Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 05, 2018

HeForShe хөдөлгөөн гэж юу вэ? + Яагаад нэгдэх хэрэгтэй вэ?

2014 оны 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын төв байранд нэгэн тусгай арга хэмжээгээр HeForShe кампанит ажил эхэлсэн юм. Тус арга хэмжээг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн санааны элч, Их Британийн нэрт жүжигчин Эмма Ватсон зохион байгуулсан бөгөөд яагаад жендерийн тэгш эрхийн төлөө ажиллах болсон талаараа ярьж, эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхах, сөрөг хандлага гаргахын эсрэг, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө эвлэлдэн нэгдэхийг ​эрчүүдэд, хөвгүүдэд уриалсан билээ.

Учир нь дэлхийн даяар, эмэгтэйчүүд эрчүүдээс 24 хувиар бага орлоготой хэр нь хүүхэд асрах болон гэрийн ажлыг эрчүүдээс 2.5 дахин их хийдэг дүн бий. Тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн "Дэлхийн хүн амын 50 хувь нь болсон эмэгтэйчүүдэд ижил тэгш боломж олгохгүй бол бид яаж хамтдаа хөгжих билээ дээ" хэмээн хэлсэн нь энэ асуудлын ямар чухал болохыг илтгэнэ.

"Эрчүүдийн эмэгтэйчүүдийн төлөө" хэмээн орчуулж болох энэ хөдөлгөөн ийнхүү эхэлж нэг гуравхан хоногийн дотор л 100,000 эрэгтэй жендерийн тэгш байдлыг дэмжих амлалтаа www.heforshe.org сайтаар өгсөн юм. Эдгээр эрчүүдийн дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, жүжигчин Матт Даймон тэргүүтэй дэлхийн лидерүүд, олон танил эрхмүүд байв. Түүнээс хойш улс орнуудын засгийн газрууд, томоохон компаниуд, их сургуулиуд тус хөдөлгөөнд ээлж дараалан нэгдсээр байгаа юм.

Эмма Ватсоны HeForShe кампанит ажлыг эхлүүлэхдээ хэлсэн үгээс:

18 насны төрсөн өдрийн үдэшлэгээсээ гарч ирсэн цаг мөчийг санаж байна. Тэгэхэд, гэрэл зурагчид зам дээр хэвтчихсэн, миний юбкан дээр л фокусаа тааруулан зураг авч байв. Маргааш тэдгээр зургууд Английн сонингууд дээр гарсан. Хэрвээ 24 цагийн өмнө тэд ийм зураг нийтэлсэн бол хууль зөрчих байв. Харин би дөнгөж 18 хүрээд байсан болохоор тэд ийм зураг авсан. Энэ бол миний насанд хүрснийг сонин хэвлэлүүд хамт ажилладаг эрчүүдээс маань огт өөрөөр хүлээж авсны нэг л жишээ юм.

Эмма Ватсоны илтгэлийг сонсох: https://www.youtube.com/watch?v=gkjW9PZBRfk

HEFORSHE ХӨДӨЛГӨӨН ЯАГААД ЧУХАЛ БОЛОХЫГ ИЛТГЭХ 4 БАРИМТ

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн хүйсийн тэгш бус байдал”-ын жагсаалтад Монгол улс 53 дугаарт орсон бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор (political empowerment) 107 дугаарт байрт жагссан нь хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг ажээ.

-2017 оны байдлаар УИХ-ын гишүүдийн нийт 13.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Хувийн хэвшлийн салбарт мөн адил удирдах түвшний ажилтнуудыг дөнгөж 15 хувь нь эмэгтэйчүүд.

-Монгол улсад эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь ямарваа нэгэн төрлийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.

-Амьдралынхаа туршид эмэгтэйчүүдийн 31.2% нь бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан.

HEFORSHE ХӨДӨЛГӨӨН МОНГОЛ УЛСАД

Сайхан мэдээ дуулгахад, дэлхий даяар өргөжсөөр буй HeForShe хөдөлгөөн Монгол Улсаар буухиалан үйл ажиллагаагаа тэлэх гэж байна. УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 оны 7 сарын 8-ны өдөр Төрийн Ордны Их Танхимд HeForShe хөдөлгөөний албан ёсны нээлт болно.

HeForShe хөдөлгөөний Монгол дахь нээлтийн ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хүндтэй төлөөлөгчид, олны танил эрхмүүд болон тэгш байдлын төлөө сэтгэлтэй залуус​,​ иргэд нийлсэн 1000 хүн цуглаж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгэл хөдлөм түүхүүдийг хуваалцах болно. Тус арга хэмжээнд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагын тэргүүний ахлах зөвлөх бөгөөд HeForShe хөдөлгөөний тэргүүн Элизабет Нямаяаро өөрийн биеэр ирэх юм.

Арга хэмжээний фэйсбүүк хуудас: HeForShe Хөдөлгөөний Монгол Улс дахь нээлт

Одоогоор HeForShe хөдөлгөөнд дэлхий даяар 1.7 сая хүн амлалт өгөн нэгдэж, 1100 гаруй арга хэмжээ зохиогдож, хөдөлгөөний талаар онлайн орчинд 1.3 тэрбум харилцан яриа өрнөөд байна.

Эцэст нь, HeForShe хөдөлгөөн Монгол улсад тэлж ахиц дэвшлийг авчрахад, илүү шударга, илүү жаргалтай, илүү бүтээмжт​э​й нийгмийг цогцлооход монгол эрчүүдийн маань хувь нэмэр, хүчин чармайлт амин чухал шүү гэдгийг онцлон тэмдэглээд, энэхүү хөдөлгөөнд нэгдээрэй хэмээн уриалъя.

БИДНИЙГ НЭГТГЭДЭГ ЗҮЙЛС БИДНИЙГ ХУВААДАГ ЗҮЙЛСЭЭС ИЛҮҮ ХҮЧТЭЙ.

#HeForShe #HeForSheMongolia #ХамтдааЗогсоцгооё #StandTogether

Фэйсбүүк профайл зургандаа хүрээ нэмж HeForShe хөдөлгөөнийг дэмжихийг хүсвэл энд дарж солиорой.

9798   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.