Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   07 сарын 30, 2018

Онцлох бизнес: Hamburg Jack's - Алтан бургер зооглох алдашгүй боломж

Тухлаг орчинд амтат хоол зооглон, таатай цагийг өнгөрүүлэх газрын тоо нэгээр нэмэгдлээ. Энэ бол 24 каратын алтны хольцтой бургертэй, Монголын хамгийн том бөгөөд өвөрмөц шийдэл бүхий тагттай Hamburg Jack's юм. Ингээд тус газрын үүсгэн байгуулагчтай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэе.

Бизнесийн нэр: Hamburg Jack’s
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он
Үүсгэн байгуулагч: Б.Энхбилэг
Ажилтны тоо: 38
Байршил: Zaisan Hill Complex 3-р давхар
Сошиал хуудас: Hamburg Jack’s

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би хаа явсан газраа шинэ хоол туршиж явдаг хүн. Чөлөөт цагынхаа ихэнх хувийг шинэ баар, ресторан, хоолны газар туршихад зарцуулдаг. Манай үндсэн интерьерийн компани ямарваа хоосон орчинг гоё тохилог болгон хувиргадаг. Тэр давуу талаа ашиглаад ер нь хоол хүнсний салбар луу орвол яадаг юм бол гэж бодоод анх ресторан нээж байсан. Энэ туршлага суурин дээрээ түшиглэн Монголд хаана ч байхгүй шинэлэг алтан бургертэй Hamburg Jacks рестораныг нээхээр шийдсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Компанийн хуримтлалаараа, мөн банкнаас зээл авч хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Hamburg Jacks бол үйлчлүүлэгчдэдээ тохьтой уур амьсгалыг бүрдүүлж өгсөн Улаанбаатарын хамгийн том тагттай (террастай) ресторан. Тагтан дээрээ олуулаа суух хувийн орчинг бүрдүүлж өгсөн асруудтай. Дотно уур амьсгал, сайн хоолноос гадна чанартай хөгжмийг үйлчлүүлэгчдэдээ санал болгох дээр онцгойлон анхаардаг.

Түүнчлэн хүн болгоны хэрэгцээнд нийцсэн бүх төрлийн амтат шорлогууд, задгай пиво, коктейлуудыг гаргаж байна. Манай цэсэн дээрх онцлох бүтээгдэхүүн гэвэл 24 кратын алтны орцтой бургер.

ТАНАЙ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЮУ ВЭ?

Би мах ихтэй, порц ихтэй хүнд хоолонд дуртай хүн. Хотоор хаа сайгүй ресторан болгонд бургер байна шүү дээ. Сайн муу, амттай амтгүй янз бүрийн л бургер байна. Харин алтан бургер бол Монголдоо хаана ч байхгүй манай нэрийн хоол. Дэлхийн жишигт алтан бургерууд 1000-2000 долларын үнэтэй байдаг бол манайд ердөө 24,000 төгрөгөөр зарагдаж байна. 24 каратын алтны орцтой бургер эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөө байхгүй, өвөрмөц амттай, мөн хамгийн шинэлэг ногоо хүнсийг ашиглаж хийдэг.

бизнесийн үнэт зүйлс, баримтладаг зарчим тань юу вэ? 

Хамгийн сайн чанарын махыг гоё амттайгаар болгоод, хүйтэн шар айргийн хамт хамгийн таатай орчинд хэрэглэгчдэдээ хүргэхийг эрмэлздэг. Мөнгөн ашиг бол гол зорилго биш. Үнэнчээр явахад үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг чанартай, сайн үйлчилгээтэй байхад ашиг аяндаа ирнэ гэж боддог.

Бидний гол үнэт зүйл бол үйлчлүүлэгчид, тэдэнд үзүүлж буй манай үйлчилгээ юм. Зарчмын хувьд үнэнч шударга байдлыг эрхэмлэж үйлчлүүлэгчдэдээ өндөр сэтгэл ханамжийг өгөхийг эрмэлздэг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Улаанбаатарын хэмжээнд энэ жилдээ хоёр газар шинээр нээх төлөвлөгөөтэй байна. Ойрын гурван жилдээ 10 салбартай болоод олон улсын зах зээлд франчайзинг гаргах зорилго тавьсан байгаа. Гадаадаас л монгол улсад франчайзинг орж ирээд байдаг, яагаад бид нар өөрсдөө гаргаж болохгүй юм гэсэн бодол төрдөг. Зөв зохион байгуулалттай, тууштай байвал асуудалгүй гэж боддог.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Шинээр нээгдэх гэж байгаа хоёр газрынхаа ажил дээр төвлөрч байгаагаас гадна фрайнчайзинг хийхэд шаардагдах дүрэм журам, зохион байгуулалтыг судалж байна. Алттай шинэ бүтээгдэхүүнүүд гаргах туршилт судалгааны ажил бас явагдаж байгаа шүү. Тэсрэлт болсон бүтээгдэхүүн удахгүй гарч ирэх болно.

Мөн ресторан дээрээ төрөл бүрийн эвентүүд зохион байгуулж хамтлаг дуучид, хөгжимчдийг авчрахаар ч ажиллаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Ямар ч бизнест хөрөнгө санхүүгийн асуудал гарч ирдэг. Шаргуу, өөриймсөг ажилладаг, зөв хандлагатай залуусаар багаа бүрдүүлэхэд зайлшгүй нэлээд цаг ордог.

Эерэг тал гэвэл, Монгол улсад нэг компани, байгууллага шинээр нэмэгдэхэд улсын орлого тодорхой хэмжээнд нэмэгдэхээс гадна мөн хүмүүст амттай хоол идэн ярилцаж суух газрын сонголт нэгээр ихсэж байгаа юм. Манайд тухлаад гарсан хүмүүст сэтгэл зүйн таашаал өгч байгаа гэж найддаг. Хоолоор стресс тайлагддаг шүү дээ, үйлчлүүлэгчид маань гоё хоол идээд эрч хүчтэй, баяртай гарч явах үед хийж байгаа ажилдаа тун ч сэтгэл хангалуун болдог доо.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Нэгэн олны танил зочин манайхаар үйлчлүүлсний дараагаар "Одоо миний ходоодон дотор 24 кратийн алт байгаа гээд бод доо" гэж сошиал дээрээ бичсэн байхыг хараад их инээдтэй санагдсан. Амттай гоё хоол идсэн хүн аз жаргалтай болж цаашаагаа эерэг энерги түгээж явдаг шүү дээ. Бас хазахаар шүд хугарчих биш юм биз дээ, ломбардад тавьж болох юм уу гэсэн хөгжилтэй асуултууд ч ирдэг.

Саяхан дэлхийн алдарт "Black Eyed Peas" хамтлагийн дуучин манайхаар зочилж алтан бургерийг маань зооглоод их сэтгэгдэл өндөртэй гарсан шүү.

ТА ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

Гоё санаа олбол тэрийгээ удаан бодож хүлээлгүй аль болох хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний баримтладаг гол зарчим бол бэлэн болоогүй байсан ч эхлэх. Учир нь явц дунд нэгэнт эхэлсэн хүнд гаргалгаа олддог. Эрсдэлтэй талуудаа бодож цаг алдах хооронд аль хэдийн өөр хүн эхэлчихсэн байх нь элбэг.

Залхуураад хаячихсан ч хийдэг байж гэж одоо боддог олон л санаа байна. Ялангуяа нас яваад ирэхээр алдаа гаргах илүү "үнэтэй" болдог, залуу дээрээ гаргавал харьцангуй эрсдэл багатай байдгийг ойлгож байна.

29881   4


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.