Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   08 сарын 02, 2018

МЭДҮҮШТЭЙ: Сошиал медиа хэрэглэгч хүн бүрийн санах ёстой 8 дүрэм

Бид наймдугаар сарыг "Сошиал медиа сар" болгон зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сошиал медиагийн ач тус ба хор хөнөөлийг таниулах, Фэйсбүүк, Твиттер тэргүүтэй платформуудыг хэрхэн ашиглах талаар сонирхолтой нийтлэл контентуудыг бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна. Энэ удаа бид сошиал медиа хэрэглэгч хүн бүрийн мэдэх ёстой дүрмүүдийг танилцуулъя.

НУУЦЛАЛЫН ТҮВШНЭЭ ТОХИРУУЛЖ МЭДДЭГ БАЙ

Бүх л платформ дээр нууцлалын тохиргоо бий. Өөрөөр хэлбэл friends буюу сошиал найзууддаа харагдахаар пост хийх үү, найзын харилцаа тогтоогүй ч гэсэн хүн бүрт (public) харагдахаар пост хийх үү гэх мэтээр хязгаарлалтууд хийж өгнө гэсэн үг. Фэйсбүүк дээр жишээ нь найзуудаа дотор нь дотнын хүмүүс, ажлынхан, хамаатнууд гэх мэтээр ангилалд оруулж, пост оруулахдаа аль нэг бүлэг хүмүүст харагдахаар тохируулж болно. Мөн тодорхой хэрэглэгчдийг сонгож аваад тухайн постоо харагдуулахгүй болгож болдог билээ. Энэ тохиргоог сайн хийж чаддаг байх нь аливаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, хувийн мэдээлэл зэргээ алдахгүй байх гол нөхцөл болно.

ОНЛАЙН НАЙЗУУД, ДАГАГЧДАА АНХААРАЛТАЙ СОНГО

Хэрвээ та онлайн хүрээллээ зөвхөн найзууд, гэр бүлийнхнээрээ хязгаарлаж чадахгүй байвал, сошиал медиа дээр холбогдсон таньдаггүй хүмүүс чинь жинхэнэ хүмүүс мөн эсэхийг нягтлаарай. Яагаад гэвэл цаанаа өөр хүний удирдаж буй хулхи хаягууд өнөө цагт маш олон болсон. Troll гэгдэх эдгээр хаягууд нь хөтөлж буй хүнийхээ эрх ашгийг хангах бүх л зүйлийг хийдэг. Худлаа мэдээлэл түгээх, албаар сенсааци үүсгэх, гэм зэмгүй хүмүүс рүү дайралт хийх гэх мэтийн сөрөг үйлдэл их хийдэг тул сонор сэрэмжтэй байгаарай.

САЙН БОДОЖ БАЙЖ БИЧ/хуваалц

Хэдийгээр сошиал медиа платформ бүр дээр "Устгах" товч байдаг ч гэсэн, ямар ч хүн таны бичсэн, хуваалцсан зүйлсийг хадгалж авч үлдэх боломжтой байдгийг санаарай. Интернэт орчинд бичсэн түгээсэн зүйлс тань мөнхөд үлдэж, хэзээ нэгтээ таны эсрэг ашиглагдаж магадгүй гэсэн үг. Би буруу ойлгогдох юм бичээгүй байгаа, хэн нэгнийг гүтгээгүй байгаа, ер нь миний энэ постоос үүдэн ямар нэг хор хөнөөл үүсэхгүй байгаа гэж өөрөөсөө асууж хэвшээрэй. Сэтгэл санаа тавгүй юм уу хэт уурласан үед пост хийхийг бас тэвчээрэй.

БУСАД ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ХҮНДЭЛ

Хүн бүрийн өөрийн үзэл бодолтой. Тантай ижил боддоггүй хүн үй түм бий. Бусад хүмүүс аль нэг зүйлийн талаар өөр бодолтой байнга гэдэг нь байх л хэрэг, энэ нь таны буруу гэсэн үг биш болохыг санаарай. Яахав, танд тодорхой баримт, үндэслэл бий бол тэр хүнтэй мэтгэлцэж болно л доо. Хэдий өөрийн байр суурийг тайлбарлаж болох ч, танаас өөр бодолтой байгаагийнх нь төлөө хэзээ ч битгий үл хүндэтгэж, зохисгүй ааш гаргаарай. Хүний нийгэмтэй адилаар интернэт орчин ч гэсэн харилцан хүндлэл дээр тогтдог.
Сошиал медиаг үзэн ядалт, хар барааныг түгээхэд биш, сайн сайхныг, эерэг гэгээлгийг түгээхэд ашиглаарай.

ХЭТ ИХ МЭДЭЭЛЛИЙГ БҮҮ ТҮГЭЭ

Хэдийгээр олон хүнд бараг л бүх юмны талаар, төрөл бүрийн зүйл бичих/хуваалцах хүсэл төрдөг ч хэт их хувийн мэдээлэл хуваалцах нь эргээд сөргөөр ашиглагдах, эсвэл хүмүүсийг өөрөөсөө үргээх нөхцөл болдог. Жишээ нь интернэт хаягуудад нууц үг болгодог түгээмэл мэдээллүүдийг ил гаргах нь эрсдэлтэй. Тэжээвэр амьтны тань нэр, өөрийн юм уу ойр дотныхны төрсөн өдөр гэх мэт. Мөн найз нөхдийнхөө хувийн мэдээллийг сошиал медиа дээр ил гаргах болбол заавал зөвшөөрлийг нь авах хэрэгтэй. Интернэтээр ашиг хонжоо хайгчид мөн хүмүүсийн профайл хуудсаас гадна PM буюу мессеж, чатаар ч гэсэн янз бүрийн мэдээлэл олж авахыг хичээдгийг санууштай.

 ХУУРАМЧ МЭДЭЭГ ЯЛГАЖ ТАНЬ

Хуурамч мэдээ буюу Fake News-ийн эрин үе ирчихээд байгаа шүү дээ. Хуурамч мэдээнд итгээд баахан бухимдах, эсвэл хөөрч баярлах нь таныг бусдад хөөрхийлөлтэй харагдуулах болно. Сурвалж нь албан ёсны мэдээллийн суваг биш бол, түгээж буй хүн нь таны мэдэхгүй хүн бол тухайн мэдээг заавал нягтлах ёстой. Гэнээ, гэнэ билээ гэж дууссан постуудад бүү итгэ. Хуурамч мэдээллийг цааш түгээх нь таныг анхлан гаргагч этгээдээс ялгаагүй болгож харагдуулах магадлалтай.

Эх сурвалжаа дурдАЖ БАЙ

Бид сошиал медиа дээр ёстой "есөн шидийн" л юм бичиж, хуваалцдаг. Сэтгэл хөдөлгөсөн фото зураг, магадгүй видео, цааш заавал дамжуулмаар эшлэл гээд л... Харин тэдгээр зүйлсийг та өөрийн юм шиг харагдуулаад байж болохгүй. Аливаа хүний юмыг ашиглавал, дамжуулбал заавал нэрийг нь дурдаарай, ёс зүйтэй байгаарай.

ЦАХИМ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧ

Таны постын дор сэтгэгдэл хэсэгт хүмүүс хэт үзсэн ядсан юм бичвэл хүлцэх хэрэггүй. Хэрвээ тэнд эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэхгүй, үндэслэлгүй, бүдүүлэг юмс бичвэл тухайн хүнд сануул, болохгүй бол устга. Сошиал медиа дээрх таны хаяг бол таны л орон зай, таны гэр л гэсэн үг. Энэ орчинд ямар нэг заналхийлэл, сүрдүүлэг орж ирвэл холбогдох газарт нь хандах хэрэгтэй.

Нийтлэлд ашигласан сурвалж: www.rappler.com

СОШИАЛ МЕДИАТАЙ ХОЛБООТОЙ БУСАД НИЙТЛЭЛҮҮД

-Мэдүүштэй: Сошиал медиа маркетингийг илүү үр дүнтэй хийхэд туслах 7 судалгаа
-Ажил мэргэжлийн сүлжээ сайт LinkedIn-ийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
-Таны заавал мэдэх ёстой Фэйсбүүкийн 10 тохиргоо

19755   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.