Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 25, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Hubba Thailand дундын оффисийн үүсгэн байгуулагч, энтрепренер Амарит Кароенфан

Ярилцлагын ээлжит дугаараар бид Тайландын хамгийн том дундын оффис HUBBA-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Амаритийг танилцуулж байна. Тус дундын оффис нь одоогоор 10 салбартай, 12,000 гаруй гишүүдтэй бөгөөд жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байгаа  юм. Тэрээр мөн Тайландын технологийн салбарын тэргүүлэх медиа Techsauce-ийг хамтран үүсгэн байгуулжээ. Forbes Asia-ийн нэр хүндтэй "30 хүртэлх 30" жагсаалтад багтаж байсан Амарит өнгөрөгч 5-р сард Coworking Mongolia Unconference чуулганд хүрэлцэн ирж, дундын оффис эрхлэгчид болон залуу энтренерүүдэд туршлагаа хуваалцсан билээ.

Байршил: Тайланд, Бангкок
Эрхэлдэг ажил, албан тушаал: Hubba дундын оффисийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Tech Sauce Media-ийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7S, Xiaomi
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13'
Сошиал хуудас: @AimAmarit (твиттер), Amarit Charoenphan (ЛинкэдИн)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний ажлын 30 хувь нь уулзалт, 30 хувь нь компанийн дотоод үйл ажиллагаа, 40 хувь нь шинэ төслүүдэд зарцуулагддаг. Өглөө би түгжрэлтэй цагийг өнгөрөөн ажилдаа яаралгүйхэн очдог. Даваа гарагийн өглөө хурал хийж өнгөрсөн 7 хоногт хийсэн зүйлс болон шинэ 7 хоногт хэрхэхээ ярилцдаг. Мөн 7 хоногтоо нэг удаа санхүүгийн, хоёр долоо хоногтоо нэг удаа хүний нөөцийн хурал хийдэг.

Дундын оффис ажиллуулна гэдэг амар бизнес биш. Хүмүүсийн урсгал тасрахгүй, өдөр бүр арга хэмжээтэй. Өдөр маш олон уулзалт хийдэг. Миний хувьд яг төвлөрч суух, бичиг цаасны ажлаа хийх нь орой 19 цагаас хойш байдаг. Ер нь би оройн цагаар ажилладаг арга барилтай.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажилдаа ирж очих замдаа ном уншина, мэдээ харна. Blinklist аппаар номын тойм уншдаг. Баг дотроо бид Facebook Workplace апп-ийг ашигладаг. Хүмүүс фэйсбүүкийг яаж ашиглахыг сайн мэддэг болохоор амар байдаг юм. Мөн Taskworld-ийг ажил, төслийнхөө явцыг хянахад ашигладаг. Дундын оффисийн гишүүд, коммунити маань Hubba Connect-оор хоорондоо холбогддог.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хэд хэдэн юм хэлж болох юм. Эхнийх нь value буюу үнэ цэн үүсгэх, бүтээх зүйлсийг байнга эрэлхийлэх. Хүн олон юм хийдэг, гэхдээ тэр дундаас илүү үнэ цэнтэй зүйлсийг ялгаж хардах байх хэрэгтэй.

Маш олон хүнтэй уулздаг учраас Calendly-г ашиглан цагаа тохирдог нь ихээхэн ажил хөнгөвчилдөг. Бас онлайнаар дуудлага хийж дадсан маань их цаг хэмнэж байгаа. Тэгэхгүй бол дандаа биеэр уулзана гэдэг цаг, мөнгөний дайсан шүү дээ. Мөн шөнө орой нэлээн сууж ажилладаг болохоор Gmail-ийн Boomerang нэмэлтээр бичсэн имэйлийнхээ цаад хүндээ очих цагийг тохируулдаг.

Бас бусадтай уулзах эсэхээ шийдэхдээ 3 зүйлийг хардаг. Хэрвээ би зөвлөгөө өгч чадахаар байвал, эсвэл шийдвэр гаргаж болохоор байвал, эсвэл ямар нэг хэрэгтэй мэдээлэл авч чадахаар байвал л уулзахаар шийддэг дээ. Эдгээрийн аль ч биш үед, бас манай баг дотор тухайн сэдвийг надаас сайн мэдэх хүн байвал уулздаггүй.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Өсөж яваа компанийн гүйцэтгэх захирал бүх л юмны зах зухаас хийх ёстой болдог. Гэхдээ мэдээж зөвхөн өөрийн сайн хийж чадах зүйлс дээрээ л төвлөрөх ёстой. Миний хувьд брэндийнхээ элч байж, түншлэл тогтоохдоо, бас чадварлаг хүмүүсийг элсүүлэхдээ, дараагийн "том" зүйлийг олохдоо өөрийгөө дажгүй сайн гэж бодож байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Байнга шинэ санаатай, чадварлаг хүмүүстэй уулзаж, аялж, суралцаж явдаг нь сайхан байдаг. Бидний хийдэг ажил бол үндсэндээ бусдад илүү ихийг хийж бүтээхэд нь туслах явдал шүү дээ.

Нөгөө талаас түрүүнд хэлсэнчлэн амархан ажил биш. Байнга шинэлэг, бүтээлч байх ёстой, тасралтгүй ажиллах ёстой.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Hubba маань хөрөнгө босгож байгаа. Ер нь хөрөнгө босголт бол миний мэргэшиж буй зүйлсийн нэг. Энэ ажил дээр төвлөрч байна.

Ер нь өсөлтийн шатандаа яваа компанийн CEO компанийн систем, соёлын тухай их бодох ёстой. Шинэ хүмүүсийг авлаа гэхэд тэр хүмүүст бэлэн төлөвлөгөө, стратеги, нөөц байна уу, компанийн соёл тодорхой, орчин уур амьсгал таатай байна уу гэдэгт анхаарах учиртай. Энэ соёлыг бий болгохоор хичээж байгаа.

Манай компани Hoshin Kanri хэмээх Японоос гаралтай стратеги төлөвлөлтийг аргыг ашигладаг. Энэ нь компанийн гол зорилгыг тодорхойлоод, тэндээс багууд өөр өөрсдийн зорилгыг тодорхойлдог арга юм. Энэ аргыг ашигласнаар хүн бүр компани болон бусад баг хэлтсүүдийн талаар маш сайн ойлголттой, хаашаа явж байгаагаа сайн мэддэг болдог. Бид 3 сар тутамд стратегийн уулзалт хийж, хагас жил тутамд компаниараа retreat буюу зугаалгаар явж ажлаа дүгнэдэг.

Мөн бизнес моделио хэрхэн байнгын өсөлттэй модель болгох гэдэгт төвлөрч байна. Hubba-ийн дараагийн хувилбар ямар байх вэ? Үүнийг тодорхойлохын гүйцэтгэх захирал хүн бодож сэтгэх чөлөөт цагтай байх ёстой. Учир нь CEO хэтэрхий завгүй, өдөр тутмын ажилдаа дарагддаг байвал холыг харж чадахгүй.

Энэ мэт шалтгааны улмаас манайх хүний нөөцийн албаа эрт байгуулсан. Ихэнх компаниуд нэлээн томорсон үедээ байгуулдаг л даа. Бид хэд хэдэн байршилд үйл ажиллагаа явуулдаг, дээр нь хүнтэй холбоотой асуудал хэзээ ч дуусдаггүй учраас ийм шийдвэр гаргасан. Захирал нь өөрөө бүхнийг хийгээд яваад байж болохгүй.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Хааяа ажиллаж байхдаа хөгжим сонсоно оо. Энерги хэрэгтэй үед хип хоп хөгжим сонсдог. Thaitanium гээд Тайландын рэп хамтлагт дуртай. Мөн Бруно Марс, Жон Майерийг сонсох дуртай. Заримдаа бас аялгуулаг зөөлөн хөгжим сонсож амарна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Blinklist-ээр номын тоймууд уншдаг. Ер нь ажил дээр асуудал гарсан үед бизнесийн номуудаас шийдэл хайж, түүнийгээ ашиглах дуртай. The Hard Things about Hard Things зэрэг бизнесийн номуудыг нэлээн хардаг.

Гэхдээ танай уншигчдад Big World, Small Planet хэмээх уур амьсгалын өөрчлөлтийн талаарх нэгэн гайхалтай бүтээлийг санал болгоё. Уур амьсгалын өөрчлөлт бол өнөөгийн цаг үеийн хамгийн том сорилт, шийдэх ёстой асуудал. Хүн бүрийн хийж буй зүйлс уур амьсгалын өөрчлөлтөд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа. Одоо хүн төрөлхтөн амьдрах хэв маягаа өөрчлөхгүй бол болохгүй цаг үед ирээд байна. Нөгөө талаас энтрепренерүүд маш их боломжууд гарч ирсэн гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүч, тээвэр гээд маш олон салбарт эерэг нөлөөтэй зүйлсийг хийх боломж байна. Hubba ч гэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой зүйлсийг хийхийг хүсэж байгаа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө хоёр цагт унтаад өглөө 8 цагт босдог. Заримдаа шөнө 4 хүртэл суух нь ч бий.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Миний хувьд өөрийн хоббиг ажилтайгаа уячихсан хүн. Ажиллаагүй цаг үе гэж хэлэхэд хэцүү. Би дундын оффисууд, гарааны компаниудын оффисоор зочилж, төрөл бүрийн уулзалт, цуглаануудад очих дуртай. Энэ нь ажил ч, амралт ч болдог байх.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Сонирхолтой, урам зориг өгөх түүх, үйл явдлуудаас. Ямар ч хэлбэрээр байж болно. Чуулган конференц дээрх яриа, TEDTalk, Goalcast дээр гардаг түүхүүд гээд л. Эдгээр нь юу туулж ирснийг маань, бас юу хийх ёстойг маань, ер нь амьдрал богино гэдгийг сануулдаг. "Маргааш би байхгүй боллоо гэхэд компани маань цааш асуудалгүй үргэлжлэх үү?" гэж би өөрөөсөө асуудаг. Компаниа өөрөөсөө хамааралгүй болгох нь миний зорилго гэж болно.
Мэдээж Ричард Брэнсон, Марк Зукербег, Элон Маск зэрэг гайхалтай зүйлсийг бүтээж буй хүмүүсээс урам зориг авдаг. Бас хэт том ч биш, хэт жижиг ч биш зүйлсийг бүтээж буй, чанартай юм хийж бүтээдэг энгийн хүмүүсийн түүхийг мэдэх дуртай. Явж явж, компанийн зорилго гэдэг чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ л гаргах шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би 25-тайдаа Hubba-г байгуулж байсан. Тухайн үед ёстой "Дэлхийг эзэлнэ" л гэж боддог байлаа. Компаниа томруулж, мөнгө босгож, олон ажилтантай болоод, өөрөөрөө бахархахыг хүсдэг байсан. Мөнгө олох ёстой, бусдаас урьтаж компаниа томруулах ёстой гэж өөрийгөө шахаж хүчилдэг байсан маань эрүүл бус хандлага байв. Үүнээс болоод их стресстдэг, энергиэ шавхдаг байсан. Угаасаа юмс төсөөлж байснаас чинь амархан байна гэж үгүй, төлөвлөгөө буруутах, хүмүүс урмыг чинь хугалах магадлалтай шүү дээ.
Сүүлийн жилүүдэд харин нэгэн шинэ уриатай болоод байгаа нь Slow is smooth and smooth is fast.

Ялангуяа технологийн ертөнцөд, хурдан хөдөл, одоо байгааг нурааж шинийг бүтээ, мөнгө босго, олон хэрэглэгчтэй бол гэх мэтээр зөвлөдөг шүү дээ. Гэвч гарааны компанид өсөж хөгжих, алдаа гаргах, багаараа хэрхэн сайн ажиллахыг суралцах хэрэгцээ байдаг. Хөлбөмбөгийн багтай л адил. Өөрийн дуртай Ливерпүүл багаар жишээ авъя л даа. Ливерпүүл 20 гаруй жил лигийн аварга болоогүй. Гэхдээ жил бүр л шинээр эхэлж, илүү хичээж, дасгалжуулагчаа сольж, багийн тоглолтоо өөрчилж, ер бүх л зүйлсээ өөрчилж байгаа. Энэ процесс тийм хурдтай явахгүй байгаа ч дотоод зөрчлөө арилгаж, үүрэг хариуцлагаа зөв хуваарилж, харилцаа холбоогоо сайжруулаад явбал цагийн аясаар ажил хялбаршиж, энгийн болно. Хүмүүс гол зүйлээ хурдан хийдэг болно. Бид одоо яг ийм л философиор ажиллах болсон. Энэ бол стартап ертөнцийнхний заадгийн яг эсрэг зүйл. Гүй, гарч очоод болохгүйг нураа, тэгээд зас гэдгийн эсрэг. Яагаад гэвэл иймэрхүү арга барил нь дахин дахин бүтэлгүйтэх үед багт маш хүнд тусдаг. Товчоор хэлбэл, гарааны компани заавал дэг журамгүй, удирдахад хэцүү байх албагүй. Компанийг сайн удирдаж, хүн бүр баяртай байгаа цагт харин үйл ажиллагаагаа тэлэх, томруулах нь хялбар байх болно.

ЗАЛУУ ЭНТРЕПРЕНЕРҮҮДЭД ХАНДАН НЭГ чУХАЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Тууштай байгаарай. Яг л Walking Dead-ийн зомби нар шиг, Game of Thrones-ийн Вайт Волкерууд шиг. Стартап болгон бүтэлгүйтэх жамтай гээд ойлгоход ч буруудахгүй. Үүсгэн байгуулагчид тэгэхээр болгож бүтээхийн тулд ямар нэг юм л хийх ёстой. Өөртөө итгэхээ болих үед, хүсэл эрмэлзлээ алдах үед, асуудлыг инновацилаг байдлаар шийдэхээ болих үед компани чинь "сөнөх" болно. Зорьсон чигтээ харж, тууштай явсаар л, өөртөө итгэсээр л, явц дундаа туршлагажсаар л байх хэрэгтэй гэж захья даа. Амжилт олсон ч, олоогүй ч, энэ бол чухал.

56990   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.