Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 08, 2018

7 хоногийн тойм: Тэр эмэгтэйн төлөө + Тунасан дөрвийн тулаан + Шинэ өнгөний эрэлд

Ковер зургийн тайлбар: Бид биш бол хэн гэж? Одоо биш бол хэзээ гэж?

дэлхий дахинд

Хүйсийн тэгш эрхийг хангах олон улсын хөдөлгөөн #HeForShe Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. 2014 онд алдарт жүжигчин Э.Ватсон болон НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн байгууллагын санаачлагаар эхэлж, өдгөө дэлхий даяар сая сая дэмжигчтэй болоод байгаа юм. Монгол дахь хөдөлгөөний нээлт төрийн ордонд болж, 1000 гаруй залуус нэгдэж байгаагаа илэрхийлснээс гадна тус хөдөлгөөний тэргүүн Элизабет Нямаяаро өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Ташрамд дурдахад, Unread уг хөдөлгөөний албан ёсны хамтрагчаар ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

ОХУ-д явагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ төгсгөлийн шатандаа ирээд байна. Өнцөг булан бүрээс шалгаран энд ирсэн шилдэг 32 багаас хагас шигшээд тоглох 4 багийн нэр тодорхой болжээ. 1998 оны дэлхийн аварга Франц, 1966 оны дэлхийн аварга Английн багууд топ багуудыг төлөөлөн тунаж үлдээд байгаа. Харин түүхэн дэх алтан үе хэмээн цоллуулж буй Бельги, үргэлжид битүү морьд хэмээн тооцогддог Хорватын багууд анхны цомынхоо төлөө дайралт хийхэд бэлэн болоод байна. ДАШТ 7-р сарын 15-нд өндөрлөх билээ.

Монголын амьд хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам Playtime 17 дахь жилдээ амжилттай явагдлаа. 3 өдрийн турш мянга мянган залуусыг нэгтгэсэн энэ жилийн наадмын онцлох хамтлаг нь Хөх тэнгэр, Сөрөг хүч, Болор хамтлагууд байв. Unread анх удаа тус наадмын албан ёсны хамтрагчаар оролцож, La Vie En Rose асарт өөрсдийн арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Тайландын Чианг Рай мужид орших нэгэн агуйд хүүхдийн хөлбөмбөгийн багийн тоглогчид түгжигдсэн харамсалтай хэрэг олон улсын анхаарлын төвд байна. 6-р сарын 23-нд уг агуйд зочилж, аялж явсан 11-16 насны 12 хүүхэд 25 настай туслах дасгалжуулагчийн хамтаар гацаж, тасралтгүй орох борооны улмаас гарц хаагдан тун хүнд байдалд ороод байгаа юм. 1000 гаруй хүн оролцож буй аврах ажиллагааны ачаар одоогоор 4 хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан байна. Уг аврах ажиллагаанд Э.Маск хувь нэмрээ оруулж, SpaceX/The Boring Company-ийн инженерүүдүү илгээн оролцож байгаа ажээ.

Японы баруун өмнөд хэсэгт их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, хамгийн багадаа 85 хүний амь нас эрсэджээ. Хирошима, Киото зэрэг 8 аймаг уг үерт өртсөн бөгөөд 2 сая орчим хүн орон гэрээ орхин, аюулгүй бүс руу дайжсан байна.

Хэн нь алтан дагиныг өргөх бол?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Долоо хоног бүр шинэ нэмэлт танилцуулж буй Instagram сторидоо асуулт нэмэх боломж олгохоор ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь хэрэглэгчид сторидоо төрөл бүрийн асуулга оруулж болдог байсан. Instagram энэ нэмэлтээрээ сториг илүү интерактив, ойрхон болгохыг хүсэж байгаа аж.

2,2 тэрбум хэрэглэгчтэй Фэйсбүүк гурван апп-ийн хөгжүүлэлтийг зогсоож байгаагаа зарлалаа. Тэд өсөлт удааширсан, бага хэрэглээтэй гэсэн шалтгаанаар Hello, Moves, tbh гэсэн апп-уудаа хааж байгаа аж. Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь 13 сая хэрэглэгчтэй гэгдэх Moves юм. Фитнесс, хөдөлгөөн хяналтын тус апп-ийг Фэйсбүүк 4 жилийн өмнө худалдан авч байсан билээ. Сонирхуулахад тэд өнгөрч буй долоо хоногт Bloomsbury AI нэртэй стартапыг 30 сая доллараар худалдан авчээ.

Норвегид төвтэй веб броузерийн үйлчилгээ үзүүлэгч Opera АНУ-д IPO хийх хүсэлт гаргалаа. 182 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэх Opera Google, Yandex-ийн хайлтын системээс ихэнх орлогоо олдог. Тэд 115 сая доллар босгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Ухаалаг өсгөгч үйлдвэрлэгч Sonos энэ онд багтан хувьцаагаа нээлттэй арилжаалж, 100 сая доллар босгох төлөвлөгөөтэй байна. 4-р сарын байдлаар 19 сая ширхэг өсгөгч борлуулсан гэх Sonos-ийг хэрэглэгчид сард 70 цаг ашигладаг аж.

Германы автомашин үйлдвэрлэгч Daimler Бээжин хотод жолоочгүй машины технологио турших зөвшөөрөл авлаа. Ингэснээр тэд Хятадад туршилт хийх эрхтэй болсон анхны гадаад компани болж байгаа гэнэ.

Хамгийн өргөн хэрэглээтэй болзооны апп Tinder хэрэглэгчдэд видео оруулах боломж олгосон шинэ нэмэлтээ танилцууллаа. Loop-ийн тусламжтайгаар хэрэглэгчид 2 секундын богино видеог өөрийн хуудсандаа нэмэх боломжтой болж байгаа аж.

Асуултын нэмэлт хэрэглэгчдэд цоо шинэ харилцах суваг нээнэ

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн технологийн компаниудын нэг Samsung 2-р улирлын тайлангаа зарлалаа. Тэд 51,8 тэрбум долларын борлуулалт хийж, 13,2 тэрбум долларын ашигтай ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 14,9 тэрбумын босогт хүрээгүй гэсэн үг юм. Үүний дараагаар тэдний хувьцааны үнэлгээ 2 хувиар буурчээ. Хятадын зах зээл ханаж эхэлж буй, өнгөрсөн улиралд шинэ утас гаргаагүй зэрэг нь энэ дүнд нөлөөлсөн гэнэ.

Тайваны ухаалаг утас үйлдвэрлэгч HTC дампуурлын ирмэг дээр байна. Гүүглтэй хийсэн гэрээний дагуу 2000 гаруй инженерээ "алдсан" тэд зардал бууруулах зорилгын хүрээнд нийт ажилчдынхаа 25 хувьтай тэнцэх буюу 1500 ажилтнаа чөлөөлж байгаагаа зарлалаа. Энэ оны эхний улирлын тайлангаар HTC-ийн борлуулалт 40 хувиар буурч, 170 сая долларын алдагдалтай ажилласан нь тодорхой болсон юм.

Сар бүр 20 сая хүн уншдаг, "Дижитал эриний The Economist" гэгдэх медиа платформ Quartz шинэ эзэнтэй боллоо. Тэд 2016 онд нээлттэй компани болсон, 870 сая долларын үнэлгээтэй Японы медиа компани Uzabaze-д 110 сая доллараар үнэлэгдэн зарагдсан байна. 2016 онд 30 сая долларын борлуулалттай ажиллаж, 1 сая долларын ашиг олсон гэх Quartz нь өмнө нь Atlantic Media-ийн харьяанд багтаж байсан юм.

Тесла долоо хоногт 5000 ширхэг Model 3 үйлдвэрлэдэг болно гэсэн зорилгодоо анх удаа хүрлээ. Элон Маскийн 2017 оны сүүл гэхэд хүрнэ хэмээн өгсөн уг амлалт үйлдвэрлэлийн зарим хязгаарлалтуудтай нүүр тулснаар тэднийг тун хүнд байдалд оруулаад байсан юм. Тесла саяхнаас АНУ, Канадад худалдан авалтын захиалгын шугамаа нээгээд байгаа билээ.

Хямдрал, урамшууллын мэдээллийг нэг дороос авах боломжоор хангадаг Groupon шинэ эзэн хайж байгаа гэнэ. 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2011 онд IPO хийхдээ 16 тэрбум доллараар үнэлэгдэж байсан тэд байр сууриа сошиал медиад алдаж, өдгөө ердөө 2,8 тэрбум долларын үнэлгээтэй болоод буй билээ.

Шинэ iphone-ийн сураг

Apple энэ намар гурван төрлийн шинэ утас гаргахаар зэхэж байгаа мэдээлэл интернетээр ихэд тархлаа. Хэдий албан ёсоор баталгаажаагүй ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд эдгээр утаснууддаа ихээхэн найдлага тавьж, нийт борлуулалтын талаас илүүг хангана хэмээн үзэж байгаа аж.

Эхний утас нь 5,8 инчийн илүү сайжирсан үзүүлэлттэй iPhone X. Гэхдээ тэд хэрэглэгчдээс хүлээсэн хамгийн том шүүмжлэл болох өндөр үнэ дээрээ ажиллаж, хангалттай хэмжээнд бууруулан зах зээлд нийлүүлэх бололтой. Мөн тэд "уламжлал ёсоор" том дэлгэцтэй iPhone X Plus-аа энэ намар гаргана гэнэ. OLED дэлгэцтэй, Face ID-аар онгойдог уг утас 6,5 инчийн хэмжээтэй байх аж. Шинжээчид үнийг 1000 доллараас хэтрэхгүй байна хэмээн үзэж байна.

Гурав дахь загварын утас нь хамгийн их анхаарал татаж буй. Тэд 700 долларын үнэтэй, 6,1 инчийн олон өнгийн гадаргуутай утас гаргахыг хүсэж байгаа гэнэ. Face ID хэрэглэгддэг, хос камертай гэх энэ загвар хар, цагаанаас гадна хөх, улаан, улбар шар өнгөтэй гарч магадгүй ажээ.

Зөвхөн Apple гэлтгүй топ утас үйлдвэрлэгчид ихэвчлэн классик өнгөний сонголт ашиглаж, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Гэхдээ энэ уламжлалыг Apple эвдэж, зөвхөн тусгай хувилбарт өнгө нэмэх бус, үндсэн өнгийг солонгоруулахыг хүсэж байгаа нь сонирхолтой.

Олон өнгийн сонголт шинэ хэрэглэгчид авчрах болов уу?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Spider-Man, Doctor Strange зэрэг дэлгэцийн алдарт дүрүүдийг хамтран бүтээгч, алдарт уран бүтээлч Стивен Дитко 90 насандаа таалал төгслөө. 1960-аад оны эхэн үед Марвелын хамгийн чухал бүтээлүүд дээр ажиллаж байсан тэрээр хожим DC Comics-т ч хүчин зүтгэж байсан, комик салбарын хамгийн нөлөөт уран бүтээлчдийн нэгт тооцогддог нэгэн билээ.

Утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Man Booker 50 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлээ олон нийтийн саналаар тодрууллаа. Уг шагналын эзнээр Шри Ланкад төрсөн Канадын зохиолч Майкл Ондатже "Англи өвчтөн" зохиолоороо тодорсон байна. Хожим Холливудын кино болж, олон нийтийн дунд хүчтэй түгсэн уг зохиол 1992 онд Man Booker шагналыг хүртэж байсан билээ.

Канадын реппер Drake-ийн Scorpion цомог эхний долоо хоногтоо 1 тэрбум сонсолттой болсон анхны цомог боллоо. Тэрээр зөвхөн Америкт 745 сая хандалт авсан нь мөн дээд амжилт болсон тухай Billboard мэдээлжээ. Уг цомог Spotify, Apple Music, Amazon Music зэрэг стриминг үйлчилгээний бүх дээд амжилтыг эвдээд байна.

Тэгвэл Америкийн реппер Cardi B-ийн I Like It нэртэй уран бүтээл Billboard-ийн синглийн жагсаалтыг тэргүүлснээр өөр нэгэн түүхэн амжилтыг бичлээ. Тэрээр 2 бүтээл нь синглийн чартад нэгт бичигдсэн анхны эмэгтэй реппер болсон байна. Үүнээс өмнө 10-р сард түүний Bodak Yellow чартын №1 болж байсан юм.

Марвелийн ертөнцийн өөр нэг супер баатруудын тухай өгүүлэх "Ant-Man and the Wasp" нээлтийн долоо хоногтоо 161 сая долларын ашиг олж, бокс оффисийг тэргүүллээ. Америкийн зах зээлд 76 сая доллар олсон нь Марвелийн 20 дахь дараалсан номер нэг гэсэн амжилтыг үргэлжлүүлэхэд хангалттай байв. Сонирхуулахад, 3-т бичигдсэн Jurassic World 1 тэрбум долларын борлуулалтын босгыг давжээ.

Криптовалютын зах зээлийн топ тоглогчдын нэг Monaco crypto.com вебсайтын домэйн нэрийг 10 сая орчим доллараар худалдан авсан гэнэ. Уг нэрийг Пеннсилванийн их сургуулийн судлаач М.Блэйз 1993 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд домэйнээ зарахгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан билээ.

С.Дитко ба түүний баатрууд. Эх сурвалж: Марвел

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: iPhone-ий бүх цаг үеийн хамгийн топ апп-уудтай танилц!
Bloomberg: Dell ахин нээлттэй компани болно
NYTimes: Яагаад NATO чухал гэж?
Eurosport: Уимблдоны эргэн тойронд
CNN: ДОХ-ын шинэ вакцин найдлага төрүүлсээр
VOX: Харийнхан үнэхээр байдаг гэж үү?
ESPN: Леброн Жэймс Лэйкэрст ирлээ
TNW: Энэ стартап машинд жолоо барихыг 20 минутанд заахыг хүсэж байна
MPG: Монголчууд хамгийн анх адууны шүдийг авчээ

7736   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.