Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   07 сарын 16, 2018

Тэрбум долларын стартап: 2018 оны дэлхийн "unicorn" компаниудын жагсаалт

Гарааны бизнесийн орчинд 1 тэрбум доллараас илүү зах зээлийн үнэлгээтэй болсон стартапуудыг "unicorn" гэж нэрлэдэг. Ихэд ховор тохиодог, асар хүнд бэрхшээлтэй замыг туулж ийм амжилтанд хүрдэг учир үлгэрийн амьтнаар нэрлэдэг учиртай.

CB Insights-ийн гаргасан судалгаагаар "unicorn" компани буюу нэг тэрбум доллараас дээш үнэлэгдэх компани болох магадлал дөнгөж 1-ээс доош хувь байдаг гэнэ. Нийт 197 гаруй unicorn нэршилтэй компаниуд одоогоор байгаа бөгөөд нэр нөлөө бүхий Uber, Airbnb, Slack, Xiaomi, Snapchat зэрэг нь хамгийн алдартай жишээ.

Тэгвэл 2018 оны эхний хагас жилд аль хэдийн 16 компани амжилттайгаар "unicorn" компанийн тоонд багтаж тэрбумаас дээш үнэлэгдэх болжээ. Эдгээр компаниуд нь тээвэр, эрүүл мэнд, энтертайнмент, хөдөө аж ахуй зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ба ихэнх нь АНУ болон Хятадад суурьтай байна. Өнөөдрийн нийтлэлээрээ 2018 онд тэрбум долларт үнэлэгдэх болсон "unicorn" компаниудаас танилцуулж байна.

meicai - Хятад 

Үүсгэн байгуулагдсан он: 2014
Босгосон хөрөнгө: $477 сая
Зах зээлийн үнэлгээ : $2.8 тэрбум

Хятадаар "ногоо худалдаж авах" гэсэн утгатай Meicai нь Хятадын фермерүүдэд ногоогоо ресторануудад нийлүүлж зарах боломжийг олгодог утасны апп аж. Жилээс жилд хэрэглээ нь өсч буй Хятадын зах зээлд илүү хялбар шийдлийг санал болгосон тэднийг аль хэдийн дэлхийн топ компаниуд худалдаж авахаар санаархах болжээ.

MEdmen - АНУ 

Үүсгэн байгуулагдсан он: 2010
Босгосон хөрөнгө: $57 сая
Зах зээлийн үнэлгээ : $1 тэрбум

Марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрснөөр Америкийн зах зээлд олон стартапууд хүч түрэн гарч ирсний нэг нь MedMen юм. Тус компани нь Өмнөд Калифорни, Лас Вегас, Нью-Йорк зэрэг хотуудад 18 салбартай аж. АНУ-ын марихуаны зах зээлийн тал гаруй хувийг эзэлж буй тус дэлгүүрийн консепт нь Apple-ийн дэлгүүрүүдтэй төстэй ба залуу үеийнхийн дунд маш эрэлттэй байгаа гэнэ.

OrCam - Израиль улс 

Үүсгэн байгуулагдсан он: 2010
Босгосон хөрөнгө: $130 сая
Зах зээлийн үнэлгээ: $1 тэрбум

OrCam нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг хялбарчилж өгөх зорилготой хиймэл оюуны технологийг ашигласан зүүдэг төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компани юм. Тус төхөөрөмж хүний өдөр тутмын амьдрал, үйлдлээс өөрөө суралцаж хүмүүст чиглэл, зөвлөмж өгдөг болтлоо хөгжиж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.

Caocao Zhuanche - Хятад 

Үүсгэн байгуулагдсан он: 2015
Босгосон хөрөнгө: $380 сая
Зах зээлийн үнэлгээ : $1,6 тэрбум

Хятадын такси үйлчилгээний компани Caocao Zhuanche-ийн бусад ижил төстэй үйлчилгээнээс ялгарах гол онцлог нь бүх машин нь тус компанийн эзэмшилд байдаг ба жолоочдоо сургаж мөн гэрчилгээ олгодог аж. Түүнчлэн машин түрээс болон хувийн жолоочийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Хятадын баячууд хүүхдүүдээ сургуулиас авах, хүргэж өгөхдөө тэднийг дууддаг моод дэлгэрч байгаа гэнэ шүү.

Doordash - АНУ 

Үүсгэн байгуулагдсан он: 2013
Босгосон хөрөнгө: 722 сая доллар
Зах зээлийн үнэлгээ: 1.4 тэрбум доллар

DoorDash нь ресторан болон үйлчлүүлэгчидийг холбож өгдөг хоол хүргэлтийн сүлжээ юм. Цахиурын хөндийн хамгийн эрэлттэй, өндөр өсөлттэй стартапад тооцогдох болсон Doordash-ийг Амазон, Валмарт зэрэг томчууд сонирхож байгаа гэнэ.

NUBANK - БРАЗИЛ 

Үүсгэн байгуулагдсан он: 2013
Босгосон хөрөнгө: 329 сая доллар
Зах зээлийн үнэлгээ: 1 тэрбум доллар

Nubank жилийн дотор л гэхэд эхлэл орлого нь гурав дахин өсөн, суурь хэрэглэгчид хоёр дахин нэмэгдэж асар хурдацтай тэлж буй Бразилийн финтек стартап юм. Nubank нь мобайл апп-аар дамжуулан зээлийн хүүгүй кредит картыг санал болгодог.

Uipath - Румын 

Үүсгэн байгуулагдсан он: 2005
Босгосон хөрөнгө: 149 сая доллар
Зах зээлийн үнэлгээ: 1.1 тэрбум доллар

Компаниудын байнгын үйл ажиллагааг автоматжуулахад UIPath туслах зорилготой. UI Path нь робот - процессийн автоматжуулалт, компьютерын оффисын ажлыг бүртгэж, автоматжуулдаг хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ юм. Тус компани нь Румыны хамгийн анхны "unicorn" компани гэж тооцогдож байна.

qutoutiao - Хятад 

Үүсгэн байгуулагдсан он: 2016
Босгосон хөрөнгө: 100 сая доллар
Зах зээлийн үнэлгээ: 1.4 тэрбум доллар

Хятадын Qutoutiao бол богино, сонирхолтой, дуулиан шуугиант шуурхай мэдээлллүүдэд суурилсан мэдээ болон энтертайнмэнт апп юм. Тус энтертайнмэнт цахим хуудас нь хоёрхон жилийн дотор 100 сая долларыг босгосон байна.

Tempus - АНУ 

Үүсгэн байгуулагдсан он: 2015
Босгосон хөрөнгө: 210 сая доллар
Зах зээлийн үнэлгээ: 1.1 тэрбум доллар

Чикагод төвтэй Tempus нь эмнэл зүйн мэдээллийг ашиглан хорт хавдрын эмчилгээг сайжруулдаг медтек стартап юм. Тэд хорт хавдартай өвчтөнд илүү үр дүнтэй эмчилгээ хийхийн тулд молекул болон клиник өгөгдлийг цуглуулж, их тоон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг санал болгодог.

2018 оны байдлаар 1 тэрбум доллараас илүү зах зээлийн үнэлгээтэй болсон "unicorn" компанийн жагсаалттай эндээс танилцаарай : "2018 оны дэлхийн "unicorn" компаниудын жагсаалт"

22321   0


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Нийтлэлд оролцсон:

Б. НАМУУНЦЭЦЭГ




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.