Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   06 сарын 23, 2018

"Одот талдаа буцахсан..." номын тухай

ХӨРВҮҮЛЭГЧИЙН ҮГ

Нэгэн буриад монгол бүсгүй Цэвэгмаа гуайн амьдралын талаар бичиж япон хэлээр хэвлэн гаргасан номыг монгол хэлнээ хөрвүүлэн уншигч та бүхэндээ хүргэж байна. Юуны өмнө япон эх нь Цэвэгмаа гуайн өөрөө хуучилсныг япончуудад зориулан эмхэтгэн гаргасан ном тул монголчуудын хувьд мэдээж гэмээр зүйлийг нуршин тайлбарласан хэсэг их байгааг тэр хэвээр нь монголчилсныг уншигч авхай та болгоон соёрхоно биз ээ.

Японы алдарт зохиолч Шиба Рёотаро гуай "Тал нутгийн тэмдэглэл" номдоо Цэвэгмаа гуайг гол баатраа болгон түүний амьдралын талаар бичсэн. Энэхүү орчуулж байгаа номд бас Цэвэгмаа гуайн амьдралын тухай тун тодорхой, ялангуяа бага нас, Монгол Улс дахь амьдралыг нь бичсэн байгаа. Энэ хоёр номыг унших хүртлээ хэдий мэддэг, сураг сонсож байсан боловч Цэвэгмаа гуайн амьдралын талаар, ялангуяа ямар их зовлон туулж ирснийг огт мэддэггүй байлаа.

Миний хувьд Япон Улсад суралцахаар 1992 онд явахдаа, мэдэхээрээ Цэвэгмаа гуайтай Дамбадаржаа дахь хашаанд нь очиж уулзан зөвлөгөө авч байсан юм. Тэгэхэд "Япон хэлээ сайн сураарай, тэгж байгаад Шиба Рёотаро гуайтай танилцуулна. Япон хүүхдүүдийг авчран Монголын сайхан байгаль, тал нутгаа үзүүлэх юмсан" гэж ануухан, цовоо дуугаар захиж байсан билээ. Амралтаараа Японоос ирэхдээ мэнд мэдэн Цэвэгмаа гуайтай уулзаж аанай л цовоо сэргэлэн дуу хоолойг нь сонсоход хүнд амьдрал туулж ирсэн ямар нэгэн шинж мэдэгддэггүй байлаа.

Цэвэгмаа гуай ХХ зууны зүүн хойд Азийн ороо бусгаа амьдрал, үзэл суртлын тэмцлийн бараг нугацаа бүрийг туулан өнгөрүүлж, эцэст нь эдүгээгийн ардчилсан Монгол Улсыг нүдээрээ үзсэн нэгэн. Төрсөн нутгаасаа хувь заяаны эрхээр эцэг эхтэйгээ дүрвэн гарч Хянганы нурууны Хөлөн буйрын талд өсөн торниж, дараа нь Хөх хотод ажиллаж амьдарч байгаад хожим нь монголчуудын улс болох БНМАУ-д дүрвэн ирж, Монгол Улсын бүтээн байгуулалтад хүчин зүтгэсээр гавьяаныхаа амралтанд гарсан нэгэн билээ.

Шиба Рёотаро гуай түүний талаар яагаад ном бичих болов гэж байнга бодогдоно. Цэвэгмаа гуай бол шинжлэх ухааны онцгой нээлт хийсэн эрдэмтэн биш, алдартай зохиолч биш, нөлөөтэй гүн ухаантан биш билээ. Тэрээр Монголоо гэсэн өөрийн бахархал, итгэл үнэмшлээсээ ухралгүй, ирээдүйдээ итгэсэн итгэлээ алдалгүй, гэр бүлдээ хамаг сэтгэл зүрхээ зориулан, хувийн жаргал, амар хялбар амьдрал хөөлгүй шударга даруухан амьдарч, хийсэн ажилдаа эзэн болж ажилласан нэгэн.

XXI зуунд Монголыг нуруундаа үүрэн авч явах залуучууд та бүхэн энэ номыг заавал уншихыг зөвлөж байна. Энэ номоос Цэвэгмаа гуайн дурдатгалыг уншиж амьдралтай нь танилцахад, одоо бидэнд үгүйлэгдэж байгаа хүнлэг чанар, хүнээ дээдэлдэг монголчуудын уламжлалт сайхан чанар мэдрэгдэнэ. Дээр нь социализмийн үеийн Монгол Улс бол тийм ч муу нийгэм байгаагүйг олж мэднэ. Бас Монгол бол дэлхийд ганцхан байгаа монгол үндэстний тусгаар улс, Монголоор бахархан, Монголыг сэтгэлийн эх орноо болгож байгаа бүх хүмүүсийн өлгий нутаг болохыг ойлгоно.

XX зууны түүх бол монголчууд бидний хувьд үзэл суртлын тэмцлийн гашуун сургамжийг хангалттай амссан зуун байсан. Одоо бас бид бүхэн капитализм, чөлөөт эдийн засаг гээд бас нэг хэлбэрийн суртлаар амьсгалж байна. Ингэж ертөнцийг үзэх үзэл, үнэлэмжид өөрчлөлт гарч байгаа ч түүхийн урт хугацааг шинжин харахуйд амьдралын мөн чанар тийм ч их өөрчлөгддөггүйг ажиглаж болно.
Эцэст нь товчхон хэлэхэд шударга, сэтгэлийн хаттай, итгэл үнэмшилтэй амьдрахын чухлыг энэ номын гол баатрын туулсан амьдрал бэлхнээ харуулж байна.

Дамдинсүрэнгийн Дамдинбаяр

3844   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.