Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 01, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Facebook-ийн инженер Э.Хонгор

"Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын энэ удаагийн зочин бол та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод буй сошиал медиа платформыг бүтээгч Facebook компанийн софтвер инженер Э.Хонгор. Нийслэлийн 84, 24-р сургуулиуд, МУИС-ийн Математик Компьютерийн сургуулиудыг дүүргэсэн тэрээр оюутан байх хугацаандаа програмчлалын олимпиадуудад амжилттай оролцон, улсын олимпиадаас 1 алт, 3 мөнгө, олон улсын тэмцээнээс багаараа 2 хүрэл, 1 мөнгө медаль хүртэж байжээ. 2012 онд их сургуулиа төгсөөд Мобикомд хагас жил ажиллаж, АНУ руу магистрт суралцахаар явсан нь түүний Фэйсбүүкт орох эхлэл болжээ. Ингээд HUB Инновацийн төвд явагдсан сонирхолтой ярилцлагыг хүргэе.

Байршил: АНУ, Сиаттл
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Khongor Enkhbold (Фэйсбүүк, Линкедин)

Та АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Нэн түрүүнд хамгийн эхэнд хийх ёстой ажлуудаа амжуулахыг хичээдэг. Имэйлэнд хариулах, цэгцлэх ёстой ажлуудаа өглөө эрт ирээд кофе уунгаа хийчихдэг. Бусад цагуудад багаараа ажиллаж байгаа том төслүүдээ урагшлуулж, уулзалтуудад оролцоод явчдаг.

Би хуучин код руу орох гэх мэтийн хүмүүсийн хийх дургүй, нарийн ярвигтай ажлыг цааргалалгүй хийдэг. Энэ нь бас зарим талаар давуу тал болдог шүү.

Фэйсбүүкт өнгөрүүлсэн 4 жилийн хугацаанд ажлын арга барил маань нэлээн өөрчлөгдөж байна. Эхэндээ өөрийн таалагдсан зүйлсэд нэлээн татагдаж, төрөл бүрийн юм хийх гэдэг байлаа. Тэгэхээр аль нь ч дуусаж өгдөггүй баахан төслүүдтэй болчихдог. Одоо бол гол ажил руугаа төвлөрч, ажлуудаа чухлаар нь эрэмбэлдэг болсон.

Фэйсбүүк КОМПАНИЙН ДОТООД СОЁЛООС хуваалцана уу?

"Be Bold "гэсэн философи манай ажлын орчинд ноёрхдог. Шинэ зүйлээс айхгүй, эхлүүлэхээс эмээх хэрэггүй гэсэн үг. Бидний бүх л нэмэлтүүд, шинэ төслүүд өмнө нь байгаагүй зүйлс. Дараагийнх нь "Move Fast". Санасан бодсон зүйлсээ хурдан туршиж үзэхийг чухалчилдаг. Инженерүүд нь ярихаас гадна шууд л кодоо бичиж үзчихээд хүмүүстээ үзүүлэх, хуваалцах нь элбэг.

Технологийн компани учраас их чөлөөтэй, элдэв дүрэм багатай ажилладаг. Тогтсон цаг гэж байхгүй. Гол нь үр дүн л гаргах ёстой. Долоо хоногийн нэг өдөр нь гэрээсээ ажиллаж болдог учраас би 4 өдөр нь оффис дээрээ, нэг өдөр нь гэрээсээ ажилладаг.

Хамгийн дуртай апп, програм, ажлын хэрэгслээсээ хуваалцана уу?

Outlook-ийг тогтмол хэрэглэнэ. Компани дээр өөрсдийн бүтээгдэхүүн болох, байгууллагуудад зориулсан Facebook Workplace-ийг хэрэглэдэг. Багуудын үүрэгт ажлаар нь хуваах, төслийн багуудаа ангилах зэрэг шинэ нэмэлтүүд багтсан байдаг. Календараа үүнтэй холбочиход их амар байдаг юм.

Reddit-ийг сүүлийн үед их үзэж байгаа. Дуртай, сонирхож байгаа сэдвүүдээ дагаад мэдээлэл хурдан авдаг. Твиттерийг бол төдийлэн ашигладаггүй, гэхдээ өрсөлдөгч платформ гээд ажилтнуудад бол ямар нэгэн хязгаарлалт, хориг гэж зүйл байхгүй.

Ажиглаад байхад Инстаграм руу хүмүүс нэлээн шилжээд байх шиг байна. Органик шилжилт ажиглагдаж байгаа учраас компани өөрөө ч тийш анхаарал хандуулж, өсөлтийг чухалчилж байгаа гэж хэлж болно.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хэрэггүй уулзалтуудад очдоггүй. Анхандаа бүх уулзалтуудад л ордог, алгасаж болдоггүй гэж боддог байлаа. Гэхдээ үүнээс болоод нэлээн цаг алдаад, ямар ч үр дүнгүй олон уулзалтаар хуваарь маань дүүрээд байх шиг санагдах болсон. Одоо бол уулзалт зохион байгуулж буй хүнээс хангалттай мэдээлэл авч, надад хэрэгтэй гэж бодсон тохиолдолд л суудаг. Үүнийг ч удирдлага маань дэмждэг.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр яаж хөтөлдөг вэ?

Манай дотооддоо хэрэглэдэг Task Management гэж апп байдаг. Түүгээр гол ажлаа хуваарилж авна. Хувийн ажлуудаа бол Google Calendar дээрээ хөтлөөд явчихдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Саяхан болсон багийн нэгдсэн цугларалтын үеэр бүх гишүүдээ зан чанараар нь дүгнэх нэг хөнгөн арга хэмжээ болсон юм. Үүн дээр манай ажлынхан намайг "гал унтраахдаа сайн" гэж дүгнэсэн байсан. Ажил дээр жижүүрийн систем үйлчилдэг юм. Долоо хоногтоо системээ хянаад, бүтэн анхаарал хандуулж ажиллана гэсэн үг. Би зөвхөн өөрийн жижүүртэй өдрөөс гадна, бусдын ээлжин дээр ч гэсэн болохгүй, болж байгаа зүйлсийг анзаарч, шаардлагатай бол ажилладаг.

Яг одоо төвлөрч ажиллаж байгаа ажлуудаа хуваалцвал? Фэйсбүүкээр сонин сайхан юу байна?

Фэйсбүүкийн бүх код англи хэл дээр бичигддэг. Бусад багуудын хувьд түгээмэл хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн командуудаар "ид шид"-ийг бүтээдэг гэсэн үг. Манай багийн хувьд бусад хэл рүү эдгээрийг хөрвүүлэх, Фэйсбүүкийн бүх цэс, форматыг орчуулж гаргах ажлыг хариуцдаг. Эхний кодоос эцсийн хэрэглэгчид рүү хүрэх хүртэл маш олон шат дамжлага байдаг. Ганц алдаа гарахад л бүх зүйл эвдэрдэг систем дээр бид ажилладаг.

Фэйсбүүкийн нөөц бололцоог ашиглаад Монголтойгоо хамаатай ямар зүйл хийж болох вэ гэж нэлээн бодох болсон. Монгол бичгийг илүү сайн судалж, Фэйсбүүк хүлээн зөвшөөрдөг буюу системдээ багтаах тал дээр анхаарч байгаа. Босоо бичиг учраас нэлээн түвэгтэй юм билээ. Гэхдээ компани дотор болдог уламжлалт "хакатон" дээр энийгээ нэг "сойно" доо.

Би 2015 онд Фэйсбүүкт ажилд орсон. Энэ жил магадгүй "хамгийн хүнд" үе нь өнгөрч байх шиг байна. Олон нийтийн дунд нэр хүнд нь багагүй унасан явдал надад, бусад ажилтнуудад илт мэдрэгдэж байгаа. Гэрийнхэн маань хүртэл холбогдоод "бидний мэдээллийг ингээд худалдаад байдаг юм уу" гэж асууж байх жишээтэй.

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой маш их өөрчлөлт компанид хийгдэж байна. Хэрэглэгчийн аюулгүй байдлыг нэн чухалчлан үзэж, шинэ шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Сүүлд гарсан тайлангуудад ч үүнийгээ тодорхой илэрхийлж, урт хугацааны сайн сайхан байдал, аюулгүй байдалд гол хөрөнгө оруулалтаа хийнэ гэж тодорхойлсон. Гэхдээ зарим багуудтай харьцуулахад манай багт үзүүлэх нөлөө нь арай бага байх.

ХИЙЖ БАЙГАА Ажлын ТАНЬ эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Би Фэйсбүүкийн Сиаттлийн оффист ажилладаг. Дэлхий даяар байршсан Фэйсбүүкийн олон салбаруудаас хэмжээгээрээ хоёрт ордог. 2500 гаруй ажилтантай. Дэлхийн хамгийн том технологийн компанид ажиллаж байгаагаараа асар их туршлага хуримтлуулж байна. Ажлын орчин, хангамж маш сайн. Багийн хамт олон маань чадварлаг, туршлагатай.

Сөрөг тал гэвэл эрүүл мэндийн асуудал байж мэднэ. Компьютер дээр их цаг өнгөрүүлдэг. Заримдаа ажилдаа "донтоод", бусад амьдрал, ажлаа орхигдуулчих гээд байдаг талтай.

ФэйсбүүкТ ХЭРХЭН АЖИЛД ОРСОН БЭ? ШАТ ДАМЖЛАГУУДЫН ТАЛААР?

Америкт магистраа хийчихээд HackerRank гэж компанид нэг жил орчим ажилласан юм. Тэндээ нэлээн туршлага хуримтлуулж, шинэ сорилтыг эрэлхийлэх болсон. Тэгээд Фэйсбүүк зэрэг хэд хэдэн компанийг сонирхсон. Сайт руу нь ороод CV/Resume зэрэг материалаа явуулахад бараг 2 цагийн дараа л ярилцлаганд орох урилга ирсэн шүү. Энэ шат дээр ихэнх хүмүүс бүтэлгүйтдэг гэхээр нэлээн азтай тохиол болсон гэсэн үг.

Үүний дараагийн ярилцлага дээр хүний нөөцийнхөнтэй уулзана. Хувь хүн талаас нь илүү хардаг байж мэднэ. Яагаад Фэйсбүүкийг сонгох болсон, яагаад одоогийн ажлаа орхих гэж байгаа гэх мэт сэдвээр ярина. Энэ шатаа давбал яг мэргэжлийнхээ инженерүүдтэй ярилцдаг. 35-40 минут орчим утсаар ярилцаж, мэргэжлийн хүрээнд яриа хийдэг юм билээ.

Хэрвээ энэ шатыг давбал яг кампус дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж ярилцлаганд орно. Нисэж ирэх, байрлах газар гээд л бүх зардлыг нь даадаг юм билээ. 4-5 хүнтэй зэрэг ярилцлаганд орж, хийх гэж байгаа зүйлстэйгээ холбоотой даалгаврууд гүйцэтгэдэг. Тэгээд л ажилд орох эсэх эцсийн хариугаа авна даа.

Миний хувьд ахлах сургууль, их сургуульдаа програмчлалын олимпиад, уралдаан тэмцээнд их оролцдог байсан маань давуу тал болсон байх. Ярианы англи хэлээ бол Америкт очоод л орчинд нь сайжруулсан. Яг манай мэргэжлийнхний хувьд ярианы чадвар хамгийн түрүүнд тавигддаггүй. Хэчнээн муу дуудлагатай, үгний сонголт багатай ч ажлаа хийж чадвал асуудалгүй л гэсэн үг.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Бид нээлттэй том зааланд ажилладаг. Ийм орчны давуу тал нь хүмүүстэй чөлөөтэй санал солилцож, мэдээлэл сайтай байдаг. Сул тал нь дуу чимээ ихтэй. Хажуугийн хүмүүсийн яриа их сонсогддог учраас чихэвчтэйгээ л сууж төвлөрөх хэрэгтэй байдаг. Тиймээс ажиллах үедээ хөгжим сонсдог. Сүүлийн үед Монголын Voice-ийг их сонсох болсон. Хип хоп хөгжим таалагддаг. Rokit Bay-д дуртай шүү.

Та хамгийн сүүлд уншсан ном/нийтлэлээ хуваалцана уу?

Ном нэг их уншаад байдаггүй дээ. Харин нийтлэл их уншдаг. Анхнаасаа интернэтийн орчинд юм уншаад, мэдээлэл аваад сурчихсан юм. Сайн ч юм уу, муу ч юм уу, бүү мэд (инээв).

Уншдаг монгол сурвалж гэвэл Unread, ikon. Гадаад хэл дээр бол найзуудынхаа хуваалцсан найдвартай эх сурвалжуудаас мэдээ авдаг. Нэг гүйлгэж хараад л ерөнхий ойлголт авчихна. Хуурамч мэдээний эрин үед эх сурвалжид их анхаарал хандуулж байгаа шүү.

Ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ажиллаагүй үедээ бол найзуудтайгаа уулзана, үгүй бол гэртээ амарна. Кино үзэх дуртай болохоор Netflix-дэх дуртай. Хааяа компьютерын тоглоом бас тоглодог.

Фитнесст хааяа нэг хэсэг явчихаад л орхичихоод байгаа юм. Ажил дээрээ бол ширээний теннис тоглох дуртай.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү хаалттай хүн үү?

Багадаа бол интроверт буюу дотогшоо байсан байх. Одоо ажлын талбар дээр гараад хүмүүстэй байнга харилцдаа, аяндаа нэлээн яриа, нээлттэй болж байгаа шүү.

Та эрч хүч, урам зоригОО хэнээс авдаг вэ?

Эхнэрээсээ авдаг. Болохгүй, бүтэхгүй асуудлууд дээр эхнэртэйгээ байнга зөвлөлдөнө. Намайг сайн ойлгож, хурцалж, түлхэж өгдөг.

Ажил дээрээ хамтрагчдаасаа их урам авна. Хамт ажиллаж буй хүмүүсээ хараад л цаашдаа энэ тал дээрээ анхааръя, ийм чадвараа хөгжүүлье гэж боддог доо. Ажлын арга барилаас нь ч суралцана.

Амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

"Даруухан бай" буюу "Be humble" гэсэн үгийг үргэлж санаж явдаг. Би бол Фэйсбүүкт ажиллаж буй 20 мянган инженерийн л нэг. Бусдаас илүү гарсан, хол тасарсан гэсэн үг биш шүү дээ. Гэтэл зарим хүмүүс жаахан амжилтандаа хадуурч, өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг.

Ойрын болон холын зорилгоосоо хуваалцана уу?

Ойрын зорилго бол компани дахь ажил үүргээ өөрчлөх. Орсон цагаасаа хойш одоогийн ажил дээрээ л ажиллаж байна. Миний өөрийн сонирхол бол дэд бүтэц/infrastructure.

Холын зорилго бол илүү нөлөө үзүүлж чадахуйц төсөл дээр ажиллах. Стартап компанид ажиллаж байсан. Богино хугацаанд байгаагүй зүйлсийг бүтээдэг болохоор гоё мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр стартап компанид ажиллаж үзэх сонирхол байгаа.

Бүр урт хугацаандаа мэдээж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулмаар байна. Эргэн тойронд байгаа залуустайгаа уулзаж, яаж хувь нэмрээ оруулж болох уу, юу хийж болох уу зэргээр байнга л ярилцдаг. Хэд хэдэн бодсон зүйлс бас байгаа шүү.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Дуртай зүйлээ л ол, тэрийгээ хий гэж хэлмээр байна. Би бол алгоритм, програмчлалдаа донтсон хүн. Тэрийгээ л дагаж, бүх цагаа зарцуулдаг байсан, зарцуулсаар л байна. Дуртай зүйлээ хийж байгаа хүнд хязгаар гэж байдаггүй юм шиг санагддаг.

Энэ ярилцлагын дараагийн дугаарт хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Lyft-д ажиллаж байгаад саяхнаас Google-д хүчин зүтгэх болсон Б.Зулсарыг санал болгоё.

68941   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзориг
О.Бүтэд
Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Б.Уранзаяа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.