Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 30, 2018

Unlock Podcast #36: "Man's Search for Meaning" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Дээгий, Наги хоёр Виктор Фрэнклийн "Man's Search for Meaning" хэмээх алдарт бүтээлийн тухай ярилцлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистуудын хорих лагерьт 3 жил хоригдсон энэ хүний 1946 онд бичсэн, амьдралын утга учрын тухай өгүүлсэн энэ ном дэлхий даяар 12 сая хувь борлогдож, сая сая хүний амьдралыг өөрчилжээ. Яагаад энэ ном ингэж алдаршсаныг та өнөөдрийн дугаараас сонсоорой. 

НОМЫН ТУХАЙ

Уламжлал ёсоор эхлээд зохиогчийг танилцуулъя. Виктор Фрэнкл 1905 онд Австрийн Вена хотод төрсөн бөгөөд Венагийн Анагаахын их сургуулийн неврологи, сэтгэцийн профессор байжээ. 1942 онд түүний гэр бүлийнхэн бүгд баригдан нацистуудын хорих лагерьт оржээ. Энд тэр тамын гэмээр 3 жилийг туулж, азаар амьд гарч ирэхэд эхнэр, аав, ээж, ах нар нь бүгд үрэгдсэн байжээ. Хэдий зохиогч бүхнээ алдсан мэт боловч хайр энэрэл, итгэл найдвар, амьдралын төлөөх хүсэл тэмүүллээ хэзээ ч алдаагүй (тэрээр 67 насандаа нисгэгчийн лиценз авч байж) бөгөөд 1997 онд Вена хотдоо нас эцэслэжээ.

Орсон 27 хүний 1 нь л амьд гарч гарч ирдэг, асар хүнд хэцүү нөхцөлтэй хорих лагерьт хүмүүс хэрхэн өдөр хоногийг өнгөрөөж, хэрхэн амьдарч байгааг Виктор Фрэнкл сэтгэл зүйчийн хувиар гярхай ажиглаж байжээ. Мэдээж энэ ажиглалтынх нь хамгийн гол бай нь тэр өөрөө байлаа.

Тэнд хоригдогсод бүгд ямар ч эрх чөлөөгүй мэт боловч сэтгэл санаагаа удирдах буюу тухайн нөхцөл байдлыг өөрийнхөөрөө хүлээж авах цорын ганц эрх чөлөөтэй байв. Тэнд итгэл найдвараа алдаагүй, ямар нэг утга учрын төлөө амьсгалж яваа хүн юу ч тохиолдож байсан, үргэлжлүүлэн амьдрахын төлөө тэмцэж байж. Хүчирхийлэлд автах, өлсөж цангах, даарч хөрөх байнгын зовлон байсан ч хүн гэдэг ийм гадны шалтгаанаар биш итгэл найдвараа алдсанаас л болж энэ хорвоог орхиж байсныг тэр дэргэдээс нь харж, баттай ойлгож авчээ.

Үүнээс үүдэн хүний хамгийн гол хүсэл бол амьдралын утга учир, зорилгын төлөөх эрэл хайгуул гэсэн дүгнэлтэд хүрч, амьдралын утга учир гэж ямар зүйл байдаг, хаанаас олдог тухай өгүүлжээ. Уг бүтээл хүмүүсийн сэтгэл зүрхэнд гүн гүнзгий хүрсэн шалтгаан нь, мэргэжлийн сэтгэлзүйч хүн сэтгэлзүйн туйлын гэмээр сорилтуудыг өөрийн биеэр туулсны үр дүн гэлтэй. Улмаар хорих лагериас гарч ирээд зохиогч сэтгэл зүйн эмчилгээний нэгэн аргыг боловсруулсан гэдэг.

Ингээд энэ гайхалтай бүтээлийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн подкастаа сонсоцгооё.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

24335   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.