Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   06 сарын 09, 2018

Компанийн менежерүүд, хүний нөөцийнхөнд: "The Alliance" номын тухай

Өнөөдрийн танилцуулах ном бол LinkedIn-ийн үүсгэн байгуулагч Рэйд Хоффман, залуу энтрепренер Бэн Каснока, Крис Еэ нарын хамтран бичсэн The Alliance хэмээх бүтээл. Компанидаа чадварлаг хүмүүсийг элсүүлж, удирдаж, тогтоон барих тухай өгүүлсэн энэ номоор зохиогчид ажил олгогч-ажилтны харилцааг шинэ шатанд гаргахыг хүсжээ. The Alliance нь ялангуяа компанийн менежер, удирдах ажилтнуудын сонирхож үзвэл зохих ном юм.

Миний бие Рэйд Хоффман, Бэн Каснока нарын "The Start-up of You" номыг "Та өөрөө стартап компани" нэртэйгээр хөрвүүлж байсан билээ. Энэхүү номд зохиогчид, орчин цагт хүмүүс карьераа удирдахдаа өөрийгөө яг л стартап компани мэтээр сэтгэж, старапын арга стратегиудыг барих хэрэгтэй гэж өгүүлдэг. Тэгвэл дараагийн номдоо зохиогчид компанийн менежер, удирдах ажилтнуудын зүгээс чадварлаг хүмүүсийг элсүүлэх, удирдах, тогтоон барихдаа хэрхэх учиртайг зөвлөсөн байна.

Урьд нь компаниуд хүмүүст насан туршийн ажлын байр санал болгож, хариуд нь ажилтнаасаа насаараа үнэнч зүтгэхийг хүсдэг байсан бол өнөө цагт хэд хэдэн шалтгаанаар ажилтнууд нэг газраа удаан ажиллах нь эрс багассан.

Өдгөө компаниуд шинэ ажилтанд хангалттай хөрөнгө оруулахыг хүсдэггүй хэрнээ эргээд үнэнч байдлыг хүлээдэг. Харин ажилтан өнгөн дээрээ тогтвортой удаан ажиллах болно гэж хэлдэг ч байнга илүү сайхан боломжийг эрэлхийлсээр байдаг. Анхнаасаа чин сэтгэлийн бус харилцан ярианд үндэслэсэн ажил олгогч-ажилтны харилцаа урт хугацаанд явуургүй болох нь ойлгомжтой.

Үүнээс болж компани сайн ажилтнаа алддаг. Харин ажилтан байнга илүү сайхан боломжийг хайж байдаг тул одоогийн ажилдаа бүхнээ зориулж, чин сэтгэлээсээ хийдэггүй. Харин менежерүүд ажилтан, удирдах ажилтан хоёрын дунд нь гацах нь элбэг.

Хэн нь ч хэндээ урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэггүй болохоор АНУ-д л гэхэд нийт ажилтнуудын 70 хувь нь одоогийн ажилдаа engaged биш буюу бүрэн төвлөрдөггүй гэсэн статистик байдаг аж. Тиймээс л зохиогчид ажил олгогч-ажилтны харилцааг дахин шинэчлэх нэгэн аргыг санал болгожээ.

Ажил олгогч-ажилтны харилцааг дахин шинэчлэхүй

Хамгийн эхлээд компани бол гэр бүл биш, спортын баг гэдгийг ойлгох хэрэгтэй гэнэ. Гэр бүлийн гишүүд хэзээ ч нэг нэгнээ халдаггүй, орхидоггүй шүү дээ. Харин спортын баг нэгэн зорилгын төлөө зүтгэж, гишүүд солигдсон ч хийх ёстойгоо хийж урагшилсаар байдаг.

Тэгээд хамгийн гол нь ажил олгогч, ажилтан хоёр Alliance буюу холбоотны харилцааг үүсгэх хэрэгтэй гэнэ. Холбоотны харилцаа нь дараах нөхцөлд үүсэн бий болдог аж:
-Аль аль талдаа харилцан ашигтай
-Нөхцөл заалтууд нь ил тод
-Бие даасан тоглогчдын дунд үүсэх

Холбоотны харилцаа нь талуудын бие биедээ өгөх үнэ цэнд үндэслэн бий болдог:
Ажилтан компанийн өсөлт хөгжилтөд хөрөнгө оруулна.
Компани ажилтны зах зээл дэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Тэгвэл холбоотны харилцааг чухам яаж бий болгох юм бэ? Үүн дээр зохиогчид Tour of Duty хэмээх ойлголтыг гаргаж иржээ. Энэ бол цэрэг армид хэрэглэгддэг, нэг удаагийн ажиллагаа гэсэн үг юм.
Ажил олгогч, ажилтан хоёр анх уулзахдаа бие биедээ зорилгоо илэн далангүй, ний нуугүй илэрхийлж, тодорхой нэг нэг ажил/төсөл/даалгаврыг гаргаж ирэх учиртай.

Жишээ нь ажилтан 1 жилийн дараа гадаадад сурах бодолтой байгаа бол тэрийгээ хэлж, ажил олгогч магадгүй үр ашиггүй байвал тухайн ажил, төслийг яваандаа зогсооно шүү гэдгээ хэлж, илэн далангүй ярилцсанаар талуудад итгэлцэл үүсэх аж. Тодорхой зорилготой ажил/төсөл/даалгаварт төвлөрснөөр ажилтан замын дундаас орхихгүй байх, хэтэрхий удаан ажиллах вий гэсэн айдас алга болох зэрэг олон давуу тал үүсдэг байна. Өөрөөр хэлбэл ажлаа хэзээ дуусгах, хамтын ажиллагаа хэзээ зогсох зэргийг эхэн үедээ л илэн далангүй ярих ёстой. Ингээд тухайн ажиллагаа буюу a tour of duty амжилттай болбол өөр ажиллагаанд шилжих, цааш салбарлах ажил руу орох зэргээр хамтын ажиллагааг сунгах нь өнөө цагт хамгийн үр дүнтэй хэмээн зохиогчид дүгнэжээ.
Тус номын хамгийн гол санааг тоймлоход ийм буюу.

14528   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.