Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   07 сарын 09, 2018

Онцлох бизнес: "Хөх Үүр Айраг + Зоог" - Хөх толботны цуглах газар

Аагим зуны халуунд хүйтэн айраг залгилмаар санагддаг л биз дээ. Аль эсвэл чанасан толгой, хорхог тэргүүтэй үндэсний хоолоо ч санадаггүй гэж үү?

Баяр наадмын улирал айсуй энэ цаг мөчид Анрид та бүхэнд Монгол өв уламжлалийг үндэсний хоол хүнсээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх хүсэл мөрөөдлөөр дүүрэн “Хөх-Үүр"-ийг танилцуулж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа ч аль хэдийн хэрэглэгчдийн талархлыг хүлээж, байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжсан тэд хамгийн сайхан айраг, хамгийн амттай үндэсний хоолыг шууд хэрэглэгчдэд хүргэхийг хичээж ажиллаж байгаа юм.

Бизнесийн нэр: “Хөх-Үүр тур” ХХК
Үйл ажиллагааны чиглэл: Айраг, зоогийн газар
Үүсгэн байгуулагдсан он: 2017 он
Үүсгэн байгуулагч: Г.Чойжамц, Э.Төртогтох
Ажилтны тоо: 25
Байршил: Салбар 1: Тусгаар тогтнолын ордны баруун хойд талд City Center 1 давхарт, Салбар 2: Тайваны төвийн чанх урд талын 6 давхар шар тоосгон байрны зүүн хойд буланд
Сошиал хуудас: Хөх-Үүр айраг&зоог

Хөх-Үүрийг үүсгэн байгуулагч Г.Чойжамц

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би гүүний зэлэн дээр айраг залгилж өссөн хүүхэд. Улаанбаатарт оюутан болж ирээд айраг, цагаагаа ихэд санаж билээ. Зуны улиралд хаа нэг айрагны асрууд гардаг ч нэг л дутуу сэтгэгдэл төрдөг байлаа. Тэгээд ч айраг нь манай нутгийн амтыг хэзээ ч гүйцэхгүй мэт санагдана. Би чинь Монголын хамгийн сайхан айрагтай Булган аймгийн Сайхан нутгийн залуу шүү дээ.

Хотод айраг их ховор олдох атлаа гурав алхахад л шар айрагны газрыг өлхөн олно. Энэ нөхцөл байдал надад их харамсалтай санагдаж “Яагаад Монгол идээ ундааг ингэж өдөр тутамдаа хэрэглэж болохгүй гэж? Хэн ч, хэзээ ч, хаана ч, дуртай үедээ зочилж болох хамгийн сайхан айрагтай, Монгол ахуйг шингээсэн, өв уламжлалыг сануулахуйц сайхан газар бий болгох юмсан” гэсэн нууцхан хүсэл төрөх болсон. Гэхдээ удтал тээсэн мөрөөдлийн бизнесээ эхлүүлэхдээ маш их эргэлзсэн шүү.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Манайх хоёр салбартай. УИД-ын хажууд байрлах анхны салбарыг найзтайгаа хамтран хөрөнгө босгож хувиасаа эхлүүлж байсан. Мэдээж гэр бүл найз нөхөд минь их дэмжсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Харин энэ дөрөвдүгээр сард банкнаас зээл авч хоёрдугаар салбараа нээн үйлчлүүлэгчдэдээ илүү ойртон, үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Хамтрагчаа хэрхэн сонгосон бэ

Сонгосон гэхээс илүү олсон гэвэл их зохимжтой болов уу. Оюутан байхаасаа л бодсон мөрөөдлөө зүрхэндээ тээгээд л зориглож эхлүүлж чадахгүй хэсэг хугацаанд өөр бизнес эрхэлж, хоолны газрууд, холбогдох ажлуудыг судалж, туршлага хуримтлуулсаар байлаа.

2017 онд Архангай, Булган зэрэг айрагтай газруудаар аялах үедээ Төртогтох найзтайгаа нэлээд олон зүйлсийн талаар ярилцаж, улмаар хамтран ажиллахаар шийдсэн юм. Тэгээд л наймдугаар сард нь Хөх-Үүрийн нэгдүгээр салбар нээлтээ хийсэн дээ.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манайх шууд ашиг олох гэхээсээ илүү уламжлалт хоол хүнсээр дамжуулан Монгол хүний мартчихсан зүйлсүүдийг эргүүлэн сануулж, юуг мэдүүлж, мэдрүүлж, хөгжүүлэх вэ гэсэн үндсэн гурван зүйл дээр илүүтэй анхаардаг бизнес. Хотод өссөн 20-иос доош насны залуусаас хөхүүр гэж юу вэ? гэж асуувал шууд хариулт олоход хэцүүхэн байна байх. Тиймээс л бид залуустаа Монгол өв соёлоо өвлүүлж уламжлуулах, хайрлаж хамгаалуулах гэсэн эрхэм зорилготойгоороо онцлогтой.

Мөн хэрэглэгчдэд хамгийн эрүүл, цэвэр, биед ашиг тустай хоол хүнсээр үйлчлэхийг урьтал болгодог. Доторх тохижолт, хоолны нэршил зэрэг бүхий л жижиг деталиуддаа ихэд анхаарч, тэр бүрт ач холбогдол өгөн үнэт зүйлстэйгээ холбохыг эрмэлздэг.

Бид уламжлалт хоол хүнсээ жилийн дөрвөн улиралдаа тохируулж гаргахаас гадна улирал хамаарахгүйгээр идэх боломжтой хоолоор үйлчлэхийг хичээж байна. Манайд айраг, шимийн архи, тогооны өрөм гээд л малчин айлд л идэж болох бүх зүйлс бий.

Манай аль ч салбараар зочлоход Монгол уран бүтээлчдийн маань хийсэн гайхалтай эсгий урлал, эмээл, сийлбэр, уран зургуудтай танилцах боломжтой. Бид үндэсний үйлдвэрлэгчддээ дэмжиж, хамтдаа хөгжих нь чухал шүү дээ.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Монгол ахуйн бүх зүйлийг мэдрээд гардаг тийм газар байгаасай гэж хүсдэг. Айргаа уух нь ууж, монгол уламжлалт хоолоо идмээр байгаа нь идээд, зочлоод цайлаад гардаг гэр шиг нь газар байгаасай гэж хүсэж хөгжүүлж байна.

Таван жилийн хугацаанд Монголынхоо бүх хэрэглэгчдэд хүрч, Хөх-Үүрийн айраг гэж сонсоход л сэтгэлд нь бууж, арааны шүлс асгардаг хөх толботны цуглах газар болгохоор ажиллах болно. Өв уламжлал болон үндэсний хоол хүнсээрээ дамжуулан дэлхийд эх орноо сурталчлан таниулах боломжийг би их өөдрөгөөр харж байгаа шүү.

бизнесийн үнэт зүйлс, баримтладаг зарчим тань юу вэ

Суурьшмал соёл иргэншилд Монгол өв соёлоо хадгалж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг. Бид үйлчлүүлэгчдэдээ эрүүл, уламжлалаа хадгалсан, ашиг тустай хүнсийг шууд хүргэхийг хичээдэг. Хоол хүнс бол тухайн үндэстний өв соёл, уламжлал, зан заншлыг тэр чигтээ шингээсэн нандин тусгал нь гэж ойлгодог. Үүгээр дамжуулан ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлах, залгамжлуулан өвлүүлэх боломжтой гэж боддог шүү.

Хөх-Үүр маань бүх үйлчлүүлэгчдийн маань өмч байгаасай гэж хүсдэг. Тэдний санал сэтгэгдлийг байнга сонсож, алдаа оноогоо засч, сайжруулж урагшлах нь манай гол зарчим. Бид үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойртож, нэг гэр бүл мэт уур амьсгал бүрдүүлэхийг эрмэлздэг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Хөх-Үүр хоёр салбартай болж, байнгын үйлчлүүлэгчид нэмэгдэж байгаа ч бидэнд засах зүйлс их байна. Жишээлбэл нийтийн хоолны газрын стандартыг даган тогтмол сайжирч, шинэчлэгдэхээс гадна айрагтай холбоотой олон ажлууд эхлүүлчихсэн урагшилсаар байна. Мөн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урамшууллыг ч санал болгож байгаа. Жишээ нь, жирэмсэн эхчүүдэд таван цулын шөл, айраг үнэ төлбөргүй өгөх урамшууллыг энэ сарын 16-аас эхлэн нэвтрүүлж байна.

Мөн сар бүрийн нэгэнд буюу архи зардаггүй өдрүүдээр "Айрагтай өдөрлөг" зохиож, монгол наадгай болох дэмбээний тэмцээнийг хийж байна. Архиа бага ууж, айргаа тааваараа ууцгаая гэж уриалж байгаа хэрэг.

Олон газар үйлчилгээндээ айргийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд санал болгох болсонд бид маш сайшаалтай хандаж байгаа. Хэрэв лоунж ресторан бүр айргаар үйлчлээд эхэлбэл том зургаараа айргийн хэрэглээ нэмэгдэж, малчдын орлого сайжирна байх.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Хоолны бизнес хийнэ гэдэг хамгийн эерэг ажил гэж хүмүүс ярьдаг. Учир нь ядарсан хүн сэргэж, өлссөн хүн цадаад бүгд л аз жаргалтай болоод гардаг. Бүр уурлаад орж ирсэн хүнийг ч инээмсэглүүлэх хүч энэ салбарт бий. Гэхдээ ингэж чадахгүй бол эсрэгээрээ маш их гомдол хүлээдэг.

Хүмүүс манайд зорьж ирээд сайхан айраг ууна даа гээд ирэх тэр хүлээлтэнд нь хүрэхгүй бол ердийн хоолны газар орсноосоо илүү их гомдол тээгээд гарах нь бий. Ялангуяа айрагны амтны зөрүүнээс болж хүмүүс их шүүмжилнэ. Гэтэл айрагны амт гэдэг нартай, хуртай, салхитай байснаас хамаарч, тухайн нутаг усны онцлог, айраг исгэх арга барилтай уялдаж өөр өөр гардаг онцлогтой гэдгийг хотын хэрэглэгчид тэр бүр ойлгодоггүй. Тэр ч байтугай зэргэлдээ айлуудын айраг хүртэл өөр амттай исдэг шүү дээ.

Айргийг шар айраг шиг үйлдвэрт үйлдвэрлээд эхлэвэл “сайхан” айраг гэдэг ойлголт алга болчихно. Тиймээс л хэний айраг исч, хэний охин өсөв гэж ярьдгийг бид ойлгох хэрэгтэй. Бүх л зүйлс сайн муу олон талтай. Гэхдээ сайн талыг нь хараад, хэцүү байгаа зүйлсийг цаг зуурынх гээд даваад гарах хэрэгтэй гэж боддог.

танай Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

Нүүдэлчин ахуй соёлтой ойрхон амьдарч байгаа хүмүүс энэ соёлдоо маш их дасчихсан байдаг. Харин хотын залуус маань ази-европ хоолондоо илүү дассан ч бие физилоги, оюун санаандаа монгол хоолоо гэсэн хүсэл тэмүүлэл их байдаг юм шиг санагддаг. Магадгүй үндэсний хоолоо байнга идэх хэвшмэл дуршил байхгүй юм шиг анзаарагддаг. Таван цулын хэчнээн сайхан шөл өнөөдөр уусан ч маргааш дахиад идмээр санагддаггүйтэй л адил. Тэгэхээр хоолны онцлогоосоо хамаараад хэрэглэгчдийн зан төлөв бусад төрлийн хоолноос их өөр гэж ойлгож болно.

Манай бүтээгдэхүүнээс хамгийн эрэлттэй нь чанасан хонины толгой. Маш гоё амт шимттэй, уургийн агууламж өндөртэй хоол. Мөн өрөм, боорцог маань их алдартай болж байна. Өвлийн улиралд адууны мах, умс, кита нэлээдгүй эрэлттэй болдог. Мэдээж хуушуур, бууз бол толгой цохино.

42158   5


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б. Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н. Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.