Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 18, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Стрийт артист Х.Хоснаран (Heesco)

Өнөөдрийн зочин бол Австралид улсад ажиллаж амьдардаг монгол уран бүтээлч Х.Хоснаран. Тэрээр олон нийтийн газар болон барилга байшингийн ханан дээр томоохон бүтээлүүд туурвидаг бөгөөд Австралид улсад Heesco хэмээх нэрээр энэ чиглэлд өндрөөр үнэлэгдэж, тус улсын маркан дээр хүртэл бүтээлээ гаргаад амжсан билээ. Heesco 1997 онд 23-р сургуулийг, 2005 онд Сиднейн Урлагийн Коллежийг тус тус төгсжээ. Монголдоо ажил, амралтыг хослуулан нэг сарын хугацаатай ирээд байхад нь бид түүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ.

Байршил: Австрали, Мельбурн
Эрхэлдэг ажил, албан тушаал: Зураач, муралист
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Хэрэглэдэг компьютер: iMac, iPad Pro
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Үр ашигтай
Сошиал хуудас: www.heesco.com, @heesco (Инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний ажлыг захиалгын зургууд, өөрийн зургууд гэж хувааж болно. Захиалгын зургийн хувьд эхлээд sketch буюу нооргоо гаргаад захиалагчдаа үзүүлж, санаа бодлоо солилцоод, зурах хугацаа, шаардагдах зүйлсийг тодорхойлоод явдаг. Нэг зураг эхлэхийн тулд нэлээд хэд хоног компьютер дээр сууж, имэйл солилцож таардаг гэсэн үг.

Арга барилын хувьд сахилга баттай, шийдвэртэй байхыг эрмэлздэг. Ажил маань ч тийм байхыг шаарддаг. Зургийн санаагаа олох, боловсруулах явц бол удаан үргэлжилдэг. Энэ санаа яагаад бусдаас ялгарах вэ гэдгийг тал талаас нь их боддог доо.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

iMac дээрээ Adobe Photoshop-ийг ихэнхдээ хэрэглэдэг. iPad Pro дээр Clip Studio Pro
дээр бас нэлээн ажиллана. Бас Procreate. Ийш тийш аяллаар явах үед iPad л гол хэрэгсэл болдог. Дээр нь зурахад ч цаасан дээр зурж байгаагаас ялгаагүй, мэдрэмж сайтай.
Апп гэвэл сошиал медиагаар бүтээлүүдээ хүргэнэ. Инстаграм, Фэйсбүүк, Твиттер, Tumblr хуудсууд маань бүгд холбоотой, нэг дээр нь тавихад автоматаар цацагддаг. Гар утсан дээр Photoshop Express, Lightroom, хана дээр зураг эвлүүлэхэд SuperImpose, Auto Stitch Piс зэрэг апп-ийг ашигладаг. Гэхдээ апп, програм тийм ч их хэрэглэдэггүй. Аль болох хялбархан, энгийн ажиллахыг боддог доо.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Тэрээр нээлттэй урланд 10 гаруй уран бүтээлчтэй хамт ажилладаг ч ихэнхдээ гадуур явж зурдаг болохоор гол ажлын байр нь өөрийнх нь машин болдог байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цагийн юмыг цагт нь хийгээд явах л цаг хэмнэлт болно доо. Цагт нь хийхийн тулд сайн төлөвлөх шаардлагатай. Миний хувьд ажлаа сараар нь, бас мэдээж өдрөөр төлөвлөдөг.
Том ханан дээр бол заримдаа өргөдөг цамхаг түрээслэх хэрэг гарна. Тийм үед цагтаа л хийхгүй бол илүү их зардал гаргана. Түүнээс гадна ихэнхдээ гадаа зурдаг тул цаг агаараа байнга харж, цаг агаартай уялдуулан ажлаа төлөвлөж, тухай тухайн үедээ ажлаа дуусгах шаардлагатай байдаг.

Мөн өөр юм хийж байхдаа ч гэсэн зургаа, уран бүтээлээ давхар бодчихоод л байдаг юм. Энэ гэхдээ цаг хэмнэх зөв арга биш байх. Заримдаа ухаан санаа чинь энд байна уу, байхгүй байна уу гэж эхнэртээ зэмлүүлнэ шүү дээ (инээв).

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Утасны Reminders апп дээр. Энд хийх зүйлс, холбоо барих хүмүүс, нэхэмжлэх, бүтээлийн санаанууд гээд хар мянган жагсаалт бий. Бүтээлийн санааны хувьд цаг байвал аль болох зурж ноороглоод хадгалахыг хичээдэг. Би өөрөө юмыг харж тогтоодог визуал хүн л дээ. Амжихгүй үед бичээд тэмдэглэнэ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би багаасаа л зураг хөөсөн. Хүмүүс надаас "Яаж сайн болох вэ? Яаж сайжрах вэ?" гэж асуудаг. Миний хувьд өөрийн дур сонирхолтой зүйлийг барьж аваад, түүндээ мастер болохын төлөө тууштай явбал хандах зүг өөрөө тогтоно гэдэг шиг бүх нөхцөл боломж аяндаа бүрдээд ирдэг юм шиг санагддаг. Би бол ямар ч хүн ямар нэг юмаараа бусдаас сайн байж таараа гэж боддог.

80, 90-ээд оны үед манай нийгэм ямар байлаа? Тоглоом ч ховор байсан үед зураг руу "зугтаж" ордог байсан шиг байгаа юм. Тэгэхэд маш олон зүйл бидний хяналтаас ангид байсан. Харин зургийг бол өөрөө удирдаж, өөрийн хүссэнээр бүтээж болох зүйл. Өөрөөр хэлбэл би багаасаа л урлагтай, зурагтай гүнзгий холбоо тогтоосон. Одоо зурахгүй олон хонож чаддаггүй, донтчихсон юм шиг. Бас нийгэм хүнд хэцүү үед гадагшаа явж энэ мэргэжлээр сурах завшаан олдсон минь азтай хэрэг. Урлагийн амьдрал гаднаас нь харахад гоё юм шиг боловч хүнд хэцүү, шалгуур өндөртэй. Урлагтаа үнэнч явснууд нь явсаар явсаар шалгарч үлддэг юм шиг санагддаг. Өөрийн дуртай, чадах юмаа эрт олж, тууштай явсан минь надад давуу талыг үүсгэсэн болов уу. Тиймээс дүү нартаа ч гэсэн өөрийгөө байнга эрэлхийлж, өөрийгөө танихын чухлыг захидаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сая хэлсэн шиг туйлын их хүсэж дурладаг зүйлээ хийдэг маань ихээхэн сэтгэл ханамж өгдөг. Ажил маань ажил мэт санагддаггүй. Гэхдээ миний хийдэг зүйл амархан гэсэн үг биш. Зөв зүйтэй, сайн бүтээл хийж чадвал олон хүнд маш хурдан түгдэг бол нөгөө талаар, алдаа гаргавал олны нүдэнд тэр дороо харагддаг. Ер нь бас эрсдэлүүд бий. Гадаа ямар цаг агаартай байгаагаас үл хамааран ажиллах үе байна. Шүршдэг будаг гэдэг бас хортой, байнга маск зүүдэг. Мөн ханан дээр зурах нь биеийн хүчний бэлтгэл их шаарддаг л даа. Шатаа өдөржингөө зөөнө, хүзүү, гар хөшнө гээд л. Нэг ёсондоо спорт л гэсэн үг. Тиймээс зураагүй үедээ ч гар хөлөө хөдөлгөөд хэвшилтэй болсон.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би энэ сарын эхээр Монголд ирсэн. Австралийн ЭСЯ-ны шинэ оффист нэг зураг зурж байгаа. Монгол, Австрали хоёр улсын байгалийг харуулсан бүтээл юм. Санааг нь нэлээд хэдэн жилийн өмнө олсон байсан.

Мөн завсар зайгаар нь сонирхлоороо хэдэн зураг зурлаа. Playtime наадмын үеэр нэг зураг зурсан. Мөн Regency Residence-ийн үүдэнд монгол харваач эмэгтэйн зургийг зурсан. Энэ ханан дээр бүтээл хиймээр байна гээд СӨХ-оос нь зөвшөөрөл авч, найзуудтай уулзан санаа олж, монгол эмэгтэйн дүрийг гаргахаар шийдсэн юм.

За тэгээд том бүтээлийн хажуугаар цаг завны боломж гарвал янз бүрийн ажлууд хийдэг дээ. Футболкны дизайнууд гаргадаг болохоор найзынхаа зохион байгуулдаг метал хөгжмийн Noise фестивалийн футболкийн дизайнууд дээр ажилласан. Би өөрөө эртний метал рокер нөхөр байгаа юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Байнга сонсдог. Хөгжимгүй ажиллана гэж байхгүй шүү. Ямар зураг, ямар хугацаанд зурж байгаагаас шалтгаалан хөгжмөө сонгодог. Богино хугацаанд хийх ёстой зураг бол метал сонсож, хэмнэлээ хурдасгана. Арай тайван үед хип хоп сонсох дуртай. Тэгээд бас электроник хөгжим гээд ер нь бүх л төрлийн хөгжим сонсдог. Сүүлийн үед 80-аад оны ретро хөгжим, киноны саундтракууд нэлээд сонсоод байна. Хөгжим намайг цэнэглэдэг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Багадаа их уншдаг хүүхэд байлаа. Достоевский, Алберт Камю, Сартр зэрэг экзистенциалист зохиолчдын номыг их уншдаг байсан. Хүүхэдтэй болсноос хойш ер нь унших цаг тун багассан. Хааяа хөгжимчдийн намтар хардаг. Сүүлийн үед илүү подкаст, аудио ном сонсдог болсон байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Багадаа дотогшоо, даруухан хүүхэд байснаа сүүлдээ задарсан гэж болно. Панк рок, метал хөгжим сонсож эхлээд өөрийгөө зоригтой илэрхийлж болох юм байна гэж бодох болсон. Австралид очоод ганцаараа байх хугацаандаа өөрийгөө эрэлхийлж, өөртөө итгэх итгэлээ нэмсэн нь нөлөөлсөн байх. Урлагийн хүнд авьяасаас гадна өөртөө итгэх итгэл тун чухал үүрэгтэй юм шиг санагддаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өмнө нь шар шувуу байсан бол хүүхдүүд маань өглөөний хүн болгосон. Одоо дунджаар шөнө 12-7 цагийн хооронд унтаж байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэр бүлтэйгээ л өнгөрүүлнэ дээ. Кино үзнэ, парк, тоглоомын талбай орно. Найзуудтайгаа гэр бүлээрээ зугаална гэх мэтээр. Гэхдээ уран бүтээлч хүний ажиллаагүй үе гэдэг нь өөрөө их ээдрээтэй ойлголт. Бусад уран бүтээлчдийн үзэсгэлэн үзэж явах нь жишээ нь ямар нэг байдлаар ажилтай холбогдож л байдаг. Бусад уран бүтээлчдийнхээ бүтээлийг үзэж сонирхох, үзэсгэлэнгийн нээлтэд оролцох, шинэ хүмүүстэй уулзаж танилцах нь миний ажил амьдралын салшгүй хэсэг байдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Урлагийг зэмсэг болгон ашиглаж өөрийгөө төрөл бүрээр илэрхийлдэг уран бүтээлчид надад таалагддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө давтдаггүй, олон талт хүмүүсээс урам зориг авдаг. Хятадын артист, активист Ай Вэй Вэй байна. Godflesh хамтлагийн Жастин Броадрик байна. Нөхөр бас үүнийхээ хажуугаар электроник хөгжим хийдэг, Techno Animal хамтлагт байсан байгаа юм. Би футболкийг нь авах гээд имэйл бичихэд өөрөө хариу өгч байсан нь тун сонирхолтой санагдаж байлаа.

Мөн Герхард Рихтер хэмээх зураачийг нэрлэж болно. Бодит зургаас эхлээд абстракт зураг хүртэл зурдаг. Энэ мэт ажилсаг бүтээлч хүмүүсээс урам зориг авч, өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхийг хичээдэг юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

"Хийвэл бүү ай, айвал бүү хий" гэх үг л байнга бодогддог. Англиар " Ямарваа нэг эргэлзээ байвал, эргэлзээгүй" гэсэн үг бий. Өөрөөр хэлбэл, ямар нэг эргэлзээ төрж байвал хийж байгаа зүйл чинь дутуу юм уу сэтгэлд чинь нийцэхгүй байна гэсэн үг. Тэгэхлээр эргэлзээ байвал тэр эргэлзээгээ арилтал сайжруулах буюу юунаас ч айж эмээлгүй хийсэн шиг хийгээд явах хэрэгтэй. Ханан дээрх зургийг богино хугацаанд шаргуу хийх ёстой байдаг. Эргэлзэж тээнэглэзээд байвал амжихгүй. Тиймээс хөгжмөө сонсоод, эрчтэйгээр дайрч л дуусгадаг даа.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хөдөлмөрч бай, бүтээлч бай, бүтээгч бай л гэж хэлье. Бодоод явах, хийгээд явах хоёр шал өөр. Аливаа зүйлийг хийж эхлэхэд л үнэхээр хийх хэрэгтэй эсэх нь, хүнд хэцүү нь мэдэгддэг. Хийж байгаа хүн өөрийгөө танина, өөрийгөө сайжруулж чадна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Noise продакшнийг эрхэлдэг У.Үнэнхүү, Y&R Mongolia-ийн критив директор М.Билгүүн гэсэн хоёр найзыгаа санал болгоё. Авьяастай чадалтай залуучууд байгаа юм.

75181   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Н. Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.