Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 04, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Амазон компанийн ахлах инженер Н.Шагай

Ярилцлагынхаа ээлжит зочноор бид дэлхийн технологийн аваргуудын нэг Амазонд ахлах инженерээр ажилладаг Н.Шагайг урилаа. 2006 онд Эрдэнэтийн Турк сургуулийг, 2010 онд хуучнаар КТМС-ийг төгссөн тэрээр одоо Амазонд гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Амазоны амин сүнс болсон хүргэлтийн систем дээр ажилладаг зочин маань мөн Shoppy, UBCab зэрэг монгол компаниудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ шатанд гаргахад нь тусалдаг.

Байршил: АНУ, Вашингтон муж, Сиатл хот
Эрхэлдэг ажил, албан тушаал: Амазон компанийн ахлах инженер
Хэрэглэдэг гар утас: iPhone
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төвлөрөх

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Сүүлийн үед тухайн цаг мөчид нэг л юм хийж, нэг л юманд төвлөрч ажиллахыг илүүд үздэг болсон. Сатаарах зүйл ихтэй болсон өнөө үед төвлөрч ажиллах нь улам бүр чухал болсоор байна. What to know буюу юу мэдэж байхаас илүү What to ignore буюу юуг хийхгүй байх нь илүү чухал болсон юм шиг. Цаг үрдэг олон зүйлсээ нэг сар бүрэн орхиод үндсэн ажилдаа төвлөрвөл ямар үр дүн гарахыг бүгд нэг туршаад үзвэл тун сонин үр дүн гарах байх шүү.

Өглөө би 8.30-ийн үед ажил дээрээ ирж, кофе уун ажлаа эхэлдэг. Ер нь сүүлийн үед өдөртөө уулзалт их хийдэг болоод байгаа. Хурал уулзалтын цагийг бол аль болох л багасгамаар л байна. Тэгээд 17.30-д голдуу ажлаасаа тардаг даа.

Мөн би юу хийж байгаагаас илүү яаж хийж байгаа нь чухал гэж боддог. Үр дүнг гэхээсээ үйл явцыг чухалчилж, хийж буй зүйлээс сэтгэл ханамж авч ажиллахыг эрмэлздэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Вэб хөтөч болохоос гадна хөгжүүлэлт хийж болдог тул Google Chrome-ийг ашигладаг. Extentions буюу нэмэлтүүдийг их ашигладаг юм байна. Шинэ шинэ апп, технологиудыг нэлээн туршиж үзнэ ээ. Гэхдээ олон апп ашигладаггүй. Сошиал медиаг бүр ашиглахгүй байгаа. Ганц Facebook Messenger л бий. Гол аппууд гэвэл имэйл, Calendar, Starbucks зэргийг нэрлэж болно.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө оройдоо ажил руугаа 20 минут алхдаг. Алхахдаа янз бүрийн санаа бодно. Дээр нь гараад зогсчихдог Segway-ээр заримдаа явдаг. Тэгэхэд 6-7 минут болдог юм.

Цаг хэмнэх арга гэвэл, хүмүүсийг амарч байхад ажиллах л юм уу даа. Энэ үед саад болох юм бага тул өндөр бүтээмжтэй байх шиг санагддаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Манай компанид ажилтнуудын ширээ cubicle буюу таславчуудаар тусгаарлагддаг. Тэр тусгаарлагч хана нь самбар болчихдог. Тэр самбар дээр хийх юмнуудаа бичнэ. Бас апп дээр бичнэ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Мэргэжлийн хувьд, эцсээс эцэс хүртэл хөгжүүлэлт хийхдээ. Төлөвлөлт хийх, хөгжүүлэх, user experience дээр дизайнерууд дээр ажиллах зэргээр бүтээгдэхүүнийг эхнээс нь эцэс хүртэл хөгжүүлэхэд оролцоно гэсэн үг. Дизайнеруудтай хамтарч ажиллах дуртай. Монголд харин дизайнеруудыг үнэлэх нь бага, үнэ цэнийг нь дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Софтверийн architect буюу төлөвлөлт хийх тал дээр сүүлийн үед мэргэших болсон. Олон програм нэгдэж саадгүй хурдтай ажиллах бололцоог хангах тал дээр ажилладаг гэсэн үг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүнд маш хэрэгтэй юм хийж байна гэсэн мэдрэмжийг өгдөг. Манай багийн үндсэн зорилго бол Амазоны хүргэлтийг яаж хамгийн хямд зардлаар хийх буюу яаж аз жаргалыг хамгийн хямд зардлаар хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг асуудал шүү дээ. Хүргэлтийн хайрцаг хүмүүст үнэхээр аз жаргалыг бэлэглэдэг. Америкт очоод удаагүй байхад, Амазоны инээмсэглэсэн логотой илгээмж хоёрхон хоноод гэрийн гадаа ирэхэд илбийн мэт санагдаж, бараг л байн байн аваад баймаар донтдог байлаа. Customer Obsession буюу хэрэглэгчийг дээдэлсэн, хэрэглэгчид хамгийн ээлтэй компани байх зорилготой газар ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг.

Миний хувьд сардаа нэг удаа дуудлаганд гарах ёстой байдаг. Шөнө унтаж байгаад гэнэт дуудлаганд гарах үед сервер унтрах, удаашрах гэх мэтийн асуудлууд голдуу л Энэтхэг юм уу Европт өөр компанийн буруугаас болж гарсан байдаг юм. Заримдаа жаахан хэцүү санагддаг ч дуудлаганд гарснаар их юм сурдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Манай баг Амазоны борлуулагч нарт зориулсан платформ дээр ажилладаг. Өөрөөр хэлбэл Амазон дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг хүмүүстэй ажилладаг. Борлуулагчийн гэр буюу агуулахаас бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хэрхэн хямд зардлаар аваачих, ямар компаниар хүргүүлэх зэрэг дээр ажилладаг гэсэн үг.

Амазонд багууд ер нь ажил төслийнхөө бүх юмыг өөрсдөө хариуцаж хийдэг. Тэгэхээр код бичиж хөгжүүлэлт хийхээс гадна user experience дээр анхаарах, бусад багтай уялдаж ажиллах хэрэгтэй тул хүмүүстэй их уулзах шаардлагатай байдаг.

Монголд би Shoppy.mn, UBCab компаниудад зөвлөхөөр ажиллах болсон. Shoppy.mn-ийн хувьд онлайн худалдаа хийдэг, UBCab бол такси, хүргэлтийн үйлчилгээ. Эдгээр компанид мэдсэн сурсан зүйлээрээ тусалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шат ахиулахад туслахыг хичээж байгаа. Монголчууд шинэ юм, шинэ технологийг хурдан хүлээж авдаг учраас технологийн компаниудад боломж их бий гэж боддог.

Ер нь Монголдоо чадах чинээгээрээ л хувь нэмэр оруулахыг хүсдэг дээ. Хэсэг нөхдийн хамт ахлах сургуулийн хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход бас тусалж байгаа. Одоо ер нь боловсролын салбар, хүний хөгжилдөө анхаарахгүй бол тун болохгүй болсон юм шиг. Оюутнуудтай харилцахад бүтээлч чанараа хэдийн алдчихсан юм шиг санагдаад байдаг.

АМАЗОН КОМПАНИЙН ДОТООД СОЁЛЫН ТУХАЙД?

Технологийн компаниудын ажлын цаг уян хатан байдаг. Харин чухал хурал, уулзалтууддаа заавал суух ёстой. Манай баг 12 хүнтэй, 2-3 төсөл дээр ажилладаг. Үүсгэн байгуулагчийн маань аливаа баг хэт том байж болохгүй, 2 пиззанаас илүүг идэх хэмжээний олон хүн байж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг гэж болно. Манай баг өдөр бүр 10.30-д спринт буюу шуурхай уулзалт хийж, одоо тулгараад байгаа асуудал юу байна, өнөөдөр юун дээр ажиллах зэргээ ярилцаад явдаг.

Амралтаа бас дарга, менежертэйгээ л тохиролцож чадвал хэдий ч хугацаагаар авч болдог. Бас Амазоны нэг онцлог бол ажилтнууд, багууддаа их итгэл хүлээлгэдэг. Итгэл хүлээлгэхээр хүмүүс их өсөж хөгждөг юм шиг санагддаг шүү.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Оюутан байхад л хөгжим нэлээн сонсдог байж дээ. Одоо нэг их шимтэж сонсоод байдаггүй. Харин Монголд ямар хамтлаг, дуучид шинээр юу хийж байна гэдгийг харахаар хааяа шинэ клип үздэг. Клип бол зураг авалт, төхөөрөмж талаасаа үнэхээр сайн хөгжөөд байх шиг байгаа юм. Ер нь урлаг сайн хөгжөөд, технологи жаахан хоцроод байна уу л гэж харагддаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би богинохон нийтлэл унших дуртай. Ном гэвэл Агнистийн гэгээг унших дуртай. Мэргэжлээсээ өөр чиглэлийн болон уран зохиолын ном хааяа уншина.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хэтэрхий нээлттэй хүн байх аа. Бодсон санаснаа шууд л хэлчихдэг. Дэндүү шулуун хэлдгээсээ болоод заримдаа зэмлүүлэх нь бий. Ажил дээр ч манай багийнхан хааяа дэндүү хатуу хэлэх юм гэдэг шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө 12 гэж унтаад өглөө 7.30-д босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэртээ байна, гадуур зугаална. Мөн мэдээж шинэ технологи оролдоно. UBCab-ийнхархуу санааг 2011 онд хийх гэж үзээд, тухайн үедээ бас хөөрхөн юм гаргаж л байсан. Ингэж янз бүрийн юм оролдож үзэхээр дараа нь ажил дээр хэрэг болдог.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Алхаxаас, кофеноос эрч хүч авдаг. Технологийн мэдээ уншиж, шинээр гарсан онцгой бүтээгдэхүүн үйлчилгээнээс урам зориг авна.

Бас үгүй гэж хэлүүлэх үед, дутуу үнэлэгдэх зэрэгт хүн их хурцлагддаг шүү дээ. Тийм нөхцөлд хүн үе үе орж үзэж л байх ёстой юм шиг санагддаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Тууштай байдлын чухлыг ойлгосон маань л болов уу даа. Тууштай байдал бол хүч чадал. Зөв зүйл дээр хүн тууштай байвал юунд ч хүрнэ. Харин тамхи татах мэтийг тууштай хийгээд байж болохгүй байх.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуучууд гоё санаа байна гэж их ярьдаг. Гэвч оролдож үзээгүй л бол, хэрэгжүүлэх гэж хичээгээгүй л бол хэчнээн гоё санаа байгаад хэрэг нь гарахгүй. Гомдоллоод л суугаад байдаг хүмүүс байдаг. Тэгэхийн оронд өөрөө шийдэх гэж үзэх хэрэгтэй. Монголд тулгамдсан зарим нэг асуудал дээр өөрөө араас нь явсан, хэдэн сар хөөцөлдсөн хүн тун цөөхөн байсан. Харин тэр санааг тууштай нэг жил оролдсон нэг ч хүнтэй таараагүй. Тэгэхээр л оролдоод үз, хийгээд үз л гэж хэлмээр байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

"Агнистийн гэгээ" номыг орчуулсан П.Бадрал гэж хүнтэй уулзмаар санагддаг. Мэдлэг боловсрол өндөртэй хүн шиг санагддаг. Тэгэхээр энэ хүнийг санал болгоё доо.

47567   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.