Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   07 сарын 14, 2018

Unlock Podcast #37: The Story of Stuff номын тухай

Unlock подкастын 37 дахь дугаарт тавтай морил. Энэ дугаарын онцлох ном бол The Story of Stuff. 2007 онд хамгийн анх цацагдсан баримтат кино нь дэлхий даяар шуугиан тарьж, цахим орчинд 50 сая гаруй хандалт авсан гайхалтай бүтээл болсон юм. Хүн төрөлхтний хэтийдсэн хэрэглээ хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буй талаар олон нийтэд цочроо өгч чадсан энэ бүтээл нь 2010 онд ном болон хэвлэгдснээрээ бүр ч шуугиан тарьж, 1 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хөдөлгөөн болтлоо өргөжиж чаджээ.

Уг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Энни Леонард өөрийн карьераа байгаль орчинд ээлтэй байдал, хууль бус үйлдлүүдийн эсрэг зориулсан нэгэн бөгөөд өдгөө Greenpeace USA-ийн гүйцэтгэх захирлаар ажилладгаас гадна хэд хэдэн олон улсын байгууллагын удирдах зөвлөлд суудаг, байгаль орчны салбарын хамгийн нөлөөтэй эрхэмүүдийн нэг юм.

The Story of Stuff-ийн талаар Боливоос Тэгшээ, Японоос Дээгий нар тантай ярилцах болно.

Номын тухай

Дэлхийн нийт хүн амын ердөө 5 хувь нь нийт нөөцийн 30 хувийг ашиглаж, нийт хог хаягдлын 30 хувийг үйлдвэрлэдэг. Хэрвээ хүн бүр АНУ-ын түвшинд хэрэглээгээ өсгөвөл бидэнд нэг биш, хоёр биш бүр гурваас таван дэлхий хэрэгтэй болно.

Энэ номоороо Time сэтгүүлийн нэрлэсэн байгаль орчны 100 баатрын нэгээр тодорсон Э.Леонард бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цамц, лаптоп, лааз хэрхэн үйлдвэрлэгдэж, хаанаас хаа хүртэл дамжин түгээгдэж, эцэст нь хэрхэн хаягдаж буй талаар өгүүлсэн юм. Энгийн сонсогдож магадгүй, гэхдээ энэ ном сая сая хүнд өдөр тутмын хэрэглээгээ ахин нэг эргэцүүлэн бодох сэдэл төрүүлж, олон хүний амьдралын хэв маягийг өөрчлөхөд нөлөөлсөн билээ.

Номын санаа тун энгийн: бид хэт их Зүйл хэрэглэж байна. Тэдгээр зүйлс хэт их хог, хаягдал үүсгэж байна. Хэрэглээний таван үе шат болох олборлолт, үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээ, хаягдлыг томруулдаг шилээр өнгийн харвал тийм ч таатай дүр зураг харагдахгүй гэдгийг энэ ном танд сануулна.

Леонард дэлхийгээр аялж, хогийн цэгүүд, үйлдвэрийн газруудаар зочлох үеэрээ олж авсан мэдээлэл, туршлагаасаа үндэслэн энэ номоо бичжээ. Хэрэглээнд донтсон бидний үеийнхэн энэ дадлаасаа болж нийгмээ, эргэн тойрноо, эрүүл мэндээ хэрхэн хордуулж буй талаар баримтууд энд дурдагдана.

The Story of Stuff хөдөлгөөнд нэгдээрэй

Э.Леонард болон түүний багийнхан The Story Of Stuff хөдөлгөөнийг улам бүр түгээн дэлгэрүүлж, сая дэмжигчтэй төсөл болгон өргөжүүлж чаджээ. Та тэдний вебсайтаар зочлон видеог нь үзэж, өөрийн энгийн үйлдэл, өдөр тутмын хэвшлээрээ хэрхэн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулж болох талаар мэдээлэл авах боломжтой. Хүсвэл энэ хөдөлгөөнд нэгдэж, төрөл бүрийн арга хэмжээнд оролцож, өөрөө ч зохион байгуулах боломжтой.

iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

12878   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.