Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 26, 2018

Дэлхийг шуугиулж буй тоглоом: PUBG vs Fortnite харьцуулах нь

Интернэт орчинд сүүлийн үед Fortnite, PUBG гэсэн үгс маш их сонсогдох болсон билээ. Youtube, Facebook гэх мэт сошиал медиа сувгуудаар тасралтгүй яригдахын зэрэгцээ топ тоглогчид нь их сургуулийн тэтгэлгийн санал хүртэл аваад амжсан энэхүү хоёр тоглоом нь бидний сайн мэдэх "Өлсгөлөн тоглоом" кинотой адил хамгийн сүүлд амьд үлдэхийн төлөө тэмцдэг "Battle Royale" жанрын тэргүүлэгчид юм. 

PUBG буюу PlayerUnknown's Battlegrounds нь түрүүлж нээлтээ хийсэн бөгөөд 2017 оны сүүл гэхэд 3 сая гаруй тоглогчтой болж маш удаан хугацаанд ноёлж ирсэн Дота 2-г давсан юм. Харин тун удалгүй Epic Games компаниас Fortnite Battle Royale тоглоомыг гаргаж одоогийн байдлаар нийт 40 сая гаруй тоглогчдыг татаад амжсан байна. 

Тэгвэл тоглоомын ертөнцийг шуугиулаад буй энэхүү хоёр тоглоомын ялгааг сайн мэдэхгүй, алийг нь тоглохоо сонгож чадахгүй хүмүүст зориулан бид өнөөдөр Fortnite болон PUBG-ийг харьцуулан авч үзье. 

PUBG буюу PlayerUnknown's Battleground

Fortnite Battle Royale

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 

Fortnite-ийг анх Epic Games компаниас 2 сарын дотор хөгжүүлж гаргасан бөгөөд PUBG-ийн хуулбар хэмээн багагүй шүүмжлүүлж байсан ч олон удаагийн шинэчлэлийн ачаар зах зээл дээрх шилдэг тоглоомын нэг болоод байна. Fortnite-ийн нэг онцлог нь хана, шал, тааз, шат гэх мэтийг барих байгуулах үйлдлийг шинээр нэмж өгсөн юм.

Агаарын бөмбөлөгт дүүжилсэн автобуснаас нийт 100 тоглогчид нэг нэгээрээ томоохон арал дээр буух ба аль болох нэртэй, эд зүйлстэй байршлыг чиглэн буудаг. Газар дээр буусны дараа зэвсэг, шидэт уусмал, барилга барихад хэрэг болох зүйлсийг аль болох хурдан олох шаардлагатай. Учир нь тоглоом эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа шуурга эхлэн арлын байрлах боломжтой хэсэг бага багаар жижигсэх бөгөөд ингэснээр тоглогчид ойртон бие биеэ хөнөөхөөс өөр сонголтгүй болдог.

PUBG нь ийм төрлийн тоглоомууд дотроос хамгийн анхны "тэсрэлт" болсон тоглоом бөгөөд Fortnite-ийг бодвол илүү удаан үргэлжлэхээс гадна арай бодит мэдрэмжийг өгдөг. Мөн адил 100 хүнтэй эхэлж, ганц арал биш томоохон хэмжээний газар нутгийг хамран явагддаг. Эхлэхдээ онгоцтой газрын зургийн дээгүүр нисэж, газраа сонгон бууна. Хэсэг хугацааны дараа дугуй дүрс газрын зураг дээр гарч ирэх ба энэхүү цагиргийн гадна талд байвал тоглогчийн биед сөргөөр нөлөөлнө. Энэ маягаар цорын ганц хүн амьд үлдтэл тоглогчдыг бөөгнөрүүлэн хөөсөөр байх болно.

ГРАФИК

PUBG-ийг тоглоход яг л бодит байлдааны талбарт очсон мэт санагддаг бол Fortnite хавьгүй өнгөлөг, хүүхэлдэйн киноны өнгө төрхийг шингээсэн байдаг. Overwatch зэрэг тоглоомтой графикийн хувьд төстэй гэж хэлж болно. Аль график нь илүү таалагдах нь хувь хүний онцлогоос л шалтгаалах байх.

Fortnite

PUBG

ГАЗРЫН ЗУРАГ

PUBG дахь газрын зураг Fortnite-ийг бодвол хавьгүй том. Гэхдээ том байлаа гээд илүү гэсэн үг биш. Аль аль тоглоомын газрын зураг өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Жишээлбэл, PUBG тоглох үед талбай том учраас ийш тийшээ явахдаа тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага нэлээн гардаг. Ялангуяа тоглоомын аюулгүй бүс буюу дугуй дүрснээс хол буучихсан байвал гүйгээд, алхаад бараг нэмэргүй. Түүнчлэн машин зэргийг ашигласнаар бусад тоглогчдын анхааралд өртөх тул амиа алдах эрсдэл нэмэгдэнэ. Fortnite-ийн хувьд газрын зураг нь хавьгүй жижигхэн, тоглолт ч үүнийг дагаад хурдан явагддаг.

PUBG-ийн давуу тал нь хоёр төрлийн газрын зураг санал болгодог учраас шинэ адал явдал урган гарч уйдаахгүй байлгаж чадна. 2018 оны сүүлээр бас хоёр ч шинэ жижиг газар нэмэгдэх юм байна лээ.

Fortnite ч гэсэн газрын зурагтаа шинэчлэл хийж, газар доорх хонгил, хотын барилга байгууламж зэргийг нэмж оруулж байгааг дурдах нь зүйтэй. Ирээдүйд хөгжүүлэгчид нь шинэ газрын зураг нэмэх гэж буйгаа ч мөн мэдэгдээд амжжээ.

Хэрвээ та удаан үргэлжлэх, эрсдэл өндөр тоглоом тоглохыг хүсэж байвал PUBG-ийг, арай хурдан хийгээд жижиг талбайд тоглохыг хүсвэл Fortnite-ийг сонгоорой.

PUBG

Fortnite

тоглолт

Хоёр тоглоомын аль аль нь газрын зураг жижгэрэхтэй уралдан амьд үлдэхийн төлөө тэмцэх гэсэн ганц л зорилготой тул ерөнхий тоглох үйл явц төстэй. Ганцаараа, найзтайгаа, олноороо яаж ч тоглосон бай үүний төлөө л та тэмцэнэ. Гэхдээ зэр зэвсэг болон тоглоомын туршид хэрэглэгдэх эд зүйлсийн хувьд багагүй ялгаатай.

PUBG өөрөө бодит дүр төрхийг илүүтэй шингээсэн, том газрын зурагтай гэдэг утгаараа хавьгүй олон зэвсэг, эд зүйлсийн сантай. Гэхдээ Fortnite цөөхөн зэвсэгтэй гэсэн үг биш. Сүүлд хүртэл мини-буу нэмээд амжсан бөгөөд энэ мэтчилэн шинэ зэвсгүүд тасралтгүй нэмэгдэх байх. Мэдээж яахын аргагүй PUBG-ийг бодвол зэвсгийн систем нь арай энгийн, цомхон.

Өөр нэгэн онцлог нь Fortnite-д барих, байгуулах элементүүд багтсанд оршино. Харьцангуй жижиг талбайд хурдан тоглодог учраас энэ нь улам сонирхолтой болгодог. Ялангуяа талбай багасан аминд тулсан үед хүмүүс тоглоомын туршид цуглуулж авсан мод, тоосго, метал зэргээ ашиглан хамгаалалт барих, нэмэлт оноо олж авах боломжтой. Гэхдээ барьсан бүхэн тань эргэж нурах бололцоотой гэдгийг мартаж болохгүй. Энэ нь тоглогчдыг нуугдахаас сэргийлж, бие биетэйгээ нүүр тулан тоглоомыг дуусгахад чухал ач холбогдолтой. Харамсалтай нь, ямар нэг зүйл барьж байгаа тохиолдолд та дайралтад улам өртөмтгий болно. Даанч огт юм барихгүй байя гэвэл бусад тоглогчид танаас өндөрт гарчихсан бол үхэх аюул хэд дахин нэмэгдэнэ л гэсэн үг.

PUBG-д бол өөрийн эргэн тойронд байгаа зүйлсээ л ашиглан дээшээ гарах эсвэл нуугддаг. Ямар нэгэн хамгаалалт үүсгэх боломжгүй учраас байрлалаа хурдан олох эсвэл амиа алдах гэсэн сонголттой та байнга тулгарах болно. Дээрээс нь тоглогчдын барьсан байгууламжийн тусламжтай газрын зураг дээрээс байршлыг нь тогтоох боломжгүй тул таныг хаана ч хүн отож байх боломжтой. Энэ утгаараа PUBG тоглохдоо хүмүүс илүү болгоомжтой, сонор сэрэмжтэй байдаг бөгөөд улмаар тоглолт удаан үргэлжилдэг.

Fortnite

ТОГЛОГЧИД

Онлайн тоглоом тоглоход олон хүмүүс байх тусмаа илүү сонирхолтой. Азаар PUBG, Fortnite-ийн аль аль нь дэлхий даяар саяар тоологдох хэрэглэгчтэй тул өрсөлдөх хүмүүс шөнө ч бай, өдөр ч бай олдоно.

Гэхдээ сүүлийн үед тоглогчдын тоо ялгаатай болж буйг дурдах хэрэгтэй байх. Fortnite нь 2017 оны 12 сараас 2018 оны 1 сар хүртэл 10 сая шинэ тоглогчийг элсүүлж чадсан ба одоогийн байдлаар сард 40 сая хүн тогтмол тоглож байна. Нэмж хэлэхэд, PUBG-ээс Fortnite руу урвах хүмүүсийн давлагаа улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм.

2017 оны 12 сард харин PUBG-г нэгэн зэрэг 3 сая гаруй хүн тоглож байна хэмээн мэдээлсэн ба 2018 оны 1 сард Xbox One хувилбараа гаргасан даруйдаа 4 сая хэрэглэгчтэй болжээ.

Эдгээр тоонуудаас харахад тоглогчдын хэмжээ бол аль нэгийг нь сонгох хүчин зүйл биш болов уу.

ПЛАТФОРМ

Одоогийн байдлаар PUBG нь PC, Xbox One, iOS, Android хувилбартай, Fortnite нь PC, Xbox One, PlayStation 4, iOS гэсэн хувилбартай. Аль ч платформ дээрх тоглоом нь харьцангуй сайн үнэлгээтэй байгаа. Fortnite үнэгүй бол PUBG Steam дээр 30 долларын үнэлгээтэй байдаг.

Fortnite-ийн мобайл хувилбар нь түрүүлж гарсан хэдий ч Android нь одоо хүртэл гараагүй байна. Утаснаас тоглоход аль аль нь үнэгүй хийгээд компьютер, консольтойгоо ижилхэн. Мэдээж хэрэг харагдах байдал, дэлгэцийн удирдлага зэргийн хувьд өөрчлөлтүүд бий.

Анх PUBG-г тоглож үзэхэд ойлгоход жаахан бэрх байснаас гадна тоглож сурахад багагүй цаг авсан. Дараа нь Fortnite-ийг тоглоход хавьгүй амар байсныг хэлэх нь зүйтэй. Тиймээс анхлан тоглож буй, эсвэл зүгээр сонирхож үзэхийг хүсэж буй хүмүүс Fortnite-г тоглох нь тохиромжтой байх. Угаасаа үнэгүй тэгээд дээрээс нь талбай жижигхэн, тоглолт хурдан явагдана. Түүнчлэн сонирхуулж хэлэхэд, Fortnite-ийг Drake, Neymar, Derek Carr, Travis Scott зэрэг олон алдартан тоглодог аж. Саяхан бас 100 сая долларын шагналтай тэмцээнээ зарлаж тоглоом сонирхогчдын дунд шуугиан тариад байгаа юм.

Харин тоглоом сонирхогч, дээрээс нь илүү цаг заваа гарган тоглохоор төлөвлөж байгаа бол PUBG-ийг сонгоорой. Томоохон талбай, удаан тоглолт, ярвигтай зэвсгийн систем зэрэг нь таныг хэсэгтээ л уйдаахгүй болов уу. PUBG-ийг харин Post Malone, Terry Crews нар тоглодог аж.

Та бүхэн ч гэсэн PUBG болон Fortnite-ийн талаар өөрсдийн сэтгэгдлийг үлдээж бусадтайгаа санаа бодлоо хуваалцаарай. Түүнчлэн удаан хугацаанд яригдаж буй оюуны хулгайн асуудал, өөрсдийн сонирхолтой тоглолтынхоо талаар ч үлдээж болно шүү.

48875   12


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.