Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   07 сарын 07, 2018

Дефакто Д.Жаргалсайханы "Эрх чөлөө" гурвал номын тухай

Эдийн засагч, нийтлэлч Дефакто Д.Жаргалсайхан гуай 2014-2017 онд бичсэн нийтлэлүүдээ эмхтгэн "Хувь хүний эрх чөлөө", "Эдийн засгийн эрх чөлөө", "Улс төрийн эрх чөлөө" хэмээх гурван ном болгож хэвлүүлжээ. Хэдийгээр бид тэдгээр нийтлэлүүдийг интернэтээс унших боломжтой хэдий ч өнөөгийн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг, боломжит шийдлүүдийнх нь хамт нэг дороос, цэгцтэй байдлаар уншиж мэдье гэвэл энэ номууд тус болж чадна. Сүүлийн есөн жил долоо хоног бүр тасралтгүй нийтлэл бичиж, цагийн үеийнхээ толь нь больж яваа энэ эрхэм та биднийг эрх чөлөөгөө хамгаалахад дуу хоолой нэгтгэх, ардчиллыг бэхжүүлэх, улс орноо хөгжүүлэх үйлст уриалан дуудаж байна.

НОМЫН ТУХАЙД

"Д.Жаргалсайханы Монголын эрх чөлөөний гурвал ном бол манай цаг үеийн фото зурагнууд юм. Улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг долоо хоног бүрт дүгнэн бичсэн түүний нийтлэлүүд олон мянган хүнд ухаарал, эргэцүүлэн ойлгох боломж олгож ирсэн бөгөөд одоо нэгтгэсэн ном болон гарч байна. Хэрэв та улс орныхоо хөгжил, ирээдүйн талаар бодож явдаг, өнөөгийн улс төр, нийгмийн өөрчлөлтүүдийн гүнд орж, өндөр мэдлэг боловсролтой, нийгмийн дэвшилтэт байр суурьтай, бүтээлч, сэхээтэн хүний нүдээр нэгтгэн харъя гэж бодож байгаа бол энэ номыг заавал уншаарай. Энэ бол өөрөө дунд нь амьдарч, харж, дүгнэж, бичиж, түгээж, хэлцэж, маргаж ирсэн хүний бүтээл, жинхэнэ "амьд" нийтлэл-зургууд юм."

Д.Энхбат

"Эдийн засаг мэддэггүй монгол дарга үгүй болжээ. Гэхдээ сэтгэлгээ нь буруу болохоор сүйрэл рүү л түлхээд байх юм. Шийдвэр гаргахдаа Жагааг сонсдог болоосой."

Баабар

"МОНГОЛЫН ОЮУН САНААНЫ ИХ НҮҮДЭЛ" НИЙТЛЭЛИЙН ХЭСГЭЭС


Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Данзанжамцтай уулзаж зөвхөн “Дефакто” нэвтрүүлэгт ярилцлага авахаар Энэтхэг улсыг зорих замдаа яавал энэхүү аугаа хүн, амьд бурхнаар монгол ах дүү нарынхаа сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлд цучил өргүүлэхээ үргэлжлүүлэн бодсоор л байлаа. Сүүлийн хориод жил монголчууд бид эдийн засаг, улс төрийн шилжилтийн тухай л ярьж, хэлэлцэж ирснээс биш оюун санааны томоохон шилжилт, их нүүдэл хийж буй тухайгаа нэг л анзаарахгүй, ухамсарлахгүй явна даа гэж бодогдож байсан юм. Энэ талаар Далай ламд олон асуулт тавьж хариулт авснаа товчлон уншигчдадаа толилуулж байна. Оюун санааны харанхуй манангаас бид эдүгээ дөнгөж л гарах гэж бэдэрч яваа бололтой.
....
Ардчилсан капитализм
Миний төвлөрөн асуусан дараачийн шууд асуулт бол өнөөдөр Монгол Улсад байгуулж буй нийгмийг ардчилсан капитализм гэж нэрлэж болох бөгөөд энэ нийгэм хүн төрөлхтний туршиж үзсэн бүх тогтолцооноос хамгийн зохистой нь гэдгийг Далай лам юу гэж үзэж буйг мэдэх байлаа. Миний хүлээлтээс илүү тодорхой, шууд хариултыг тэр өгсөн юм.Ардчилал нь улс төрийн тогтолцооны хувьд хүн төрөлхтний ирээдүй, цорын ганц зам нь гээд, яагаад гэвэл энэ хорвоогийн жинхэнэ эзэд нь долоон тэрбум хүн болохоос аль нэг улс төрийн намын, эсвэл шашны удирдагч, хаан, хатан биш. Удирдагчид гарч ирдэг, буугаад буцдаг. Харин ард түмэн нь хэзээд ч оршдог. Тийм ч учраас тэрбээр 2011 онд улс төрийн үүрэг, хариуцлагаас өөрийгөө бүрэн чөлөөлж, Далай лам нь шашин, төрийн тэргүүн болж ирсэн дөрвөн зууны настай Төвдийн уламжлалыг эцэс болгожээ.

"НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ" НИЙТЛЭЛИЙН ХЭСГЭЭС

...
Тасралтгүй суралцах хэрэгцээ

Их сургууль төгссөн л бол олсон мэдлэгээ 20-30 жил ашиглаж амьдарна гэх ойлголт алга болж байна. Энэ нь сурах боловсрох үүргийн дийлэнх нь сургуулиас хувь хүн рүү шилжиж байна гэсэн үг. Сурахад өөрийгөө зоригжуулах, шинийг тасралтгүй сурах нь амьдралын хамгийн чухал чадвар боллоо.

Одоо сургууль төгсөж буй хүүхэдтэй юу хийж амьдрахаас илүү яаж суралцаж байх тухай ярих нь илүү чухал болж байна. Аль ч мэргэжил олон мэргэжлийн уулзвар дээр тогтох цаг иржээ. Энэ нь тасралтгүй суралцаж, өөрчлөлтийг мэдэрч, мэдлэгээ хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Тэгж сурахад туслах Хаан Академи гэх мэт шинэ төрлийн сургалтын хэрэгслүүд улс орон бүрт бий болж байна.

Угаасаа боловсрол гэдэг нь зөвхөн мэдэхийн тулд суралцахаас гадна, хийхийн тулд, хүн болохын тулд, хамтарч амьдрахын тулд суралцахыг хэлдэг. Энэ дөрвөн багана дээр боловсрол тогтох ёстойг ЮНЕСКО тодорхойлжээ.

"СЭХЭЭНД БУЙ СЭТГЭЛГЭЭ" НИЙТЛЭЛИЙН ХЭСГЭЭС

...
Хандлагаа өөрчлөх нь

Манайх шиг нийгмийн халамжийн зардал нь харьцангуй өндөр улсад эдийн засгийн байгууллууд нь энтерпрюнершип ба шинийг сэдэхийг дэмждэг, эдийн засгийн соёл нь шинэ сорил, өрсөлдөөнийг илүүд үздэг болж чадвал хөгжин цэцэглэх юм. Өрсөлдөөнгүйгээр бидний хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхгүй, хөдөлмөрийн бүтээмж сайжрахгүй бол амьдралын түвшин дээшлэхгүй.

Эдийн засаг хөгжихгүй, энтерпрюнершип үзэл санаа сэргэхгүй байгаа учир монголчууд эх орноосоо дүрвэж, иргэд нь голсон хүнд хүчир ажлыг ахиу цалингийн төлөө гадаадад хийсэн хэвээр байна. Үүнийг өөрчлөхийн тулд төр засгийн бодлого нь энтерпрюнершип үзэл санааг дахин сэргээхэд чиглэгдэж, иргэдийнхээ хандлагыг өөрчлөхөд туслан, энэ чиглэлийн уран бүтээл, урлаг, соёлын ажлыг онцлон дэмжих, урамшуулах нь зүйтэй.

Энтерпрюнершип үзэл санааг сэргээхийн тулд эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, юуны өмнө бүх үнийг чөлөөлөх, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшилд өргөн боломж олгох шаардлагатай. Төр нь зөвхөн хүний амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалах хууль журмаа чанд сахиулах гол үүргээ биелүүлэх ёстой. Чухам тэгж чадвал нийгмийн бүх түвшинд шинийг эрэлхийлж, улмаар шинэ ажлын байр, шинэ сорилтууд бий болсноор улс орон аяндаа хөгжин цэцэглэх болно.

"АРДЧИЛСАН ДАРАНГУЙЛЛЫГ ЯЛАХ НЬ" НИЙТЛЭЛИЙН ХЭСГЭЭС

...
Зөрчилдөөн ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл
...
Ардчилсан, хуулийн засаглалтай улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу засгийн газар, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн байгууллагууд ба олон нийтийн байгууллага, хөдөлгөөн, мөн улс төрийн зүтгэлтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг нүднээс далд хянаж байдаг.

Ардчилсан нийгэмд хүн бүр үнэнийг мэдэх эрхтэй учир хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үндсэн хуулиар баталгаажсан, мэдээллийн эрх чөлөөг хангах болон хүн төрөлхтний үнэт зүйл болох шударга байх, үнэн байх, ялгаатай байр суурийг хүндэтгэх, үг хэлэх эрх чөлөө болон жудгийг хамгаалах ёстой.

Өнөөдөр Монгол улсыг ардчилсан дарангуйллаас аврах цорын ганц гарц бол иргэд бид өөрсдөө бөгөөд Монгол хүн бүр иргэний нийгмийг хөгжүүлэх, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох явдал юм.

6966   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзориг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.