Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 21, 2018

Инамори Казүогийн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номын тухай

Саяхан эдийн засагч, нийтлэлч Дефакто Д.Жаргалсайхан гуайгаас "Таны ярилцлага авч байсан хүмүүсээс хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь хэн бэ?" хэмээн асуухад "Хоёр гурван хүн байдаг, нэг нь Инамори Казүо" хэмээн хариулж байсан юм. Тэр бол маш өндөр амжилтад хүрсэн хоёр ч компанийг үүсгэн байгуулсан, менежментийн ухаан, өвөрмөц арга барил, нийгмийн төлөөх хүчин зүтгэлээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, Японы алдарт бизнесмен билээ. Түүний "Passion for Success" номыг Эмос клубийнхэн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" нэрээр орчуулсан байдгийг өнөөдөр танилцуулъя. Энэхүү номд хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлж хөвчлөх, мөн амжилттай бизнесийг хэрхэн босгож удирдах тухай өгүүлэх бөгөөд эрхлэн гаргагчдын бичсэнчлэн, өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл (passion), хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг сануулдаг.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Зохиогч Инамори Казүо 1955 онд Кагошима Дээд сургуулийн инженерийн ангийг төгсөн Киотод ажил амьдралын гараагаа эхэлжээ. 1959 онд танилынхаа тусламжтайгаар 3 сая иений үндсэн хөрөнгөтэй "Киото Керамик" ХК-ийг (одоогийн Киосэра) байгуулсан нь эдүгээ Японд төдийгүй дэлхийд алдартай компани болж өргөжжээ. 1984 онд цахилгаан холбооны DDI компанийг байгуулан, төрийн өмчийн цахилгаан холбооны компани болох NTT-тэй өрсөлдөх хэмжээнд хүртэл хөгжүүлснээр улс хоорондын холбоо болон гар утасны зах зээл томоохон байр суурь эзлэх болсон байна. 2000 онд KDD, DDI, IDO зэрэг компаниудыг нэгтгэн KDDI-г байгуулжээ. Сонирхуулахад, KDDI нь манайд байгаа Мобиком корпорацийн хөрөнгө оруулагч юм.

НОМЫН ХЭСГЭЭС

Амьдралын үр дүн = Үзэл хандлага х Гал эрмэлзэл х Чадвар

Passion буюу Гал эрмэлзлийг тодорхойлох нь:
Profit
Ambition
Sincerity
Strength
Innovation
Optimism
Never Give Up

ГАЛ ЭРМЭЛЗЛИЙН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ 

Асуулт: Гал эрмэлзэл яагаад чухал юм болоо?
Инамори: Гал эрмэлзэлтэй байвал далд ухамсраас итгэмээргүй их хүч чадал ундран гардаг юм. Ердийн ухамсрын (ил ухамсар) түвшинд энгийн хүн гоц авьяастантай өрсөлдөх хэцүү. Харин далд ухамсар нь ил ухамсраас хэдэн арав дахин их хүч агуулдаг талаар олонх сэтгэл зүйчид санал нэгддэг. Байгуулагдаад удаагүй байсан үеийн Киосэра шиг жижиг компанид гойд чадварлаг ажилтнууд орж ирнэ гэдэг боломжгүй зүйл байв. Гэвч ердийн хүн ч гэсэн өөрийн далд ухамсрын хү чадлыг гаргавал гайхамшгийг бүтээж чаддагийг Киосэра харуулсан гэж боддог.

Асуулт: Гал эрмэлзлийн хүчийг яаж нээн нээн гаргах вэ?
Инамори: Жишээ нь, ажлаасаа халагдаад ар гэрээ яаж тэжээх вэ гэж толгойгоо гашилгаж байлаа гэж бодъё. Тэгээд гудамжинд зөөврийн мухлаг ажиллуулж, халуун зайдас заръя гэж шийдэж. Энэ тохиолдолд мэдээж уг худалдаанаас ашиг (Profit) гаргахыг л бодно.
Гэхдээ өөр ажил олдохгүй, аргагүйн эрхэнд зайдас зардаг боллоо гэж ялагдагчийн байр сууринаас хандаж болохгүй. Харин ч эсрэгээр өөртөө болон гэр бүлийнхэндээ урам зориг өгөх том мөрөөдөл, хүсэл цанхаатай (Ambition) байх хэрэгтэй. Нугаршгүй хүсэл мөрөөдөл, эрмэлзэлтэй байж, бие даасан бизнесмэн хүний ёсоор ирээдүй рүүгээ алхах ёстой билээ. Гэр бүл, найз нөхдөдөө өөрийн мөрөөдлийг ярьж, гадаа гудамжинд зайдас зарах нь яагаад миний хувьд бүх хүч чадлаа дайчлан хийхээр үнэ цэнэтэй зүйл юм бэ гэдгийг тайлбарлаж өгөх.

Мөрөөдөлтэй байхаас хулчийх хэрэггүй. Энэ нь танд зоригтой алхам хийхэд тусална. Мөрөөдөл мансуурах нь яавч муу юм биш. Харин уг мөрөөдөл тантай хамтран зүтгэх хүмүүсийн хувьд, чадвал нийгмийн хувьд ч үр ашигтай зүйл байх ёстой. Энд мөн хамгийн чухал нь үнэнч зан (Sincerity) юм. Бусдын өмнө гэлтгүй өөрийнхөө өмнө ч үнэнч байх нь чухал. Аливаад бодитой, реалистик хандлагатай байхын тулд үнэнч зан зайлшгүй хэрэгтэй.

Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ ургуулан бодож, загвар симуляц зохиох үе шатанд бодит хандлага чухал болж ирнэ. Энэ үед бодит зорилго, зорилтуудыг тодорхойлж, сэтгэлдээ тухайн зорилгод яаж хүрэхээ бодож тунгаана. Бидний жишээнд, машин худалдан авч түүнийг халуун зайдас зарахдаа ашиглана гэж бодож, яаж уг машинаа мухлаг болгон засах вэ гэдгээ бодох болно гэсэн үг.

Тэгээд зайдас шарах хийн халаагуур байрлуулж, хүйтэн ундааны төхөөрөмж байрлуулах хэрэгтэй. Мөн сайн зарагдахуйц газруудаар тэргээ барин явж байна гэж толгой дотроо төсөөлнө. Их сургуулийн дотуур байрны орчмоор ямар бол, барилгачид бужигнаж буй барилгын орчмоор яах бол, эсвэл өдрийн хоолоо идэхээр ирж буй хүмүүс миний үйлчлүүлэгч байх уу гэх мэт олон зүйлийг бодож төсөөлснийхөө дараа тэр газруудаар явж үзэн зорчигчийн хэмжээг тооцоолж, ажиглалт явуулан судалъя хэмээн бодно.
Түүний дараа тулгарч болох асуудлуудын тухай эргэцүүлнэ. Бороо орвол яах вэ? Хэрэв машин маань эвдэрвэл, халуун зайдасны амт худалдан авагчдад таалагдахгүй бол, материал дуусчихвал яах билээ, амралтын болон баярын өдрүүдэд яах бол, хэрвээ материалаа авдаг газар маань нийлүүлж чадахаа боливол яах вэ, эсвэл шинэ өрсөлдөгч гарч ирвэл яах вэ гэх мэт. Эдгээрийг шийдэх аргыг урьдчилан тооцоолж чадвал тэр нь уг асуудлуудтай жинхнээсээ тулгарсан үед түүнийг даван туулах хүч чадал (Strength), эр зориг болж өгнө.

Дараа нь эдгээр занганаас хэрхэн мултарч, орлогоо нэмэгдүүлэх талаар бүтээлч оролдлого ( Innovation) хийж эхэлнэ. Өдөр шөнөгүй энэ тухай бодох хэрэгтэй. Толгойгоо ажиллуулах нь үнэгүй шүү дээ. Мэдээж, одоо толгойгоо ажиллуулаад элдэв зүйлийг бодож чадвал дараа нь янз бүрийн асуудалд шаналах хэрэггүй болно.

Ийнхүү өдөр шөнөгүй бодсоор нэг хоёр сар төлөвлөгөөгөө базаж эмхтгэнэ. Ингэж чадвал өдөрт хэдэн зайдас зарагдах, хэдий хэр орлого олох, ямар хэмжээний зарлага гарах гэх мэт асуултын хариу харагдаж эхэлнэ. Бороотой өдөр, баярын өдөр орлого буурахыг тооцоолж, ашгаа бодож гаргана. Энэ хүртэл явбал үнэхээр зайдас зарж эхэлснээс ялгаагүй хэрэг. Кино шимтэн үзэж байгаа юм шиг худалдаа яаж өргөжин тэлэх нь нүдний өмнө тодхон харагдах шиг болно. Амьтай юм шиг бодитоор, өнгөтэйгөөр харагдах болно. Улмаар төлөвлөгөө амжилт олно гэх итгэл зүрхэнд тань төрж мэдрэгдэх буй заа. Энэ бол таны төлөвлөгөөндөө хандах өөдрөг үзэл (Optimism) бөгөөд бизнесээ эхлэх цаг болсны дохио юм. Энэ үе шатанд хүрч чадвал бараг бүх зүйл амжилтад хүрнэ.
Нэгэнт бизнесээ эхэлсэн бол түүнийгээ үргэлжлүүлэх хатуу чанга, шантаршгүй сэтгэлээр хандах ёстой билээ. Амжилтад хүртлээ яасан ч шантрахгүй (Never Give Up) гэсэн үг.

Зайдсаар энгийн жишээ татлаа. Та бүхэн үүнийг өөрийн эрхэлж буй ажил, бизнес, бүтээгдэхүүнээрээ орлуулан бодвол ижилхэн л зарчим үйлчилнэ.

Нийтлэлч Д.Жаргалсайхан гуайн ноён Инамори Казүотой уулзсан тэмдэглэлийг унших: Амжилтын зам

36848   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.