Японы видео тоглоом болон тоглоомын төхөөрөмж хөгжүүлэгч Nintendo-ийн борлуулалт 9 хувиар өсөж 1.5 тэрбум доллар болсон байна. Мөн тэд 1.8 сая Switch төхөөрөмж борлуулснаа нийт зарагдсан тоо нь 20 саяыг давсныг мэдэгдлээ. Ташрамд дурдахад, тэдний өмнөх гол найдвар Wii U тоглоом нь нийтдээ 13 сая ширхэг л зарагдаж байсан аж.

207,39! Их наядын клубт тавтай морил, Apple!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүк өнгөрсөн 5-р сард зарласан "болзооны апп"-ын туршилтаа эхлүүлсэн байна. Гэхдээ туршилтанд оролцогсод тусдаа апп бус фэйсбүүкийн платформд шууд ашиглаж болох "нэмэлт" хэлбэртэйгээр уг үйлчилгээг ашиглаж байгаа гэнэ. Өмнө нь шинжээчид Фэйсбүүкийг Tinder-ийн адилаар тусдаа татаж ашигладаг апп гаргана хэмээн тооцоолж байсан билээ.

Үүнээс гадна тэд хэрэглэгчид дуртай дуугаа сонгон дуулж, улмаар бичлэгээ олон нийтэд хуваалцан өрсөлддөг "Talent Show" нэртэй нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Оны эхээр Universal, Sony зэрэг топ хөгжмийн студиудтай гэрээ байгуулсан Фэйсбүүк үүнийгээ давуу тал болгон хэрэглэгчдийг илүү идэвхтэй болгохоор зэхэж байгаа бололтой.

Маркетинг борлуулалтын платформ хөгжүүлэгч Erxes Цахиурын хөндийн хамгийн алдартай хурдасгуур хөтөлбөрүүдийн нэг Blackbox-д шалгарлаа. Нийт 13 улсын 14 стартапыг үүсгэн байгуулагчдын оролцох уг хөтөлбөрт Монголыг төлөөлөн Erxes оролцох болсон нь энэ. Өнгөрсөн жил уг хөтөлбөрт Lendmn шалгаран оролцож байсан билээ.

1 тэрбум долларын үнэ хүрэн Хятадын ByteDance-д зарагдсан Musical.ly үйл ажиллагаагаа зогсоолоо. Богино хэмжээний видео хийх боломж олгодог, 100 сая хэрэглэгчтэй тус апп-ийн хэрэглэгчид ByteDance-ийн өөр нэг апп болох TikTok-тэй нэгдэж, бүрэн шилжих юм. Ингэснээр TikTok нь дэлхий даяар 500 сая хэрэглэгчтэй болж, энэ чиглэлийн хамгийн том апп болж байгаа аж.

Зүүн Өмнөд Азийн такси үйлчилгээний зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүссээр байна. Uber-ийг худалдаж аван өрсөлдөөнөөс шахсан Grab Toyota тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 2 тэрбум доллар шинээр босгосноо зарласан бол Индонезид төвтэй 5 тэрбумын үнэлгээтэй Go-Jek Вьетнамын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлжээ.

Дэлхийн хамгийн том крипто арилжааны апп Binance түүхэн дэх анхны худалдан авалтаа хийж, цахим түрийвч Trust Wallet-ийг эгнээндээ нэгтгэлээ. Binance өнгөрсөн сард 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтын санг үүсгэсэн бөгөөд жилд 10-20 худалдан авалт эсвэл хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн билээ.

Фэйсбүүкийн эзэмшдэг чат апп Whatsapp 4 хүртэлх хүнтэй групп үүсгэн видео болон аудио дуудлага хийх боломжтой болсон байна. Whatsapp-ийг дэлхий даяар 1.5 тэрбум хүн идэвхтэй ашиглаж, өдөр бүр 2 тэрбум минутын дуудлага хийгддэг гэнэ.

Авьяастны сошиал шоунд оролцоход бэлэн үү?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Хувцас загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг Burberry 20 жилийн дараа анх удаа логогоо солилоо. Илүү орчин үеийн өнгө төрх, шинэ фонт бүхий логонд брэндийг үүсгэн байгуулагч Томас Бюрберригийн нэрний эхний үсгүүд болох "T", "Б" үсгүүдийг шингээж өгчээ. Өнгөрсөн 3-р сард компанийн ерөнхий дизайнераар томилогдсон Р.Тискигийн удирдсан төслийн хүрээнд Британийн дизайнер П.Савилл ердөө 4 долоо хоногийн дотор шинэ логог урласан гэнэ.

Гүүгл Хятадын зах зээлд эргэн ирж магадгүй. 2010 оноос хойш үйлчилгээ нь хориглогдох болсон хайлтын гигант Хятадын засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр, дотоодын компанитай хамтарсан төслөөр дамжуулан шинэ апп гаргах гэж буй бололтой. Гэхдээ уг систем нь засгийн газрын зөвшөөрөгдсөн сайтууд болон сэдвийн хүрээнд л ажиллах юм. Үүнээс гадна тэд мөн л зөвшөөрөгдсөн эх сурвалжуудаас контент татах мэдээний апп гаргахаар зэхэж байгаа гэнэ.

The Verge: Гүүгл яагаад эргэн ирж магадгүй вэ?

Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд Starbucks Алибабатай түншлэлийн гэрээ байгуулсан байна. Ингэснээр Aлибабагийн эзэмшдэг хоол хүргэлтийн Ele.me апп-аар дамжуулан хэрэглэгчид Starbucks-ийн кофег шууд захиалж авдаг болохоос гадна бусад сүлжээг нь ашиглан онлайн болон биет дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнүүдээ борлуулах боломжтой болж байгаа юм. Starbucks шинэ хамтын ажиллагаа нь 500 сая хэрэглэгчид нэвтрэх үүд нээнэ хэмээн үзэж байгаа гэнэ. Сонирхуулахад, Starbucks ойрын хугацаанд биткойн хүлээн зөвшөөрдөг болохоор төлөвлөж буй талаар мэдээлэл мөн цацагдсан билээ.

Cisco Мичиганд төвтэй Duo Securities компанийг 2.3 тэрбум доллараар худалдан авч байгаагаа зарлалаа. 2010 онд байгуулагдсан Duo нь компанийн системд нэвтрэлт, цаг бүртгэлийн системийн технологи хөгжүүлэгч юм. Тэдний технологийн тусламжтайгаар ажилчид байгууллагад суурилуулагдсан бус өөрсдийн дурын төхөөрөмжийг ашиглан өдөр тутмын үйлдлүүдээ хийх боломжтой болдог аж.

Компьютерийн дагалдах хэрэгсэл, төхөөрөмжийн хамгийн алдартай брэнд Logitech подкастны микрофон үйлдвэрлэгч Blue-г худалдаж авлаа. Анхлан подкаст сонирхогчид, шинэ хэрэглэгчдийн гол сонголт болсон Yeti, Snowball-аараа алдаршсан Blue 117 сая долларын үнэ хүрчээ.

Уг логотой холбоотой хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсөөр. Танд хэр санагдаж байна?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"Биелэгдэшгүй даалгавар"-ын шинэ анги Fallout 2 дахь долоо хоногтоо дараалан бокс оффисийг тэргүүллээ. 178 сая долларын өртгөөр бүтсэн цувралын 6 дахь бүтээл аль хэдийн 220 сая долларын орлогыг дэлхий даяар олоод байна. Жагсаалтын 2-р байрт Винни Пүүхийн түүхийн үргэлжлэл "Christopher Robin" бичигдлээ. Хятадад тус улсын удирдагч Ши Жинпинтэй төстэйн улмаас "хориглогдсон" уг бүтээл эхний долоо хоногтоо 27 сая долларын орлого олжээ.

Netflix өнгөрсөн зууны хамгийн алдартай зохиолуудын нэг Animal Farm-ийг дэлгэцийн бүтээл болгох эрхийг худалдан авлаа. Жорж Орвеллийн 1945 онд бичсэн уг зохиол одоог хүртэл уншигчдын дунд хамгийн өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг, анхаарал татсан агуулгад тооцогддог. Киноны найруулагчаар Английн алдарт жүжигчин, найруулагч Э.Сэркис ажиллана гэнэ.

Дэлхийн хамгийн алдартай энтертэйнмент, поп соёлын чиглэлийн контент үйлдвэрлэгч Uproxx-ийг худалдан авч байгаагаа Warner Music зарлалаа. Сард 40 сая хэрэглэгч зочилдог гэх Uproxx нь 2008 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ Hitfix, Dime зэрэг сайтуудыг багтаадаг билээ.

Хөгжмийн стриминг үйлчилгээгээр тэргүүлэгч Spotify анхны интерактив комикоо зарлалаа. Зөвхөн хөгжмөөс гадна бусад төрлийн контентийг нийлүүлэх амбицтай буй тэд хуудас эргүүлэх биш тоглуулах товч даран, хөгжимтэй, дуу оруулалттай комикийг санал болгож байна. Тэдний эхний интерактив комикийг энд даран үзээрэй.

Хятадын хамгийн нөлөөтэй уран бүтээлчдийн нэг Ай Вейвейн Бээжин дэх урланг эрх баригчид нураасан байна. 2006 оноос хойш тус урланд ажиллаж байсан Ай засгийн газрын бодлогыг шүүмжлэгч, тэрслүү гэдгээрээ алдаршсан. Сүүлийн жилүүдэд Европт уран бүтээлээ туурвих болсон тэрээр ямар нэгэн анхааруулгагүйгээр байшинг нь нураасанд гомдолтой байгаагаа мэдэгджээ.

Пүүх баавгайн түүх өргөн дэлгэцнээ ирэв

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Galaxy Note 9-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
Youtube: Walmart-ийн хүнсний ногоо савлагч роботтой танилц!
Vox: 17 настай Палестин идэвхтэн хэрхэн олон улсын анхаарлыг татав?
WSJ: Хятад-АНУ-ын худалдааны дайны эргэн тойронд
Engadget: Тесла өөрсдийн AI чип хөгжүүлж байна
Space: NASA анхны хувийн сансрын хөлгөөр нисэх нисгэгчдийг зарлалаа!
The Verge: Sonos-ийн IPO амжилттай боллоо
Mozilla: Firefox-ийн шинэ лого
BBC: Мугабегүй Зимбабвегийн сонгуулийн эргэн тойронд
MacRumors: Apple хос симтэй утас гаргах уу?

13778   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.