Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 29, 2018

7 хоногийн тойм: Ангарагийн нуур + Фэйсбүүкийн уналт + Биткойны сэргэлт

Ковер зургийн тайлбар: Ангараг гарагаас ус олдов.

ДЭЛХИЙ ДАХИНД

Италийн Астрофизикийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг Ангараг гараг дээр ус байх магадлалтай болохыг нотлох ул мөрийг илрүүллээ. Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны баримтаас үзэхэд тэд Ангаргийн өмнөд туйлд 1.5 км зузаан мөсөн дор ус шингэн хэлбэрээр оршин буйг тогтоосон байна. Усны эзлэх талбайн өргөн нь 19 км бөгөөд амьд биет-микро организм байгаа эсэхийг тогтоох нь дараагийн алхам хэмээн мэдэгджээ. "Улаан нүдэн гараг"-ийн агаарын дулаан -68 хэм ч мөсний даралт болон уусмал давс нь усыг хөлдөхөөс сэрэмжилдэг байж болох юм гэж эрдэмтэд таамаглаж байгаа гэнэ.

Wired: Бид Ангаргаас ус оллоо. Дараагийн алхам юу вэ?

1950-53 оны хооронд Солонгосын хойгийн дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн шарилыг Хойд Солонгосын тал АНУ-д хүлээлгэн өглөө. Сингапурт болсон 2 улсын удирдагчдын уулзалтын үеэр Ким Жон Уны амласны дагуу эхний ээлжинд 55 шарилыг БНСУ-д авчирсан байна. Солонгосын дайнд нийт 7700 гаруй америк цэрэг "амь насаа алдсан" хэмээн бүртгэгдсэн байдаг бөгөөд 5300 цэргийн шарил Хойд Солонгост байгаа хэмээн үздэг юм.

Нэгэн үе 20 мянган доллараар үнэлэгдэж байсан ч он гарснаас хойш үнэ нь эрс унаад байсан биткойны ханш энэ долоо хоногт аажмаар өссөөр 8000-ыг давлаа. Сүүлийн 24 цагт 6.5 тэрбум доллартай тэнцэх арилжаа хийгдэж, топ 100 криптовалютын дийлэнх нь өссөн нь энэ зах зээл эргэж сэргэж эхэлж буйн шинж хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

212 сая хүн амтай Пакистан улсын сонгуульд крикетийн домог Имран Ханы нам ялалт байгууллаа. Популист үзэл баримтлал, хэв маягаараа Пакистан Трамп гэгдэх Ханы үүсгэн байгуулсан PTI нам 270 суудлын 115-ыг нь авсан юм. 1992 онд Крикетийн дэлхийн аварга авсан багийн ахлагчаар тоглож байсан Хан ийнхүү тус улсын ерөнхий сайдаар ажиллах боллоо.

Тусгаар тогтнолоо зарласан 1980 оноос хойш ганцхан удирдагчтай байсан Зимбабве улс шинэ төрийн тэргүүнээ сонгох сонгуулиа эхлүүллээ. Өнгөрсөн жил Р.Мугабег албан тушаалаас нь буулгасан тэд анх удаа Мугабе гэсэн нэргүй саналын хуудсыг бөглөх болно. Мугабе өөрийнх нь үүсгэн байгуулсан намаас нэр дэвшигч, өөрийнх нь гол залгамжлагч гэж тооцогдож байсан Э.Мнангагваг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн нь шуугиан тарьжээ.

Пакистан улс шинэ тэргүүнээ сонголоо

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Байгуулагын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч апп Slack гол өрсөлдөгчид болох HipChat, Stride-ийг худалдан авлаа. Ингэснээр 2019 оны 2-р сарын 15 гэхэд тус платформуудын үйл ажиллагаа бүрэн зогсох бөгөөд бүх оюуны өмч нь Slack-д шилжих юм. Тус апп-уудыг эзэмшигч Atlassian стратегийн хөрөнгө оруулалтыг Slack-д хийж байгаагаас гадна бүх хэрэглэгчдээ Slack руу шилжүүлэх аж.

Google Сан Франциско хотноо Cloud Next арга хэмжээгээ явууллаа. Клоуд үйлчилгээтэй холбоотой шинэ нэмэлтүүдээ танилцуулсан тэд энэ үеэр Google Drive 1 тэрбум хэрэглэгчтэй болсныг зарлав. Ингэснээр Google-ийн 8 үйлчилгээ нь тэрбумаас их хэрэглэгчтэй болж байгаа гэсэн үг юм. Эдгээр 8 үйлчилгээнд нь Gmail, Chrome, Maps, Youtube, Android, Search, Play Store багтдаг билээ. Ташрамд дурдахад, Cloud Next-ийн үеэр Google Docs эхийн дүрмийн алдааг шалгагчтай болсныг мэдэгджээ.

Ажил мэргэжлийн хамгийн хүчирхэг сүлжээ Linkedin аудио дуудлага хийх нэмэлтийг танилцууллаа. Тэд ихэнх хэрэглэгчид нь цаг зав багатай байдаг учир шууд дуут шуудангаар хоорондоо харилцах сонирхолтой байна хэмээн үзэж буй нь энэ. Microsoft-ийн эзэмшдэг тус сошиал сүлжээ 562 сая гишүүнтэй билээ.

Youtube гар утасны апп-даа Explore буюу эргэн тойронд хамгийн эрэлттэй буй видеонуудыг санал болгодог нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Энэ нь тэдний контент бүтээгчдийг дэмжиж, алдаршуулах дэс дараат хөтөлбөрийн нэг хэсэг байх аж.

Э.Маскийн санаачилсан тээврийн шинэ хэрэгсэл болох учиртай Hyperloop хурдны дээд амжилтаа эвдлээ. SpaceX-ээс их сургуулиудын дунд явуулдаг уламжлалт тэмцээний үеэр Мюнхений Технологийн Их Сургуулийн баг 457 км/цагийн амжилтыг бүртгүүлж, 3 дахь жилдээ дараалан түрүүлжээ. Өмнөх дээд амжилт нь 323 км/цаг байсан гэнэ.

Фэйсбүүк Watch Party нэртэй шинэ нэмэлтээ группүүдэд зориулан гаргалаа. Watch Party-ийн тусламжтайгаар группийн админ нь гишүүддээ зориулан нэг болон цуврал видеог санал болгож, улмаар бүгд нэгэн цагт нэгэн зэрэг үзэн, сэтгэгдэл бичин хэлэлцүүлэг үүсгэх боломжтой болох юм.

Видео партинд явахад бэлэн үү?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхий даяар 2.5 тэрбум хүн ядаж нэг апп-ийг нь хэрэглэж буй гэх Фэйсбүүкийн өсөлт анх удаа буурч, хувьцааны үнэлгээ нь нэг өдрийн дотор 19.6 хувиар буурчээ. Энэ нь тэдний зах зээлийн үнэлгээ 506.2 тэрбум доллар болж буурч, 123.4 тэрбум долларыг алдсан гэсэн үг юм. Америкийн түүхэнд нэг өдрийн дотор ингэж үнэ цэнээ алдсан тохиолдол өмнө нь гарч байсангүй. Харьцуулж үзвэл биткойний нийт үнэлгээ 141 тэрбум доллар, Нетфликсийн үнэлгээ 158 тэрбум доллар, Твиттерийнх бүр 33 тэрбум доллартай тэнцүү байдаг. Хэдий тэдний 5 тэрбум долларын ашиг нь өнгөрсөн жилийнхээс 43 хувиар өссөн үзүүлэлт болсон ч дараагийн улирлуудад өсөлт буурах хандлагатай байгаа, мөн хэрэглэгчид ердөө 1.3 хувиар өссөн нь өмнөх улирлуудтай харьцуулахад бууралттай байгаа зэрэг шалтгаанууд уг уналтанд нөлөөлсөн аж.

Тэгвэл Твиттерийн хувьцааны үнэлгээ ч энэ долоо хоногт бараг 20 хувиар буурсан байна. Өнгөрсөн улиралд 100 сая долларын ашигтай ажилласан нь дээд амжилт болсон ч 1 сая хэрэглэгчээ алдсан нь ийм дүнд хүргэжээ. Твиттер сүүлийн үед хуурамч аккоунт илрүүлж, устгах талаар нухацтай арга хэмжээ авсаар байгаа юм.

Өнгөрсөн улиралд IPO гаргаж, нээлттэй компани болсон хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Spotify 180 сая хэрэглэгчтэй болсон байна. Үүний 83 сая нь төлбөр төлдөг хэрэглэгчид бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ орлогын хувьд тогтворжиж чадахгүй байгаа тэд нийт 394 сая долларын алдагдалтай ажиллаж байгаа гэнэ.

Эвент төлөвлөх үйлчилгээ үзүүлэгч Eventbrite энэ оны сүүлээр IPO хийх хүсэлт гаргалаа. Гэр бүлийн хосуудын үүсгэн байгуулсан уг компани сүүлийн 12 жилд дэлхийн 180 оронд 10 тэрбум долларын тасалбар борлуулалт хийгээд байгаа аж.

Норвегид төвтэй ч саяхан хятад эзэдтэй болсон веб броузер Opera амжилттай хувьцаагаа гаргаж, нээлттэй компани боллоо. Тэд нэгж хувьцаагаа 12 доллараар үнэлэн 115 сая долларыг босгосон байна. Opera-г 180 сая хэрэглэгч сард дор хаяж нэг удаа ашигладаг гэнэ.

Монголын шилдэг стартапуудын нэг LendMN-ийг хөгжүүлэгч AndGlobal компани Rakuten Accelerator хөтөлбөрт тэнцлээ. Японы тэргүүлэх технологийн компани, Viber чат апп-ыг эзэмшигч Rakuten-ий Techstars-тай хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт оролцсоноор тэд 120 мянган долларын санхүүжилттэй болж буй. Мөн Viber-ийн тэрбум хэрэглэгчтэй экосистемд бүтээгдэхүүн, шийдлээ санал болгох боломжтой болж байгаа нь энэ юм.

Фэйсбүүкийн уналт хөрөнгө оруулагчдыг айлгав

Спортын ертөнцийн эргэн тойронд

Токиогийн олимпийг зохион байгуулах хороо 2020 оны наадмын нүүр царай-маскотыг зарлалаа. Өнгөрсөн 2-р сард сургуулийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар тодорсон супер хүч чадалтай дүрүүдийн нэр нь Miraitowa, Someity байх аж.

Польшийн уулчин Андрей Баргиел дэлхийн 2 дахь өндөр оргил К2-оос цанаар буусан анхны хүн боллоо. 30 настай Баргиел гурван өдөр хагасын турш 8611 метрийн өндөрт авирч, улмаар 7 цагийн дотор уруудсан байна. Тэрээр өнгөрсөн жил мөн оргилыг эзэлж, цанаар буух оролдлого хийсэн ч цаг уурын таагүй нөхцлийн улмаас бүтэлгүйтсэн аж. Өнгөрсөн долоо хоногт манай уулчин Б.Гангаамаагийн гарсан К2 оргилыг анх эзэлсэн 1954 оноос хойш ердөө 300 гаруй уулчин л амжилттай давсан байдаг билээ.

Гольфийн ертөнцийн жил бүр зохиогддог хамгийн гол тэмцээнүүдийн нэг Британийн нээлттэй тэмцээн өнгөрсөн долоо хоногт явагдаж, ялагчаар Италийн Ф.Молинари тодров. Тэмцээний эцсийн мөч хүртэл 5-7 тамирчин цомын төлөө өрсөлдсөн ч Т.Вүүдсийн эргэн ирэлт хамгийн онцлох мэдээ болсон юм. Сүүлийн тойргийн дунд хэсэгт хүснэгтийг тэргүүлж байсан Вүүдсийн ачаар тус тэмцээн 2000 оноос хойших хамгийн их хүн зурагтаар үзсэн тэмцээн болжээ. Хамгийн сүүлд 2008 онд их дуулгад түрүүлсэн Вүүдс энэ тэмцээнд 6-р байрт орсон юм.

Германы хөлбөмбөгийн шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг Мэзут Өзил шигшээ багаа орхиж байгаагаа зарлалаа. Үүнийгээ тэрээр нээлттэй захидлаар мэдэгдэж, Герман дахь ялгаварлан гадуурхалт, холбооны хариуцлагагүй байдлын талаар сэтгэгдлээ илэрхийлсэн нь ихээхэн шуугиан тарив. ДАШТ-ий өмнө Туркийн ерөнхийлөгч Р.Эрдогантай зураг авахуулсан хэмээн буруутгагдаж, хэсгээсээ ч шалгарч чадаагүй багийн гол буруутан хэмээгдэж байсан Өзил Германы төлөө 92 тоглолтонд оролцож, 23 гоол оруулж байсан билээ. "Хожвол би Герман, хожигдвол би цагаач болдог" гэсэн үгс нь зөвхөн хөлбөмбөг сонирхогчдын дунд гэлтгүй дэлхий даяар томоохон хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Дугуйн спортын хамгийн алдартай тэмцээн Тур де Францын ялагч тодорлоо. 105 дахь удаагийн тэмцээн 21 гарааны турш 3 мянга гаруй км-ийн зайд үргэлжилж, Их Британийн дугуйчин Ж.Томас анх удаа ялагчаар тодорлоо. Британи сүүлийн 7 жилд 6 дахь удаагаа энэ тэмцээнд тэргүүлж буй нь энэ. Ж.Томас ардаа орсон Нидерландын Т.Димулинээс 1 минут 51 секундээр илүүрхжээ. Сонирхуулахад тус тэмцээний шагналын сан 2.7 сая евро байдаг бөгөөд ялагч нь 500 мянган еврог хүртэх аж.

Танилц, #Miraitowa & #Someity!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Биелэгдэшгүй даалгавар цувралын 6-р анги Fallout дэлхий даяар нийт 153.5 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Америкт 61.5 сая долларын орлого олсон нь франчайзын дээд амжилт болсон байна. Тус цувралын өмнөх 5 анги нийт 2.7 тэрбум долларын борлуулалтыг хийгээд байгаа ажээ.

Нетфликс Nike-ийг үүсгэн байгуулагч Фил Найтын намтраар кино бүтээх боллоо. Түүний бичсэн Shoe Dog буюу Пүүзэнд дурлагч ном нь 2016 онд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлсээр байгаа юм. Сонирхуулахад Фил Найтын хүү Трэвис Kubo and the Two String анимэйшнийг бүтээж байсан аж.

Эгнээндээ Discovery, Food Network, Travel Channel, Eurosport зэрэг аялал, өдөр тутмын амьдралын хамгийн шилдэг сувгуудыг нэгтгэсэн Discovery Inc өөрийн гэсэн видео стриминг платформыг нээх гэж байгаагаа зарлалаа. Тэд өөрсдийнх нь контент гэр бүлүүдийн хамгийн эхний сонголт болж, бусад өрсөлдөгчдөөсөө ялгарна гэж итгэж байгаа юм.

2019 оны 12-р сарын 20-нд нээлтээ хийх "Оддын дайн" цувралын шинэ анги Star Wars Episode IX жүжигчдийн нэрсээ зарлалаа. Эдгээрээс хамгийн онцлох нь цувралын гол жүжигчдийн нэг К.Фишер байв. 2016 онд таалал төгссөн алдарт жүжигчин өмнөх ангид зориулан нэмэлт бичлэг хийсэн байсныг түүний дүрийн түүхтэй холбон, төгсгөл хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ж.Ж.Абрамсын найруулан гаргах тус кинонд гол дүрийн жүжигчид бүгд эргэн ирэх аж.

Биелэгдэшгүй даалгаварт бэлэн үү?

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Virgin Galactic-ийн туршилт дээд амжилт тогтоолоо
PetaPixel: Nikon шинэ камераа зарлалаа
TNW: Ford 4 тэрбум долларыг жолоочгүй машины технологид зарцуулна
The Verge: Tesla-ийн брэндийн сюрфборд 1500 долларын үнэтэй!
MSN: Венесуэл улс таван тэгийг мөнгөн тэмдэгтээсээ хаслаа
Ikon: Турк багшийг "барьцаалсан" гэх хэргийн эргэн тойронд (Live блог)
CNN: Индонеийн газар хөдлөлтөнд 14 хүн амиа алдав
Vox: #MeToo Хятадад!
BBC: Камбожид эрх баригч нам ялалт байгуулав
Reuters: Долоо хоногийн онцлох гэрэл зургууд

14382   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.