Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 27, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Цахиурын хөндийн энтрепренер, бизнесийн зөвлөх, стратегич Черил Эдисон

Черил Эдисон бол Цахиурын хөндийн бизнесийн нэртэй зөвлөх, энтрепренер юм. Дэлхий даяар 5 тивд, 47 салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн туршлагатай, англи, испани, итали хэлтэй Черил залуугаасаа шинэ трендийг түрүүлж харах, шинэ салбарыг бий болгох авьяасаа нээн хөгжүүлжээ. Ингээд Цахиурын хөндийд Volvo, Warner Brothers зэрэг томоохон компаниудад стратегийн гэрээт зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 оноос барилга байгууламжийг бүтээлч коммюнити цугласан, бүтээмжит орчин цогцолсон газар болгон хувиргадаг placemaking чиглэлд төвлөрөн ажиллах болжээ. Улмаар Америкийн хамгийн том Makerspace буюу бүтээлч хүмүүсийн лабуудын нэгийг үүсгэн байгуулсан байна. Тэрээр өдгөө Salesforce, Lufthansa зэрэг дэлхийн "топ 500" компаниуд, улс орнуудын засгийн газарт инноваци, стартап экосистемийн сэдвээр зөвлөж, сургалт, семинаруудыг зохион байгуулдаг.

Байршил: Калифорни, Купертино
Эрхэлдэг ажил, албан тушаал: Edison компани, The Gate 510 бүтээгчдийн лаб, The Factory 510 дундын оффисийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: High Sierra
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 11.4'
Сошиал хуудас: Cheryl Edison (Твиттер), Cheryl Edison (Фэйсбүүк) ,www.cheryledison.com

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Би тасралтгүй ажилладаг. Нэг дор 5-8 цагийн бүсэд байгаа хүмүүстэй холбогдож, тухайн газар өдөр шөнө байхаас үл харгалзан байнга ажиллаж байдаг гэсэн үг. Угандад стартап инкубатор эхлүүлэх, Швейцарьт бүтээгчдийн лаб-д зөвлөх, Монголд гарааны бизнес эрхлэгчидтэй уулзах гэх мэт бүх л тохиолдолд бусад цагийн бүсэд байгаад маш олон хүнтэй харилцдаг болохоор өдөрт 15-18 цаг ажилладаг. Ихэнх ажил маань хүмүүстэй тулж ярих буюу бүлэг хүмүүсийг удирдан чиглүүлэх, хамтын ажиллагаа үүсгэхэд чиглэдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Товчхондоо би имэйл дотроо амьдардаг. Gmail хэрэглэдэг, дотроо хэд хэдэн инбокстой. Зарим инбоксоо бусадтай share-лэх буюу хуваалцдаг. Тухайлбал, мөнгө санхүүтэй холбоотой инбоксоо санхүүгийн албатайгаа хуваалцана. Миний www.cheryledison.com вэб хүртэл цаанаа Gmail хуудас байдаг. Мөн маш их PowerPoint презентац бэлддэг. Үнэхээр хэрэг болох зүйлсийг ярьж зөвлөхийн тулд би презентацаа уулзаж буй хүмүүстээ тохируулан өөрчилнө. Жишээ нь, Монгол руу ирэхдээ 12 өөр презентацтай ирсэн.

Хүмүүстэй харилцахдаа аль болох видео дуудлага хийхийг хүсдэг. Appear.in апп-ийг хамгийн сайн нь гэж боддог шүү. Google Hangouts-ийг бас хэрэглэдэг. Мөн манай багийнхан GoPro байнга хэрэглэж хийж байгаа зүйлсээ видео болгох дуртай. За тэгээд дөнгөж 20 гарч буй залуустай хамт ажилладаг болохоор миний апп-ийн хэрэглээ их өөрчлөгддөг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би хүмүүст зөвхөн мэдээлэл өгөхийн оронд авсан мэдээллээ ашиглах системийг эзэмшүүлэхийг зорьдог юм. Өөрөөр хэлбэл би дандаа тухайн зүйлийн бүдүүвч, схемийг гаргаж, презентац болгон үзүүлдэг. Асуудалд өнгөц биш аль болох уг сууриар нь хандахыг эрмэлздэг гэх үү дээ. Өнөө өглөө л гэхэд энд уулзсан хүн презентац хэрэггүй, зүгээр ярьчихъя гэхэд нь би "Үгүй ээ, заавал танд харуулах хэрэгтэй" гэсэн. Ингэснээр бид хэн хэнийхээ цагийг хэмнэнэ шүү дээ. Бас ингэх үед хүмүүсийн ойлголтын зөрүү мэдэгддэг. Хүмүүс надтай санал нийлэхгүй байж болно. Санал нийлэхгүй байгаа зүйлийг мэднэ гэдэг асуудлын шийдлийг олоход чухал нөлөөтэй шүү дээ.

Мөн амьдрал хөнгөвчлөх, улмаар цаг хэмнэх аргууд бий. Жишээ нь хаа ч явсан би жижиг бүсэлдэг цүнхэндээ гар утас, гар ариутгагч зэрэг ойр зуур юмаа авч явдаг. Маш их хүнтэй гар барьдаг тул гар ариутгагчтай байж эрүүл байх шаардлагатай. За тэгээд америк хүн болохоор бохь, витамин зэргээсээ салахгүй шүү дээ. Мөн Makers Space бий болгодог хүний хувьд үзүүлэнгийн, хүмүүс, хүүхдүүдэд гараараа юм бүтээх боломжийг олгох маш олон хэрэгслийг байнга авч явдаг. Хүүхдүүдэд инновацийн талаар хичээл заая гэвэл заавал өөрсдөөр нь юм хийлгэж байж л үр дүнд хүрнэ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ямар нэг ажил, эргэж санах зүйлийг туслах руугаа имэйлддэг. Нэрийг нь Зое гэдэг юм. Зое тэдгээр зүйлсийг төрлөөс нь хамаараад Google Keep, календарь, reminder-ийн аль нэг рүү оруулж, ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Өглөө бүр бид тухайн өдрийн хамгийн чухал зүйл юу вэ гэж ярилцдаг. Өөрөөр хэлбэл энэ тал дээр би технологи, хүний шийдвэр гаргалт хоёрыг хослуулдаг юм. Хүний шийдвэр гаргалт хэзээд чухал шүү дээ. Хүн юу чухлыг, нөхцөл байдлыг мэдэрдэг. Мэдрэмж, EQ гэдэг зүйлийг машин, апп өгч чадахгүй.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Миний юуг хүмүүс хамгийн их үнэлдэг вэ гэж үү? Би чин сэтгэлээсээ ажилладаг, чин сэтгэлээсээ удирддаг. Би хаа нэг газар хүрч ирээд, одоо юу хийх ёстой вэ гэдгийг мэдрэхийг хичээдэг. Шийдвэр гаргах олон арга байдаг л даа. Шийдвэр бол heart, hand, handbag буюу чин сэтгэл, нөөц боломж, хөрөнгө мөнгөний нийлбэр байдаг гэж ярих нь бий. Харин миний хувьд эхлээд чин сэтгэлээсээ ажиллаж, чин сэтгэлээсээ манлайлдаг. Мэдээлэл, мөнгө санхүүд суурилахаас илүү зүрх сэтгэлийг өмнөө тавьдаг. Үүний дараа мэдээлэл зэрэг бусад зүйлс нь аяндаа ирдэг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Мэдээлэл өгөхөөс эхлээд аливааг хийх системд сургах, хэрэгцээт хүмүүстэй нь холбон танилцуулах зэргээр би өдөр бүр, хором мөч тутам бусдад мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалдаг. Би тухайн цаг мөчид харилцаж буй хүнтэйгээ гүн гүнзгий холбогдож чаддаг. Одоо ингээд надтай ярилцаад сууж буй, уншигчдадаа хэрэгтэй мэдээлэл хүргэхээр ажиллаж буй чамд бас маш их талархаж байна.

Нөгөө талаас, 24 цагийн турш олон цагийн цагийн бүсэд ажиллах, маш олон хүнтэй харилцах энэ мэдрэмж эргээд илүү их ажиллах, бусдад илүү их туслах хэрэгтэй гэсэн сэтгэгдлийг байнга төрүүлдэг. Өөрөөр хэлбэл би байнга сонголт хийх ёстой болдог. Тэгсэн хэрнээ бүх л хүнтэй харилцаж, бүхнийг л хийхийг хүснэ. Ийм үед нэг хүнд гаргах цаг нөгөө хүнд гаргах цагийг үгүй хийж, нэг ёсондоо золиос шаардаж байдаг гэсэн үг. Хүмүүстэй чин сэтгэлээсээ холбогдохын нэг сул тал нь золиос гаргаж байгаа мэт санагдах мэдрэмж юм даа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би 3 үйлчлүүлэгчид төвлөрч ажилладаг. Эхнийх нь Швейцарийн HIAG хэмээх үл хөдлөх хөрөнгийн том компани. Тэд маш их газартай, 25 барилгатай, үйлдвэртэй. Тус байгууллагатай хамтран газар, барилгуудыг маш бүтээлч ажлын орчин болгон хувиргадаг. Бүтээлч байдал, коммюнити, худалдаа гэсэн гурван зүйлийг бид цогцлоодог гэж хэлж болно.

Хоёр дахь нь АНУ-ын төрийн департмент. Төрийн департменттай хамтран би улс орнуудад зочлон, стартап экосистемийг нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Хэрхэн дэд бүтцийг бий болгох вэ? Хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ? Инновацийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудад зөвлөдөг.

Мөн хувь хүмүүс, энтрепренер, гүйцэтгэх захирлуудад санаагаа бодит бизнес болгон хувиргах, бизнесээ хэрхэн удирдах талаар зааж чиглүүлэх нь бий.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Том Makers Space-тэй болохоор би маш олон хөгжимчин, видео бүтээгч, бүтээлч найз нартай. Жишээ нь, Burning Man фестивалийн баг, коммюнити бол миний байнга харилцдаг хүмүүс. Тиймээс би найзуудынхаа уран бүтээлийг сонсож, үзэж, уншиж, саналаа хэлдэг, эерэг энерги өгөхийг хичээдэг.

Мөн мэдээ их сонсоно. Аливаа салбарын чиг хандлагыг урьдчилан харах нь миний сайн чаддаг зүйлсийн нэг. Тиймээс хаана юу болж байгааг байнга сонсож мэдэхийг урдаа тавьдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Хамгийн их уншдаг зүйл бол имэйл. Имэйлээр дамжин хэрэгтэй нийтлэлүүд, тайлангуудыг уншдаг. Маш их юм ирдэг болохоор би имэйлээ голоор нь, дээрээс нь доош нь гүйлгэж уншдаг. Ингэснээр имэйл алгасалгүй маш хурдан уншиж чаддаг юм.

Мөн цаг гарсан үед сошиал медиа хуудсуудаа шалгана, гүйлгэж харна. Фэйсбүүк, Твиттер, Линкэдин, Инстаграм ашигладаг. Найз залуу маань нэг сарын өмнө өөд болсон болохоор би өдөр болгон дурсгалыг нь хүндэтгэж Инстаграм дээр пост оруулж байгаа. Тэр маань нэлээд алдартай хүн байсан л даа. Түүнийг илүү олон хүнд сайн таниулахаар энэ постуудыг хийж байгаа юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ажил дээрээ би байнга маш нээлттэй байх ёстой байдаг. Сонголт байхгүй. Надад ганцаараа чимээгүй байх "тансаглал" маш бага олддог. Мэдээж би ганцаараа байж, юм бодох дуртай. Гэхдээ ихэнх цагт нь бусадтай харилцаж, маш их ярих нь олон.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Надад унтах цаг гарвал унтдаг, гарахгүй бол унтдаггүй. Боломж гарсан үед би 15 минут ч дугхийж магадгүй, эсвэл 8 цаг ч унтаж магадгүй. Өөрөөр хэлбэл тогтсон цагт унтдаггүй, боломжтой үедээ унтаад яваад байдаг гэсэн үг. Маш олон цагийн бүсэд ажилладаг учраас ингээд дадчихсан хэрэг л дээ. Байгаа газар маань шөнө болж байхад, жишээ нь Купертинод өдөр болж байхад хүнтэй ярих шаардлагатай бол ярьж л таарна. Утсан дээр яг одоо 12 цагийн бүс тэмдэглэчихээд байна. Тэгэхгүй бол тэнд хэдэн билээ, энд хэд дэх өдөр билээ гээд төөрөлдөх үе бий (инээв).

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би амьдралаа ажил, амьдрал гэж хуваадаггүй. Надад ажил гэсэн ойлголт байдаггүй гэж болно. Би амьдралдаа зорилготой, амьдралын мөч хором бүрийг таашааж сэтгэл хангалуун байхыг хичээдэг. Би энд ажиллах гэж биш, өөрөөрөө байх гэж л ирсэн. Аз болоход хийх дуртай зүйл маань надад орлого авчирдаг.

Тийм ч учраас би илүү цаг гарвал л дөнгөж энтрепренер болж залуучууд, дөнгөж удирдах ажилтан болоод буй хүмүүст зөвлөж, ментор нь болдог. Надад ярилцах, зөвлөгөө өгөх хүмүүсийн жагсаалт, утас, цагийн бүстэйгээ байдаг. Илүү 15 минут гарах үед би жагсаалтаа харж байгаад, эхлээд SMS, чатаар бичээд, ярих боломжтой байна уу гээд залгадаг. Тэгээд л "Шинэ сонин юу болов?", "Тэрийгээ хийсэн үү?", "Тэрэнтэй уулзсан уу?" гээд л эхэлнэ дээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хүн бүр өөрийн бодол, өөрийн үнэнтэй. Бидэнд гүн шингэсэн байдаг энэ л үзэл бодол, энэ л үнэнээр бид өөрсдийн бодит байдлыг бий болгодог. Бодит байдал бол "хайрцаг" гэе. Хүмүүс "хайрцгаас гадуур сэтгэх" гэж ярьдаг даа. "Инноваци бол хайрцгаас гадуур сэтгэхийн нэр" гэх нь ч бий. Тэгэхээр одоогийн бодит байдлаас хэр зэрэг гадуур сэтгэхээс инноваци бий болох эсэх нь шалтгаалах нь.

Би бол би, чи бол чи. Бид бүх л зүйлд, бүх л хором мөчийг өөрсдийнхөөрөө мэдэрдэг. Тэгэхээр эдгээр цаг мөчийг аль болох шинэ соргог нүдээр харахыг хичээх хэрэгтэй. Яаж шинэ соргог нүдээр харах вэ гэвэл, бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, тэдний нүдээр харна. Тиймээс би аль болох л ялгаатай байдлуудыг мэдрэхээс, өөрөөр хэлбэл тэрхүү "шинэ соргог нүд"-нээс урам зориг, эрч хүчийг авдаг. Бусдын бодит байдлыг өөрийн бодит байдалтай нэгтгэх, харьцуулах замаар шинэ санаа, шинэ санаачилгыг, инновацийг, ирээдүйд юу болохыг би өөртөө нээж байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Love is the Answer буюу "Хайр бол бүх юмны хариулт" гэж Эйнштейн хэлсэн байдаг.
Хэн нэгнийг ялгарварлалгүй хүнийг хүн гэдгээр харж, хайрлаж амьдрах нь чухал. Жишээ нь, өнөөдөр дэлхийд ихэнх салбарын удирдах түвшинд эрчүүд давамгайлдаг. Эрчүүд, эмэгтэйчүүд гэж хуваагддаг. Миний хувьд яаж энэ хуваагдлаас зайлсхийх вэ л гэж боддог. Эрчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн манлайлал гэлгүй манлайллын тухай л бид ярих ёстой гэж боддог. Хайр, бусдыг бодох сэтгэлийг өмнөө тавьж ажилласнаар би 5 тивд 47 салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж чадсан байна. Тэгэхээр хайр бол бүх юмны хариулт гэдгийг ойлгосон минь миний амьдралдаа авсан хамгийн сайн зөвлөгөө юм даа.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Өдөрт нэг зорилготой бай. Хэрвээ юу хийхээ мэдэхгүй гацвал, хамгийн сүүлд юмс тодорхой байсан цэг дээр эргэн оч. Тэр үеэ сайн шинжээд эргээд одоогийн цаг мөч рүүгээ буц. Одоо чи боломжтой ба боломжгүй хоорондын заагийг хэрхэн мэдэрч байна вэ? Юу боломжгүй санагдаж байна? Анх зорилго чинь юу байсан бэ? Энэ бүхний дараа харин зорилгоосоо бүү буц. Шинэ соргог нүдээр дахин эхэл.

Ингээд байхад гацсан хэвээр байвал өөрөөсөө тэс өөр, тэс өөр бодолтой хүнийг олоод өөрийн чинь оронд байсан бол хэрхэх байсныг нь асуу. Тэдний арга замыг өөрийн арга замтай хослуул гэж захья.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Өөрийн холбож чадах, бас сонирхолтой хариултууд хэлэх нэг хүнийг санал болгоё. Хүүхдийн гар утсыг бүтээсэн компанийн гүйцэтгэх захирал Робин Абрамс хэмээх эмэгтэйг санал болгоё. Apple-ийн Ази дахь салбарыг байгуулж байсан, байнга тэргүүн эгнээнд харагддаггүй ч гэсэн ажлыг зүрх сэтгэлээсээ хийдэг эмэгтэй.

Черилээс зөвлөгөө авахыг хүсвэл

Зочин маань энэ хагас сайн өдөр буюу 6-р сарын 30-ны өдрийн 15 цагт HUB Инновацийн төв дээр амжилттай гарааны компанийг хэрхэн үүсгэн байгуулах талаар сонирхолтой лекц, семинарыг тавих болно. Та бүхэн энэхүү фэйсбүүк эвентээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

60203   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.