Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   06 сарын 11, 2018

Онцлох бизнес: Urban Farmer - Нялх ногооны ид шид

Зуны дэлгэр цаг эхэлж, хүмүүс урин дулаан өдөр хоногуудыг баяр хөөртэй, аз жаргалтай өнгөрүүлэхийг эрмэлздэг. Тийм ч учраас бид уншигчдаа эрүүл бөгөөд амттай хүнс хэрэглээсэй гэсэндээ хүнсний нарийн ногоо үйлдвэрлэдэг Urban Farmer-ийг танилцуулж байна. Шим тэжээлээр баялаг, Олон зүйлийн ургамлын  шим тэжээлээр баялаг соёолж буюу нахиаг ургуулж айл гэрүүд, зоогийн газруудад захиалгаар нийлүүлдэг тэд Хан-Уул дүүрэгт мөн ногоогоо борлуулдаг, төрөл бүрийн салад, смүүтигээр үйлчилдэг дэлгүүрээ саяхан нээжээ.

Үйл ажиллагааны чиглэл: Хүнсний нарийн ногоо үйлдвэрлэл, эрүүл хоолны үйлчилгээ Үүсгэн байгуулагдсан он: 2016 он
Үүсгэн байгуулагч: Л.Энхтуяа
Ажилтны тоо: 10
Байршил: Хүлэмж: Төв аймаг, Зуун мод хот, 5-р баг, Дэлгүүр: ХУД, 15-р хороо, 55 байр
Сошиал хуудас: Урбан фермер

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Хэдэн жилийн өмнөөс миний биед өвлийн улирал болохоор хэдэн сөрөг шинж тэмдэг илэрдэг болсон юм. Цэр ихээр ялгарч, нүүрээр бэржгэр зүйл гарч, хүйтэн халууны харшилтай болсон байсан. Ямар шалтгаантай болохыг судлаад үзэхэд хотын агаарын бохирдолтой холбоотой байж таарсан юм. Хордлого, харшлын шинжтэй эдгээр нөлөөг гадагшлуулах янз бүрийн арга хэмжээ авч Detox хүртэл хэрэглэж үзсэн. Мөн элдэв хордлогыг гадагшлуулдаг ургамал нь ногоон буурцагны соёолж болон буудайн соёолжны цэвэр шүүс гэдгийг олж мэдээд цаашид өөрөө тарьж, Detox-оо хийх боломжтой юм байна гэж бодсон.

Ийнхүү соёолж ургуулдаг хайрцаг худалдаж аваад эдгээр соёолжийг гэртээ тарьж ургуулан хүнсэндээ хэрэглэдэг болов. Өөр олон зүйлийн ургамалын соёлжийг ургуулж турштал маш сайн үр дүн өглөө. Цонхны тавиур дээрээсээ өдөр бүр шинэ нялх ургамлыг хэрэглэх нь гайхалтай үр дүнтэй байсан. Ялангуяа өвөлдөө ихээр тарьж ургуулж хүнсэндээ хэрэглэх боломжтой. Тиймээс энэ боломжийг таниулж хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Тийм ч их талбай орохгүй 7-14 хоногт ургадаг эргэлт сайтай, нэг их стрессд орохгүйгээр өөрийн хэрэгцээг хангаад, бас өрөөлд хүртээж “микро-бизнес” хийж болмоор санагдаад судалсан. Урд нь ресторан ажиллуулдаг байсан болохоор тогооч нар хаанаас, ямар ногоо захиалж авдгийг гадарлана. Яг л миний гэртээ ургуулдаг ногоонуудыг солонгосоос маш өндөр үнээр авдгийг олж мэдсэн. Гэхдээ тухайн үед бизнес хийе гэж яараагүй л дээ. Харин гэртээ ургуулах ногооныхоо хайрцгийг олшруулж эхэлсэн. Гэвч арчлах, хадгалах, ургуулах горим маш чухал болохоор нэлээдийг хөгцрүүлсэн удаатай. Сонирхлын журмаар зүгээр л нэг гэртээ ургуулаад зараад байх эд биш гэдгийг ойлгосон. Ингэж явсаар хоббигоо өнгөрсөн оны тавдугаар сард бодит бизнес болгосон юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Эхлэхээсээ өмнө би “бичил” бизнесийнхээ төлөвлөгөөгөө боловсруулж, судалгаа хийсэн л дээ. Хөрөнгө оруулалтын хувьд байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлан бага зэрэг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцож өөрийн боломжоор эхлүүлсэн. Би чинь ландшафтын мэргэжилтэй, улирлын чанартай ажил хийдэг, хавар нь ашиглаад бусад үед нь ашигладаггүй өвлийн хүлэмж Төв аймагт барьсан байсан. Хүлэмж маань бизнесийн минь гол суурь болсон.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Онцлог, давуу талууд ихтэй шүү. Манай бүтээгдэхүүнүүд гэвэл нялх нахиа, дөнгөж цухуйсан соёолж, нялх навчнууд байна. Шинэхэн соёолж, нахиануудад маань үнэт уураг, протэйн, минерал болон бичил елемент, витаминууд маш өндөр тунгаар хуримтлагдсан байдаг. Ургамлын үр соёолох явцад олон төрлийн урвалууд явагдаж үрийн хайрцагд хадгалагдаж байсан нөөц бодисуудыг ургамал ургахад хэрэгтэй бодис болгон хувиргаж нийлүүлж байдаг. Энэ үед жишээ нь: В2 витамины агууламж 65%, В1, С Витаминууд 111-463% , Е витамины агууламж 116 %, амин дэмийн агууламж 51% аар дахин өсдөг. Түүнчлэн кальци, кали, магни, төмөр, фосфор зэрэг минералууд маханд байдгаас хэт дахин өндөр байдаг.

Ургамал ургалтынхаа зөвхөн энэ үед л өөрт байх хэрэгтэй элемэнтүүдээ хамгийн дээд хэмжээгээр агуулж байдаг тул энэ нь манай бүтээгдэхүүний давтагдашгүй давуу тал юм. Үүнд л манай бүтээгдэхүүний гол учир утга нь байгаа юм.

Бид дэлгүүр дээрээ ургамлуудаараа төрөл бүрийн эрүүл салат, смүүти хийж байгаа. Маш жижигхэн хүн анзаарамгүй шинэхэн соёолж нахиа нь нэг талаар үнэт хүнс, нөгөө талаар энергийн нийлүүлэгч болдог. Ургалтын маш богинохон мөчлөгийн үед нь хурааж авч байгаа болохоор соёолж ба нахиа нь ямар нэгэн өөрчлөлтөд ороогүй анхдагч хэлбэрээрээ, хамгийн амьд хүнс болж байна.

Үүний зэрэгцээ бүх ногоог өдөр бүр шинээр, нялхад нь хурааж байгаа болохоор шинээрээ хүмүүст хүрч байгаа.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

“Small болон Smart” (ухаалаг ба жижиг) концепт нь манай бизнесийн гол санааг товч тодорхой илэрхийлнэ. Ургамал маань хэдий жижигхэн ч олон давуу талтай. Гол нь хог хаягдалгүй, усны хэрэглээ хөрсөн дээр ургуулснаас 6 дахин бага зэрэг байгальд ээлтэй давуу талуудыг нэгтгэж байгаа учир СМАРТ буюу ухаалаг гэж байгаа юм. Зөвхөн хүмүүс бидэнд л эрүүл хүнс хэрэгтэй, бусад нь хамаагүй гэсэн ойлголт байдаг. Бид харин “УРГАМАЛ”-д маань эрүүл ургах орчин нөхцөл хэрэгтэй гэдгийг бас бодолцож ажилладаг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бүхий л талын амьд харилцаа. Энэ нь юу вэ гэвэл үйлчлүүлэгчид ажилчдын хоорондын амьд харилцаагаар хязгаарлагдахгүй “УРГАМАЛ”-тайгаа амьд харилцаатай байх гэсэн санаа юм.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид удаан хугацааны эцэст хүлэмжиндээ ногоогоо зөв ургуулж сурсан. Түрүүнд хэлсэнчлэн энэ бизнес маань хоббигоор эхэлсэн. Одоо бид илүү мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгцээ шаардлагатай тулгарч байна. Маркетинг, сурталчилгаа, борлуулалт зах зээлээ мэдрэх гээд л. Энэ тал дээр төвлөрч байна даа.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Манайхаар үйлчлүүлэх хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Манайх бага талбайд тариалдаг болохоор хүртээмж багатай байгаа, өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа үйлчлүүлэгчид зарим үед тэвчээртэй хүлээх болдог. Тэр тал дээр үнэхээр үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсмээр байна.

Амт чанарын хувьд бол ам сайтай, сайшаалтай байгаа шүү. Ялангуяа шинэ сонин, содон ногоонууд маань өндөр зэрэглэлийн зоогийн газруудын хамгийн дуртай сонголт болоод байна.

ЭНЭ БИЗНЕС ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БӨГӨӨД ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хөрс шаардахгүй, улирал харгалзахгүй бага талбайд тариалж, маш богино хугацаанд ургац авдгаараа давуу талтай. Эрүүл, баталгаатай, бас амьд хүнсийг хүмүүст таниулж хүргэж байгаагаараа сайн. Гэвч өндөр өртөгтэй, их хэмжээгээр үр хэрэглэдэг, сайн чанарын үр байхгүй бол ургац алдах эрсдэлтэйгээс гадна эрүүл ахуйн шаардлагыг дутуу хангавал үүдэх хор уршиг их байх боломжтой зэрэг эрсдэлтэй талууд ч бий.

ТА БИЗНЕС ЭХЛҮҮЛЖ БУЙ, ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ЗАЛУУСТ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Залуучууд ихэнхдээ богино хугацаанд, биед амар байдлаар мөнгө олох гэж яардаг болсон санагддаг. Тиймдээ ч арилжаа наймаа, шахаа энээ тэрээ хөөцөлдөж цаг заваа их зарснаар үлдэх юмгүй хоцрох юм. Ямар нэгэн хэрэгтэй зүйл хийж бүтээе гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуусыг үгүйсгэх гэсэнгүй. Заавал том бизнес хийж их мөнгөтэй баян болсноороо хүчтэй, жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ.

Хэрвээ та бизнес эхлэх гэж байгаа бол өөрийн хамгийн сайн хийж чадах, бас дур сонирхолтой зүйлийг хийж “жижиг” гэж гололгүй түүнийхээ төлөө шантралгүй тууштай зүтгээрэй. Алдаа гаргах нь бий ч энэ нь “алдчихсан” гэсэн үг биш. Алдсан алдаагаа тухай бүр засаж залруулан, туршлага хуримтлуулан ахиснаар өөртөө итгэх итгэл чинь улам бүр нэмэгдэж нэг л өдөр эргээд харахад хийж бүтээсэн зүйлтэй, сайн ахиж сайжирснаа мэдрэх тэр цагт дотоод сэтгэлдээ "хүчирхэг” нэгэн болсноо мэдрэх болно.

24737   2


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.