Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   07 сарын 23, 2018

Онцлох бүтээгдэхүүн: "Тэрбумтан" хөлөгт тоглоом - Санхүүгийн эрх чөлөөнд хөтөлнө

Санхүүгийн эрх чөлөөнд хүн бүр л хүрэхийг хүсдэг. Хүссэнээрээ үрсэн ч хэзээ ч дуусахгүй мөнгө, хэрэглээд ч, хэмнээд ч хаана ч очсон байж л байх хөрөнгийг хүн бүр нууцхан эрэлхийлсээр байдаг. Тэгвэл өнөө цагийн бизнесийн акулуудын өгдөг хамгийн наад захын зөвлөгөө юу гээч? “Эхлээд энэ тоглоомыг тоглоод хождог болчих...” Тэрхүү тоглоомын нэг жишээ бол "Тэрбумтан" маягийн хөлөгт тоглоом юм. Багадаа тоглож өссөн адил төрлийн хөлөгт тоглоомуудтай зарчим нь ижилхэн боловч энэ удаа илүү боловсронгуй болж, санхүүгийн боловсролд томоохон нэмэр болж чадахуйц хэмжээнд хүрчээ. Ингээд энэ сарын эхээр нээлтээ хийсэн уг тоглоомыг танилцуулъя.

Бүтээгдэхүүний нэр: Тэрбумтан – Хөлөгт тоглоом
Үйл ажиллагааны чиглэл: Монгол контент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он
Үүсгэн байгуулагч: Мвент ХХК, Ковэнт ТМ ХХК
Сошиал хуудас: Тэрбумтан - хөлөгт тоглоом
Борлуулалтын цэгүүд: Мабу арал тоглоомын дэлгүүр салбар 1, 2
Тун удахгүй: Номин, И-март сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдана.

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Бага насны хүүхдийг тоглоомоор дамжуулан хүмүүжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Ер нь зөвхөн бага насны гэлтгүй бүх насны хүнд хамаатай зүйл. Дэлхийн бусад улс орны жишээг харвал эдийн засгийн боловсрол олгох, анхны тусламжийн тухай ойлголт өгөх гэх зэрэг ач холбогдолтой тоглоомууд цөөнгүй байдаг. Харин Монгол улсын хувьд буу, машин, барби гэх мэт зүйлээр хязгаарлагдчихдаг.

Тэрбумтан – хөлөгт тоглоомын хувьд өнөөгийн зах зээл дээрх томоохон хөрөнгө оруулагчид болох Уоррен Ваффет, Жорж Сорос нарын зөвлөдөг тоглоомын нэг юм. Тэднээс маш олон хүн “Яаж ашигтай хөрөнгө оруулалт хийж сурах вэ” гэж асуухад “Эхлээд энэ тоглоомд хождог бол” гэж хариулдаг юм билээ. Учир нь энэ тоглоом хөрөнгийн зах зээлийн тухай бүхий л ойлголтыг хүнд маш тодорхой ойлгуулж чаддаг. Хүмүүс тоглохыг хүсдэг, хайдаг. Гэхдээ гадаадаас шууд оруулж ирэхэд 150-200 мянган төгрөгөөр зарагдана. Өөрөөр хэлбэл гадаад хэл дээр, өртөг өндөртэй авах болдог. Энэ бол асуудал шүү. Тиймээс л монгол хүмүүст, хүүхдүүдэд зориулан Тэрбумтан хөлөгт тоглоомыг хөгжүүлэхээр шийдсэн юм.

хамтрагчаа хэрхэн сонгож, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Тоглоомын бизнес гэдэг үргэлж шинэчлэгддэгийн дээр монгол хүүхдүүдэд илүү ойлгомжтой болгоход бэрхшээлтэй байдаг. Харин тоглоом хөгжүүлэгчдийн хувьд борлуулах суваг чухал шүү дээ. Мвент бол тоглоом хөгжүүлэлтийн компани, харин Ковэнт ТМ бол тоглоомын худалдааны компани юм. Хамгийн гол нь бидний зорилго зөвхөн тоглоом худалдаалах биш хэрэгцээтэй, шинэ төрлийн тоглоомыг таниулах, хүргэхэд оршиж байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд хоёр компани хувиасаа босгосон.

танай бүтээгдэхүүний онцлог, давуу талУУД? 

Тэрбумтан хөлөгт тоглоомын судалгаа болон хөгжүүлэлтийн ажил жил үргэлжилсэн. Ижил төрлийн тоглоомуудыг сул талыг илүү ашигтай болгож шинэчилснээрээ онцлогтой. Нарийн деталь хэсгүүдийг эерэг болгож өөрчилж өгснөөрөө давуу талтай гэж бодож байна.

Тэрбумтаныг хамгийн сайн илэрхийлэх үг бол “Санхүүгийн эрх чөлөөнд таныг хөтлөх хөлөгт тоглоом” юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үндсэн зарчмыг хүүхэд эндээс ойлгож чадна.

Жишээлбэл, тоглоомонд бид өнөөгийн Монголын зах зээлд байгаа бүх салбарыг эрэмбэлэн оруулж өгсөн. Үүнд худалдаа, хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, барилга, банк санхүү болон хамгийн том салбар болох уул уурхай зэрэг багтсан. Өнөөдөр Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хэчнээн хувийг уул уурхай эзэлж байгаа билээ гээд тэрбумтан тоглоомыг илүү амьдралд ойр байлгахыг хичээсэн.

Топ-100 аж ахуй нэгжийг тухайн салбарыг бүрэлдэхүүн хэсэгтэй нь шингээж өгсөн. Жишээ нь эрүүл мэндийн салбарын хамгийн том хэсэг бол эмнэлэг, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх төвүүд байдаг.

Тоглогч зөвхөн эмнэлгийг л хөгжүүлэх бус эрүүл мэндийн салбарыг тэр чигт нь хөгжүүлснээр амьдрал дээр ч, тоглоомон дээр ч тэрбумтан болох магадлалтайг эндээс сурч болно.

Ижил төрлийн тоглоомуудад тээвэр гэж байдаг. Тээвэр бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг мөн. Харин орчин үед бид интернэтгүйгээр, харилцаа холбоогүйгээр бизнесээ хурдан шинэчилж чадахгүй тул шуудан, харилцаа холбоо, интернэт, үүрэн телефон гэсэн хэсгүүдийг шигтгэж өгсөн.

Хамгийн онцлох зүйл буюу шинээр нэмэгдсэн хэсэг бол 30% карт. Аливаа зүйлд хөрөнгө оруулахдаа хамтран ажиллаж, хамт эрсдэл хүлээж, ашиг олоход суралцахын тулд 30% карт заавал хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, би хоёр карттай, та нэг карттай байгаад юу ч хийж чадахгүй байгаа тохиолдолд хамтран барилгын салбарын бизнесийг эхлүүлэх боломжтой гэсэн үг юм. Хүн зөвхөн ганцаараа амжилтанд хүрдэггүй. Байгаа зүйлээ нийлүүлж, нэгтгэн хамтран ажиллах нь хамгийн чухал юм.

Мөн шинээр нэмэгдсэн зүйл бол тогтоол болон томилгоо юм.Тогтоол бол төрийн байгууллагаас гаргадаг албан бичиг. Хэн ч юу ч гэсэн хуулийг даган биелүүлэх нь чухал. Тоглоомонд тогтоол гарсан л бол заавал биелүүлэх ёстой. “Албан томилолтоор явсугай” гэвэл заавал явна. Тогтоол учраас төгсгөл нь мөн –сугай, -сүгэй гэх мэт үгтэй байна.

Харин бусад тоглоомонд буй шорон гэсэн хэсэгт бид их эмзэглэдэг. Хүн буруу зүйл хийгээд ордог газар. Давхар бас муу гэсэн утгыг илэрхийлдэг бол тэрбумтанд энэ хэсэг “ТОМИЛОЛТ” болж өөрчлөгдсөн. Тоглоом өөрөө эхлэхдээ 1.5 тэрбум төгрөгтэй, нэг гараанаас хамтдаа эхэлнэ. Тоглоомын явцад зөв хөрөнгө оруулалт хийсэн хийгээгүйгээрээ ялгагдаад хүмүүс маань хасагдаад явдаг. Хасагдсаар байгаад хамгийн сүүлд үлдсэн нэг хүн ялагч болно.

Яагаад гэвэл, өнөөдөр тэрбум төгрөгтэй хүн л тэрбумтан бус, нийт орлого нь байнга нэмэгддэг бол тэр жинхэнэ тэрбумтан юм. Өөрөөр хэлбэл, орлого нь зарлагаасаа давж байвал санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэгдэнэ шүү дээ. Энд ямар хүн тэрбумтан болж байгаа вэ гэвэл, шидсэн шоо нь юун дээр ч буусан дампуурахааргүй олон бизнесийн орлоготой хүн л тэрбумтан болж байгаа юм.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Бид монгол хүүхдэд зориулсан, монгол агуулгатай олон зүйлсийг хөгжүүлэхээр хичээх болно. Тэрбумтан тоглоомын хувьд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглохдоо бодит амьдралтай холбон тайлбарлаж өгөх нь танин мэдэхүйн хувьд чухал.

Хүмүүс эхэлж тоглохдоо мөнгөө хадгалсаар байгаад хожигдож, зарим нь өгөөжгүй зүйлд хэт их хөрөнгө оруулалт хийг бүтэлгүйтдэг. Гол нь зах зээлийн зарчмыг ойлгох нь чухал юм. Хэзээ хөрөнгө оруулж, хэрхэн хадгалах ёстой вэ гэдгийг тоглогчид тоглоомын явцад суралцдаг. Одоо зах зээлийн нийгэмд санхүүгийн боловсролтой байхгүй бол хэцүү шүү дээ.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид юу ч хийсэн бай, өөрсдөө болон хэрэглэгчид бүгд хожих ёстой гэсэн зарчим барьдаг. Хэрэглэгч хэрэгтэй зүйлээ аваад сэтгэл хангалуун болох, эсвэл мэдлэгээ нэмэгдүүлэх зэргээр ямар ч байсан хожих хэрэгтэй. Борлуулалтын болон хөгжүүлэлтийн компани ч гэсэн ажил хийгээд ашиг олох хэрэгтэй.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Наймдугаар сард зах зээлд танилцуулах шинэ бүтээгдэхүүндээ төвлөрч ажиллаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Нэг талаараа тоглоомын хэрэгслүүдээ хийхэд нөхцөл байдал бүрдсэн байна. Уутыг нь хайрцагийг нь хийхэд л бид Монголдоо хийлгэж болж байна.Зөвхөн шоогоо л гадаадад хийлгэж авч ирсэн. Тэгэхээр монголд ийм зүйлийг хийхэд детал бүрийг хийх хүн хүч, үйлдвэр гээд ихэнх зүйл боломжтой болчихсон байна. Хэрэглэгчидийн хувьд ойролцоо үнэтэй гадаад тоглоом худалдаж авахаас илүү Монгол хүний хийсэн Монгол тоглоом бага зэрэг үнийн зөрүүтэй байхад Монголынхоо авъя гэсэн, дэмжие гэсэн хүсэлтэй болсон нь үнэхээр таатай юм.

Харин бэрхшээлтэй байгаа ганц зүйл нь бол урд хөрш бол дэлхийн үйлдвэрлэгчулс гэдгийг манайхан тэр бүр ойлгодоггүй. Хятадад үйлдвэрлэвэл уурладаг, Монголдоо хийхээр хамаагүй үнэтэй хийгддэг. Учир нь бид бүх түүхий эд, материалаа гаднаас авч түүн дээр нэмүү өртөг татвар гээд их зүйлс нэмэгддэг. Тэр бүх зардал шингэсэн зүйлээр хийх нь зардал өндөртэй байдаг.

Тиймээс тоглоомын хэрэгслүүдээ Монголд хийхээр өртөг нь өндөр болох гээд байдаг талтай. Өндөр үнэтэй зүйлийг хэрэглэгчид таашаадаггүй. Хэрэглэгчдийн зүгээс Монголдоо хийх ёстой гэж хэлдэг боловч нөгөө талаасаа хямдхан байх ёстой гэдэг зүйл дээр хавчигдаад байдаг.

ХЭРЭГЛЭГЧДИЙН сэтгэгдэл ямар байгаа вэ? 

Хүмүүс онгойлгож үзээд хүлээлтээс нь илүү байсан тул сэтгэл хангалуун байсан. Загвар хийц дизайн гоё болсон гэж их магтаж байна лээ.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

68021   8


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б. Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н. Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.