Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 29, 2018

UNLEASH 2018: Тогтвортой хөгжлийг цогцлоох шинэ санааны эрэлд

UNLEASH Инновацийн лаб хөтөлбөр бол дэлхийн өнцөг булан бүрт нийгэмдээ өөрчлөлтийг эрэлхийлж, салбартаа түүчээлж буй 1000 гаруй залуусыг нэг дор нэгтгэж, урдаа тулгарч буй асуудлуудыг хамтдаа шийдэхэд хувь нэмрээ оруулах боломж олгодог талбар юм. Энэ жилийн арга хэмжээнд зохион байгуулагч Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб, Нобелийн Энх тайвны шагналт, Колумбын ерөнхийлөгч Хосэ Рамос, UNESCO-ийн Энх тайвны элч, Оскарын шагналт, алдарт жүжигчин Форест Уитакер, НҮБ-ын Инновацийн элч Софиа робот зэрэг хүндэт зочид ирсэн бөгөөд хөтөлбөрт оролцсон 200 багаас шилдгээр шалгарсан санаанууд хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авсан юм. Тогтвортой хөгжлийн зорилтын үр дүнг дүгнэн 2030 он хүртэл жил болгон өөр өөр улсад зохион байгуулагдах тус арга хэмжээнд миний бие Монгол улсаа төлөөлөн оролцох боломж олдсоны хувьд энэхүү тэмдэглэлийг бичлээ.

UNLEASH ГЭЖ ЮУ ВЭ?

Бид маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Өнөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байгаа ч 2050 онд 10 тэрбум болтлоо өснө. Тэр 10 тэрбум хүнийг хэрхэн эрүүл хооллож цэвэр усаар хангах вэ? Жил болгон дэлхий даяар 3.2 сая хүн хөдөлгөөний дутагдлаас болж нас барсаар байна. Хэнийг ч ардаа үлдээлгүйгээр хэрхэн хамтдаа хөгжих вэ? Эд бол бидний өмнө буй мянга мянган асуудлуудын наад захын жишээ. Хариулт хүлээж буй олон асуулттай амьдарч буй энэ цаг үед хайрцагнаас гадуурх сэтгэлгээ, шинэлэг санаа, бүтээлч шийдлүүд хамгаас чухал болоод байна.

Тиймээс ч өнгөрсөн жил шинэ санаа, шинэ өнцөг авчрах залуусыг нэгтгэн тогтвортой хөгжлийн зорилтуудад шинэлэг шийдэл гаргуулах зорилготой UNLEASH хөтөлбөр Дани улсад зохион байгуулагджээ. UNDP, Deloitte, DBS, Calrsberg сан зэрэг олон улсын дэлхийд алдартай байгууллагууд уг хөтөлбөрийг дэмжиж, хамтран зохион байгуулах болсон нь ч санамсаргүй хэрэг биш. Тогтвортой хөгжлийн үзэл санааг түгээж буй нийгмийн зүтгэлтнүүд, төрийн тэргүүд, олны танил эрхмүүд залуустай санаа бодлоо солилцож, урам зориг түгээн эрч хүч бэлэглэдэг нь ч энэ арга хэмжээний нэг онцлог.

Өглөө 8 цагаас үүрийн 5 цаг хүртэл, зарим өдөр огт нойргүй шахуу багаараа санаагаа боловсруулан ажилласан 8 өдрийн төгсгөлд тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд хамтын ажиллагааны чухал ач холбогдлыг энд ирсэн бүх залуус ойлгосон нь эргэлзээгүй. Чухам хамтын ажиллагаа л биднийг 2030 он гэхэд "даалгавраа" биелүүлэх боломж олгоно гэдэг санаа энэ арга хэмжээний үзэл санаа мэт ч санагдаж байв.

5 тивийн 5 орны хүмүүстэй нэг баг болон ажиллаж нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэг магадгүй хөтөлбөрийн хамгийн том сорилт, хамгийн том хичээл байлаа.

Яагаад сингапур гэж?

2018 оны UNLEASH арга хэмжээг зохион байгуулах хүндэт эрхийг авсан Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб “40 жилийн өмнө Сингапурт цэвэр устай айл ховор байсан. Харин өнөөдөр айл бүр гэртээ цэвэр устай болсон” гэж хаалтын үеэр хэлсэн нь нэгийг бодогдуулав. 1000 залуусаас шинэлэг шийдэл, санааг төрүүлэх орноор Сингапур улс сонгогдсон нь ч учиртай.

Bloomberg-ээс гаргадаг инновацийн индекс-ээр Сингапур улс дэлхийн хамгийн инновацилаг улсаар тогтмол тодорч, зөвхөн бүс нутгаа төдийгүй олон улсыг манлайлж байна. Ердөө 50 жилийн хугацаанд тэд бяцхан боомт хотоос дэлхийн санхүү болон инновацийн төв цэг, өндөр технологи үйлдвэрлэгч болж чаджээ. 5.5 саяхан хүн амтай ч дэлхийн хамгийн олон саятанг төрүүлсэн Сингапур 2025 он гэхэд дэлхийн хамгийн анхны ухаалаг хот болох томоохон зорилго тавиад байгаа гэнэ. Бидний 8 өдрийн турш байрласан Сингапурын их сургууль ч инновацийг төрөл бүрээр дэмжиж, гадаад дотоодын шилдэг санааг бойжуулж дэмжих хүсэлтэй байгаагаа удаа дараалан илэрхийлсээр байв.

Сингапурын томоохон хувийн хэвшлүүд 1000 гаруй хүмүүсийн байрлах байр, хоол унд, аяллын зардлыг даан "санаа гаргаад өг, санхүүжүүлье" гэж авчирч байгаагаас л үнэхээр тогтвортой хөгжлийг нэн чухалчлан авч үзэж, хамгийн шинэ, шинэлэг шийдлүүдийг ямагт эрэлхийлсээр байгаа нь харагдана.

Хүн бүрийн хүлээлтийг үүсгэсэн зочин НҮБ-ын Инновацийн элч Софиа робот байсан билээ. Тэрээр "Миний оршин тогтнол иргэншлийн асуудлыг хөндөж байна" гэж хэлээд амжсан аж.

unleash 2018-ийн шилдэг санаа юу байв?

Брунейгээс Буркина Фасо хүртэл, Алжираас Америк хүртэл, Фижигээс Франц хүртэл 6 тивийн 1000 гаруй залуусын үзэл бодол, амьдралын туршлага, амьдралыг харах өнцөг, мөрөөдөл, зорилго бүр өөр. Тиймээс хувь хүн бүр алхам бүртээ шинийг мэдэж, анзаарах боломж олдож байлаа.

Хамгийн амжилттай, шинэлэг санааг гаргасан багууд томоохон компаниудаас санаагаа бойжуулан бодит амьдрал дээр хэрэгжүүлэх санхүүжилт авах боломжтой байсан нь багуудыг улам бүр хурцалж байв. Үүгээр ч зогсохгүй өөр бусад төрөл бүрийн хамтын ажиллагаа нүдэн дээр өрнөж байсан нь үнэхээр биширмээр.

Энэ жилийн хөтөлбөрийн шилдэг санааг Сингапур төвтэй олон улын банк DBS санхүүжүүлэх учиртай байлаа. Энгийн хэрнээ бүтээлч шийдэлтэй, бэрхшээлийг өөр өнцгөөс харж илүү хүртээмжтэй байдлаар хандах бололцоо олгосон дараах төслүүд шилдгээр шалгарсан юм.

Жендерийн тэгш байдлыг хангасан шилдэг санаа

"ADYA" - Жилээс жилд улам бүр цар хүрээ нь нэмэгдсээр буй Энэтхэгийн дундаж давхаргын охидын өмнө тулгарч буй хамгийн түгээмэл асуудал бол идэвхтэй хөдөлгөөн, тогтмол дасгал хийх орчин нөхцөл. Улмаар чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар зэргээр өвчлөх өндөр эрсдэлтэй болдог байна. ADYA чухам энэ асуудлыг эмэгтэйчүүдийг ажиллуулж, тэдэнд эдийн засгийн боломж олгох замаар эмэгтэйчүүдэд зориулсан фитнесс хөтөлбөрөөр дамжуулан шийдэхийг хүсэж байна.

Бүх нийтийг хамарсан шилдэг санаа

"123+" - 123 бол дэлхий даяар ижил хүйстнүүдийг хуулиар хориглосон улсын тоо. "123+" шийдлийн гол зорилго бол 2030 он гэхэд эдгээр 123 орны ижил хүйстнүүдийн эрхийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, хуульчлах юм. Ингэхийн тулд онлайн платформоор дамжуулан дэлхий даяар буй ЛГБТ хүмүүст мэдлэг, мэдээлэл олгон чадавхжуулах зорилготой аж.

Глобал түвшинд тэлэх шилдэг санаа

"SaniHive" - Өмнөд Африкийн хамгийн хурдацтай тэлж буй дүүрэг гэгдэх Хаеэлича Кэйптаун хотод байрладаг. Зөвхөн тус дүүргийн ядуусын хороололд амьдардаг 20,000 гаруй хүн 380 бие засах өрөөг хувааж хэрэглэдэг гэнэ. Энэ бол ялангуяа бага насны охид бие засах өрөө ашиглахын тулд шөнө оройн цагаар аюултай газраар гэрээсээ хол явах хэрэгтэй болдог гэсэн үг. Тэгвэл энэхүү баг Beehive хэмээх зөөврийн 00-ийн санааг гаргажээ.

Олон талт хамтын ажиллагааны шилдэг санаа


"Prometheus" - Жил болгон дэлхий даяар 4.9 тэрбум тонн хуванцар хог хаягдал гардаг. Одоог хүртэл төр, хувийн хэвшил аль аль нь хамгийн тохиромжтой шийдлийг хайсаар. Нигерийн Лагос хотоос жил бүр гардаг 730,000 тонн хог хаягдлыг шинэлэг технологи ашиглан ахин боловсруулж, байгальд ээлтэй түлш болгох зорилготой Prometheus энэ жилийн шилдэг санааны нэгээр тодорчаээ.

Хамгийн инновацилаг санаа

"Urban Cool"
- Уур амьсгалын өөрчлөлт, тэр тусмаа дулаарал Дели хотын захаар орших ядуусын хорооллын оршин суугчдын амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Urban Cool бол тэдгээр хүмүүст хямд үнээр сэрүүцүүлэх төхөөрөмж нийлүүлэх санаа юм. Хамгийн сонирхолтой нь тэд уг төхөөрөмжөө нарны эрчим хүчээр ажилладаг байхаар төлөвлөж байгаа гэнэ.

8 өдрийг эсэн мэнд давахад хэдэн зуун "stick-it notes", өдрийн 5 аяга кофе тус болж байв.

Бид хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

Тогтвортой хөгжлийн зорилгууд хэрэгжих 2030 он хүртэл жил бүр өөр өөр улсад зохиогдох UNLEASH хөтөлбөрт жилээс жилд Монгол улсыг төлөөлөн оролцох залуусын тоо нэмэгдэж, дэлхийд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, үзэл бодлоо хуваалцаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж энэхүү нийтлэлийг бичлээ.

Өнөөдөр бид амьдарч буй дэлхий ертөнцийнхөө ирээдүйг тодорхойлох хамгийн чухал ач холбогдолтой үед амьдарч байна. Нэг ёсондоо, хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой "гэрийн даалгавар" нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт болчихоод байна. Ердөө 12 жилийн хугацаанд бидэнд хийх зүйл ямар их байгааг, өргөн хүрээг хамарсан эдгээр зорилгод хүрэхийн тулд нийгмийн амьдралд оролцогч тал бүрийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухлыг ойлгож авлаа.

Unread-ийн хамт олон бид ч тогтвортой хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, боловсролыг нэмэгдүүлэх, олон нийтийн санаа бодлыг нэг тийш чиглүүлэхийг эрхэм үүргээ гэж ойлгон өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн "Тогтвортой хөгжлийн зорилгууд" нэртэй шинэ буланг танилцуулсан билээ. Үүний хүрээнд бид тогтвортой хөгжилтэй холбоотой аливаа санал санаачилга, төсөл хөтөлбөр, шинэ шийдэл-санааг эрэлхийлж, хийж хэрэгжүүлж буй хамт олон-залуустай хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгая.

Бид хэнийг ч ардаа үлдээхгүйгээр төлөө хамтдаа зүтгэх ёстой билээ.

UNLEASH 2018 хөтөлбөрт Монгол улсаас төлөөлөн зүүн гар талаас А.Баярмаа, М.Маралмаа, Л.Баасанхорол, Б. Хулан, Н. Халиунаа нар оролцов.

UNLEASH хөтөлбөрийн гол утга учир, санаа энэхүү ганц зургаар л илэрхийлэгдэж байгаа учир ийнхүү энэ зургаар нийтлэлээ төгсгөе. Зургийг : Viviek

"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД" БУЛАНГИЙН ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮД

"Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна" - 17 зорилт, 17 санаачилга
2030 оны даалгавар: 17 зорилго - 17 асуулт
Утаанаас хэрхэн салах вэ? Хятадын туршлагаас суралцах нь
Залхуу хүнд зориулсан эх дэлхийгээ аврах хөтөч
Цагаан сарыг орчиндоо ээлтэйгээр тэмдэглэх зөвлөмж
"Давос 2018"-ыг тоймлох нь: Хуваагдмал дэлхийд нэгдмэл ирээдүйг бүтээх нь
Орчиндоо ээлтэй амьдрахад туслах 5 апп
Дэлхийн усны өдөрт: Тэг өдрийн өмнө
Нийгэмд ээлтэй бизнес хийхийн тулд юун дээр анхаарах вэ? + 10 жишээ бизнес
Байгууллагуудад өгөх зөвлөмж: Ажлын таатай орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?
Боловсролын тогтолцоо бүтээлч сэтгэлгээг унтраадаг уу?

19382   1


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.