Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 17, 2018

7 хоногийн тойм: Хар нүх од залгисан нь + Түүхэн уулзалт амжилттай болсон нь + Дэлхийн аварга дуулиантай эхэлсэн нь

Ковер зургийн тайлбар: Дэлхий нийт сарын турш Орос руу анхаарлаа хандуулна

Эрдэмтэд чухал судалгааны ажил танилцууллаа

Хар нүхэнд “залгигдсан” одны ул мөр болж огторгуйд цацагддаг материйн урсгалыг ажигласан судалгааны ажлын үр дүн энэ 7 хоногт Science сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэгдлээ. Нийт 14 орны 26 институтын 40 орчим судлаач нарын хувь нэмэрээ оруулсан энэхүү төсөлтэй төстэй оролдлого шинжлэх ухааны түүхэнд урьд өмнө нь огт хийгдэж байгаагүй аж.

Орчин үед хамгийн энгийнээр хар нүхийг маш бага эзэлхүүнд шахагдсан асар их хэмжээний масс хэмээн тодорхойлдог билээ. Эйнштэйний Харьцангуйн ерөнхий онолоороо таамгалсан уг биетийн ойр орчимдоо үүсгэх гравитацын орон нь үлэмж хүчтэй учир түүнээс гэрэл хүртэл “зугтаж” чадахгүй түүнд “сорогддог” хэмээн үздэг. Энэхүү шалтгааны улмаас хар нүхийг телескоп ашиглан шууд “харах” боломжгүй ч эргэн тойрон дахь биетүүддээ үзүүлж буй нөлөөг нь ажигласнаар түүнийг тандах боломжтой. Огторгуй даяар түгсэн хар нүхнүүдийн масс янз бүр байх бөгөөд эдгээрээс хамгийн “хүнд жинтэйд” орох супермасст хар нүхнүүд (supermassive black holes) нь дор хаяж хэдэн сая Нарны масстай тэнцдэг.

Испани болон Финланд тэргүүтэй олон улсын энэхүү хамтарсан ажиглалтын хүрээнд, Дэлхийгээс ойролцоогоор 150 сая гэрлийн жилийн зайнд орших Arp299 хэмээх хос галактик дотор явагдсан залгилтаас үүссэн цахилгаан соронзон долгионыг зөвхөн инфра-улаан туяаны болон радио долгионы мужуудад бүртгэн авчээ. Учир нь, Arp299-ийн цөмд орших тоос нь залгилтаас цацрах цахилгаан соронзон долгионы спектрийн үзэгдэх болон Рентген туяаны мужид харьяалагдах хэсгийг өөртөө шингээдэг аж.

Судлаачдын баг энэхүү датанд тулгуурлан, уг процессын бүтээгдэхүүн болох материйн урсгал хэрхэн үүсэж цааш хувьсдаг болхыг илүү чанартайгаар ажиглах боломжтой. Үүнээс гадна, тэд 20 сая Нарны масс бүхий супермасст хар нүхний байрлалыг хангалттай нарийвчлалтай тодорхойлоод зогсохгүй залгигдсан одны массыг Нарныхаас 2-6 дахин илүү хэмээн үнэлжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах радио телескопуудын сүлжээг ашиглан 10 орчим жилийн хугацаанд уйгагуй цуглуулсан датаг боловсруулан гаргаж авсан уг үр дүн нь салбарынхаа судлаач нарт хар нүх хэрхэн тэлж хүрээлэн буй галактиктаа ямар нөлөө үзүүлдэг тухай илүү нарийн ойлгоход нэмэр болохуйц мэдээлэл болох юм.

Супермасст хар нүхэнд “залгигдаж” буй одны нэг хэсэг нь хар нүхийг тойрон эргэлдэж нөгөө хэсэг нь хар нүхнээс өндөр хурдтайгаар “шүршигдэн” гарж буй дүр зураг уран сайхны хэлбэрээр.

Дэлхий дахинд

Олон нийтийн удтал хүлээсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Сингапурт амжилттай явагдлаа. 2 улсын төрийн тэргүүд түүхэнд анх удаа уулзаж байгаа нь энэ бөгөөд ихэд найрсаг уур амьсгал дунд өнгөрснийг эх сурвалжууд мэдээлж байна. Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн туршилт, технологи хөгжүүлэлтээ зогсоохоо мэдэгдэж, АНУ БНСУ-тай хийдэг хамтарсан цэргийн сургуулилалтаа зогсоон, цэргийн баазуудаа татах болсноо мэдэгджээ. Хэлэлцээрийг сурвалжлахаар 3000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд цугларсан бөгөөд зохион байгуулалтад Сингапур улс 15 сая орчим долларыг зарцуулсан гэнэ.

NYTIMES: Яагаад Ким-Трампын уулзалт ач холбогдолтой вэ?

Грек, Македон улсуудын хооронд олон жилийн турш өрнөсөн маргаан эцэслэгдэж, Македон улс нэрээ солих тохиролцоонд хүрлээ. Тохиролцоо ёсоор Македон улс нэрээ Бүгд Найрамдах Умард Македон хэмээн өөрчилж байгаа гэнэ. Грек улсынхаа хойд хэсэгт орших Македон мужийн нэрийг авсан нь үндэстний эрх ашгийг хөндсөн хэмээн Югославаас салан тусгаарласан цагаас нь хойш Македоныг буруутгасаар байсан юм. Гэхдээ энэ гэрээг албажуулахын тулд Македон улсын ерөнхий сайд З.Заев болон Грекийн ерөнхий сайд А.Ципрас нар тус тусын парламентаараа энэхүү хэлэлцээрийг зөвшөөрүүлж, бүх ард түмний санал асуулга явуулах ёстой аж.

BBC: Яагаад нэрэн дээр маргаан үүсэв?


4 жил тутамд зохиогддог хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотноо нээлтээ хийлээ. Тив бүрээс шалгарсан шилдэг 32 баг бүтэн сарын турш алтан цомын төлөө өрсөлдөх учиртай. Энэ жилийн нээлтийн тоглолт талбайн эзэн ОХУ болон Саудын Арабын багийн хооронд өрнөж, Оросын шигшээ 5:0-ээр бут ниргэн нээлтийн хамгийн том ялалтыг байгуулсан юм. Эхний тойрогт алдарт К.Роналду хет трик хийж, Л.Месси торгуулийн цохилтоо алдсан, Исланд анхны оноогоо авсан зэрэг онцлох үйл явдлууд дүүрэн болж өнгөрч байна.

Тэмцээний гол фаворитоор цомыг хамгаалагч Герман, дэлхийн 5 удаагийн аварга Бразил болон залуу оддыг багаа хүчирхэгжүүлээд буй Францын шигшээ багууд нэрлэгдэж байгаа. Европын аварга Португал, дасгалжуулагчаа тэмцээний өмнөхөн халж дэлхийг гайхуулсан Испани болон Аргентин, Англи зэрэг их гүрнүүд ч өндөр боломжтойд тооцогдож буй. 21 дэх удаагийн ДАШТ Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдах учиртай. Тэмцээний нийт төсөв 14 тэрбум давсан нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй тэмцээнд тооцогдоход хүргэж байгаа билээ.

ESPN: ДАШТ-ийн өмнө мэдвэл зохих бүх зүйлс

Дэлхийн аваргын эхний тоглолтын өмнө ФИФА-ийн чуулга уулзалт явагдаж, 2026 оны тэмцээнийг зохион байгуулах улсын нэр тодорсон. АНУ, Канад, Мексикийн хамтарсан баг олонхийн саналаар ялалт байгуулснаар түүхэнд анх удаа 3 улс дамнасан дэлхийн аварга явагдах боллоо. Тэдэнтэй Морокко өрсөлдсөн билээ. 2026 оноос эхлэн ДАШТ-д нийт 48 баг өрсөлддөг болох билээ.

Түүхэн уулзалт Солонгосын хойгт энх тайвныг тогтоож чадах уу?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Майкрософт худалдагчгүй, бүрэн автомат дэлгүүрийн сүлжээний технологи хөгжүүлж байгаа талаар Ройтерс мэдээллээ. Тэд Валмарт болон бусад тэргүүлэх сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах хэлэлцээрийг аль хэдийн эхлүүлсэн гэнэ. Өнгөрсөн жил Амазон ийм дэлгүүрийг анхлан танилцуулж, Сан Франциско, Чикагод удахгүй нээхээр төлөвлөж байгаа билээ.

Snapchat хэрэглэгчид өөрийн илгээсэн мессежийг буцаах буюу устгах боломж олгох Clear Chats нэмэлтийг зарлалаа. Хэдий хэрэглэгчид зарим мессежээ үзэнгүүт автоматаар устгагддаг тохиргоотой илгээж болдог ч нөгөө тал нь дэлгэцээ хадгалах, зургийг нь авахаас сэргийлэх боломжийг олгож байгаа нь энэ аж.

Фэйсбүүк хэрэглэгчдэдээ өмнө нь хуваалцаж байсан зургууд, бичиж байсан постууд, оруулж байсан контентуудаа нэг дороос харах боломжтой "Memories" нэртэй нэмэлтийг танилцууллаа. Өмнө нь танилцуулсан On This Day нэмэлтийг хэрэглэгчид их таатай хүлээн авч, эрэлт өндөртэй байсан нь тэднийг тусад нь хуудас хөгжүүлэхэд хүргэсэн гэнэ.

Инстаграм 6-р сарын 20-нд шинэ бүтээгдэхүүн танилцуулах эвентээ зарлалаа. Энэ эвентээр тэд урт хэмжээний видео оруулах боломж олгох шинэ нэмэлтээ зарлана хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ингэснээр тэд Youtube, Vimeo зэрэг бусад платформуудтай шууд өрсөлдөх болж байгаа гэсэн үг. Мөн энэ үеэр Инстаграм 1 тэрбум хэрэглэгчтэй болсноо албан ёсоор зарлах төлөвтэй байна.

Хятадын цахилгаан машины технологи хөгжүүлэгч стартап Byton 500 сая долларын шинэ хөрөнгө оруулалт босгосноо зарлалаа. 2019 оны 4-р сард эхний бүтээгдэхүүнээ танилцуулахаар төлөвлөж буй тэд Нанжин хотноо шинэ оффис нээж байгаагаа энэ үеэр мэдэгджээ.

Английн хамгийн амжилттай стартапуудын нэгт тооцогдох Memrise 15,5 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Нийт 20 хэлийг илүү бүтээлч байдлаар суралцах боломж олгодог уг апп 35 сая хэрэглэгчтэй болоод байгаа бөгөөд шинэ хөрөнгө оруулалтаа хиймэл оюун хөгжүүлэлтэд зарцуулах аж.

Өнгөрснөө дурсахад бэлэн үү?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

2016 оны 10-р сард зарлагдсан AT&T-ийн Time Warner-ийг худалдан авах хэлэлцээрийг холбогдох байгууллагууд зөвшөөрснөөр дэлхийн хамгийн том медиа групп албан ёсоор үүслээ. 108 тэрбум долларын өртөгтэй энэхүү наймааны хүрээнд Америкийн хамгийн том харилцаа холбооны компаниудын нэг AT&T Time Warner-ийн эзэмшилд буй HBO, Turner-ийн сувгууд, Warner Bros студийн бүтээлийн эрхүүдийг өөрийн болгож байгаа юм. Зарим мэргэжилтнүүд энэ наймааг шударга өрсөлдөөний эсрэг үйлдэл хэмээн хориг тавихыг шаардаж байсан билээ.

Recode: Медиа зах зээлийг хэн удирдаж байна вэ?

Үүнтэй зэрэгцэн Америкийн хамгийн том кабел, интернетийн сүлжээг эзэмшигч Comcast FOX-ийн кино, телевизийн нэгжүүдийг худалдан авах 65 тэрбум долларын саналыг тавилаа. Энэ нь өнгөрсөн 12-р сард Диснейн тавьсан 52,4 тэрбум долларын саналаас 19 хувиар илүү гэсэн үг юм. Аватар, Оддын Дайн, X-Men, The Simpsons зэрэг цувралуудын эрхийг эзэмшиж буй 21st Century Fox-оос гадна FX, National Geographic, Европын томоохон кабелийн сүлжээ Sky, Азийн зах зээлийн тэргүүлэх медиа компани Star-ийг удирдах эрх энэхүү хэлэлцээрт багтаж буй. Fox-ийн удирдах зөвлөл 7-р сарын 10-нд хуралдаж, аль саналыг зөвшөөрөх эсэхээ шийдэх учиртай.

The Verge: Disney, Comcast юуны төлөө өрсөлдөж байна вэ?

Нэгэн цагт 9 тэрбум доллараар үнэлэгдэж, Цахиурын хөндийн хамгийн өндөр өсөлттэй стартапад тооцогдож байсан Theranos-ийн байдал улам хүндэрсээр байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмес хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангаж, залилангийн шинж чанартай хэд хэдэн удаагийн үйлдлээрээ шүүхэд дуудагдлаа. Хэрвээ тэр гэм буруутай нь нотлогдвол 20 хүртэлх жилийн ял, 250 мянган долларын торгууль хүлээх учиртай. Дусал цусаар иж бүрэн цусны шинжилгээ хийдэг гэх технологи нь бүрэн ажилладагүй нь ил болж, сая гаруй шинжилгээний дүнг "хуурамчаар" үйлдсэн нь тодорхой болсноор Theranos дампуурлын ирмэг дээр ирээд байгаа билээ.

Солонгосын номер нэг технологийн компани Самсунг АНУ, Европ болон БНХАУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бүх оффис, үйлдвэрүүд нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг болно гэдгээ зарлалаа. Тэд 2020 он гэхэд энэхүү ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Хятадын хамгийн том такси үйлчилгээний стартап Didi Австралийн зах зээлд нэвтэрлээ. 2016 онд Uber-ийг зах зээлээсээ шахаж чадсан тэд өнгөрсөн жилээс эхлэн олон улсад анхаарлаа хандуулж, Тайван, Мексик, Бразилд үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа билээ.

Comcast Диснейг хүчирхэгжүүлэхийг хүссэнгүй!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дисней-Пиксарын бүтээл Incredibles 2 нээлтийн долоо хоногтоо 182 сая долларын орлогыг цуглуулж, бокс оффисийг итгэл төгс тэргүүллээ. Ингэснээр уг кино бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн амжилттай эхлэл хийсэн анимэйшн бүтээл болж байна. Өмнөх дээд амжилтыг 2016 оны "Доригийн эрэлд" кино 135 сая долларын амжилтаар эзэмшиж байсан билээ. Сонирхуулахад, Incredibles-ийн эхний анги нь 2004 онд 70 сая долларын дебют хийж, улмаар дэлхий даяар 633 сая долларын орлого олон, Оскарын шагнал хүртэж байсан юм.

Apple удахгүй нээх видео стриминг платформын хүрээнд алдарт Опра Уинпритэй хамтран ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа. Дэлхийн хамгийн алдартай медиа одуудын нэг Опра Apple-тай хамтран оригинал контент, ярилцлага, баримтат киноны төслүүд дээр ажиллах гэнэ.

Recode: Apple-ийн контентийн бизнес юуг хүснэ вэ?

Онлайн тоглоомын зах зээлийн хамгийн их хэрэглэгчтэй платформ Steam-ээ Хятадын зах зээлд нэвтрүүлэх болсноо Valve зарлалаа. Valve өөрсдийн нэрийн тоглоомууд болох Dota 2, Counter Strike-ийг өнгөрсөн жил 32,5 тэрбум долларын багтаамжтай байсан гэх Хятадын зах зээлд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

Нетфликс интерактив видео бүтээх хамгийн эхний оролдлогоо танилцууллаа. Тэд алдарт Minecraft-ийн түүхээс сэдэвлэсэн Story Mode нэртэй контентоор дамжуулан хэрэглэгчдийг тоглоом тоглонгоо буюу өрнөлийг өөрөө удирдан видеогоо үзэх боломжийг олгох гэнэ.

Дэлхийн видео тоглоомын зах зээлийн хамгийн том цугларалт болох E3 Лос Анжелес хотноо явагдлаа. EA хамгийн алдартай цувралуудын нэг Battlefield V-ийг танилцуулж, Майкрософт Halo, Forza, Battletoads-ийн шинэ ангиудыг гаргах болсноо зарлалаа. Нинтендо энэ жилийн гол найдлага тавьж буй тоглоом болох хамгийн алдартай 60 дүрийг нэг дор нэгтгэх Super Smash Bros.-оо танилцуулж, Pokemon, Super Mario-ийн шинэ хувилбаруудыг ил болгожээ. Энэ жил нийт 69 мянган үзэгч уг экспод ирсэн нь 2005 оноос хойшхи хамгийн өндөр амжилт болжээ.

The Verge: E3-ийн хамгийн том 10 мэдээ

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Зукербергийн Сенатын сонсголд өгсөн 454 хуудас хариулттай танилцах
Recode: Твиттерийн хувьцаа 3 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрэв. Яагаад?
CNN: Элон Маск Чикагогийн онгоцны буудлын туннелийн төслийг авлаа
CBS: Вүүдс, Мклрой US Open-оос хасагдлаа
Vox: Трампын зөвлөх ял авлаа
QZ: Яагаад Америкчууд ийм гунигтай байна вэ?
Variety: Beyonce & Jay Z хамтарсан цомог гаргалаа
BR: Роналду 21 сая долларын торгууль төлнө
BBC: Нигерид халдлага болж 31 хүн амиа алдлаа
The Verge: Ягуарын цахилгаан завьтай танилц!

17291   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

Э.Содбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.