Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   07 сарын 27, 2018

Цахилгаан сүүдэр жүжиг буюу Монголын кино урлагийн хөгжил

Монголчууд кинондоо хайртай. Кино урлаг Монголд орж ирээд 30 хүрэхгүй жил болж байхад буюу 1965 оны байдлаар хөдөө орон нутагт нэг хүн сардаа арав, хотод хорин кино үздэг болсон гэсэн тооцоо үүнийг батлан харуулна. Тухайн үедээ ЗХУ гэж нэрлэгдэж байсан Орос орны удирдагч В.И.Лениний “Кино бол бүх урлаг дотроос хамгийн чухал” гэж хэлсэн дээр тулгуурлан кино буюу “цахилгаан сүүдэр жүжиг”-ийн хөгжил Монгол улсад 1930-аад оны эхэн үеэс хожуу ч гэсэн хурдацтай эхэлсэн юм. 

Тухайн үедээ манай нийт хүн амын 80 гаруй хувь нь бичиг үсэггүй байсан учраас социализмын үзэл суртлын ухуулга, пропогандаг хийх хамгийн тохиромжтой арга нь кино байжээ. Тиймээс ч төр засгаас кино урлагийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө харамгүй зарцуулж, кино хийх, бэлэн болсных нь дараа улс орон даяар үзүүлэх сүлжээг сайн зохион байгуулалттай болгож, тусгай төсөв үүсгэн зарцуулж байсан байна. Эхэн үедээ Зөвлөлтийн киног хүмүүст үнэгүй үзүүлэн, кино урлагийн тухай тодорхой ойлголттой болгож байгаад 1934 оноос эхлэн аймаг бүрийн хүн амынх нь харьцаанаас хамаарч үнийн ангилал тогтоон, олсон орлогынхоо дөрөвний гурвыг тухайн аймгийн төсөвт төвлөрүүлж, эргээд кино урлагийг дэмжих сан үүсгэжээ. Гэсэн хэдий ч хүмүүсийн кино үзэх тоо буурсангүй, харин ч дөнгөж суурьшиж эхэлсэн бидний хувьд цагаа таатай өнгөрүүлэх, зугаацах цоо шинэ арга зам болсон. “Норжмаагийн зам”, “Монгол хүү”-ээс эхэлсэн манай кино урлаг далаадхан жилийн дотор орон даяар 500 гаруй киноны цэгтэй, хамгийн алсагдмал аймагт ч гэсэн сард ядаж нэг удаа кино гардаг байсан бөгөөд кино зургийн нэгдсэн хороо нэг ч байхгүй, нэгдсэн кино театрыг орц, үйлчилгээний төв бүрийн видео кино үзүүлдэг цэгүүд орлож, орлого олон, кино урлагаа сэргээх гэж жилд хэдэн арваар нь хямдхан комеди хийдэг байсан үеэс одоо эргээд олон улсын кино наадмуудад өрсөлдөн, нэр дэвшсэн “Шар нохойн там”, “Ингэн тэмээний нулимс”, “Чингисийн хүүхдүүд”, “Хөхөө” гэх мэт бүтээлүүдийг хийх түвшинд хүржээ.

Монголын кино урлагийн “Анхны алхам”

1936 оны 5-р сард “Ард” кино театраас хүмүүсийн айх, гайхах, сонирхон уулга алдах дуу тасарсангүй. Ганцхан жилийн өмнө Монгол улс анхныхаа кино зургийн хороог “Монгол Кино” нэртэйгээр байгуулж байсан бол энэ өдөр үндэсний хэмжээний анхны кино болох “Майн баярын 47 жилийн ой”-г улс даяараа үзэж байв. Хэдийгээр ганцхан бүлэг, дуугүй баримтат кино байсан ч “нас буянд цөвтэй” гээд толинд ч харахаас цэрвэдэг байсан манай ард түмний хувьд монгол хүн, тэр байтугай өөрсдийгөө, танил дотно хүмүүсээ дэлгэцээс хараад баярлаж хөөрсөн, гайхсан дуу нь энэ кинонд хангалттай дуу болж байжээ. 1928 оноос хойш ЗХУ-ын киног аймгийн төв, сумын улаан буланд цагаан даавуу татаад үзүүлж, Монголчуудыг кино урлагтай танилцуулж, сургаж байсан боловч Монголын уран бүтээлчид ЗХУ-аас урьж авчирсан мэргэжилтнүүдээс сурснаа шалгуулж, өөрсдийн гэсэн кино үйлдвэртээ зургаа угааж бэлтгээд үзүүлсэн анхны тохиолдол нь энэ байсан юм.

Харин манай кино үйлдвэрийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Монгол хүү” юу, “Норжмаагийн зам” уу гэдэг талаар кино судлаачид маргаантай байдаг. Гэхдээ монгол жүжигчдийг тоглуулж, Монголын газар нутаг дээр зураг авсан “Монгол хүү” киноноос ЗХУ-ын “Ленфильм” үйлдвэрийн хүн хүчээр, хөрөнгөөр хийсэн “Норжмаагийн зам” кино түрүүлж гарсан гэдэг үзэл давамгайлда. Өмнө нь дурдсанчлан кино урлаг манай оронд хөгжиж эхлэхдээ “Урлаг, утга зохиол бол намын ажлын хэсэг, хөдөлмөрчдийн үзэл санааны чухал зэвсгийн нэг байх ёстой” гэсэн үзэл суртлын шугамыг дагасан учраас юун түрүүнд Монголчуудын үндсэн шашин байсан шарын шашин, лам нарт итгэх итгэл үнэмшлийг бууруулах, мөн тухайн үедээ коммунист холбоот улсуудын Коминтерн байгуулагдаад байсан учраас эдгээр орнуудад Монгол орныг сурталчлан таниулах зорилготой кинонуудыг хийж байжээ. Иймээс ч 1930-аад оны эхнээс 50-аад оныг хүртэл Монголын кино урлагийн ихэнх эсрэг дүр нь лам, ноёд байв. “Норжмаагийн зам” кинонд гарч буй хүүхдийг эх барьж авсан шунахай ламын дүр нь хэдэн арваныг дамжсан эсрэг дүрийн ламын эхлэл гэж болно.“Улаан дарцаг” киноны хамба лам, “Талын цуурай”-н Дарийн эхийн ах лам, Чойнхор лам, “Агуйн нууц”-ын гэгээн Жалбаа гэх мэтээр социалист бодлогын төлөө хэтэрхий гэмээр үнэнч зүтгэж байгаа эерэг талын баатар, гол дүрийг хорлох, зангилаа үүсгэн саад болох гэсэн, мөнгө, эрх мэдэлд шунасан лам нарын дүрийг ашиглаж байжээ.

Монгол улсын кино урлагийн эхийг тавьсан бас нэг төрөл бол баримтат кино юм. Социалист холбоот улсууд буюу Коминтерний орнуудын хоорондох холбоо бэхжин, олон улсын харилцаа хаагдмал ч гэсэн хөгжиж байсан үед Монголчууд өөрсдийгөө танилцуулах хэрэгцээ үүсэж, байгаль, мал аж ахуй, үйлдвэрлэлийн хувьсгал, намын хурал зэрэг сэдвүүдээр олон баримтат кино хийж байжээ. Эдгээр кино ихэвчлэн үзэл суртлын шинжтэй байдаг боловч “Аргаль”, “Хулан”, “Хангай” гэх мэт Монгол орны байгаль, ховор ан амьтдын тухай баримтжуулан үлдсэн кино олон байдаг нь манай кино урлагийн нэг чухал өв мөн билээ.

Хэдийгээр Монголын кино уран бүтээлчид түр хугацааны курсэд сууж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийг дагалдан кинонд нэлээн явж байсан боловч хараахан бие дааж кино хийх түвшинд хүрээгүй байсан учраас энэ үеийн кинонуудын титрт бүгдэд нь “зөвлөх” маягаар орос мэргэжилтнүүд оролцсон байдаг. ЗХУ зөвхөн мэргэжилтнээс гадна техник хэрэгслийн тусламж үзүүлж байсан учраас 1939 он гэхэд манай орон дуугүй киноны технологиос бүр мөсөн салжээ. Кино урлаг түрүү хөгжсөн орнууд шиг дуугүй киноны үе, дуугүйгээс дуутай руу шилжих үеийг манай орон бараг үзсэнгүй. Баримтат киноны анхдагчдын нэг болох “БНМАУ” баримтат киноны хөгжим Карловы-Варын кино наадмаас шагнал авч байсан нь хэдийгээр манайд кино урлаг үүсээд удаагүй ч хурдацтай хөгжиж байсны илрэл юм.

1940-өөд он буюу Цаг үеийн сэдэвчилсэн кино

1940-өөд оны Монголын кино урлагийг хоёр хувааж авч үздэг. Эхний хагаст нь дэлхийн 2-р дайны эхлэл тавигдаж, дэлхий даяараа бужигнаж байсан үед Монгол улс мөн Азийг эзлэн Хятадын эдийн засагт хүч түрэн орох бодлоготой байсан Япон улсын дайралтаас хамгаалан байлдаж байлаа. Энэ үед ард түмнийг уриалан дуудах, цэрэгт элсүүлэн, эх орноо хамгаалахыг бахархалт хэрэг, ариун үйлс гэж итгүүлэхэд мөн л киног ашиглаж эхэлжээ. ЗХУ-ын техникийн тусламжтайгаар дуутай кино хийж эхэлсэн, боловсон хүчнээ ч сургалт, богино хугацааны дадлагын ажлуудад явуулаад эхэлчихсэн, хүмүүсийн амьдралын хэвшилд кино нэвтрээд хэвшчихсэн, нэг үгээр хэлвэл нилээн учраа олчихсон байсан учраас “Морин цэрэг, танкист”,”Хил дээр гарсан хэрэг”,“Сүхбаатар”,”Цогт тайж” гэх мэт одоог хүртэл олны сэтгэлд хадгалагдан үлдсэн бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг угсруулан гаргаж байлаа.

Эхэн үедээ киноны зохиолууд эсрэг дүр болон “манай талын” эерэг дүрийн онцлог хэтэрхий их, бараг театрчилсан гэмээр байснаас гадна зангилаа, тайлал нь таамаглаж болохуйц, ихэвчлэн л эерэг дүрийн баатар ажил үйлсээ бүтээх гэж яваад эсрэг талын баатарт хорлогдон нэр төртэйгөөр амиа алдаж байгааг харуулдаг байв. Харин “Цогт тайж” киноны хувьд нэрт эрдэмтэн Б.Ренчин Ю.Тарич найруулагчийн оролцоотойгоор зохиолыг нь бичиж, зураглаачаар Д.Жигжид, хөгжим дээр Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, зураачаар Л.Гаваа, ардын жүжигчин Ц.Цэгмэд, Ч.Цэвээн гэх мэт Монголын кино урлагийн “мундагууд” гар нийлэн хийсэн учраас Монголын кино урлагийг нэг шат ахиулсан кино гэж үздэг. Иймээс ч анх удаа киноны үргэлжлэл буюу хоёрдугаар ангийг энэ кинонд бүтээсэн биз.

1940-өөд оны сүүлийн хагасаас 50-аад оны эхэн хүртэл уран сайхны кино хийгээгүй нь тухайн үедээ социализмын бүтээн байгуулалтыг баримтат кино болгон ард иргэдэд үзүүлж, ажил хөдөлмөрт уриалан дуудах нь хамгийн чухал зорилт болж байсантай холбоотой. Энэ үед кино урлагт гарч ирсэн кино сэтгүүл нь ч үүний нэг илрэл болно. Анх 1947 оны 4 сард “Манай оронд” нэртэйгээр хэвлэгдэн гарч байсан кино сэтүүл нь суртал ухуулгын чухал зэвсэг болж чадахуйц байсан учраас эхний жилдээ тав, дараагийн жилүүдэд 11 хүртэл дугаар хэвлэж байгаад 1954 оноос эхлэн жил бүр 12 дугаар тогтмол гаргадаг болжээ.

1954-аас 1980-аад он буюу Алтан үе

Баримтат кинонд дарагдсан арав шахуу жилийн дараа бүрэн хэмжээний уран сайхны киног 1954 онд Ц.Зандраагийн бүтээсэн “Шинэ жил” кино эргүүлэн авчирсан. Зөвлөлтөөс Кино урлагийн анхны мэргэжилтнүүл төгсөн ирж, хийж бүтээх гэсэн эрмэлзлийг нь ч төрөөс материаллаг баазаар хангалттай хангаж өгч байсан учраас энэ үед Монголын кино урлагийг төлөөлөхүйц маш олон сайн кинонууд төрж байсан. Кинонуудын ихэнх нь социалист бүтээн байгуулалтанд тулгуурласан сэдэвтэй байсан ч сэдэв, төрлийн хүрээнд нилээн задарч, кино уран бүтээлчд маань төрийн олон шалгуурыг давахын тулд амьдарч буй нийгмээ их бага хэмжээгээр сурталчлахаас өөр аргагүйд хүрч байсан ч түүнийхээ хажуугаар мөн хайр дурлал, гэмт хэрэг, адал явдалт, хүүхдийн, үлгэрийн кинонуудыг хийж эхэлсэн. Иймээс ч Монголын кино урлагт 1950-1980 оныг “Алтан үе” байсан гэж судлаачил эргэлзээгүйгээр санал нийлдэг. Одоогийнхоор бол артхаус чиглэлд багтахаар яг л бодит амьдралын хэсгийг таслаад тавьчихсан мэт зургийн обьектууд, жижиг хэрэглэлүүдээ энгийн, хүн бүр хэрэглэдэг зүйлс байлгахыг зорьж, үүгээрээ дамжуулан “role model”-ийг бүтээж, өөрсөдтэй нь ижил хүмүүс ийм гавьяа байгуулж, аз жаргалтай сайхан амьдар байна гэдгийг харуулахыг зорьж байжээ. Зураглаачийн хувьд “frame” буюу зургийн план дотор давхар хүрээ үүсгэсэн зураг бараг авдаггүй, жүжигчдийн харааны түвшин ихэвчлэн үзэгчдийнхтэй нэг түвшинд, дээрээс юм уу доороос хардаггүй байсан нь ч үүнтэй холбоотой. Яг л хажуу айлынх нь хүн, найз нь эсвэл ах эгч, ээж аавд нь тохиолдсон мэт ойр дотно санагдуулахын тулд иймэрхүү найруулгын аргыг ашигладаг байжээ.Тавиад оны үеэс Монголын кино урлагт дарлагдсан ядуу ард, социализмын төлөө цогтой тэмцэгчийг халан шинэ дүр гарч ирсэн нь жирийн ажилчин, малчин юм. Ажлынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэн, хөдөлмөрлөснөөрөө л аз жаргалтай амьдарч буйг харуулсан олон дүр байсны түүчээ нь “Гэм нь урдаа” киноны малчин Сандаг архи ууж, залхуурч явсаар эхнэр хүүхдээсээ салан, хэдэн малаа үхүүлэх дөхөж, ажил хөдөлмөрийн чухлыг ойлгож байгаа, “Бидэнд юу болж байна” киноны өвгөн Далантай үр бүтээлгүй ажиллалаа гэж нэгдлийн гишүүдээ загнаж байгаа гэх мэтээр илэржээ.

Энэ үед энгийн үргэлжилсэн найруулгатай кинонуулаас онцгойрч, киноны найруулга илүү олон янз, сонирхолтой болж эхэлсэн. Үүний тод жишээ нь “Манай аялгуу” юм. Монголын анхны мюзикл гэж хэлж болохуйц энэ кино нь үйл явдал, жүжигчдийн ур чадварын хувьд учир дутагдалтай ч зураглаач Д.Жигжид, найруулагч Э.Оюун, Ц.Зандраа, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нарын хамтын хөдөлмөрийн үр дүнд Монгол орны ардын дуу, бүжиг, найрал дуу зэрэг үр хойчдоо үнэт өв болгон үлдээх бүтээл болжээ. Мөн “Тунгалаг Тамир” киноны найруулагч, ЗХУ-д бэлтгэгдсэн бас нэгэн мэргэжилтэн Р.Доржпалам-ын “Бидэнд юу саад болж байна” киноны эхлэлийн өмнөх эхлэл, кинон дахь оршил оруулсан, дүрийнхээ зан чанарыг диалог гэхээсээ илүү жижиг хэрэгсэл, деталиар гаргаж, тухайн үеийн нийгэмд тулгарч байсан асуудлыг ёгт маягаар үзүүлсэн нь найруулгын гарсан анзаарагдам шинэчлэлт гэдэг. Энэ киноны гол дүр өвгөн Далантайн дүрийг бүтээсэн С.Гэндэн чадварлаг нйруулагчийнхаа авьяасыг “Сэрэлт” кинон дээр харуулсан байдаг

“Сэрэлт” кино нь зөвхөн найруулгаас гадна киноны хөгжим, жүжиглэлт, зохиолын хувьд Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэгээр зүй ёсоор тооцогддог. Гавьяат жүжигчин Т.Цэвээнжавын орос эмчийн хамгийн ойр дотны туслах болж, ард түмнээ лам, оточоос өмнө эмчид үзүүлэхийг ятгах төлөөлөгч болж байгаа атлаа биеэ өвдмөгц хадаг өвөртлөөд отчид очиж байгаа нь, ардын гавьяат жүжигчин Ц.Цэгмэдийн охин нь амьд үлдсэн гэж дуулаад шашин шүтлэг, ёс цээрээ ч умартан ах ламынхаа гал голомтыг өшиглөн хөмрүүлж байгаа гээд найруулгын шийдлүүд жүжигчний авьяасаар хүчирхэгжин киноны таамаглагдаагүй эргэлтүүдийг хийжээ. Мөн үүнд хөгжмийн зохиолч Т.Гончигсумлаагийн хөгжмийн найруулгыг дурдахгүй өнгөрч болохгүй. Охиноо амьд байгааг мэдээд ухаан зулаггүй морио гуядан ирж байгаа аавын хадам ахдаа уурласан уур, охин дээрээ очих гэж яарсан сэтгэл, бүхэл бүтэн симфони найрал хөгжмөөс ардын дуу “Талын таван толгой” руу шууд шилжиж байгаа бараг цочмоор гэмээр хөгжмийн найруулга зэрэг нь С.Гончигсумлаа гуайн кино урлагт хийсэн хөрөнгө оруулалтын зөвхөн нэг хэсэг нь юм.

Энэ мэтээр энэ үед гарсан “Морьтой ч болоосой”, “Ардын эрх”, “Элбэг дээл”, “Улаанбаатарт байгаа миний аав” гээд маш том сэдвүүдийг симболизмын шинжтэй хөнгөхөн найруулгаар, үзэгчдэдээ ойр харуулсан, гэр бүлийн салалт, хайр дурлалын явдлыг хоёр хүний дундах асуудал гэхээс илүү хамгийн их хохирдог хүүхдийн харах өнцгийг барьж хийсэн гэх мэт шидээвэр бүтээлүүдийг нарийвчлан ярих боломжгүй.

Харин жараад онд кино урлагт хүч түрэн орж ирсэн нэг төрөл бол инээдмийн төрөл юм. Энэ төрлийн киноны төлөөлөл болсон найруулагчид нь Б.Жамсран, Р.Доржпалам нар болно. Р.Доржпаламын “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Энэ хүүхнүүд үү”, Б.Жамсран найруулагчийн “Нийслэл хүү”, “Аман хуур” зэрэг кинонуудыг бид бүгд андахгүй. Найруулгын хувьд Р.Дорждалам хэтрүүлэлт инээдэм буюу киноны зохиолоор дамжуулж эмэгтэй хүн эрэгтэй хүн болж хувцаслан, аяглаж байгаа, хоёр яг ижил нэртэй хүүхнүүд хайртай хүнийхээ захиаг хэн нь хүлээж авснаа мэдэхгүй мунгинаж байгаа зэргээр жинхэнэ амьдралд тохиолдох нь ховор байдлыг ашигладаг бол Б.Жамсран найруулагч илүү нарийн деталь, жүжигчдийнхээ чадвар, диалогт тулгуурлан хошин өнгө аяс бүтээдэг.

Энэ үед мөн хүүхэд, залуучуудад зориулсан үлгэрийн сэдэвтэй, хүүхэлдэйн кино кино урлагийн нэгэн том, бие даасан төрөл болж эхэлсэн. Хүүхэд залуучуудын кино нь ямар ч төрлийн байсан танин мэдэхүйг хөгжүүлэхийг зорьдог, бие бялдар, оюун ухааны хөгжлийг хөхүүлэн дэмждэг байсан нь “Гурван найз”, “Толбот хивс”, “Агуйн нууц” зэрэг кинонуудаас харагдана. Мөн ардын аман зохиол, үлгэр домгийг зохиолоо болгон үлгэрийн сэдэвтэй кинонууд хийж эхэлсэн нь манай кино урлагийн зураглаач, зураач нарын чадвар өндөр түвшинд хүрсэн байсныг харуулна. “Бушхүүгийн үлгэр”, “Ховдгийн гай”, “Алтан өргөө” зэрэг том хүн ч сонирхон үзэж, хуруун чинээхэн хүн байдгаа гэж гайхаж байсан нь зураглаачдын гавьяа юм. Мөн баримлын шавраар хөдөлгөөнт зураг аван кино хийж “Хоёр найз” гэсэн анхны хүүхэлдэйг гаргасан нь зураглаач, эвлүүлэгчийн хувьд том дэвшил болсон. Үүнээс онцлох кино гэвэл ХБНГУ-тай хамтарч хийсэн “Алтан өргөө”. Зөвхөн зураглал нь тухайн үедээ хүмүүсийг гайхуулснаар барахгүй, хөгжим нь олны таашаалд нийцэж, олон улсын наадмын шагналууд авч байжээ.

ТӨГСГӨЛ

1990-ээд оноос Ардчилсан хувьсгал ялж, Монгол улс социалист дэглэмтэй улс байхаа больсон. Мэдээж уран бүтээлчид өмнөх үеийнхэн нь юу юунаас илүүтэй хүсч байсан уран бүтээлийн эрх чөлөөг олж авсан боловч кино урлагийг дэмжин хөгжүүлэх төвлөрсөн бодлого алдагдаж, зөвхөн хотод төвлөрөн, киног үзүүлэх сүлжээ алга болж эхэлсэн учраас 1990-2000 оныг Монголын кино урлагийн уналтын үе гэж нэрлэж бүрэн болно. Киноныхоо зохиолыг өгөөд батлуулж чадвал төсвөө асуудалгүй гаргуулчихдаг байсан уран бүтээлчид маань энэ тусламжаа алдан, өөрсдөө төсвөө босгож, орлогоо олохын тулд ихэвчлэн бизнесүүдээс тусламж хүсч байсны улмаас 90 минутын реклам гэмээр кинонууд олширсон. Гэсэн хэдий ч чөлөөт зах зээлд дасахын хэрээр манай уран бүтээлчид хэрхэн кино шиг кино хийгээд, ашиг орлоготой ажиллахаа ойлгож эхэлжээ.


Нийтлэлийг бичсэн: Г.Сайнбилэг

30815   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya

Нийтлэлд оролцсон:

Г.Сайнбилэг




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.