Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 19, 2018

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын мэдээллийг шуурхай авах 5 апп/суваг

Энэ өдрүүдэд дэлхий даяар хөлбөмбөгөөр амьсгалж, хаалганы тор хөдлөх мөчийг амьсгаа даран хүлээж байгаа билээ. Хөлбөмбөг сонирхдоггүй хүн хүртэл өөрийн эрхгүй сонирхож, мэдээлэл авахыг эрмэлздэг нь дэлхийн аваргын гайхамшиг гэлтэй. Тиймээс өнөөдөр бид энэ агуу тэмцээний тоглолтын хуваарь, эргэн тойрны мэдээллийг цаг алдалгүй авах аппуудыг жагсаалаа.

FIFA 2018

FIFA 2018 нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 2018 оны дэлхийн аваргад зориулж гаргасан албан ёсны апп юм. Мэдээж албан ёсных учраас дэлхийн аваргын талаарх бүх л мэдээллийн хамгийн найдвартай, хурдан эх сурвалж гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн аваргын бүх тоглолтын хуваарь байдаг учраас ганц л товч дараад тоглолт сонгож календарьтаа оруулах, дэмжиж байгаа багаа дагах гэх мэт өөртөө тохируулан өөрчлөх боломжтой олон сонголттой. Мөн бусад аппуудаасаа хамгийн олон төрлийн хэв маягаар буюу зураг, бичлэг, live blog, live тайлбар зэргээр мэдээллээ хүргэдэг. Ихэнх Livestream-ийг Монголд газарзүйн байрлалаас шалтгаалаад үзэж болдоггүй бол энэ апп нь Youtube-ийн линк оруулсан байдаг учраас дээрх асуудал үүсдэггүй. Албан ёсны апп учраас дэлхийн аваргын бүтээгдэхүүнүүдийг шууд худалдан авч болно.

Татах: iOS, Android

ESPN

ESPN-ийг спорт сонирхогчид андахгүй. Дэлхийн хамгийн том спортын медиа болох энэ апп нь зөвхөн өөрийн сонирхсон спорт, лигийг сонгон мэдээг нь авч болдгоороо давуу талтай. Мөн сонирхсон лигээсээ дэмжиж байгаа багаа дагаж, тэр багийнхаа шинэ мэдээллийг сонордуулгаар авч болно. Өөрөөр хэлбэл хамгийн чухал мэдээгээ хамгийн түрүүнд харна гэсэн үг юм. Дэлхийн аваргын эргэн тойронд болж байгаа мэдээнээс гадна тоглолт тус бүрийн статистик, багийн мэдээллийг хамгийн хурдан авах боломжтой. Харамсалтай нь газарзүйн байршлаас болоод Монголд тоглолтын онцлох мөчүүд болон шууд дамжуулалтыг үзэх боломжгүй.

Татах: iOS, Android

BBC Sport

BBC Sport нь ерөнхийдөө ESPN-тэй төстэй боловч англи эх сурвалж юм. Хөлбөмбөгийн тоглолтуудын анализ, тоглолтын өмнөх болон дараах мэдээллүүд нь ижил төрлийн аппуудаасаа хамгийн найдвартайд тооцогддог. Харин энэ дэлхийн аваргаас эхлэн цаашид болох бүх хөлбөмбөгийн тоглолтуудад Football Predictor буюу тоглолтын үр дүнг таамагладаг байсан хэсгийг ашиглах боломжгүй болсон. Гэхдээ ESPN-ийг бодвол хавьгүй бага сурталчилгаатай байдаг нь хэрэглэгчдэд таалагддаг.

Татах: iOS, Android

BLEACHER REPORT

Bleacher Report спортын мэдээллүүдийг хамгийн сонирхолтой, хамгийн хүртээмжтэй байдлаар хүргэж чаддагаараа бусад медиагаас ялгардаг. Тэр дундаа Америкийн мэргэжлийн спортуудын мэдээллийг хамгийн шуурхай, бүтээлч байдлаар хүргэдэг. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Bleacher Report сайтын болон сошиал мэдээнүүдийг он цагийн дарааллаар урсах байдлаар хүргэж байгаа. Та бүхэнд тэдний статистик, графикууд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Татах: iOS, Android

Football Tribe Mongolia

Football Tribe нь 11 улсад салбартай Азийн хөлбөмбөгийн хамгийн том сайт юм. Энэ дунд Монгол улс багтдаг учир та Football Tribe сайтын мэдээлүүдийг монгол хэл дээр авах боломжтой. Football Tribe сайт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй бүх багуудын дэлгэрэнгүй танилцуулга, тоглолтын өмнөх анализууд зэрэг чанартай нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа. Одоогоор Монголд байгаа цөөхөн хөлбөмбөгийн вэбсайтуудын нэг бөгөөд урт нийтлэл, графикууд дээр анхаарал хандуулдаг цорын ганц сайт юм. Тэдний дэлхийн аваргад зориулан бүтээж буй контентуудаас бид TRB Corner подкастыг онцолж байна. ДАШТ-ын тоглолтуудыг үзэж амжихгүй яваа бол та өдөр бүр гардаг энэхүү подкастаас тоглолтын анализ болон эргэн тойрон дахь үйл явдлын мэдээлийг авах боломжтой.

Зочлох: www.football-tribe.com/mongolia


Нийтлэлийг бичсэн Г.Сайнбилэг

10559   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.