Тавилгын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанийг өнөөдөр онцолж байна. Ганбросын хамт олон хамгийн сүүлийн үеийн шинэлэг, загварлаг цогц шийдлийг чанартай материалаар хийж гүйцэтгэдэг. Ингээд тус компанийн үүсгэн байгуулагч А.Одончимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр: Ганброс ХХК
Үйл ажиллагааны чиглэл: Тавилгын худалдаа, үйлдвэрлэл
Хаяг: Зайсан Скуэрийн 3 давхарт байрлах Ганброс үзэсгэлэнгийн танхим
Үүсгэн байгуулагч: А.Одончимэг
Ажилтны тоо: 45
Сошиал хуудас: GanBros

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Хэдэн жилийн өмнө ах дүү хоёр Монголд тавилгын салбарт шинэ орон зай байгааг олж харсан юм. Хэдийгээр энэ чиглэлд мэргэшсэн хүмүүс биш хэдий ч нэлээн сайн судалгаа хийж байж энэ салбарт хөл тавьсан.

Тухайн үед монголчууд гал тогоондоо гэхэд л арваад жилийн өмнө байдаг хэвшмэл загвартай, хувилаад тавьсан мэт ижил төстэй загварын тавилга хийлгэдэг байв. Мөн тавилга сэлтэд функциональ талаас илүүтэй анхаарч, гоо зүйн талаас нь төдийлөн ач холбогдол өгдөггүй, тавилгаасаа сэтгэл ханамж огт авч чаддаггүйг анзаарсан юм. Улмаар энэ бизнесийн салбар намайг улам бүр татах болсон. Мөн тавилгын бизнес гэдэг яг л эмэгтэй хүнд зориулагдсан мэт санагддаг. Яагаад гэвэл эмэгтэй хүн илүү гярхай санагддаг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх бизнесээ хөл дээр нь босгохын тулд ихээхэн судалгаа хийсэн. Судалгаа хийж компанидаа шаардлагатай санхүүгийн тооцоог гаргаж банкнаас бичил бизнесийн зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Тавилгын зах зээлийн хөгжлийг дагаад дотоод заслын салбар ч хөгждөг. Бид зөвхөн бүтээгдэхүүн худалдаж, тавилга үйлдвэрлээд зогсох биш цогц үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг. Орчин үед хүмүүс улам завгүй, яаруу амьдралын хэв маягтай болжээ. Иймээс орон гэрийг цогцоор нь тохижуулах шийдлийг санал болгоход бид голлон анхаарч байна. Бид тавилгын салбарт тэргүүнд алхахыг хүсдэг.

Монголчуудын өмнө нь кино эсвэл сэтгүүл дээрээс хараад дуу алддаг байсан тэр орчныг бодит болгодог нь бидний онцлог, давуу тал. Үүний тулд бид технологио хөгжүүлж, шинэ нөү-хауд суралцаж, хүний нөөцөө чадавхжуулахад өдөр бүр анхаарч ажилладаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Дэлхийн архитектурын чиг хандлага, инновацийг дотооддоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн тэргүүн сонголт, тансаг дизайн, чанараар гайхагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх хэмээн тодорхойлсон.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Өнөөдрийг хүртэл бидний зорилго бол чанар байсан. Тийм ч учраас материал, тоног хэрэгслээ хямдыг нь бодож өмнөд хөршөөс биш, чанарыг бодож Европоос оруулж ирж байна. Энэ бидний хэрэглэгчдэдээ санал болгож буй үнэ цэн юм.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бүтээгдэхүүний чанар, худалдаа үйлдвэрлэлээ хөгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд чанарын стандарт хэрэгжүүлэхээр манай баг хамт олон шаргуу ажиллаж байна. Мөн харилцагч компаниудын шинэ загварын, сүүлийн үед трэнд болж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон байгаа.

энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

Эерэг сайн тал гэвэл бид алхам тутамдаа суралцдаг. Сурч боловсор, хийж бүтээ, дараа нь бусдыг сурга. Энэ бол манай хүний нөөцийн гол зарчим. Мөн бид харилцагчдаасаа суралцдаг. Ажилдаа дурласан, хийж байгаа хүмүүсийг харахаар дагаад л хөглөгдөнө. Бид сурсан, мэдсэн зүйлээ ашиглан хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг 100 хувь байлгахуйц бүтээгдэхүүн худалдаалж, үйлдвэрлэдэг. Энэ бүхний үр дүн мэдээж хэрэглэгчдийн магтан сайшаасан үгс, уулга алдалт юм.

Бэрхшээлтэй тал гээд байхаар зүйл байхгүй. Магадгүй бэрхшээл тулгарч байсан үе гарч байсныг үгүйсгэхгүй ч энэ бүхнийг бид боломж гэж хардаг. Яагаад гэвэл бид бэрхшээлийг шантралгүй даван туулсны үр дүнд боломж бүрийг нээж байдаг. Боломжийг бий болгосны дараа бидний бизнес өргөжин тэлнэ шүү дээ. Тиймдээ ч сүүлийн гурван жил Ганброс компани тавилгын технологиороо тэргүүлж байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Манай интерьерийн компаниуд хэтэрхий сайхан зураг гаргаж өгөх нь бий. Монголын зах зээл дэх материал, технологийн боломжоос хэтийддэг гэсэн үг. Тиймээс бид зөвхөн гүйцэтгэх ажил хийх биш хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг. Ихэнхдээ интерьерийн компаниудтай гар нийлэн ажилладаг. Энэ бүхэнд хэрэглэгчид маш сэтгэл өндөр байдгийг тэдний инээмсэглэлээс мэдэрдэг шүү.

Манай хамт олон тавилга худалдан авахаар ирсэн хүн бүрт мэргэжлийн зөвлөгөө өгч сонголт хийхэд нь тусалдаг. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хариу үйлдэл бүрээс эерэг сэтгэгдэл мэдрэгдэж, тэр бүхэнд бид хөглөгддөг.

Танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

Интерьер дизайн, тавилгын ертөнцөд минималист чиг хандлага ноёлж байна. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ ч ийм болсоор байна. Мөн нарийн ур хийц шингэсэн, түүхий эд материалын хувьд үнэ цэнтэй, эд ширхэг бүрээс гайхамшгийг мэдрүүлэх бүтээгдэхүүнийг сонгож байна. Бидний худалдаалж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн дээд зэрэглэлийн, тансаг, давтагдашгүй үнэ цэн бүхий чамин хээнцэр байдлыг илэрхийлдэг. Энгийн бөгөөд орчин үеийн загвар дизайнтай учраас харилцагч, үйлчлүүлэгчдийн эрэлтийг бүрэн дүүрэн хангахуйц бүх төрлийн тавилга байдаг гэдэгт ам бардам байдаг шүү. Шинэ тавилгууд үзэсгэлэнгийн танхимд ирмэгц л хэрэглэгчид дор нь худалдаад авдаг даа.