Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 15, 2018

7 хоногийн тойм: Монгол наадам + Дэлхийн аварга + Шинэ тэрбумтан

Ковер зургийн тайлбар: Хэн нь түрүүлэх бол? Эх сурвалж: Nike

Дэлхий дахинд

Тайландын агуйд 18 өдрийн турш гацсан хүүхдийн хөлбөмбөгийн багийнхан эсэн мэнд аврагдлаа. 10 гаруй улсын 100 гаруй аврагчид оролцсон аврах ажиллагаа гурван үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдаж, 11-17 насны хүүхдүүдийг 25 настай туслах дасгалжуулагчийн хамтаар хүчтэй аадар борооноос урьтаж аварсан нь олон нийтийн талархлыг хүлээв. Эдгээр хүүхдүүдэд төрөл бүрийн сан, байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаагийн дотор Барселона, Манчестер Юнайтед клубууд нөхөрсөг тоглолт хийхийг урьжээ.

BBC: Хэрхэн хүүхдүүдийг аврав?

Африкийн хамгийн ядуу улсуудад тооцогдох Эритреа болон Этиоп улсууд хэдэн арван жил үргэлжилсэн дайнаа дуусгаж, энхийн гэрээ байгуулснаа зарлалаа. 1998-2000 онд явагдсан хилийн мөргөлдөөний улмаас 80 гаруй мянган хүн амь насаа алдсан тооцоо байдаг. 2 улсын төрийн тэргүүд шинэ гэрээнд гаарын тээврийн зам, боомтуудаа нээж, 2 улсын иргэд чөлөөтэй хил давдаг болох тухай тусгаж өгчээ.

Твиттер сэжигтэй үйлдлүүд хийсэн, хуурамч гэж үзсэн аккоунтуудыг устгаж, их цэвэрлэгээ хийлээ. Үүний үр дүнд сошиал платформын хамгийн их дагагчтай эрхмүүд ихээхэн "хохирол" амссан байна. Дуучин Ж.Бибер 2.7 сая дагагчаа, АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Обама 2.4 сая дагагчаа цэвэрлэгээний дараа алджээ. Твиттерээс энэ цэвэрлэгээний дараагаар нийт хэрэглэгчдийн 99 хувь нь 4 ба түүнээс бага дагагчаа алдана хэмээн мэдэгдэж байсан юм.

Дэлхийн бизнесийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл Форбес 8-р сарын дугаарын нүүрэндээ 20 настай Кайл Женнерийг гаргажээ. 3 жилийн өмнө өөрийн нэрийн гоо сайхны брэндийг гаргаж, инстаграмд 111 сая дагагчтай болсон тэрээр аль хэдийн 900 сая долларын хөрөнгөтэй болсон нь эгч Ким Кардашианаас 3 дахин өндөр тоо юм. Форбес түүнийг хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэй хэмээн онцолсон нь онцгой анхаарал татсан мэдэгдэл байлаа.

Forbes: К.Женнер хэрхэн 900 саяын эзэнт гүрэн байгуулав?

Амазоны үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын хөгжүүлж буй Blue Origin жуулчдад сансрын аяллыг нээлттэй болгох зорилготой. Тэгвэл тэд аяллын үнээ 200 мянган доллар хэмээн тогтоож байгаа гэнэ. 8 удаагийн амжилттай туршилт хийгээд буй тэд энэ оны сүүлээр анх удаа нисгэгчтэй туршилт хийн, 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Румын улсын Клюж хотноо Олон Улсын Математикийн Олимпиад явагдлаа. 59 дахь удаагийн наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 5 хүрэл медалийг хүртэж, багийн дүнгээр 28-р байрт жагсжээ. Манай баг түүхэнд анх удаа бүх оролцогчид нь медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Үнэхээр өөрийн хүчээр гэж үү хэмээн олон нийт асуусаар

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Snapchat "visual search" нэртэй камерын нэмэлтийг туршиж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нэмэлтээр дамжуулан хэрэглэгчид камераа зөвхөн сошиал зориулалтаар бус илүү өргөн хүрээнд буюу шоппинг хийх, дуу таних, баркод уншуулах зэргээр ашиглах боломжтой болж байгаа гэсэн үг. Камераар ямар нэгэн обьектийн зургийг авахад та энэ нэмэлтийн тусламжтайгаар Амазон руу үсэрч худалдан авалт хийх, Гүүглээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болох аж.

Techcrunch: Snapchat-ийн дараагийн "том" нэмэлтийг ухахуй

Фэйсбүүк AR технологийг сурталчилгаанд туршиж эхэллээ. Нүүр хуудсанд гарч ирэх ийм төрлийн сурталчилгааны дор байрлах "туршиж үзэх" товчийг дарснаар хэрэглэгчид камераа ашиглан тухайн бүтээгдэхүүнийг өөр дээрээ турших, тааруулах боломжтой болж байгаа юм. Тэд уг нэмэлтээ онлайн худалдааны бизнест илүү тохиромжтой гэж үзэж буй.

Хятадын хамгийн том хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Tencent Music Entertainment АНУ-д IPO хийх гэж байна. Тэд 30 тэрбум долларын үнэлгээтэйгээр хөрөнгийн зах зээлээс 1 тэрбум доллар босгох зорилготой байгаа гэнэ. TME-ийн толгой компани Tencent өнгөрсөн жил номын бизнес болох China Literature-аа тусад нь гарган Хонгконгд нээлттэй компани болгож байсан туршлагатай билээ.

Лас Вегаст жил бүр явуулдаг Inspire арга хэмжээнийхээ үеэр Microsoft Teams апп-ийн үнэгүй хувилбарыг гаргасан нь анхаарал татав. 2016 оны сүүлээр Slack-тай өрсөлдөхүйц хэмээн гаргасан уг апп жилийн 60 долларын төлбөртэй байсан нь шинэ хэрэглэгчдийг татахад саад болж байв. Тэгвэл тэд энэ удаад оффисын програмуудтай бүрэн нийцсэн шинэ апп-аа 40 хэл дээр үнэ төлбөргүй гаргаж байгаа нь энэ юм.

AR технологиор дэлхийд тэргүүлэгч гэгдэж буй Magic Leap энэ онд багтаан эхний бүтээгдэхүүнүүдээ гаргахаар зэхэж байгаа. Тэгвэл Америкийн топ компаниудын нэг AT&T 6.3 тэрбум доллараар үнэлэгдэж буй тус компанийн тодорхой хувийг худалдаж авч, улмаар бүтээгдэхүүн түгээх эрхийг дангаар эзэмших гэрээг байгуулжээ.

Зар сурталчилгааны шинэ эринд тавтай морил

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн тав дахь том ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi Хонгконгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, нээлттэй компани боллоо. 100 тэрбумын үнэлгээтэйгээр 10 тэрбум орчим доллар босгох том төлөвлөгөөтэй байсан тэд 4.7 тэрбум долларыг босгож чадсан нь "чамлахаар" амжилт гэж шинжээчид үзэж байна. Хөрөнгө оруулагчид Хятад-АНУ-ын хоорондын худалдааны дайнаас болгоомжилж, Xiaomi-ийн интернет орчин дахь стратегид эргэлзэж байсан нь ийм үр дүнд хүргэсэн байх боломжтой юм.

Samsung дэлхийн хамгийн том гар утасны үйлдвэрийг Энэтхэгийн Нойда хотноо нээлээ. 2020 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үедээ жилд 120 сая утас үйлдвэрлэх учиртай уг байгууламжийн нээлтэнд Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди хүрэлцэн иржээ.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины технологи хөгжүүлэгч Тесла Хятадад үйлдвэрээ нээх болсноо зарлалаа. Тэд Шанхай хотын захиргаатай хийсэн хэлцлийн үр дүнд жилд 500 мянган машин үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг 2 жилийн дотор байгуулах болсон аж. Сонирхуулахад, Теслаг хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангаж, зарим тоог зохиомлоор үйлдсэн хэмээн экс ажилтан нь буруутгаад байна. Компанийн инженерээр ажиллаж байсан М.Триппийг харин Э.Маск нууцын зэрэглэлтэй мэдээллийг зарах гэж оролдсон хэмээн шүүхэд зарга мэдүүлээд байгаа билээ.

Германы автомашины гигант Ауди дэлхийн гурав дахь том ухаалаг утас үйлдвэрлэгч Huawei-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тэд хамтран ухаалаг машины технологи хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх зорилго тавьж байна. Ауди үүнээс өмнө Андройд үйлдлийн системтэй, Nvidia ашигладаг машин үйлдвэрлэх гэж байгаагаа зарлаад байсан юм.

Дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэг Broadcom 18.9 тэрбум доллараар CA Technologies-ийг худалдан авлаа. 12 мянган ажилтантай, IT менежмент, софтвэйр хөгжүүлэлтийн компанийг авах болсон нь тун гэнэтийн шийдвэр байсан бөгөөд шинэ зах зээл, шинэ бизнест хөл тавих болсон Broadcom-ийн хувьцааны үнэлгээ мэдэгдэхүйц унаж эхэлжээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Америкийн телевизийн шилдгүүдийг шалгаруулдаг Emmy Awards-д нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо. Нетфликс нийт 112 төрөлд нэр дэвшснээрээ 108 төрөлд нэр дэвшсэн HBO-г давж, сүүлийн 17 жил тэргүүлсэн амжилтыг нь тасалдууллаа. Гэхдээ HBO-ийн Game of Thrones 22 төрөлд нэр дэвшсэнээрээ бүх бүтээлүүдийг тэргүүлж, Westworld (21) удаалсныг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн Hulu-ийн The Handmaid's Tale 20 төрөлд нэр дэвшжээ. Энэ жилийн Эммигийн наадам 9-р сарын 17-нд явагдана.

VOX: Эммигийн ялагчид баг ялагдагчид

Өнөө цагийн хамгийн амжилттай телевизийн цувралд тооцогдож буй Game of Thrones-ийн хамгийн сүүлийн буюу 8-р улирлын зураг авалт албан ёсоор дуусжээ. Ирландын Белфастад явагдсан зураг авалт дууссан талаар киноны одод сошиал хуудсаараа дамжуулан жиргэж, баталгаажуулсан юм. Ташрамд дурдахад, 1000 жилийн өмнөх үйл явдлыг нь өгүүлэх тус ертөнцийн шинэ киноны зураг авалт энэ 10-р сард эхлэх тухай эх сурвалжууд мөн мэдээлж эхэлжээ.

Интернет ертөнцийг байлдан дагуулж, хэрэглэгчдийг улам бүр донтуулсаар буй Pokemon Go анимэйшн хэлбэрээр телевизийн дэлгэцнээ ирэх гэж байна. Уг контентийг Netflix болон Fuji TV хамтран олон нийтэд түгээх болсон нь улам бүр сонирхол татаж байгаа юм. Сонирхуулахад, Pokemon-ийг бүтээгч Niantic зөвхөн сүүлийн 24 сард 1.8 тэрбум долларын орлогыг уг бүтээлээсээ олсон гэнэ.

Америкт хамгийн өндөр амжилт үзүүлсэн Британи телевизийн цувралд тооцогддог Downtown Abbey-ийн бүрэн хэмжээний кино хийгдэх болжээ. 6 бүлэг нь дэлхийн хэмжээний амжилт үзүүлж, Алтан бөмбөрцгөөс 3 шагнал, Эммигээс 15 шагнал хүртсэн тус киноны гол дүрийн жүжигчид бүгд уг кинонд тоглох аж. Киноны зураг авалт 9-р сард эхэлнэ.

Энэ долоо хоногийн бокс оффисийг Hotel Transylvania 3 тэргүүллээ. Sony-ийн анимэйшн нээлтийн долоо хоногтоо 41 сая долларын ашиг олсон байна. Гэхдээ энэ нь өмнөх 2 ангитайгаа харьцуулахад хамгийн мууд тооцогдох үр дүн гэнэ. Хүлээлт өндөртэй байсан Д.Жонсоны тоглосон Skyscraper хангалтгүй амжилт үзүүлж, 25 сая долларын борлуулалтаар 3-р байрт бичигджээ.

Хэн нь илүү шагнал хүртэх бол? Хариулт нь 9-р сард

Спортын ертөнцийн эргэн тойронд

Үндэсний их баяр наадам энэ өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Н.Батсуурь түрүүлж, Монгол улсын 23 дахь аваргаар тодров. Тэрээр үзүүр түрүүнд Монгол улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулсан билээ. Нийт 6 начин, 3 харцага шинээр төрөв. Ийнхүү Монгол наадам өргөн дэлгэр, баяр хөөр дүүрэн болж өнгөрлөө.

Ikon: Наадам 2018 тойм

Дэлхийн тэрбум үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, сая сая үзэгчдийг цэнгэлдэх тийш хүлгийн жолоо татахад хүргэсэн хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөж байна. ОХУ-ын 11 хотод явагдсан шилдэг 32 багийн тулааны шигшээд 1998 оны дэлхийн аварга Франц, тус тэмцээний хүрэл медальт Хорватын багууд шалгарч үлдсэн юм. Автогоолтой, пенальтитай, хаалгачийн алдаатай, уран гоолуудтай финалын тоглолтод Франц 4:2-оор илүүрхсэнээр 2 дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэмцээний шилдэг тоглогчийн "Алтан бөмбөг" шагналыг Хорватын багийн ахлагч Лука Модрич хүртжээ. Хүрэл медалийн эзнээр Английг буулгаж авсан Бельгийн баг тодорлоо. Бельгийн хувьд энэ нь түүхэн дэх хамгийн өндөр амжилт нь болж байгаа юм. Тэмцээний мэргэн буучаар 6 гоол оруулсан Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн тодорчээ. Харин шилдэг хаалгачийн "Алтан бээлий" шагналыг Бельгийн багийн хаалгач Т.Куртуа авсан байна.

Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Криштиану Роналду Италийн Ювентус клубт тоглох боллоо. 5 удаа дэлхийн шилдгээр нэрлэгдэж, 5 удаа Аваргуудын лигт түрүүлсэн Роналду Италийн аваргуудтай 4 жилийн гэрээ байгуулсан байна. Сүүлийн 7 жил Сери А-д босоо буй Ювентус түүний төлөө 100 сая еврог Реал Мадридад төлжээ. Энэ шилжилтийн дараагаар Ювентусын хувьцааны үнэлгээ бараг 20 хувиар өсжээ. Сонирхуулахад, Ювентусыг эзэмшдэг Агнеллигийн гэр бүл Фиат, Феррари болон The Economist-ийн томоохон хувьцаа эзэмшигчид билээ.

Теннисийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй их дуулгын тэмцээнд тооцогдох Уимблдоны аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн төрөлд Германы 30 настай теннисчин Анжелика Кербер уг тэмцээний 7 удаагийн аварга Серена Уильямсийг хожин аваргаллаа. Их дуулгын 23 удаагийн аварга С.Уильямс өнгөрсөн 9-р сард амаржиж, эх болсноосоо хойш оролцсон 4 дэх тэмцээндээ финалдаж ясны тамирчин гэдгээ батлав. Эрэгтэйчүүдийн төрлийн шигшээд Сербийн Н.Жокович Өмнөд Африкийн К.Андерсон нар тунаж үлдсэн. Уг тоглолтонд Новак Жокович илт илүүрхсээр 3 сетийн дараагаар ялалт байгуулж, 13 дахь удаагаа их дуулгад аваргалав. Сонирхуулахад, Андерсон хагас шигшээд Америкийн Ж.Иснерийг 6 цаг 35 минутын тулааны дараагаар хожсон нь теннисийн бүх цаг үеийн түүхэнд 3-т орох "удаан" тоглолт болсон билээ.

Роналдуг даваа гарагт албан ёсоор танилцуулна!

алдалгүй унших арван мэдээ

Youtube: Apple-ийн гаргасан шинэ реклам (үзэх)
WSJ: Tiger Global Японы SoftBank-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ
Apple: Apple Хятадад сэргээгдэх эрчим хүчний сан байгууллаа
BBC: Business Matters: Хямралаас сэргэж буй Монгол (сонсох)
Vox: Мюллерийн Оросын скандалд хийж буй шалгалтыг тайлбарлах нь
The Verge: Финал үзэх нь таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
BBC: Трампын Их Британид хийсэн айлчлал (гэрэл зураг)
Into: С.Иоханссон транс дүрээс татгалзлаа
CNN: Агаарын тээврийн ирээдүйн талаар
Techcrunch: 3D-ээр хийсэн бууг хуульчлав. Дараа нь юу гэж?

* - 2018 оны ДАШТ-ий финалын тоглолт, Уимблдоны эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтын дүнг сүүлд нэмэлтээр оруулсан болно

17801   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.