Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 10, 2018

7 хоногийн тойм: Яг одоо эхэлье! + Ирэх улиралд уулзъя! + Шинэ түүхийг угтъя!

Ковер зургийн тайлбар: Технологийн ертөнц энэ өдрүүдэд Apple-ийн зүг анхаарал хандуулав

HUB Инновацийн төв нээлтээ хийлээ

"Яг одоо эхэлье" уриатайгаар Улаанбаатар хотын Инновацийн төв HUB өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийлээ. Гарааны бизнесийн экосистемийг дэмжиж, инновацийн төслүүдийг дэмжин, залуучуудыг чадавхжуулах, хамтын ажиллагаа үүсгэх талбар бий болгох үндсэн зорилготой энэ төвийн нээлтэд 2500 гаруй хүн хүрэлцэн ирсэн нь олон нийтийн хүлээлт ямар өндөр байгааг харуулах үзүүлэлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд уг төвийн санаачлагч Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж, анхны "амжилтын хонх"-ыг цохисон билээ. Бизнес, медиа, төр, академик институтуудын төлөөллүүд, эрч хүч, урам зоригоор дүүрэн залуус бүтэн өдрийг энд баярлаж, оюунаа цэнэглэж, шинэ бүхнээр тэтгэж өнгөрөөв.

Уг төв нь үндсэн гурван хэсгээс бүрдэн үйл ажиллагаагаа явуулна. Өндөр бүтээмжтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх таатай тавлаг орчин, бүрэн цогц хэрэгсэл-үйлчилгээ бүхий дундын оффис нь төрөл бүрийн арга хэмжээ, уулзалт-сургалтуудаар дамжуулан залуусын хамгийн түрүүнд зорьж ирдэг төв цэг болох учиртай. Энд залуус бие биетэйгээ танилцаж, туршлага-мэдлэгээ солилцож, биесээ сонсож, хожмын хамтын ажиллагааг эхлүүлэх хамтрагчдаа олох боломжтой. Нэг дор 200 гаруй залуусыг цуглуулах боломжтой дундын оффис 2 давхарт байрлаж буй.

Харин нэг давхарт зорилтот чиглэлүүдэд хувийн хэвшилтэй хамтарсан хөтөлбөр зарлан шинэ стартапууд, шинэ төслүүдийг бойжуулах инкубатор байрлана. Шинэ санаа, шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэх 12 өрөөнөөс гадна гарааны компаниудыг чадавхжуулж, бэлтгэх учиртай менторын сүлжээ, сургалтын хөтөлбөрыг HUB санал болгож байна. Инкубатороос төрөн гарсан шилдэг компаниудыг богино хугацаанд үсрэлт хийхэд нь туслах, амжилттай бизнесийг босгоход дэмжлэг үзүүлэх хурдасгуур хөтөлбөр ч удахгүй нээгдэх юм.

Unread-ийн баг энэхүү төслийн хамтрагчаар ажиллаж, менежментийн ажлыг хариуцна гэдгийг эцэст нь дуулгахдаа таатай байна. Unplug 2017 арга хэмжээнд анхлан танилцуулж байсанчлан бид энд шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбарыг бодит утгаар нь бий болгож, хамгийн хүчирхэг хотлыг бүрдүүлэх хараатай байгаа билээ.

Unread: Гэрэл зургийн дуранд: Инновацийн төвийн нээлт
Unread: ШУУД: HUB Innovation Center-ийн нээлтийг бүрэн тоймлох нь

HUB-аар зочилж амжаагүй юм биш биз? Яг одоо хүрээд ир, бид таныг хүлээж байна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

1 триллион долларын үнэлгээтэй болоход ойрхон ирээд буй Apple хөгжүүлэгчдэд зориулан явуулдаг WWDC арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ жилийн хамгийн гол мэдээ нь iOS 12 үйлдлийн системийн шинэчлэл байв. Олон шинэ аниможитой, илүү хурдтай ажиллагаа, илүү сайжирсан Siri-тэй болсон iOS 12 дээр 32 хүртэл хүнтэй нэгэн зэрэг FaceTime-аар холбогдож, Face ID-даа хүн нэмэх боломжтой болжээ. Мөн гар утасны хэрэглээгээ хянах боломж буюу таны дэлгэцэнд зарцуулж буй цагийг харуулах нэмэлтийг суулгаж өгсөн нь сонирхол татаж байна. Үйлдлийн системийнхээ шинэчлэлийг танилцуулсан Apple Watch Walkie-Talkie-той болсон нь ч мөн сонирхолтой мэдээ байв.

Techcrunch: Apple-ийн зарласан хамгийн том 14 шинэчлэл

IBM секундэд 200 триллион тооцоолол үйлдэх хүчин чадалтай дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютерийг танилцууллаа. Summit нэртэй уг компьютерийг тэд Америкийн Эрчим хүчний яамтай хамтран хөгжүүлсэн бөгөөд хиймэл оюун хөгжүүлэлт, машин сургалт болон бусад холбогдох судалгаа шинжилгээнд ашиглах зориулалттай бүтээжээ.

Хамгийн анхны чат апп-уудын нэг Yahoo Messenger энэ оны 7-р сарын 17-оос эхлэн үйл ажиллагаагаа зогсоож байна. Хэрэглэгчид өөрийн датагаа дараагийн 6 сард багтаан татаж авах боломжтой бөгөөд бүх мэдээлэл нь тэдний өнгөрсөн сараас эхлэн туршиж буй групп чатын Squirrel нэртэй апп руу шилжиж байгаа гэнэ. Гэхдээ хэрэглэгчид имэйл болон фантази тоглоомд өөрийн аккоунтыг ашиглах боломжтой хэвээр үлдэж байгаа юм.

Фэйсбүүк өнгөрсөн жил танилцуулсан видео контентод зориулсан Watch-ийн шинэчлэлийг танилцууллаа. Тэд CNN, ABC, Fox, Mic зэрэг топ мэдээллийн агентлагуудтай хамтран өдөр тутмын мэдээний нэвтрүүлэг хийх болсон байна. Фэйсбүүк хэрэглэгчдэд хамгийн найдвартай, бүрэн цогц мэдээлэл өгөхүйц контент бүтээхийн тулд эдгээр байгууллагуудтай хамтран санхүүжүүлж байгаа аж.

Инстаграм 5-15 минутын видео хуваалцах боломжтой шинэ нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Ингэснээр тэд Youtube дээр төвлөрдөг влогеруудыг платформдоо нэмж, Snapchat Discover-той төстэй контентуудыг санал болгохоор зэхэж байгаа аж.

Үйлдлийн системээ шинэчилж амжсан уу?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Mайкрософт код бичигч, хөгжүүлэгчдийг нэгтгэдэг хамгийн том платформ GitHub-ийг 7.5 тэрбум доллартай тэнцэх хувьцаагаараа худалдан авлаа. Шинэ CEO С.Наделлагийн удирдлага дор маш хурдтай шинэчлэгдэж буй Майкрософт хөгжүүлэгчдийг нэгт тавих, нээлттэй эхийг дэмжих бодлогын хүрээнд ийм шийдвэр гаргасан нь тодорхой. 28 сая хөгжүүлэгчийн 85 сая гаруй эх код хадгалагддаг GitHub 3 жилийн өмнө 350 сая доллар босгож, 2 тэрбум долларын үнэлгээтэй болоод байсан билээ.

Алибабагийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч платформ Ant Financial 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт шинээр татсанаа зарлалаа. Ингэснээр 100 тэрбумаас давсан зах зээлийн үнэлгээтэй болж буй тэдэнд Сингапур, Малайз, Канадын засгийн газрын хөрөнгө оруулалтын сан санхүүжилт хийжээ. 500 сая хэрэглэгчтэй, олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх, улмаар IPO хийх амбицтай байгаа тус компанийн 33 хувийг Алибаба эзэмшдэг билээ.

Трампын үзүүлсэн "өршөөлийн" дараагаар Хятадын харилцаа холбооны гигант 75 мянган ажилтантай, 20 тэрбумын үнэлгээтэй ZTE Америкийн засгийн газарт 1 тэрбум долларын торгууль төлөх нөхцөлийг зөвшөөрлөө. Иран, Хойд Солонгос гэсэн эдийн засгийн хоригт багтсан улсуудад бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас шийтгэл хүлээн "дампуурлын" ирмэг дээр ирээд байсан тус компанийг Трампын захиргаа шууд бус утгаараа "аварч" байгаа нь энэ юм.

Дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ Уоллмарт Бразил дахь бизнесээ гол өрсөлдөгч Advent-д зарлаа. Өнгөрөгч онд 4.5 тэрбум долларын алдагдалтай ажилласан нь тэднийг ийм шийдвэр гаргахад хүрсэн бөгөөд компанийхаа 80 хувийг 250 сая доллараар зарж, хамтарсан компанид хувь хүртэн ажиллах тохиролцоонд хүрчээ.

Uber саяхан худалдаж авсан цахилгаан дугуй түрээсийн Jump-ийн үйл ажиллагааг өргөжүүлж эхэллээ. Тэд Европын зах зээлд нэвтрэх оролдлогоо Германы Берлин хотоор эхлүүлжээ.

Өнөө цагийн хамгийн алдартай түргэн хоолны сүлжээнүүдийн нэг KFC ирэх оноос эхлэн цагаан хоолтнуудад зориулсан менюг санал болгохоор зэхэж байна. Их Британиас эхлэн нэвтрэх уг шинэчлэлийн хүрээнд тэд одоогийн хоолнуудынхаа илчлэгийн хэмжээг 2025 он гэхэд 20 хувиар бууруулахаа амлажээ.

Microsoft эцэст нь "амжилттай" наймаа хийв үү?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүк тоглоомчдод зориулсан видео стриминг платформ FB.GG-ийг танилцууллаа. Энэ нь Амазоны эзэмшдэг энэ зах зээлийн лидер Twitch-тэй тэд шууд өрсөлдөнө гэсэн үг юм. Стримингээр цацагдаж буй тоглолтуудыг хэрэглэгчдийн нүүр хуудсан дээр гаргаж, санал болгох нь тэдний гол давуу тал болж байгаа аж. Сонирхуулахад, Америкийн өсвөр насны тоглоом сонирхогчид дунджаар өдөрт 3 цагийг бусад тоглогчдын тоглолтыг үзэж өнгөрүүлдэг гэнэ. Good Game, Facebook!

С.Баллок, К.Бланчетт, М.Кэйлинг, Э.Хэтэуэй, Рианна зэрэг алдарт эмэгтэйчүүдийн тоглосон Ocean's 8 кино бокс оффисийг 41 сая долларын орлогоор тэргүүллээ. Ингэснээр тэд Solo: A Star Wars Story, Deadpool 2-ийн өмнө орж, франчайзын түүхэн дэх хамгийн амжилттай нээлтийг хийж байгаа нь энэ. Тус кино 1960 онд анх гарсан Ocean's Eleven-ий 4 дэх бүтээл нь болж байгаа билээ. Сонирхуулахад, өмнөх ангиуд нь нийлээд 1.2 тэрбум долларын орлого олсон гэсэн тооцоо байдаг юм.

Lost, Fringe, Cloverfield-ийн бүтээгч, Star Wars, Star Trek-ийн найруулагч Ж.Ж.Абрамсын эзэмшдэг Bad Robot Хятадын Tencent-тэй хамтран тоглоом хөгжүүлэлтийн Bad Robot Games компанийг байгуулж байгаагаа зарлалаа. Ж.Ж.Абрамсын баг тоглоомын санаа, дизайн болон шийдлийг боловсруулах бол PUBG, Fortnite зэрэг тоглоомуудаараа дэлхийг доргиож буй Tencent санхүүжилт, түгээлтийг хариуцах аж.

Домогт Уолт Диснейгээс хойш төрсөн хамгийн нөлөө бүхий анимэйшн бүтээгч гэгддэг Жон Лассетер 12-р сарын 31-ээс эхлэн өөрийн үүсгэн байгуулсан Пиксарыг орхих боллоо. Ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлдэг, эмэгтэй ажилчдыг тавгүй нөхцөлд оруулдаг зэрэг хэд хэдэн үндэслэлээр тэр #MeToo хөдөлгөөн хүчээ авахтай зэрэгцэн ажлаасаа чөлөө аваад байсан юм.

Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг телевизийн цувралд тооцогдож буй Game of Thrones-ийн эхэн үеийн түүхийг харуулах цуврал бүтээлийн захиалгыг HBO өгсөн байна. Ирэх оны 4-р сард сүүлчийн бүлгээ хүргэх одоогийн үйл явдлаас мянга гаруй жилийн өмнө өрнөх учиртай шинэ цувралыг X-Men, Kingsman-ий зохиолч Жэйн Голдмэн бүтээх болжээ.

Netflix-ийн хамгийн алдартай цуврал Stranger Things-ийн өмнөх түүхийг өгүүлэх ном худалдаанд гарах болжээ. Киноны гол дүр Eleven-ий ээж болон түүнийг засгийн газрын туршилтад хамруулах болсон эхэн үеийн түүхийг өгүүлэх уг ном ирэх хавар гарах аж.

Жүжигчдийнх нь нэрийг хараад л сүрдэм Ocean's 8 Холливудыг шуугиулав

Дэлхий дахинд

G7 буюу дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын төрийн тэргүүдийн уулзалт Канадын Квебекд явагдлаа. Энэ жилийн уулзалтыг G6+1 хэмээн мэргэжилтнүүд тодотгож байсан нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын үйлдлүүдтэй холбоотой. АНУ-аас холбоотон орнуудын эсрэг тогтоосон тариф эдгээр орнуудын хооронд "худалдааны дайнг" өдөөх вий гэсэн айдас олон нийтийн дунд буй. Үүнтэй холбоотой дорвитой шийдэл уулзалтын үеэр гарсангүй, Трамп байр сууриасаа ухарсангүй, лидерүүдийн дунд тааламжгүй, ширүүн уур амьсгал ноёрхож байв. Сингапурт болох БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтаас шалтгаалж Канадыг эрт орхих болсон Трамп уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийн хуралд оролцохгүй болсноос гадна эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай асуудлаарх өглөөний цайнд 17 минут хоцорчээ. Оросыг G7-д нэмэхийг санал болгосон гэх Трамп уулзалтын эцэст уламжлал болон зарлагддаг хамтарсан мэдэгдлийг дэмжихээс татгалзсаныг төгсгөлд нь онцолъё. Баруунд энх тайвныг авчрах найдлага дагуулсан уулзалт бүтэлгүйтэж бүхнийг эхнээс нь засах хэрэгцээ үлдэв.

NYT: G6+1

Нэрт дизайнер Кэйт Спэйд болон алдарт нэвтрүүлэгч-тогооч Энтони Бурден нарын амиа хорлолт олон нийтийг цочроолоо. Эмэгтэйчүүдийн цүнх, хэрэглэлийн алдарт брэнд Kate Spade-ийг үүсгэн байгуулагч Кэйт Спэйд 55 насандаа таалал төгсөв. Сэтгэл гутралын эмгэгтэй байсан, охиндоо хандаж зурвас үлдээсэн гэх Спэйд 2016 онд Frances Valentine брэндийг эхлүүлээд байсан билээ. CNN-ээр цацагддаг Parts Unknown нэвтрүүлгээрээ нэр алдрын оргилд гарч, телевизийн хамгийн алдартай ахлах тогоочдын нэгт тооцогдох болсон Энтони Бурден Францад зураг авалтаар явж байхдаа амиа хорлосон гэнэ. Тэрээр энэ сарын сүүлээр 62 нас хүрэх байлаа.

BBC: Яагаад амиа хорлолт өссөөр байна вэ?

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лигийн улирлын тоглолт энэ долоо хоногт өндөрлөж, Стэнлийн цомын эзнээр Вашингтон Капиталс тодорлоо. Багийнхаа түүхэнд анх удаа лигийн аваргаар тодорсон нийслэлийн баг шигшээд Лас Вегас Найтсыг 4:1-ээр илүүрхсэн юм. Энэ улиралд лигт элсэн орж, нэмэлт драфт хийн багуудад "гологдсон" тоглогчдоор багаа "босгосон" Вегасчууд хүн бүрийн таамгыг эвдэж финалд үлдээд байсан юм. Гэсэн ч лигийн хамгийн шилдэг довтлогчдын нэг А.Овечкин 13 жилийн дараа анх удаа багаа цомд хөтөлж, өөрөө шилдгээр тодрон, өрсөлдөгчийнхөө үнсгэлжингийн үлгэрийг зогсоосон билээ.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лигүүдийн нэг NBA-ийн энэ улирлын аваргаар Голден Стэйт Уарриорс тодорлоо. Тэд финалд өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчид тооцогдох Леброн Жэймсийн тэргүүлсэн Кливленд Кавальерсийг 4 тоглолтонд "бут ниргэв". Эхний тоглолтыг эсрэг багийн талбайд маш сайн хийж, гартаа орчихсон байсан хожлыг алдсан Кливлендэд сүүлийн 3 тоглолт ямар ч боломж олдсонгүй. Алтан Мужийн Дайчид сүүлийн 4 жилд 3 дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд шигшээ тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор өнгөрсөн жилийн ялагч Кевин Дюрант дахин тодорчээ. Ирэх жилийн наадам даанч хол байна даа...

G7-ийн уулзалтыг нэг зургаар тоймлох нь

Алдалгүй унших арван мэдээ

Recode: Spotify том хөгжмийн студиудтай өрсөлдөхийг хүсэж байна
Techcrunch: Udacity & Google хамтран үнэгүй сургалтууд санал болголоо
Vox: NASA Олон улсын сансрын станцыг хувьчилна гэв үү?
NPR: Түүхийн эзэн Justify хэмээх адууны тухай
ESPN: Филадельфигийн ерөнхийлөгч Б.Коланжело твиттер скандалаас болж ажлаа өгөв
Eurosport: Симоне Халеп Францын нээлттэй тэмцээнд аваргалав
USA Today: Английн Премьер лиг өвөл завсарладаг болно
CNN: Танилц, Норман! Анхны сэтгэцийн эмгэгтэй AI
The Verge: Microsoft далайд дата төв байгуулна
National Geographic: Гветемалын галт уулын дэлбэрэлт яагаад ийм аюул дагуулав?

11032   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.