Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 20, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Алибаба Группийн дэд ерөнхийлөгч Алберт Лю

Энэ сарын эхээр болсон Unplug Beijing-ийн тайзнаа бид арга хэмжээний хамгийн хүндтэй зочин Алибаба группийн дэд ерөнхийлөгч Алберт Лютэй "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа хийсэн билээ. Тэрээр Алибабагийн олон улсад хийгдэж буй бүх л үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Мөн багийнхаа хамтаар олон улсын зах зээлд гарахыг хүссэн компаниуд, засгийн газруудад тусламж үзүүлдэг байна. Зочин маань Стэнфордын их сургуульд компьютерийн шинжлэх ухаанаар бакалавр, Калифорнийн их сургуульд хуулиар магистр хамгаалжээ. Түүнчлэн 2017 онд Алибабад орох хүртлээ АНУ-д Verifone зэрэг хэд хэдэн томоохон компанид удирдах алба хашиж байжээ.

Байршил: Хятад, Ханжоу
Одоо хашиж байгаа буй ажил, албан тушаал: Алибаба Группийн Дэд ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Lenovo
Сошиал хуудас: Albert Liu (LinkedIn)

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Би бизнес, хууль руу орохоосоо өмнө софтвер инженер байсан. Инженер байх нь маш системтэй, аналитик байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдвэрлэх нь миний нэг гол чадвар. Зорилгоо тодорхойлоод түүндээ хамгийн зөв зүйтэй аргаар хүрэх төлөвлөгөө боловсруулах гэж хэлж болно. Бидний хувьд хийж болох зүйлсийг олж хараад, өргөжин тэлэх боломжтой эсэхийг нь, манай экосистемд нийцтэй эсэхийг нь эхлээд хардаг. Одоо Алибабагийн жижиглэн худалдааны платформ болон төлбөрийн системийн платформыг 600 орчим сая хүн хэрэглэж байна. Тиймээс шинэ төсөл, шинэ санаа барьж авах үедээ бид 600 сая хүн хэрэглэх боломжтой байна уу, 10 сая хүн хэрэглэхээр байна уу гэдгийг нь сайн хардаг.

Мөн би нэлээн нягт, яв цав байхыг хичээдэг хүн. Би шийдвэр гаргаж байж манай баг шийдвэр гаргана. Тиймээс надаас шийдвэр хүссэн үед би дараа нь өөрчлөгдөөд байхааргүй, тухайн нөхцөл байдалд яг л хэрэгжих шийдвэр гаргахыг зорьдог.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАММ, АПЛИКЭЙШИНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Алибаба өөрөө имэйлийн систем болоод видео дуудлага, видео хурал хийж болдог дотоод чат гэх мэтийн олон ажлын хэрэгсэлтэй. Би хувьдаа Word, Excel, Powerpoint зэргийг түлхүү хэрэглэдэг. Өөрөө гар утас, компьютер дээрээ нэг их өөр юм хийгээд байдаггүй. Мөн iWatch зүүж биеийн үзүүлэлтүүдээ хянадаг юм байна.

ЦАГ ХЭМНЭХ ТАНЫ АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Оффисийн ажилтнуудын цагийг их үрдэг нэг зүйл бол удаан үргэлжилдэг уулзалт, хурлууд. Тийм болохоор манай багийнхан зогсоогоороо хурал хийдэг. Хурал хийхдээ сайн бэлтгэлтэй, ярих зүйлс тодорхой байх хэрэгтэй. Энэ тохиолдолд удаан үргэлжилдэггүй. Хурлаа байнга босож хийдэг болохоор одоо ингээд суугаад ярилцаж байгаа маань тухгүй ч санагдах шиг (инээв). Босоогоор хуралдаад эхлэхээр хүмүүс маш хурдан дасчихдаг юм. Ер нь сууж хуралдсанаас 50 хувиар бага цаг зарцуулдаг байх.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өглөө би фитнессд явах юм уу гарч гүйдэг. Энэ үедээ тухайн өдөр хийх ажлуудаа бодож, календарьтаа нэмдэг юм. Нэлээн ярвигтай ч Inbox 0 гэсэн зарчим барьж, уншаагүй имэйл хуримтлуулахгүй байхыг хичээдэг. Уншаагүй имэйл байхаар л тухгүйтээд байдаг. Тэгэхээр имэйл маань бас миний хийх ажлын жагсаалт болдог гэсэн үг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Боломжгүй зүйлийг хийж бүтээх том зорилгод бүрэн төвлөрсөн 50 мянган хүнтэй хамт ажиллана гэдэг үнэхээр сайхан хэрэг шүү. Алибабагийн дийлэнх ажилтнууд залуухан, эрч хүчтэй. Дундаж нас нь 26 орчим л байх. Сайн найзууд, ах дүүс олонтой болно. Энд шинэ санаа байнгын ундарч, хэзээ ч уйдахгүй.

Гэхдээ бидний хийдэг хил дамнасан худалдаа гэдэг бол асуудал бэрхшээл ихтэй амаргүй зүйл. Мөн ажил амьдралын зааг багатай болчихдог тал бий. Гэхдээ зарим үед их ажиллаад зарим үед амарч болох тул сөрөг зүйл гэж хэлэхэд хэцүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Том, удаан үргэлжилж буй төслүүдийн талаар ярьж та бүхнийг уйдаамааргүй байна. Сонирхолтой байж мэдэх хоёр ажлаа голлон ярья. Нэг нь өнгөрсөн жил эхлүүлсэн төсөл байгаа юм. Манай баг Малайзын засгийн газарт худалдааны платформ хийхэд нь тусалсан. Ингэснээр Малайзын худалдаачид бүтээгдэхүүнээ олон улсад зарах бололцоо бүрдсэн юм. Гэхдээ улсын хэмжээнд үүнийг хийж гүйцэтгэх тун амаргүй. Татвар, гаалийн асуудал гарч ирнэ. Худалдан авагч, худалдагч талууд биедээ итгэх эсэх асуудал гарна. Мөн зарим бүтээгдэхүүн дээр засгийн газрын зохицуулалт орж ирдэг. Тиймээс бид платформдоо аль аль талууд бие биедээ итгэх баталгааг гаргаж өгөхийг зорьсон. Эцэст нь энэ бүх асуудлыг шийдэж, худалдаачдад бараагаа олон улсад аль болох амар хялбараар зарах боломжийг бүрдүүлж чадсан гэж бодож байна.

Хоёр дахь нь манай жижиглэн худалдааны шинэ консепт юм. Онлайнаар худалдаа хийж буй үед бид хэр их мөнгө зарцуулж байгаа, ямар бүтээгдэхүүн авч байгаа зэргээ сайн мэддэг. Харин биеэр худалдаа хийх үед аль нэг мэдэхгүй дэлгүүрт яваад л ордог. Тэгвэл хэрэглэгч биеэр худалдаа хийх үедээ ч дэлгүүрүүдийг сайн мэддэг байх нь бидний зорилго. Хэрэглэгч авах хүнсний зүйлсийнхээ жагсаалтыг 50 гаруй дэлгүүр лүү явуулаад, байгаа эсэхийг нь шалгана. Энэ нь онлайнаар хийгддэг үйлчилгээг оффлайн худалдаа руу шилжүүлж буй хэрэг юм.

ТА ӨНӨӨГ ХҮРТЭЛХ КАРЬЕРИЙН ЗАМНАЛАА ТОВЧ СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

Хөгжилтэй түүх л дээ. Карьерийн маань эхэн хэсэг бол бусдад үлгэр жишээ болохоор биш. Ер нь хүнийг жижиг жижиг олон алхам л амжилтад хүргэдэг. Станфорд төгсөөд би юу хийхээ мэдэхгүй л байлаа. Тэр үед ангийнхан маань компани байгуулах нь байгуулж, зарим нь Amazon, eBay зэрэг интернэтийн томоохон компаниудад ажилд орсон. Би харин HP зэрэг харьцангуй тогтвор суурьшилтай компанид орохыг хүсэж байсан юм. Гэхдээ эцэст нь банкны софтвер хийдэг том компанид ажиллахаар болсон. Энийгээ ч зөв алхам байсан гэж боддог. Залуучуудад эргэн тойрондоо ямар боломж байгааг, ямар компани өсөж хөгжиж, илүү ирээдүйтэй байна вэ гэдгийг харж байгаарай гэж зөвлөе. Амжилттай харагдахын тулд хамгийн том компанид орох албагүй.

Харин хуулийг би байнга л сонирхож ирсэн. Тэр компанид орсон маань зөвхөн бизнест төвлөрөх бус хууль болон технологийн тал дээр өсөж хөгжих боломжийг олгосон юм. Би хийж байгаа ажил маань хууль ёсных уу, ирээдүйд хөгжих, дэлхий даяар тэлэх боломж байна уу гэдгийг харахын тулд хууль сонирхож эхэлсэн хэрэг. Энэ маань интернэт бизнест хөл тавих эхлэл болсон. Би одоогийн ажилдаа орох хүртлээ хэд хэдэн компанид маркетинг, хүний нөөц, хуулийн албадад ажиллаж байлаа. Тэгээд эргэн тойрноо нэг харж, технологийн салбарт хийгдэж буй том өөрчлөлтийг мэдэрсэн. Илүү олон хүн интернэтэд төвлөрч, тэр дундаа Алибаба энэ технологийн өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явж байлаа. Тиймээс энэ багт нэгдэж, бизнесээ дэлхий даяар тэлэхэд нь туслахыг хүссэн юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ үгүй. Харин бусад үед рок, альтернатив рок хөгжим сонсох дуртай. Бас жазз.

ТА ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Манайх гэртээ зурагтгүй. Чөлөөт цагаараа юм унших юм уу гадаа байх дуртай. Одоо би хорт хавдрын түүхийн тухай бичсэн The Emperor of All Maladies номыг уншиж байна. Олон зуун жил хүмүүс хорт хавдартай хэрхэн тэмцэж ирснийг харуулсан ном. Мөн хүн ер нь гүйхээр бүтээгдсэн талаар өгүүлсэн нэг ном уншиж байна.

ТА НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ?

Би хүнтэй тулж харилцах, жижиг багаар ярилцахдаа илүү сайн. Ер нь дотогшоо талдаа хүн гэж болно. Ганцаараа байх үедээ л би өөрийгөө нөөж, эрч хүчээ хуримтлуулан цэнэглэдэг. Гэхдээ иймэрхүү арга хэмжээ болон презентаци тавих зэрэгт өөрийгөө хүчлэн, маш нээлттэй байхыг хичээдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би өдөрт ядаж 7 цагийн нойр авахыг хичээдэг. Голдуу 23.30-д унтаж 6.30-д сэрдэг. Гэхдээ ажил ихтэй үед бага унтана.

 АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ТАНЫГ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Энтрепренер хүн биеийн болон сэтгэл санааны хүч сайтай байх ёстой гэж боддог. Биднийг өвдөг сөхрүүлэх зүйлс бишгүй гардаг. Тиймээс тууштай үргэлжлүүлэх сэтгэл санааны хүчтэй байхын тулд би спортоор маш идэвхтэй хичээллэдэг. Ер нь бол теннис, сагс тоглож өссөн. Мөн регби үзэх, гүйх дуртай. Бас NBA сонирхдог. Манайх Миннесотад байсан болохоор Миннесотагийн спортын багуудыг дэмждэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС ИЛҮҮ УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Манай гэр бүл Хятадаас АНУ руу илүү сайхан амьдрал эрэлхийлж нүүсэн. Америкт ирсэн хойноо манайх ийш тийшээ их нүүдэг байлаа. Энэ хугацаанд ялгаварлан гадуурхах үзлийг багагүй туулсан. Тийм болохоор хятад компани өдгөө дэлхийн томоохон тоглогч болсон байгаагаас урам зориг авдаг гэж болно.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Үгүй гэж хэлж сурсан маань амьдралдаа олж авсан хамгийн сайн зөвлөгөө. Дийлэнх хүмүүсийн ойлгодоггүй нэг зүйл бол, ихэнх амжилттай яваа хүмүүс "үгүй" гэж хэлж сурсан, бараг бүх л зүйлд "үгүй" гэж хэлдэг хүмүүс байдаг. Яагаад гэвэл бусдын хүсэлтэд үгүй гэж хэлснээр өөртөө болон компанид хэрэгтэй ажил даалгавруудад төвлөрөх боломж олддог. Карьерийн маань эхэнд үед нэг ментор маань надад яагаад үгүй гэж хэлж байх хэрэгтэйг, мөн хэрхэн хэлж байхыг зааж сургасан юм. Тэгэхээр ямарваа нэг зүйлийг хийж эхлэхээсээ өмнө, энэ зүйлд юунд хэрэгтэй вэ гэдгийг сайн бодож байх хэрэгтэй.

ТА ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД НЭГ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГВӨЛ?

Хүмүүст итгэл төрүүлэхийн тулд soft skills буюу харилцаа, хандлагаа сайн хөгжүүлээрэй гэж хэлье. Хамт ажилладаг хүмүүс, харилцагч хэрэглэгчдээ хүндлэх нь карьерийн чинь турш эерэг нөлөө үзүүлэх болно. Үүнээс гадна өөрөөсөө илүү эрч хүчтэй, илүү хөдөлмөрч, илүү ухаалаг хүмүүстэй ойр байхыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Ийм орчинд байж дадвал тэдгээр хүмүүсээс суралцан карьераа ахиулж чадна. Карьерийнхаа аль нэг үед чи менежер болно. Тэр үед өөрөөсөө илүү түвшний болон илүү чадварлаг хүмүүстэй байнга ажиллах хэрэгцээ үүсдэг. Энэ үед өөрөөсөө илүү чадварлаг хүмүүсийг ямар ч асуудалгүйгээр элсүүлж авдаг болох хэрэгтэй. Товчхондоо, хүмүүстэй итгэлтэй харилцаа үүсгэх, менторууд болон авьяаслаг хүмүүсийг өөртөө татах нь урт хугацаанд хамгийн чухал нөлөөг үзүүлнэ.

ЭНЭ БУЛАНД ТА ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Жаахан амиа хичээсэн хариулт өгье. Одоогоос хорин жилийн дараах өөртөө энэ асуултуудыг тавих сан. Яагаад гэвэл 20 жилийн дотор өөрийгөө болон ертөнцийг үзэх үзэл маань тэс өөр болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр магадгүй илүү өндөр амжилтад хүрсэн буюу технологийн нөлөөгөөр одоогийнхоос тэс өөрөөр ажиллаж амьдардаг болсон өөрийнхөө юу гэж хариулахыг сонсвол их л сонин байх болов уу.

50684   54


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Б.Батзаяа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.